Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/989

 

  

 

 

 

 

 

 

     2024        12          10                                    2024/ШЦТ/989

                        

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхтуул хөтлөн

улсын яллагч Г.Ган-Эрдэнэ

шүүгдэгч ***

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

 

Шүүгдэгч *** нь 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс 27-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах нийтийн байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хардалтын улмаас хохирогч ***гийн нүүр, биеийнх нь олон хэсэгт гараараа цохих, хөнжлөөр бүтээж цохих зэрэг үйлдлээр зодож, түүний эрүүл мэндэд духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимд цус харвалт, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

*** бид хоёр үерхдэг байж байгаад хэсэг хугацаанд больсон. Бид хоёр хамтдаа Солонгос улс руу явж ажиллана гэж ярьдаг байсан юм. Тэр өдөр бид хоёр уулзаад байж байтал *** руу нэг залуу залгаад, тэгээд *** надаас явах гээд байсан. Хохирлыг төлөөгүй байгаа. Шүүхээс ямар шийдвэр гарахыг харж байгаад төлнө. ***гаас гадна түүний ах нь намайг дарамтлаад их хэмжээний мөнгө өг гээд байгаа юм.

Надад оногдуулах торгох ялын хэмжээг багасгаж өгөөч гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч ***ын *** “... би 2024 оны 3 дугаар сараас 5 сарын хооронд Уртнасан гэх залуутай үерхэж байж байгаад 5 дугаар сард салаад хэсэг холбоогүй байснаа холбогдоод уулзъя гээд гуйгаад байдаг байсан. Тэгэхэд би тоодоггүй байсан ба өчигдөр буюу 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Уртнасан над руу залгаад сүүлийн удаа уулзъя, би удахгүй Солонгос явах гэж байна гээд гуйгаад байхаар нь би утсаа салгачихаад дараа нь би бодож байгаад эргээд би өөрөө Уртнасантай холбогдоод би одоо гэрээсээ гарах гээд байна гээд гэрээсээ гарсан. Уртнасан намайг Гэмтлийн хойд автобусны буудал дээрээс тосож аваад гэр рүүгээ орохоос өмнө Уртнасан 2,5 литрийн Сэнгүр нэртэй пивоноос нэгийг, бас дээрээс нь чипс, бургер зэрэг юмнууд аваад Уртнасангийн гэр болох Гэмтлийн эмнэлгийн замын ард талд Сайн ломбардаас дээшээ өгсөөд нийтийн байрд очсон. Надад хоол хийж өгөөд бид хоёр авч ирсэн пивоо ууж дуусгаад гэрээсээ гараад хорооллын Файр баар орж нэг нэг пиво аваад бүжиглэж байгаад би Уртнасангийн нүдийг хариулж байгаад явах гэтэл баригдаад буцааж намайг баар руу оруулж байгаад авсан пивоо дуусгачихаад буцаад нийтийн байр руу яваад ороод намайг хүнтэй хардаад намайг цохиод хөнжлөөр бүтээгээд намайг зодсон. Бааранд байхдаа над руу манай эрэгтэй найз залгаж тэрнээс хардаад намайг зодсон. Бааран дээр байхдаа над руу манай эрэгтэй найз залгаж тэрнээс хардаад намайг зодсон. Миний духны зүүн хэсэг шалбарсан, баруун хацар хавдсан. Намайг зодоод байхаар нь орилсон чинь чимээгүй бай, би чамайг ална шүү гээд хөнжлөөр бүтээсэн. Дараа нь Уртнасан миний хамаг хувцсыг тайлж байгаад 2 удаа намайг хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Намайг зодоод байхаар нь би өөрийгөө хамгаалах гээд Уртнасангийн хүзүү болон цээжин хэсэгт хуруугаараа маажсан.

Тухайн өдөр би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Хөнжлөөр дараад намайг зодоод өмд тайлах шиг болсон. Тэгээд тийм юм болсон гэж ойлгоод тэгж мэдүүлэг өгсөн. Өмнө бид хоёр үерхдэг эр, эмийн харьцаатай хүмүүс байсан. Тухайн өдрөөс өмнө 2 удаа бэлгийн харьцаанд орж байсан” /хх-н 9, 11-12/ гэж мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***гийн биед духанд зулгаралт, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний алимд цус харвалт, баруун зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэсэн 10106 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан байна. /хх-н 21-22/

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлахын зэрэгцээ шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзав.

Тухайлбал, шүүгдэгч *** урьд өмнө нь “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдэж шүүхээс 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж байжээ. /хх-н 52-61/

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан боловч дээрх байдал нь шүүгдэгчийн хувийн байдлыг илэрхийлнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ***д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин түүний гэм буруугийн талаар маргахгүй байгаа, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг хамгийн багаар буюу 240 цагийн хугацаагаар тогтоов.

 

Түүнчлэн бусдад учруулсан хохирлоо төлөөгүй шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж үзээд улсын яллагчаас гаргасан “... 1.100.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай” саналыг шүүх хүлээж аваагүй болно.

 

Шүүгдэгч ***гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 70/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 49/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-н 69/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 74/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-н 53/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад 381.700 төгрөгийн хохирол баримтаар нэхэмжилснийг шүүгдэгч ***гаас гаргуулах нь зүйтэй. Мөн хохирогч ***гийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсны зардал болох 58.880 төгрөгийг шүүгдэгч ***гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгох нь зүйтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг “хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосон байх ба /хх-н 79/ үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн 3.300.000 төгрөгийг шүүгдэгч ***гаас гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. ***г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурдсугай.

 

5. Шүүгдэгч ***гаас хохирогч ***гийн эмчилгээний зардалд 381.700 төгрөг гаргуулсугай.

 

6. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***гаас хохирогч ***гийн эмчилгээний зардалд зарцуулсан 58.880 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

 

7. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 3.300.000 төгрөг гаргуулж хохирогч ***д олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***д урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 О.ЖАНЧИВНЯМБУУ