| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2024/0185/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/191 |
| Огноо | 2024-12-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/191
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга З.Түвшинжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Б-ийн Э-өд холбогдох 2428000000244 тоот эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Мандал-Овоо сум руу явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 20 дахь километрт ... улсын дугаартай “Тоёота приүс 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Э.З-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.З мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумаас өглөө 06 цаг гэж байхад Даланзадгад сум руу гарсан. Тухайн үед машин жолоочоор хүргэн ах Э түүний хажууд хүүхэд нь болох Х харин уг арын суудал дээр би хүүхдийн хамт явсан. Урд шөнө нь манай хүүхэд өвдөөд шөнө 03 цаг өнгөрч байхад унтсан болохоор замд нойр хүрээд унтаад өгсөн. Миний санаж байгаагаар Цогтцэций сумын салдаг уулзвар руу орж байсан. Тэгээд юу болсон нь мэдэхгүй эмнэлэгт сэрсэн. Тухайн осол болсон талаар санаж байгаа зүйл байхгүй. Э архи уудаггүй. Харин тал харваад группэд байдаг. Нийт 9 хавирга хугарсан. Зүүн гарын бугалаг хугарсан. Баруун талын уушиг бяцралттай байна гэж хэлсэн. Уушиг бяцралттай, зүүн хөлний дунд чөмөг хугарсан... Эмчилгээний зардлыг тухай бүр төлөөд байсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй.” (хавтаст хэргийн 24-25 дахь тал)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Г нь манай бага охин байгаа юм. 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ байсан. Манай эхнэр, хүүхдийг осолд орчихлоо гэдэг мэдээг 10 цагийн үед мэдээд ажлаасаа шууд Даланзадгад сум руу гарсан. Ирээд шууд эмнэлэгт ирэхэд охин ухаан орсон байдалтай, манай эхнэр гэмтлийн тасагт хэвтчихсэн байсан. Манай охин сэхээнд байсан. Зүүн хөлний дунд чөмөг хугарсан. Зөөлөн эдийн гэмтлүүд нэлээдгүй байсан. Уушигны бяцралтай тархи сэргээх эмчилгээ гэж хийгээд байсан. Тухайн үеийн эмчилгээний зардлыг барагдуулаад яваад байсан. Шинээр үүссэн зардал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.” (хавтаст хэргийн 29-30 дахь тал)
Насанд хүрээгүй гэрч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр аав Э, үеэл эгч З хүүхдийн хамт Ханбогд сумаас Даланзадгад сум руу явсан. Тухайн үед манай аав машин бариад би хажуугийн суудал дээр харин З эгч хүүхэдтэйгээ ард сууж явсан. Нэлээд аймаг дөхөж байсан. Би тухайн үед утсаа оролдоод чихэвчээр дуу сонсоод явж байсан. Тэгтэл З эгч Т ахаа гэх шиг болохоор нь дээшээ харахад машин хажуу талаараа унаж байсан. Машинаас яаж гарснаа санахгүй байгаа. Машинаас гарахад З эгч машины баруун талд доошоо хараад хэвтэж байсан. Тэгэхээр нь дээш нь харуулаад амьсгал хийж үзсэн. Тухайн үед юм ярихгүй гар нь хөдлөөд байсан. Дараагаар нь дүү Г дээр очсон. Намайг очиход Г сэрүүн дээшээ хараад хэвтэж байсан. Дүүгээ тэврээд засмал зам руу гарч машин зогсоосон. Дүү бид хоёрыг эмнэлэг рүү хүргэж өгсөн. Тухайн үед машинд хоёр ах байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй... Аав Э бид хоёр л бүс зүүсэн байсан. З эгч нь хүүхдийн хамт унтаад явж байсан. Хэр хурдтай явж байсан талаар анзаараагүй.” (хавтаст хэргийн 33-34 дэх тал)
Гэрч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 10-ны 07 цагийн үед Ханбогд сумаас Даланзадгад руу эмнэлэгт үзүүлэх ажлаар дүү Тийн хамт гарсан. Тэгээд Өмнөговь аймаг нэлээд дөхсөн 20 километр орчимд явж байхад урд Приус-20 загварын автомашин замын хойд хэсэг рүү хажуугаараа харсан байдалтай байсан. Хажуугаар нь зөөлхөн явж байхад жолооч нь бололтой нэг хүн зогсоогоод хүүхдүүд эмнэлэг рүү аваад яваач гэж хэлсэн. Тэгтэл 10 гарсан нэг хүүхэд бага насны 2-3 нас орчмын хүүхдийг тэвэрсэн байсан. Тухайн үед бага насны хүүхдийн нүүр хэсэг цус болсон байдалтай байсан. Тэгээд яаралтай хоёр хүүхдийг суулгаад эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Тухайн үед аймгийн төв рүү явах замдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тэгээд эмнэлэг дээр очоод хоёр хүүхдийг яаралтай тусламжийн тасагт хүргэж өгсөн. Замд явж байхад миний утсыг аваад ар гэртэйгээ яриад эмнэлэг дээр дуудсан. ” (хавтаст хэргийн 36-37 дахь тал)
Гэрч А.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 10-ны 07 цагийн үед ах М-ын хамт Даланзадгад сум руу гарсан. 10 цаг өнгөрч байхад аймгаас ойролцоогоор 20 орчим километрт осол гарсан байсан. Хажуугаар нь зөөлхөн явж байтал нэг хүн зогсоосон. Тэгээд уулзтал жоохон хүүхдийн бие нь муу байна эгчтэй нь хамт эмнэлэг хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд хоёр хүүхдийг аваад эмнэлэгт яаралтай тусламжийн хүлээн авахад хүлээлгэн өгсөн. Хэдэн хүн байсан талаар сайн мэдэхгүй нэг ах байсан. Машины ард нэг эмэгтэй газар хэвтэж байсан. Тэгээд бид хоёрын авч явсан 10 гаран настай эмэгтэй хүүхэд, бага насны нэг хүүхэд байсан. Өөр хүн байсан талаар хэлж мэдэхгүй... Дүү нь муухан байсан байх. Нүүр хэсэг нь цус болсон уйлаад байгаа ч юм уу, үгүй юу гэхээр байсан. Эгч нь толгой цохигдоод цус гарсан гэж байсан. Би машины урдаас сальфетка өгсөн. Тэгээд эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн.” (хавтаст хэргийн 39-40 дэх тал)
Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ханбогд сумаас Даланзадгад руу өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай “Тоёота приүс 20” загварын тээврийн хэрэгсэлтэй охин Х, эхнэр Т-гийн хамаатан З, хүүхэд Г-гийн хамт дөрвүүлээ явсан. Аймаг нэлээн дөхөөд 22 километрт толгой эргээд ухаан балартсан. Тэгээд нэг сэрэхэд машин хажуу тийш унасан байсан. Тухайн үед З машины гадна газар хэвтэж байсан. Миний охин Х суудлын бүс зүүсэн учраас суудал дээр байсан. Харин Г машины гадна хэвтэж байсан. Манай охин түргэн дуудаад цагдаа эмнэлгийн байгууллага ирсэн... Надад ямар нэгэн өвчин байхгүй. Харин би 13 жилийн өмнө 2010 онд харвалт өгсөн. Түүнээсээ 70 хувийн группэд байдаг.” (хавтаст хэргийн 42 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Э.З-ын биед зүүн гарын атгаал ясны хугарал олон хавирганы хугарал /7/, 2 талын уушгины гэмтэл, 2 гарын шуу цээжний түлэгдэл гэмтлүүд үүсчээ. Олон хавирганы хугарал, уушгины гэмтлийн улмаас цээжний хөндийд хий хуралдалт үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Э.З-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15 заалтаар амь насанд аюултай гэмтэл тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 46-47 дахь тал)
Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.Г-гийн биед тархины аалзан хальс доорх цус харвалт, биеийн олон хэсэгт зулгаралт, зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Б.Г-гийн биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” (хавтаст хэргийн 87-88 дахь тал)
Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10/01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “а/ Toyota загварын Prius-20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь урд их гэрэл, дохио, урд впур, урд нүүр, кобуд, урд салхин шил, урд хойд кирлон, баруун толь, арын гэрэл дохио, арын впур, баруун зүүн, арын таван хаалга, хаалганы шилнүүд хагархай, баруун талын урд дугуй хий байхгүй, их бие буюу кузов их хэмжээний эвдрэл гэмтэлтэй тээврийн хэрэгсэл байна. б/ Тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийг асаах, өөрөөр нь хөдөлгөх ямар ч боломжгүй байх тул Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр ямар нэгэн хэмжилт, туршилт хийх боломжгүй байна. в/-г/ Тухайн тээврийн хэрэгсэлд ерөнхий үзлэг хийхэд хариулт /а/-д тусгагдсан эвдрэл гэмтлүүд байсан ба уг гэмтлүүдийг ослын үед үүссэн гэж үзэж байна. Харин тухайн эвдрэлүүдийг хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болох уг зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй юм.” (хавтаст хэргийн 139-141 дэх тал)
“Харцага Тайж” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-А: ... улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтуурах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн. Хариулт-Б: Жолооч Б.Э нь 70 хувийн группэд байдаг гэх нь тээврийн хэрэгсэл жолоодсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй болно. Хариулт-В: Тухайн зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй. Хариулт-Г: Осол гарах шалтгаан нөхцөл нь ... улсын дугаартай “Toyota prius 20" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а/ зүйл заалтыг зөрчсөний улмаас үүссэн. Тухайн зам тээврийн осол ... улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн.” (хавтаст хэргийн 149-150 дахь тал)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11, 14-19 дэх тал)
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-13 дахь тал)
Хувийн баталгаа (хавтаст хэргийн 156 дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 161 дэх тал)
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 162 дахь тал)
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 163 дахь тал)
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 164 дэх тал)
Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (иргэн одоо эзэмшиж байгаа) (хавтаст хэргийн 165 дахь тал)
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 166 дахь тал)
Жолоочийн мэдээлэл (хавтаст хэргийн 167 дахь тал)
Тээврийн хэрэгслийн гэрчилгээ (хавтаст хэргийн 169 дэх тал)
Б.Э-ийн Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 168 дахь тал).
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Э-өд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардлыг нь тухайн бүрд нь төлж явж байгаа нэхэмжлэх зүйлгүй талаар хохирогч нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаагийн хувьд шүүгдэгчийн зүгээс холбогдсон хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргахгүй. Хэргийн зүйлчлэл буюу Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэргийн зүйлчлэл дээр маргахгүй байгаа учраас гэм буруугийн тал дээр өөрийн үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар дүгнэлт гаргахгүй гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шинжлэн судалсан нотлох баримтуудыг бусад нотлох баримттай харьцуулан судлах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Э нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас Мандал-Овоо сум руу явах чиглэлийн хатуу хучилттай засмал замын 20 дахь километрт ... улсын дугаартай “Тоёота приүс 20” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчин зам тээврийн осол гаргаж зорчигч Э.З-ын эрүүл мэндэд хүнд хохирол, Б.Г-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.З-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 дахь тал), насанд хүрээгүй гэрч Э.Х-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), гэрч О.Мын мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), гэрч А.Т-ийн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал), Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал), Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10/01 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 139-141 дэх тал), “Харцага Тайж” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 149-150 дахь тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11, 14-19 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
“Харцага Тайж” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны шинжээчийн дүгнэлтэд: “Хариулт-А: ... улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтуурах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн... Хариулт-Г: Осол гарах шалтгаан нөхцөл нь ... улсын дугаартай “Toyota prius 20" загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 /а/ зүйл заалтыг зөрчсөний улмаас үүссэн. Тухайн зам тээврийн осол ... улсын дугаартай “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Э-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн.” (хавтаст хэргийн 149-150 дахь тал) гэсэн заалтыг зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Б.Э-ийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.З-ын биед зүүн гарын атгаал ясны хугарал олон хавирганы хугарал /7/, 2 талын уушгины гэмтэл, 2 гарын шуу цээжний түлэгдэл бүхий хүнд гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 511 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 46-47 дахь тал)-ээр, мөн бага насны хохирогч Б.Г-гийн биед тархины аалзан хальс доорх цус харвалт, биеийн олон хэсэгт зулгаралт, зүүн дунд чөмөгний далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл тогтоогдсон болох нь Өмнөговь аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 87-88 дахь тал)-ээр тус тус тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогч нарын биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, шийдвэрийн үндэслэл болголоо.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.Э-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд, хүндэвтэр, хүнд хохирол учирсан байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч Б.Э нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Э нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.
Өмнөговь аймгийн Прокуророос шүүгдэгч Б.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.Э-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.З-ын биед зүүн гарын атгаал ясны хугарал олон хавирганы хугарал /7/, 2 талын уушгины гэмтэл, 2 гарын шуу цээжний түлэгдэл бүхий хүнд гэмтэл, бага насны хохирогч Б.Г-гийн биед тархины аалзан хальс доорх цус харвалт, биеийн олон хэсэгт зулгаралт, зүүн дунд чөмөгний далд хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шинжээчээр дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Зын зүгээс “...Эмчилгээний зардлыг тухай бүр төлөөд байсан болохоор нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт байхгүй.” (хавтаст хэргийн 24-25 дахь тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б-ын зүгээс “...Манай охин сэхээнд байсан. Зүүн хөлний дунд чөмөг хугарсан. Зөөлөн эдийн гэмтлүүд нэлээдгүй байсан. Уушигны бяцралтай тархи сэргээх эмчилгээ гэж хийгээд байсан. Тухайн үеийн эмчилгээний зардлыг барагдуулаад яваад байсан. Шинээр үүссэн зардал байхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй байна.” (хавтаст хэргийн 29-30 дахь тал) гэж тус тус мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Э-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа нь Б.Эийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг анхааран үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хариуцлагын гол зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэх, хохирогчийн эрх ашгийг хамгаалахад оршдог. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахад тухайн хүний хувийн байдлыг мөн харгалзан үздэг. Миний үйлчлүүлэгчийн хувьд насны байдал, гэр бүлийн нөхцөл байдал, тухайн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй байсан нөхцөл байдал, биеийн эрүүл мэндийн нөхцөл байдлууд, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа болон гэм буруугийн талаар маргахгүй байгаа нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ үү. Өмгөөлөгчийн зүгээс тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял дээр тусгайлан гаргах санал байхгүй. Хорих ял оногдуулах хугацаа дээр санал оруулмаар байна. Энэ гэмт хэрэг нь 1-3 жилийн хугацаагаар хорих, мөн зорчих эрхийг хязгаарлах ялтай байдаг. Миний үйлчлүүлэгч нийгэмших боломжтой, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа нөхцөл байдал байгаа учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан заавал хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү. Шүүхийн зүгээс тэнсэх боломжгүй гэж үзвэл зорчих эрхийг хязгаарлах хөнгөн төрлийн ял оногдуулах боломжтой байгааг тал бүрээс нь харгалзан үзнэ үү гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн зүгээс өмгөөлөгчтэйгөө санал нэг байна гэх тайлбарыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Эөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Э-ийг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, цус харвасны улмаас 70 хувийн группэд байдаг хувийн байдал зэргийг харгалзан хоёр төрлийн ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, улмаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.З-ын биед учирсан хүнд гэмтэл, бага насны хохирогч Б.Г-гийн биед учирсан хүндэвтэр гэмтлээс үүссэн хор уршиг бүрэн арилаагүй, эмчийн хяналтад эмчилгээ хийлгэж байгаа нөхцөл байдал тогтоогдсон тул хор уршгийг бүрэн арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд өмгөөлөгчийн дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзэж, хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Э-ийг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.З, бага насны хохирогч Б.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч Б.Э-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н овогт Б-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.Э-ийг зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэнтэй холбогдуулан түүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоож, уг ялын биелэлтэд хяналт тавихыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.З, бага насны хохирогч Б.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Н.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болох хүртэл шүүгдэгч Б.Э-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ