Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/190

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Б.Мөнхдөл,  

Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,   

Нарийн бичгийн дарга А.Золжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,                   

Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овгийн М-ийн М-д холбогдох 2428002530235 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Биеийн байцаалт:       

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч М.М нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14-15 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” худалдааны төвийн 226 дугаар лангуунаас иргэн Г.Г-ын эзэмшлийн “Самсунг Глакси А25” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч М.М-г яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Бараа үзээд явж байгаад утас байхаар нь аваад гарсан. Харамсаж байна. Би сургуулийн насны 2 хүүхдээ харж ханддаг. Хүүхдүүддээ хэлээгүй байгаа. Ийм зүйл болно гэж бодоогүй гэв.

Хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймаг Даланзадгад сум Гандирс худалдааны төвд 2 давхарт 226 дугаар лангуунд наймаа хийдэг. Тухайн өдөр 14 цаг 30 минутын үед хүнтэй яриад лангууны хажууд байх шүүгээн дээр гар утсаа тавьсан. Тэгээд наймаа хийж байгаад 15 цаг орчимд үзэхэд миний утас алга болсон байсан бөгөөд тухайн утас 2 цаг гаран дуудаж байгаад унтарсан. 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймагт байх гар утас Худалдааны төв болох Тэнгэрийн ертөнц худалдааны төвөөс 1,300,000 төгрөгөөр худалдаж авсан болохоор үнэ нь буугаагүй гэж бодож байна, би 1,300,000 төгрөгөөр үнэлнэ... Миний хулгайд алдсан гар утсыг буцааж өгсөн, одоо миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 14-17 дахь тал)  

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2101 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Самсунг галкси А25 загварын гар утас 1,100,000 төгрөг...” (хавтаст хэргийн 22-25 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал)

Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 90 дэх тал)

Төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 91-92 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал)

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дахь тал)

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дахь тал)

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд М.М-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.  

Гэм буруугийн талаар.     

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгч М.М-д прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Учир нь шүүгдэгч М.Мгийн хувьд мөрдөн байцаалтаас шүүхийн хэлэлцүүлгийн шат хүртэл гэм буруу, хууль бус үйлдэлдээ гэмшиж харамсаж байгаа талаараа тууштай хүлээн мэдүүлж ирсэн учраас гэм буруугийн талаар маргахгүй. Хохирол төлбөрийн хувьд хохирогч Гд учруулсан хохирол болох “Samsung Galaxy A25” загварын гар утсыг биет байдлаар нь буцаан өгч хохирол төлбөргүй болсон нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Мөн М.М-гийн зүгээс хохирогч Гд 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэтгэл санааны хохиролд 1,000,000 төгрөгийг шилжүүлж хохиролгүй болгосон тул М.М-г бусдад төлөх хохирол төлбөргүй болсон гэж өмгөөлөгч миний зүгээс үзэж байна. Тийм учраас гэм буруугийн дүгнэлтэд нэмж гаргах тайлбар санал алга байна гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээж байна, ахиж алдаа гаргахгүй гэх тайлбарыг тус тус гаргав.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.М нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14-15 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” худалдааны төвийн 226 дугаар лангуунаас иргэн Г.Г-ын эзэмшлийн “Самсунг Галакси А25” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.     

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-гийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч М.М-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-17 дахь тал), “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2101 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-25 дахь тал), шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогчоос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Үнэлгээний дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг үнэлгээчин тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо. 

Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.

“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч М.М нь 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 14-15 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Гандирс” худалдааны төвийн 226 дугаар лангуунаас иргэн Г.Г-ын эзэмшлийн “Самсунг Галакси А25” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч М.М-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан үйлдэл байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.  

Шүүгдэгч М.М нь бусдын эд хөрөнгийг хулгайлсан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүний улмаас эд хөрөнгөд хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.    

Иймд шүүгдэгч М.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.            

Шүүгдэгч М.М-гийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Г-д 1,100,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2101 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-25 дахь тал)-ээр тогтоогдсон ба хохирогч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад “Миний хулгайд алдсан гар утсыг буцааж өгсөн, одоо миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй.” (хавтаст хэргийн 17 дахь тал) гэж мэдүүлсэн байна.

Мөн шүүгдэгч нь хохирогчид гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 1,000,000 (нэг сая) төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь Депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 90 дэх тал)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.                 

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч М.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах тухай дүгнэлтийг,   

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгч М.М-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тооцсон. Миний үйлчлүүлэгчид тухайн зүйл хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь миний үйлчлүүлэгчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохирч байна гэж үзэж байна. Мөн М.М-гийн хувийн байдлын хувьд ам бүл 4, хөдөө малчин ажилтай, сургуулийн үеэр 2 хүүхдээ хараад аймгийн төв дээр эрхэлсэн тодорхой ажилгүйгээр хүүхдүүдээ хараад байж байдаг нөхцөл байдал тогтоогддог. Гэмт хэрэг, зөрчилд урьд нь холбогдож байгаагүй нөхцөл байдал, гэм буруугаа тууштай хүлээн мэдүүлж байгаа нөхцөл байдлуудыг харгалзан үзээд миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн зүгээс 2 хүүхдээ хардаг учраас хэцүү байна. Миний буруу, тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг тус тус гаргав.      

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч М.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгч М.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гурван төрлийн ялаас хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, шүүгдэгч М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.

Шүүх эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж шүүгдэгч М.М-д нийтийн ашиг сонирхолд тустай  ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх байдлаар цээрлүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.   

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хүлээлгэж буй төрийн цээрлэл нь түүнд оногдуулсан ялаар дамжин хэрэгждэг төдийгүй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь дээр дурдсан гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар шударга ёсны зарчмыг хангадаг учраас эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялын төрөл, хэмжээг сонгож шүүхээс оногдуулсан гэж үзсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял гэнэ.” гэж тодорхойлсноос үзвэл нийтэд тустай ажил хийлгэх ялын үр нөлөө, ач холбогдол нь нийтийн ашиг сонирхолд тустай, нийтийн сайхан сайхны төлөө байх учиртай.

Өөрөөр хэлбэл, нийт иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн ажил, үйлчилгээ тухайлбал, хот суурины ногоон бүс, цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах, мод тарих, зам гүүр, үер уснаас хамгаалах далан хамгаалалт тавих, иргэний болон төрийн бус байгууллагуудад хүмүүнлэгийн шинжтэй ажил үүрэг гүйцэтгэх, сургалтын болон мэргэжлийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцох, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт ажиллуулах, нийтийг хамарсан гамшгийг арилгах үйлсэд оролцуулах ... гэх мэт олон талт үйл ажиллагаанаас гадна ял шийтгүүлсэн хүний бие бялдар, хүйс, насны байдалд тохирсон, мэргэшил, эзэмшсэн ур чадварыг ашиглан нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг хийлгэх байдлаар энэ ял хэрэгждэгээрээ онцлогтой байна.  

Харин нийтийн ашиг сонирхолд үр нөлөөгүй, нийтийн эзэмшлийн бус улсын болон хувийн байгууллагын эзэмшлийн зам талбайг цэвэрлүүлэх ажил нь энэхүү ялын үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй болно. Учир нь Эрүүл ахуйн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсгийн 4.4.3 дахь заалтад зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх үүргийг хүлээдэг тул нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн хүнийг ажлын байраар хангах, уг ялын биелэлтэд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагууд анхаарах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй байхаар хуульчилсан ба шүүгдэгч М.М-д дээрх үндэслэлүүд тогтоогдохгүй байна.  

Мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.    

Бусад асуудлаар.     

Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.Г-д гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:      

1. Шүүгдэгч Э овгийн М-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 240 (хоёр зуун дөч) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.        

4. Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч Г.Г-д гар утсыг биет байдлаар буцаан өгсөн, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 1,000,000 (нэг сая) төгрөг төлсөн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.              

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ВОЛОДЯ