| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0183/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/189 |
| Огноо | 2024-12-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 17.8.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/189
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Д.Г,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-ийн Г-т холбогдох 2428000000163 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Г нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг ... гэх газарт хохирогч Э.Д-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас машиндаа сууж байхад нь машины хаалгыг савж улмаар хөлийг хавчуулж хаасан, гараараа нүүр хэсэгт цохисны улмаас биед нь баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн хавчаар ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн газар, цаг хугацаанд Э.Д-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалга, баруун урд бага нугасны суурь хэсгийг тус тус гажааж, урд салхины шилний баруун баганыг хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 630,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Г-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ээж, хоёр настай хүнтэй нийт гурван өндөр настай хүн, 0-13 насны 6 хүүхэд, манай эхнэр, манай бэр бид нар 2 машинтай ... үзэхээр явсан. Тэгээд очоод ...ээ үзчихээд буугаад иртэл хохирогч Э.Д машиндаа жолоочтойгоо хоёулхнаа архи ундаа тавьсан сууж байсан. Тэгээд намайг хөөе гээд дуудахаар нь би очоод яасан намайг таних билүү гэхэд танилцаж болно биз дээ гээд намайг хэдэн хүүхэдтэй хаанахынх вэ гээд байцаасан. Тэгээд би согтуу юм байна гэж бодоод номхон зогсож байгаад байцаалгачхаад яваад өгсөн. Сүүдрэвчиндээ очоод хүүхдүүддээ гоймон чанаж өгөх гээд байж байтал цонхоороо пизда гээд хашхираад байсан. Тэгэхээр нь би согтуу хүнтэй юу ярих вэ дээ гээд гүрийгээд байж байтал манай 2 охин хувцсаа солино гээд машины ар руу ороод хувцсаа сольж байхад нь Э.Д хөөе мөөмөн дээр чинь үнсье гээд хашхирсан. Хүн байтугай адгуус хүртэл үр хүүхдээ өмөөрдөг. Тэгээд би тэсэлгүй очоод хаалгыг нь саваад цонхоор нь нүүр рүү нь цохисон нь миний буруу гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр байгууллагын ажилчдын хамт Өмнөговь аймгийн төвөөс Ёлын ам, ... явж үзсэн. Тэгээд ажлын хамт олон дээшээ явсан, манай ажилтан И гэх залуу бид хоёр ...ийн авто зогсоол дээр машиндаа үлдсэн. Тэгээд байж байтал машин тэрэгтэй хүмүүс ирж очоод явж байсан тэр үед надтай хамт байсан И гэх залуу наашаа нэг хүн ирж явна гэж хэлсэн. Би тоогоогүй бөгөөд машиндаа ирж байгаа юм байгаа биз гээл хэлж байсан тэгсэн ирээд миний машины хаалга онгорхой байсныг савж хаагаад цонхоор гараа оруулж ирж цохичхоод буцаад явсан. Би буугаад очиж уулзах гэтэл алхаж болохгүй болсон байсан, мөн И гэх залуу намайг хэрэггүй гээд машинд суулгасан. Тэр үед машины хаалга хаагдахгүй болсон бөгөөд 4 хуруу гажсан байсан, мөн миний баруун хөл гишгэж болохгүй байсан. Тэгээд удалгүй хавдсан байсан. Удалгүй дээшээ явсан ажилчид ирсэн миний эхнэр цуг явсан байсан ирээд тэр хүмүүстэй уулзах гэтэл хэл амаа авалцаагүй тэгээд бид хэд явсан... Би машиныхаа буруу талын урд суудалд суугаад хаалгаа онгойлгоод нугасан дээр нь баруун хөлөө гаргасан байсан юм, тэгээд тэр залуу машины хаалга савхад хавчуулагдахад гэмтэл учирсан... Өчигдөр гипсээ авхуулсан бага зэргийн хавдартай явахад хүндрэлтэй байна. Би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа тээврийн хэрэгслийн гэмтлийн дүгнэлтийг хавсаргаж өгсөн, 630,000 төгрөг болж байсан. Би шүүх хуралд тухайн үеийн асуудлаас хамаараад шийднэ. Би тээврийн хэрэгслийг засварлах ажлын хөлс болон эмнэлэгт үзүүлсний зардал зэргийг нэхэмжлэх болно, тухайн баримтуудыг дараа авчирч өгнө.” (хавтаст хэргийн 12-13 дахь тал)
Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ууланд буюу ... гэх газар байгууллага хамт олноороо явж байсан бөгөөд тухайн хэрэг гарсан газар менежер бид хоёр менежерийн машинд хөгжим сонсоод тээврийн хэрэгслийн суудлыг хойшлуулан хэвтэж байх үед тухайн газар амарч аялж явсан үл таних хүн ирээд хөгжим чанга тавилаа гээд настай ээж, нялх хүүхэдтэй явж байна гэх шалтгаанаар машины хаалга савсан. Энэ үед менежер буюу Д нь тээврийн хэрэгслийн хаалгыг хагас онгойлгон хөлөө ил гаргасан байсан. Тэгээд хаалга савж Д-ын хөлийг гэмтээсэн бөгөөд машины хаалга мөн эвдэрсэн, мөн цонхоор гараа оруулан Д-ын нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тухайн газар байх сүүдрэвч саравч хэсэг рүү явсан. Тэнд байсан хүмүүс бид хоёр болохоор тухайн газар тээврийн хэрэгслийн зогсоолд байсан. Хаалгаар савуулаад хөл нь өвдөөд гишгэж болохгүй болсон. Тэгээд өнөөдөр эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл болон мах нь няцарсан байна гэж хэлж байсан.” (хавтаст хэргийн 15 дахь тал)
Шүүгдэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “... Э.Д-ын биед би гэмтэл учруулсан. Тухайн газар амарч байхад Д нь согтуу машиныхаа цонхоор хашхичаад дуудаад байсан, би очоод юу билээ таньдаг бил үү гэсэн өөдөөс танилцаж болно биз дээ гэж хэлээд миний төрсөн он, мөн хаанахынх вэ, хэдэн хүүхэдтэй энэ тэр гэж асуугаад би хариулсан. Тэгсэн нас ойролцоо юм байна гэж хэлээд архи хундагалж өгөөд энийг татчих гэсэн, би үгүй гэж хэлсэн. Тэгсэн нэг татчих гээд байсан үгүй гэж хэлээд сайхан амраарай гэж хэлээд амарч байсан сүүдрэвч рүүгээ явсан. Тэгээд гэр бүлтэйгээ хоол идэж байхад Д нь тэр хавьд явж байсан хүмүүс рүү цонхоороо орилоод дуудаад байсан, миний хоёр хүүхэд буюу охидууд хувцсаа солих гээд машин руу явсан, миний машин Д гэх хүний машины хажууд тухайн газрын зогсоолд байсан. Хоёр хүүхэд машины хойно футболкаа сольж байсан. Тэр үед Д хөөе мөөм нь дээр чинь үнсье гээд хашхирсан, би тэр үед охидын хажууд тэгж авирласан болохоор уурлаад чи юу гээд байгаа юм гэхэд юм хэлээгүй. Би машины хаалгыг нь савж хаагаад суудал дээрээсээ өндийгөөд босоод ирэхэд өөдөөс нь цонхоор нь мангасдаад түлхсэн юм, би охидуудын хажууд зүй бус үг хэлснээс болсон... Би тухайн үед гэр бүлээ агаарт гаргангаа аялаад явж байхад Д нь тийм зүй бус үг хэллэг хэлээгүй бол ийм зүйл болохгүй байсан, гэмт хэрэг гарахад Д-ын зүй бус үг хэллэгээс болсон, гэхдээ би учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрч байна.” (хавтаст хэргийн 34-35 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.Д-ын биед баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн хавчаар ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Э.Д-ын биед үүссэн гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Э.Д-ын биед үүссэн баруун тавхайн ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт, баруун хацрын зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт тус тус хамаарна.” (хавтаст хэргийн 108-109 дэх тал)
“Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 275 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээнд: “Авто машины эвдрэл, хохирлын үнэлгээ нийт дүн: 630,000 төгрөг.” (хавтаст хэргийн 04-05 дахь тал)
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал)
Хэнтий аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 93 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол (хавтаст хэргийн 45-49 дэх тал)
Хохирол төлбөр төлсөн баримт (хавтаст хэргийн 42 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Д.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс би 2 оюутан хүүхэдтэй гэрээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг тул хөнгөн ял оноож өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Д.Г нь 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутаг ... гэх газарт хохирогч Э.Д-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас машиндаа сууж байхад нь машины хаалгыг савж улмаар хөлийг хавчуулж хаасан, гараараа нүүр хэсэгт цохисны улмаас биед нь баруун хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун тавхайн хавчаар ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн тухайн газар, цаг хугацаанд Э.Д-ын эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд талын хаалга, баруун урд бага нугасны суурь хэсгийг тус тус гажааж, урд салхины шилний баруун баганыг хонхойлгон бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 630,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал), гэрч Б.И-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 108-109 дэх тал), “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 275 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 04-05 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-ын эрүүл мэндэд баруун тавхайн ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 554 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 108-109 дэх тал)-ээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Д.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.Г-ын гэмт үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-ын эд хөрөнгөд 630,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 275 дугаартай хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 04-05 дахь тал)-ээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т бага хэмжээний хохирлыг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор хуульчилсан тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-ын учирсан 630,000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.
Шүүгдэгч Д.Г нь хохирогчийн эрүүл мэндэд хүч хэрэглэн халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн, мөн бусдын эд хөрөнгөд халдсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул дээрх гэмт хэргүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Д.Г-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Д.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-ын эрүүл мэндэд баруун тавхайн ясны хугарал, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, эд хөрөнгөд 630,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д нь “...Д.Г гэх хүнд зодуулсан, тухайн иргэнтэй учир зүйгээ олсон хохиролд 2,630,000 төгрөг өөрийн ... тоот дансанд авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт болон Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 42 дахь тал) зэргээр шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-т 2,630,000 төгрөгийн хохирол төлбөрийг төлж гомдол саналгүй болгосон нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нийт эдлэх торгох ялыг 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн зүгээс хэлэх зүйл байхгүй гэх тайлбарыг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.Г-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хоёр зүйл, хэсэгт заасан гурван төрлийн ялаас торгох ялыг сонгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн Д.Г-ын хөрөнгө, цалин хөлс зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Д-т 2,630,000 (хоёр сая зургаан зуун гучин мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Г нь эрүүгийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Д.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Д.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялд нэмж нэгтгэн шүүгдэгчийн нийт эдлэх торгох ялын хэмжээг 1200 (нэг мянга хоёр зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-т шүүхээс оногдуулсан 1,200,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Дт 2,630,000 (хоёр сая зургаан зуун гучин мянга) төгрөгийн хохирол төлбөр төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ