| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0946/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/953 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Хонгорзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/953
2024 11 28 2024/ШЦТ/953
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Д.Хонгорзул
шүүгдэгч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч *** нь 2024 оны 2 дугаар сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороонд үйл ажиллагаа явуулах “***” нэртэй газрын караокед хохирогч ***тэй хамт үйлчлүүлж байхдаа түүний өлгүүрт өлгөсөн байсан гадуур хувцасны халааснаас “Самсунг А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш буюу 525.000 төгрөгийн хохирол учруулсан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Гэм буруугийн талаар маргахгүй тул мэдүүлэг өгөхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... би 2024 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Эрхэс зочид буудалд ганцаараа өрөө аваад байж байхад фейсбүүкээр танилцсан *** гэх залуу миний утас руу залгаад хаана байна гэж асуухаар нь хороололд айлд байна гэхэд “хоёулаа уулзаж караоке орох уу?” гээд Эрхэс зочид буудлын гадаа *** ирээд бид хоёр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх *** төвийн караокед орсон. Бид хоёр ороод нэг шил пиво ууж сууж байгаад би 21 цагийн үед угаалгын өрөө орохоор гар утсаа гадуурх хувцасныхаа халаасанд хийгээд сандал дээр үлээгээд 00 орчихоод ирэхэд *** байгаагүй. Би гадуур хувцаснаасаа гар утсаа авах гэтэл миний гар утас байгаагүй” /хх-н 25-26/ гэж мэдүүлсэн байна.
Түүнчлэн хавтаст хэрэгт хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Дамно” ХХК-ийн БГ1-24-29 дугаартай 2024 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дүгнэлт /хх-н 33/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 40-47/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэв.
Шүүгдэгч ***ы хувийн байдалтай холбоотой:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 95/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 60/, Оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 96/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 99/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 100/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-н 97/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /хх-н 98/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.
Хохирол төлбөрийн хувьд:
Шүүгдэгч *** хохирогч ***ийн гар утасны үнэлгээгээр тогтоогдсон 525.000 төгрөгийг төлсөн байх тул тэрээр бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***д шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ