Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/996

 

                          

 

 

 

 

 

 

   2024            12           11                                  2024/ШЦТ/996

 

 

 

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал хөтлөн

улсын яллагч Г.Түвшинбаяр

шүүгдэгч ***

насанд хүрээгүй хохирогч ***гийн өмгөөлөгч М.Ундармаа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай, 1 хавтас хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: ***

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч *** нь 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо “Алтай хотхон”-ы 22 дугаар байр, 110 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, тусдаа амьдарч байгаа, өөрийн төрсөн хүүхэд болох 16 настай, эмэгтэй, ***той хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, үүссэн таарамжгүй харилцааны явцад нүүр хэсэг рүү рүү алгадах, хөл рүү нь өшиглөх, бие рүү нь түлхэх зэргээр биед нь халдаж түүний эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, зүүн шанаа, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсэг, зүүн чих, хүзүүний зүүн хэсэг, зүүн хөх, баруун бугалга, зүүн шууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Ийм зүйл болсонд миний хувьд маш их харамсаж байгаа. Хүүхдээ хохирогч болгож, өөрөө хэргийн холбогдогч боллоо. Охины маань аавдаа гомдох шалтгаан нь энэ болсон. Охин бид хоёр тухайн хэрэг гарахаас өмнө зааланд тоглох пүүзний мөнгө гэж 220.000 төгрөгөөс болж маргалдсан. Охины ээж нь намайг мөнгө өг гэсэн, мөнгө өгөхгүй бол охиныг явуулахгүй гээд маргалдсан. Миний охин Эрдэнэтээс ирж хичээлийн хэрэгслээ бэлдээд орой нь буцаад явахаар байсан. Хоёр биедээ муу санаад, 220.000 төгрөг нэхээд өгөөгүйд гомдоогоод яах вэ гээд буцаж явахаас нь өмнө охинтойгоо ярилцаад ахиж “ёс зүйгүй үг битгий хэрэглэ” гэж хэлэх санаатай байсан юм. Гэтэл бид хоёр ойлголцож чадаагүй. “Миний охин мөнгөгүй байх нь хамаагүй гэх чинь ёс зүйгүй” гэж хэлээд тайлбарлахад охин ойлгохыг хүсээгүй. Ирэхээсээ өмнө надтай маргалдаад, охины ээж нь “үг сонсохгүй, үгэнд орохгүй, хичээлдээ явахгүй, том толгойлоод байна” чи эцэг нь байж хэдэн чанга үг хэлээч гээд байсан. Ингээд ээжийгээ битгий зовоо, ёс зүйтэй бай гэж хэлэх гэж байгаад би охиндоо хүмүүжлийн буруу арга хэрэглэчихлээ. Би түргэн ууртай нь үнэн, хүнд нэг, хоёр хэлээд болохгүй бол гар хүрчихдэг зантай. Охиныгоо гомдоосон, хохироосондоо маш их харамссан. Энэ үйл явдлын дараа охин маань “өнөөдрийг хүртэл би их зовсон, та үүнийг мэдэх юм уу” гээд орилж чарлаж уйлаад байсан. Би түүнээс “миний охин өвөө, эмээ дээрээ тайван амгалан хичээлдээ яваад байсан биз дээ” гэж асуухад “үгүй, хүн болгон намайг харааж, эмээ хүртэл үсдэж зоддог байсан” гэж хэлсэн. Тухайн хэрэг гарах үед намайг эсэргүүцээд байсан шалтгааныг дараа нь би ойлгож харамссан. Хэрэг гарсны дараа “аавыгаа уучлаарай ахиж ийм асуудал үүсгэхгүй” гэж хэлсэн. Пүүзний мөнгө надаас нэхэхээр нь надад мөнгө байхгүй гэж хэлсэн юм. Тухайн хэрэг гардаг өдөр надад алгадуулаад уйлж байхдаа ээж надад “ааваасаа мөнгө асууж бич гэж хэлсэн, юу гэж бичихийг зааж өгсөн” гэж ярьсан. Тэгэхээр нь би охиндоо хандаж “аав нь охиныгоо хохироохоос өмнө энэ бүгдийгээ аавдаа хэлж, ярихгүй яасан юм бэ гэж би түүнд хэлсэн. Би охиндоо ойлгуулах санаатай ийм болчимгүй үйлдэл гаргачихлаа. Миний хувьд өмнө нь охиндоо гар хүрч, элдвээр хэлж үзээгүй. Нэг удаа сайн, чангахан хэлчихье гэж байгаад стресс бухимдалдаа автаад охиныгоо 2 удаа алгадсан. Алгадахдаа биеэ хянаж чадаагүй, чанга алгадсан байсан. Дараа нь би маш их харамссан.

Би эрх зүйч мэргэжилтэй. Анх цагдаагийн байгууллагад ажилладаг байсан. Дараа нь АНУ-ын элчингийн газарт ажиллаж байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж байна.

Миний охин надаас хохирол гэж одоогоор нэхэмжлээгүй. Харин эмнэлэгт үзүүлээд гарсан зардлыг нь төлсөн. Гэхдээ би охиныгоо 18 нас хүрэхээр хотод ирээд сурах боломжоор нь хангая гэж ээжтэй нь ярилцсан байгаа. Сэтгэцэд учирсан хохирлыг нь төлнө. Миний үйлдлийн улмаас охиндоо хохирол учруулсанд маргахгүй.

2013 онд эхнэр бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг хэсэг охиндоо тэтгэмж өгч чадаагүй, гэхдээ боломжоороо мөнгө шилжүүлж, бас уулзах үедээ мөнгө өгдөг байсан. Би охиноосоо уучлалт гуйсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч *** “... би Орхон аймгаас 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хичээлийн хэрэгсэл цуглуулах зорилгоор Улаанбаатар хотод амьдран суух аав Ууганбаярын гэрт ирсэн. 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хичээлийн хэрэгсэл цуглуулахаар гарахаасаа өмнө бид хоёр өглөөний цайгаа ууж байх үед аав нэг зүйлийн талаар яриад байсан. Би тухайн ярьж байгаа асуудлыг ойлгоогүй тул би найзынхаа зурваст хариу өгөх үед намайг боль, арчаагүй, юу ч ойлгодоггүй гэж хэлсэн. Би нойл ороод буцаад гарч ирэх үед аав Ууганбаяр дуудаж ярилцъя гэж хэлсэн. Би ярилцах зүйл байхгүй гэж хэлээд хувцсаа бэлдээд гарах гэж байх үед аав миний урдаас өндөр дуугаар чамд надад ойлгуулах зүйл юу байдаг юм ярилцъя гэж байна гэж хэлээд дуудаад байсан. Би аавд та намайг ямар ойлгодог биш гэж уурлаж орилж хэлсэн. Бид хоёр маргалдаж байгаад аав миний нүүр хэсэгт нэг удаа алгадаж, бид хоёр дахиж маргалдаад дахин миний нүүр хэсэгт алагдах үед би аавд хандаж тэгвэл намайг зод гэж хэлэх үед аав миний нүүрний хоёр хацарт хоёр гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Бид хоёр хэсэг ярилцаж би аавын урдаас дахин уурлаж орилох үед дахин намайг алгадсан. Би гэрээс гарахаар болж хувцсаа бэлдээд гарах гэж байх үед аав намайг гарахгүй гэж хэлээд намайг том өрөөний ор хэсэгт түлхэж аваачаад миний хөл хэсэгт өшиглөн дараа нь миний гэдэс хэсэгт хөлөөрөө жийж би ор хэсэгт унасан. Аав жижиг өрөөнд орох хугацаанд өмгөөлөгч рүүгээ залгахад утсаа аваагүй. Аав бид хоёр ярилцаж байх үед миний утас руу манай найз залгаж би жижиг өрөөнд ярьж байгаад нойл орж гар нүүрээ угаагаад буцаж том өрөөнд орж хувцсаа аваад тухайн гэрээс гарсан. Аав Ууганбаяр нь түргэн уур уцаартай аавын үгээр байхгүй бол уурлаад байдаг. Бид хоёр зурвасаар харилцаж байх үед би аавд та надтай улс төрчид шиг харилцахаа боль, эцэг хүүхдийн ёсоор харилцъя гэж хэлж байх үед за гэж хэлж байсан. Тухайн үед гэрт аав бид хоёр л байсан. Манай эцэг, эх хоёр намайг 5 настай байхад салсан. Ээж Ц.Хишигсүрэн Солонгос улсад ажиллаж амьдардаг. Би өвөө, эгчийн хамтаар Орхон аймагт амьдардаг” /хх-н 9-17/ гэж,

гэрч *** “... ***гийн ээж Хишигсүрэн нь Бүгд Найрамдах Солонгос Улс руу яваад 8 жил болж байна. ***г 7 настай байх үед Хишигсүрэн нь эцэг Цэрэндагва, эх Бадам нарт үлдээгээд явсан. 2014 онд Ууганбаяр нь Замын-Үүд сум руу яваад улмаар гэр бүл салсан. Миний бие ***той тогтмол холбоотой байдаг. 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Хишигсүрэн над руу фейсбүүкээр холбогдож Ууганбаяр ***г зодсон байна гэж хэлсэн. Би ***той фейсбүүкээр харилцаж, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр холбогдож харахад нүд, ам нь хөхөрсөн байдалтай байсан. *** нь өвөө Цэрэндагва нь 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан” /хх-н 23-24/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... ***гийн биед зүүн нүдний зовхи, зүүн шанаа, баруун хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүний зүүн хэсэг, зүүн чих, хүзүүний зүүн хэсэг, зүүн хөх, баруун бугалга, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 11216 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан байна. /хх-н 28-29/

Шүүгдэгч *** насанд хүрээгүй хохирогч ***гийн төрсөн эцэг мөн болох нь тэдгээрийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд Хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, энэ хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн хүндрүүлэх шинжийг “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол ...” гэж хуульчилсан.

 

Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзав.

 

Тухайлбал шүүгдэгч *** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт хийж ухаарч байгаа

үүнд: “... насанд хүрсэн томчууд бидний алдаа дутагдал маш их байна. Өөрсдийнх нь бага наснаасаа авсан алдаа дутагдал нөлөөлж, үүнд нь хүүхдүүд хохирч байна. Хүчирхийллээс хүчирхийлэл үүснэ гэдэг шиг би бага байхдаа аавдаа зодуулж өссөн маань миний далд ухамсарт нөлөөлж охиндоо гар хүрч гэмтээсэн нь байж боломгүй алдаа гэдгийг ойлгож мэдэрлээ. Охин маань одоо ч сэтгэцийн өвчтэй хүний дэргэд амьдарч байгаа. Энэ хүн миний охины асран хамгаалагч болж чадахгүй. Эцэг, эхийн үл хайхрах хүчирхийлэлд охин маань өртөж байна. Би охиныгоо ямар хүнд нөхцөлд байдаг юм бэ гэдгийг мэдэрч мэдээд надад хэцүү байна. Цаашид эцэг, эхийн асуудал дунд хүүхдүүд маань хохирч үлдэж болохгүй, олон зүйлийг засаж цэгцлэх хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Хүн хэлэхээс нааш гэдэг шиг хүн ухаарч, өөртөө дүгнэлт хийхгүй, хүмүүжлийн буруу арга хэрэглэдэг юм байна. Би тодорхой хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Охины ээж болохоор “охин чинь үгэнд орохгүй байна” гэх мэтээр их намайг шахдаг байсан. Гэхдээ өнөөдөр миний гэм буруугийн асуудлыг шүүж байгаа тул би охиноо буруутгахыг хүсэхгүй байна. Цаашид насанд хүрсэн хүмүүс нэг нэгнийгээ чадах гэсэн асуудал битгий гаргаж байгаасай, үүний золиос нь хүүхэд байж болохгүй гэж бодож байна” гэж түүний мэдүүлсэн байдал,

уг гэмт хэрэг нь хэдийгээр гэм буруугийн санаатай хэлбэртэй боловч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн зэргийг харгалзсан болно.

 

Түүнчлэн улсын яллагч Г.Түвшинбаяр шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 580 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж, улсын яллагчийн гаргасан ялын энэ саналыг хохирогчийн өмгөөлөгч М.Ундармаа дэмжиж байр сууриа илэрхийлснийг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзлээ.

 

Тодруулбал, хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ялыг сонгож хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээ мөнөөс гадна дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ***т шүүхээс торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлт бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцэх бөгөөд тэрээр “... би нурууны суулттай тул удаан хугацаагаар сууж, зогсож чаддаггүй. Гэхдээ би гэм буруутайн хариуцлагаа хүлээнэ. Би олон улсын төсөл дээр ажиллаж, төсөл бичиж мөнгө олдог. Хувийн байдлыг маань харгалзан торгох ял оногдуулж өгнө үү” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ***ын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 38/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-н 40/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 39/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /хх-н 41/, регистрийн дугаарын лавлагаа /хх-н 42/, жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 43/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-н 44-45/, хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тодорхойлолт /хх-н 46/ гэсэн бичгийн баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Насанд хүрээгүй хохирогч *** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлын талаар баримт гаргаж өгөөгүй байна. Харин насанд хүрээгүй хохирогч *** эрүүл мэндийн даатгалын сангаас 124.762 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байх бөгөөд энэ мөнгийг шүүгдэгч *** Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулжээ.

 

Мөрдөгчөөс насанд хүрээгүй хохирогч ***гийн сэтгэцэд учирсан хохирлын хор уршгийг “хоёрдугаар” зэрэглэл гэж тогтоосон байх ба /хх-н 35/ үүнийг хохирогч хүлээн зөвшөөрсөн тул гэмт хэрэг гарах үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлэн 3.300.000 төгрөгийг шүүгдэгч ***аас гаргуулж насанд хүрээгүй хохирогч ***д олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. ***ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ыг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч *** шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч *** цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч *** болон түүний хууль ёсны төлөөлөгч хохирол, эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалыг тус тус үндэслэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***аас 3.300.000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч ***д олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***т урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   О.ЖАНЧИВНЯМБУУ