Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2024/ШЦТ/955

 

 

 

 

 

 

 

 

 

   2024           11            28                                  2024/ШЦТ/955                         

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам хөтлөн

улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолтоор/

шүүгдэгч ***

хохирогч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: ***

 

          Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

          Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр Хасбаатарын гудамж ХААН банкны урд замд 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 21 цаг 00 минутын орчим жолоодох эрхгүйгээр Тоуоta Рrius маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” дугаар заалт буюу Жолоочид ... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.5 “а” дугаар заалт буюу “Зам тээврийн осолд холбогдсон жолооч ... тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх ... үүргийг хүлээнэ”, 10.4. Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.” гэснийг тус тус зөрчиж Toyota Crown маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж замаас шахаж гаргасны улмаас Toyota Crown маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хажуугийн гэрэлтүүлгийн шон мөргөж жолооч ***гийн эрүүл мэндэд өвчүү ясны аймхай мөгөөрсний хөндлөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Шүүхэд мэдүүлэг өгөхгүй. Хэрэгтэйгээ маргахгүй, санал нийлж байгаа учраас. Энэ 12 дугаар сарын дотор хохирлыг нь 2 хувааж бүрэн төлж барагдуулах болно. Хохирогчтой ингэж ярьж тохиролцсон байгаа гэв.

 

Хохирогч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тухайн өдөр ажлаасаа тараад гэртээ харьж ээждээ ойр зуур юм хүргэж өгчхөөд буцаад ажил руугаа явах гэж байхад манай эгч над руу залгаад Нисдэг машины тэндээс хүүхдийн агаар цэвэршүүлэгч аваад ир гэж хэлсэн. Нисдэг машины тэнд очоод залгахад агаар чийгшүүлэгч өгөх хүний утас холбогдохгүй байсан болохоор Энхбаярын замаар өгсөн явсан. Эх нялхсаар баруун эргэдэг уулзварт миний урд талд Тоёота приус маркийн автомашин хоёр эгнээ дамжин яваад байсан. Би жолооч нь согтуу байж магадгүй гэж бодоод хажуугаар нь өнгөрсөн. Гэтэл эхний гэрлэн дохио дээр зэрэгцэж ирсэн. Дараагийн, Хүрээ дээд сургуулийн гэрлэн дохиотой уулзварт зэрэгцэн гарахад хажуу талын 2 дугаар эгнээгээр уг машин явчихсан. 1 дүгээр эгнээнд автобус зогсож байсан болохоор би зүүн гар тал руу эргэх дохио өгч 2 дугаар эгнээ рүү орж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Буцаад 1 дүгээр эгнээ сул байхаар дохио өгч 1 дүгээр эгнээ рүү орж хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байтал зүүн гар талаас шахаж орж ирээд би яалт ч үгүй шон мөргөсөн. Ийм хэрэг болсон. Бид нар гэрээгээр тохиролцож, надад шүүгдэгч Тэргэл нь хохирлын 11.675.000 төгрөгийг 2 хувааж, энэ 12 дугаар сард өгөхөөр болсон. Энэ мөнгийг төлчихвөл өөр нэхэмжлэх зүйлгүй. Харин төлөөгүй тохиолдолд сэтгэл санааны хохирлоо жич нэхэмжлэх болно гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... би тэр өдрийн орой 21 цагийн орчимд Дэнжийн 1000-аас Нисдэг машин орох гээд Toyota Crown маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явж байхад Эх нялхсын эмнэлгийн баруун замаар дээшээ өгсөж байтал Toyota Prius маркийн ***улсын дугаартай машин зам хөндөлсөөд яваад байсан. Би тухайн үед согтуу байж болзошгүй гэж бодоод хажуугаар нь өнгөрч гэрлэн дохио дээр зогсоход миний ард зогссон. Гэрлэн дохио нээгдэж би зүүн гар тийш эргэхэд нөгөө машин араас дагаж эргээд замын ард байх Хүрээ дээд сургуулийн урд байх хурд сааруулагч дээгүүр зэрэгцэж гараад тэр машин түрүүлээд явсан миний урд автобус буудал дээр зогсож байсан учраас би хойно үлдсэн. Автобус буудал дээрээ зогсоод байсан учраас би зүүн гар тийш эргэх дохио өгч зүүн гар тийш эргэж эгнээ байраа солиод цаашаа явахдаа 1 дүгээр эгнээгээр орж хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Тэгсэн нөгөө Приус машин 2 дугаар эгнээнд түгжрээд зогсож байсан. Би 1 дүгээр эгнээгээр хажуугаар нь өнгөрч гараад миний явж байсан эгнээнд машин байхгүй учраас жаахан хурдтай явахад нөгөө Приус машин 1, 2 дугаар эгнээ хоёрын голоор хурдтай шахаж орж ирээд намайг замаас гаргаж гэрлийн шон мөргүүлсэн. Би ойролцоогоор 55-60 км цагийн хурдтай явсан. Тэр машин яагаад ямар шалтгаанаар шахсан талаар хэлж мэдэхгүй байна. Өс хонзонгийн асуудал байхгүй байх, би огт танихгүй. Миний жолоодож байсан машин А.Сүхбат гэх хүний нэр дээр байдаг надад зээлээр авч өгсөн. Мөнгийг нь төлж дуусгачхаад нэрээ шилжүүлэхээр тохиролцсон байсан юм” /хх-н 73-74/ гэж,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч *** “... би тэр өдөр ажил дээрээ байхад миний эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн машиныг Тэргэл жолоодож ажил дээр 20 цаг өнгөрч байх үед ирсэн. Би ажлаа 21 цагийн үед дуусгаад урд нь суугаад Гандан өгсөөд хорооллын Ахуйн үйлчилгээгээр дээшээ эргээд 21 дүгээр хороолол орох гээд явж байсан. Тэгсэн ард түр тар хийх чимээ гарахаар нь Тэргэлээс юу болсон талаар асуухад ард нэг машин шон мөргөчихлөө гэж надад хэлсэн. Тэгэхээр нь Тэргэлд хандаж чи шүргэсэн юм уу гэж асуухад үгүй ээ гэж хэлэхээр нь би яв яв гэж хэлээд бид хоёр явсан. Бид хоёр замаараа Зоригоогийн гэрт очиж Зоригоог аваад бид гурав 21 дүгээр хороолол орж авто угаалга түрээслэх хүнтэй уулзчихаад буцаад Зоригоог гэрт нь буулгачхаад нөгөө шон мөргөсөн газрын хажуугаар өнгөрөх үед шил, гэрэл хагарчихсан байхаар нь харчхаад яваад өгсөн. Тэргэл машин жолоодож явж байхад жолоочийн хажуу талд урд явсан. Би гар утсаа оролдоод явж байсан. Ер нь Тэргэлийг яаж машин жолоодож байгааг анзаараагүй. Хэн нэгэнтэй шахалцсан асуудал байхгүй. Замын нөхцөл байдал хэвийн байсан. Ямар ч байсан ард машин шон мөргөх чимээ гарахад Тэргэл 1 дүгээр эгнээнд явж байсан. Яг хаана явж байхад шон мөргөснийг мэдэхгүй.

“Toyota Prius” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг юм. Зам тээврийн осол гарсантай холбоотой зардлыг би төлөхгүй. Тухайн үед жолоо барьж байсан Тэргэл төлөх үүрэг хүлээнэ” /хх-н 84-85, 88-89/ гэж,

иргэний нэхэмжлэгч *** “... осол болсон Баянгол дүүргийн Хасбаатарын гудамж ХААН банкны үүдэнд байх гэрлийн шонг машин мөргөж гэмтээсэн байсан газар дээр инженер очиж ажиллаад уг гэрлийн шонгийн тогийг нь салгаж аюулгүй болгосон. Гэрлийн шон хугарчихсан, 2 ширхэг гэрэлтүүлэгч ашиглах боломжгүйгээр эвдэрсэн, шинээр солих шаардлагатай болсон. Гэрлийн шонг солиогүй байгаа. Хохирлоо барагдуулж байгаад солино. Цагдаагийн байгууллагаар гэрлийн шонгийн үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Манайх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 18 дугаар тогтоолын дагуу үнэлэгдсэн байдаг учраас үнэлгээ хийлгэх шаардлагагүй” /хх-н 95-96/ гэж,

иргэний нэхэмжлэгч *** “... яг ямар осол, хэзээ гарсан талаар мэдээгүй. Намайг ажил дээрээ байхад миний таньдаг хүн над руу залгаад нэг машин шон мөргөөд тэр шон нь чиний машины дээрээс уначихлаа гэж хэлсэн. Тэгэхээр би осол болсон газарт ирсэн чинь цагдаа нар ирээд хэмжилт хийгээд явчихсан байсан. Очиход шон мөргөсөн жолооч нь хажууд нь зогсож байсан. Уулзахад зүүн талаас машин шахаад шон мөргөчихлөө гэж байсан. Үнэлгээ хийлгэхэд 1.045.000 төгрөг болсон. Хохирлоо төлүүлмээр байна” /хх-н 101-102/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогч ***гийн гэмтэлтэй холбоотойгоор “... .***гийн биед өвчүү ясны аймхай мөгөөрсний хөндлөн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. гэсэн 8031 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 105-106/

 

Түүнчлэн Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн гаргасан №243 дугаартай дүгнэлт /хх-н 118-123/, “Сүлд     үнэлгээ” ХХК-ийн “Toyota Crown” машины эвдрэл гэмтлийг 11.675.000 төгрөгөөр үнэлсэн, үнэлгээний тайлан /хх-н 130-135/, “Цагаан шонхрын жигүүр” НҮТББ-ын шинжээчийн 46/01 дугаартай дүгнэлт /хх-н 148-150/, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Механик, тээврийн сургуулийн техникийн шинжээч нарын 10/09, дугаартай дүгнэлт /хх-н 157-160/ зэрэг бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг бол тухайн зүйл хэсгийн хүндрүүлэх шинжийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” ... үйлдсэн бол гэж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтааснаар уг гэмт хэргийн бүрдэл хангагдана.

 

Шүүгдэгч ***д холбогдох гэмт хэргийн үйл баримтаас үзвэл тэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн байх бөгөөд 2024 оны 6 дугаар сарын 10-ны оройн 21:00 цагийн орчимд иргэн ***ы эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт ***гийн жолоодож явсан Toyota Crown маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шахсаны улмаас жолооч *** нь замын гэрэлтүүлгийн шон мөргөсний зэрэгцээ түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирчээ.

 

Уг ослын явцад ***гийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 11.675.000 төгрөгийн, “Төгс гэрэлтүүлэг” ХХК-д 1.740.000 төгрөгийн, иргэн ***ны эзэмшлийн “Киа бонго” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.045.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

 

Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй-шүүгдэгч ***ийн жолоодож явсан “Тоуоta Рrius” маркийн, ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч ***ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний хариуцагчаар татсан нь, “Төгс гэрэлтүүлэг” ХХК болон иргэн ***ныг тус тус иргэний нэхэмжлэгчээр тогтоосон нь хуулийн үндэслэл бүхий болжээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ийг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд, “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал үүнд: шүүгдэгч *** анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгааг харгалзав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх тул шүүгдэгч ***д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт нь дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Харин шүүгдэгч ***ийн үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ..., ... тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн хуулийн зохицуулалтад нийцнэ.

Тодруулбал, шүүгдэгч ***ийн үйлдсэн “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй бол түүний үйлдсэн “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 191/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 187/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол, төлбөрийн хувьд:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Иймд иргэний хариуцагч ***аас тээврийн хэрэгслийн хохирлын 11.675.000 төгрөг гаргуулж хохирогч ***д,

замын гэрэлтүүлгийн шон мөргөсний төлбөрт 1.740.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэг” ХХК-д буюу тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***д,

“Киа бонго” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 1.045.000 төгрөг гаргуулж уг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу иргэний нэхэмжлэгч ***д тус тус олгох нь зүйтэй.

 

Харин иргэний хариуцагч *** нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч ***д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

 

Гэвч шүүгдэгч *** нь өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, бусдад учруулсан хохирлоо өөрөө хариуцан төлөхөө илэрхийлсэн бөгөөд хохирогч ***д учруулсан 11.000.000 төгрөгийн хохирлыг 2 сарын хугацаанд төлж барагдуулахаар “Тохиролцооны гэрээ” гэсэн баримтыг ***, *** нар 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөр огноолж хийжээ.

 

Энэ ч утгаар хохирогч *** нь өөрт учирсан эрүүл мэндийн хохирол болон сэтгэцийн хор уршгийн хохирлыг /хх-н 194/ нэхэмжлэхгүй, ... хэрвээ дээр дурдсан 11.000.000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа шүүгдэгч *** төлж барагдуулаагүй тохиолдолд сэтгэл санааны хохирлоо нэмж нэхэмжлэх болно гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

            1. ***ийг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд,

 

           “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

6. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч ***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр “үүрэг хүлээлгэх” албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

8. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, жолооч ***ийн гэх “Жолоочийн үнэмлэх” шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ***аас:

 

тээврийн хэрэгслийн хохирлын 11.675.000 төгрөг гаргуулж хохирогч ***д,

 

замын гэрэлтүүлгийн шон мөргөсний төлбөрт 1.740.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Төгс гэрэлтүүлэг” ХХК-д буюу тухайн компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***д,

 

“Киа бонго” маркийн, *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохиролд 1.045.000 төгрөг гаргуулж уг тээврийн хэрэгслийн эзэмшигч буюу иргэний нэхэмжлэгч ***д тус тус олгосугай.

 

10. Иргэний хариуцагч *** нь гэм буруутай этгээд болох шүүгдэгч ***д холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Хохирогч *** нь хохирлын 11.000.000 төгрөгийг тохиролцсон хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд шүүгдэгч ***ээс сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх болно гэснийг дурдсугай.

 

12. Эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

13. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нэхэмжлэлийн шаардлагатай холбогдох хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ЖАНЧИВНЯМБУУ