| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Осордэлэгийн Жанчивнямбуу |
| Хэргийн индекс | 106/2024/0947/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/954 |
| Огноо | 2024-11-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Батзаяа |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/954
2024 11 28 2024/ШЦТ/954
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн
улсын яллагч Д.Батзаяа
шүүгдэгч ***
шүүгдэгч ***
хохирогч ***
нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: ***
2. Шүүгдэгч: ***
Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;
Шүүгдэгч ***, *** нар бүлэглэж 2024 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 32 дугаар хороо, “Дүүхээ” төвийн ар талд хохирогч ***тэй “танилцсан хүүхнийг авч явсан” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг гараараа нүүр хэсэгт цохих, биеийн бусад хэсэгт цохих, өшиглөх хэлбэрээр зодож хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, дээд 4-р шүдний хугарал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алим, баруун доод зовхинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн чихний ар, зүүн мөрөнд зулгаралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлөх болно. Би торгох ялаар шийтгүүлэх хүсэлтэй байна гэв.
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би мөн адил мэдүүлэг өгөхгүй. Хохирол төлөөгүй байгаа, төлөх болно. Гэм буруугийн талаар маргахгүй. Намайг торгох ялаар шийтгэх боломжтой болов уу гэв.
Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:
Би 2024 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө хорооллын Экс Эс нэртэй бааранд ажлын газрын залуутайгаа орсон. Бүжгийн талбайд Пүүжээ гэх охинтой танилцсан. Тэр охиныг Жамъянцэрэнгийн ширээнд сууж байсныг мэдсэн. Бүжгийн талбайд ***тэй шүргэлцсэн. Баарнаас Пүүжээ бид хоёр гарч түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр хорооллын эцэс рүү алхаж байтал энэ хоёр араас дагаж хэл амаар доромжилж эхэлсэн. Дүүхээ төвийн ойролцоо гэнэт миний араас татаж унагаах гэж оролдсон. Унагааж чадаагүй болохоор баруун гараараа намайг цохиход би манарч газарт унасан. Дараа нь хяналтын камерын бичлэгээс яаж зодуулснаа харсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. Мөн сэтгэцийн хор уршгийг гаргуулах хүсэлтэй байна.
Имплант шүд суулгахад 4.418.000 төгрөгийн, хамрын хөндийн таславчийн хагалгаанд ороход 4.600.000 төгрөгийн зардал тус тус гарна гэж эмч тодорхойлолт бичиж өгсөн. Энэ мөнгийг бас нэхэмжилж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч *** “... 2024 оны 8 дугаар сарын 31-ний шөнө 03:00 цагийн үед би Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Х5” гэх нэртэй бааранд Пүүжээ гэх охинтой танилцаад тухайн охиныг гэрт нь хүргэж өгөх гээд уг баарнаас гараад Баянгол дүүргийн 7 дугаар хороо, “Дүүхээ” төвийн хойно явж байхад араас огт танихгүй хоёр залуу ирээд Пүүжээд хандаж “энэ залуугаас өмнө чи бид хоёртой танилцаа биз дээ, цуг явъя” гэхэд Пүүжээ “би та хоёртой явахгүй энэ залуу намайг гэрт хүргэж өгөх гэж байгаа” гэж хэлсэн чинь тухайн залуучуудын 180 см орчим өндөр, бор царайтай, цагаан өнгийн фудволк, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, 24 орчим насны залуу намайг заамдаж аваад миний нүүр хэсэгт 2-3 удаа цохиж намайг газар унагааж миний дээрээс олон удаа цохиж, өшиглөхөд би ухаан алдсан нэг мэдэхэд хажууд Пүүжээгээс өөр хүн байгаагүй” /хх-н 2-6/ гэж,
гэрч ***“... би дүүгийнхээ 43-70 УАУ улсын дугаартай цагаан өнгийн Акуа загварын машинаар шөнийн цагаар такси үйлчилгээнд явдаг. Тэр шөнө буюу 2024 оны 8 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд би хорооллын эцэст хүн буулгачихаад урагшаа эргэж “Шонхор” плазагийн урд талын автобусны буудал дээр зогсож, шээс хүрээд байхаар нь “Си Юу” дэлгүүр рүү орж бие засчихаад гарч ирсэн. Намайг “Си Юу” дэлгүүрээс гарч ирэхэд 2 залуу 1 залууг зодоод зогсож байсан. Зодуулж байгаа залуугийн найз нь бололтой нэг хүүхэн хажууд нь болиоч гээд орилоод байсан. Миний санаж байгаагаар зодож байсан цагаан цамцтай залуу “чи ийм байж болихгүй яасан юм бэ, чамайг алчихна шүү” гээд байсан. Би зайгаа бариад замаар алхаж машин дээрээ очсон. Намайг машин дээр очсон байхад цагаан цамцтай зодоод байгаа залууг түүнтэй цуг явж байсан хар цамцтай залуу нь салгах гээд боль боль гээд хэлж байсан. Тэгснээ дараа нь зодуулж байсан залууг доошоо хөл дээрээ сууж байхад нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан. Тэрийг тод санаж байна. Удалгүй цагаан цамцтай, хар цамцтай залуучууд яваад өгсөн. Зодуулсан залууг хамт явж байсан эмэгтэй нь аваад ТҮЦ-ний тийшээ явсан. Тэр залуугийн царайг нь харахад нэлээн цус нөж гарсан байдалтай, цамцны зах нь урагдсан байх шиг байсан” /хх-н 11-12/ гэж тус тус мэдүүлжээ.
Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... 1. ***гийн биед хамар ясны зүүн хажуу хана цөмөрсөн хугарал, зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1-р шүд, зүүн дээд 4-р шүдний хугарал, зүүн нүдний зовхи, зүүн нүдний алим, баруун доод зовхинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт, зүүн чихний ар, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн 11638 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 18-25/
Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
шүүгдэгч ***, *** нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж, тус бүрийг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөгдсөн эсэх, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзсан болно.
Тухайлбал, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зохимжгүй юм.
Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 62/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-н 63/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 61/ гэсэн баримтууд,
Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 121/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 89/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 88/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хх-н 90/ гэсэн баримтууд тус тус хавтаст хэрэгт авагджээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч *** шүүх хуралдаанд эмчилгээний зардалтай холбоотой 314.000 төгрөгийн баримтыг, Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсны 376.400 төгрөгийн баримтыг тус тус өгсөн тул эдгээр мөнгийг нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй.
Түүнчлэн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт 3.300.000 төгрөгийг шүүгдэгч ***, *** нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ***д олгохоор,
хохирогч ***гийн имплант шүд суулгах, хамрын хөндийн таславчийн хагалгаанд орох эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ***, *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СD-г хэрэгт хавсарган үлдээв.
Шүүгдэгч ***, *** нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***, *** нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарыг тус бүр 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч ***, *** нар шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ***, шүүгдэгч *** нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.
5. Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, шүүгдэгч *** нараас 314.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ***д,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***, *** нараас хохирогч ***гийн эмчилгээний зардалд зарцуулсан 376.400 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт тус тус олгосугай.
7. Хохирогч ***гийн имплант шүд суулгах, хамрын хөндийн таславчийн хагалгаанд орох эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, шүүгдэгч *** нараас 3.300.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч ***д олгосугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ***, шүүгдэгч *** нарт авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЖАНЧИВНЯМБУУ