Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүхийн тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч М.Мөнхболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Мөнхтөрийн Мөнхболдод холбогдох эрүүгийн 201710010117 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Дорноговь аймгийн  Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 2, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Замын 4-10 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, Боржигон овогт Мөнхтөрийн Мөнхболд /ЕА91103116/

Холбогдсон хэргийн талаар:  

Яллагдагч М.Мөнхболд нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны орой 18:00 цагийн үед Замын-Үүд сумын 3 багийн нутаг дэвсгэрт байрлах Замын 4-10 тоотод төрсөн ээж Л.Мөнхтөртэй таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татсан тогтоолд авагдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч М.Мөнхболд хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 05 дугаар сарын 10-ны орой 18:00 цагийн үед би хүүгээ дагуулаад гэрт ирсэн. Тэгтэл ээж зурагт хараад сууж байсан. Тэгээд би хүүгийнхээ хамт зурагт үзээд байж байтал ээж гал түлсэн тэгэхээр нь би ээжид “та яагаад гадаа халуун байхад гал түлж байгаа юм бэ” гэж хэлэхэд би даараад байна гээд уурласан тэгээд хүү хажууд нь сууж байхад хүүг маань хөлөөрөө жийсэн тэгэхээр нь би та яах гэж хүүхдийг маань янз бүрээр шоглож байдаг юм бэ гэсэн тэгтэл ээж миний цамцнаас зуурч авахаар нь би ээжийг тавиулах санаатай зууралдсан тэгтэл хүү хажуунаас намайг өмөөрөөд эмээгийнхээ баруун талын бугалганаас нь хазсан. Би хүүгээ боль гэж хэлээд хүүгээ аваад гэрээс гарах гэсэн чинь ээж гаргахгүй байхаар нь уурлаж хэрэлдсэн тэгтэл ээж хувцаснаас зуураад тавихгүй болохоор нь хувцасаа тавиулах санаатай гарыг нь барих гэтэл нүүрэн тус газар руу нь цохигдсон. Тэгээд би хүүгээ аваад гэрээсээ гарахдаа ээжийг гэрт цоожилсон. Хэсэг хугацаанд тайвшрах байх гэж бодоод. Би ч өөрөө ойрхон найзындаа очоод 20 минут болоод ирсэн. Тэгтэл ээжийн уур нь сайн гараагүй байсан. Тэгээд би хүүгээ дагуулаад найзындаа очсон. Тухайн үед ийм л асуудал болсон. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ээж миний амьдралд байнга оролцдог байсан. Эхнэртэй таарамж муутай би ээжид байнга хэлдэг би өөрөө амьдралаа мэдээд зохицуулаад амьдарч байна гэхээр илүү зүйл байнга “уурлахаараа би чамайг гаргадаггүй байж гэдсэнд байхад авахуулчихдаг байж, би чамайг гаргах ёсгүй байсан гээд хэлээд байдаг энэ байдал нь надад хүнд тусдаг байсан. Ээж бид хоёр хоорондоо ярилцаж ойлголцож чадсан. Би энэ асуудалд эхнэр бусад хүмүүсийг оролцуулмааргүй байна. Би ээжийнхээ нүүрэн тус газар руу нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл  учруулсан. Миний буруу. Би буруу зүйл хийсэндээ үнэхээр гэмшиж, бас ичиж байна. Би ээжээсээ уучлалт гуйсан.бид хоёр хоорондоо харилцан ярилцаж эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Л.Мөнхтөрийн хэрэг бүртгэлтийн шатанд: “…Би 5 хүүхэдтэй. Том болоод тус тусдаа гараад хамгийн бага хүү маань Мөнхболд тусдаа гараад надтай хамт амьдарч ирсэн. Сүүлийн үед архи их ууж агсам согтуу тавьдаг болсон. Эхнэр нь салаад явсан. Өөрөө хүү маань нэг хүүхэдтэй ажил төрлөө хийгээд өр зээлээ ганцаараа төлөөд явж байгаа. Хэдийгээр миний хүү буруу зүйл хийсэн ч гэсэн би хүүхэддээ хар буруу санаад шоронд явуулаад яахав дээ. 2017 оны 05 дугаар сарын 10-нд 17:30-д гэртээ эрүүл саруул хүүгээ дагуулаад орж ирсэн. Би гэр сэрүүхэн байхаар нь гал түлсэн чинь халуун байхад гэрт гал түллээ гэж хэрэлдэж маргалдсан, дараа нь хүүхэд цэцэрлэгт өгөх цагаас нь эрт авч явлаа гэдэг байдлаар намайг загнаж миний нүүр рүү 1 удаа цохисон. Миний аюулхай дээр 1 удаа элэгдсэн. Толгой ширээний буланд хэд хэдэн удаа цохисон. Хоолой боосон энэ үеэр хүүгийн хажууд байсан 4 настай хүүхэд нь миний баруун гарын бугалганаас хазсан. Мөнхболд хүүгээ боль гээд болиулсан. Би тухайн үед өөрийн төрсөн хүүдээ маш их гомдсон байсан. Би уурлаж бухимдсандаа Цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж хандсан. Цагдаагийн байгууллага дээр ирээд буруугаа хүлээгээд ахин дахин уучлалт гуйгаад байгаа. Ямар ч байсан хуулийн байгууллага байдаг гэдгийг мэдэж авах ёстой, айлын бага хүү гээд эрх дураар нь өсгөсөн болохоор хүний үг сонсохоо больсон юм байна. Ухаарч ойлгоосой гэж би танай байгууллагад хандсан. 2016 оны 03 дугаар сард гэртээ согтуу орж ирсэн шалих шалихгүй зүйлээс болж хэрэлдсэн тэгээд уурандаа миний хоолойг боож байсан. 2016 оны 08 сард би дэлгүүртээ сууж байсан Мөнхболд, эхнэр хүүхэдтэйгээ орж ирсэн. Тэгээд юм худалдаж авах гэж байснаа эгч Энхжаргалын талаар надад аашлаад байна гэж надад хэлэхээр нь би “та нар яах гэж байдаг юм, хоорондоо хэрэлдэж маргалдаад” гэж хэлсэн чинь та Энхжаргал эгчийг өмөөрлөө гэж надтай хэрэлдээд гарахаар нь би араас нь гартал уурандаа миний хоолойг боосон. Эхнэр нь хажууд байсан тэгээд миний цамцнаас татаад салгасан. Манай хүү хэзээ ч ийм байдал гаргаж байгаагүй. Гэнэт гэнэт уурлаад уурлахаараа байнга хоолой боодог болсон байна лээ. Би хүүхдээ сайн үглэж яншсан. Уг нь төлөв томоотой даруухан хүү байсан юу нь болохгүй болохоороо ийм байдал гаргаад байдгийг би өөрөө гайхаж байна. Ах эгч нар нь хүртэл гайхаад байдаг болсон. Том ах нь ирсэн. Намайг авч явна гэсэн ахынхаа үгийг ч сонсохгүй байгаад байгаа. Хүүгээ би буруу зам руу түлхмээргүй байна. Би тэр өдөр хүүтэйгээ муудалцаад яг юунд өөрөө зүссэнээ мэдэхгүй байна. Заазуур бариагүй. Би хэдэн үг хэлсэн чинь миний үгийг сонсохгүй орилж хашгираад хүүгээ өмөөрсөн тэгэхээр нь би хувцаснаас нь зуурсан тэгтэл миний нүүрэн тус газар руу 1 удаа цохисон, уруулын дотор тал язарсан шарх, хөнгөн гэмтэл авсан. Миний сэтгэл санаа хямраад хэд хоног эмнэлэгт хэвтсэн бие зүгээр болсон байгаа. Хүү маань намайг эмнэлэгт байхад эргэж тойрсон. Эмчилгээний мөнгө болох 150,000 төгрөг өгсөн. Хүүгээ би их өрөвдөөд байх юм. Алгынхан чинээ хүүтэйгээ яаж амьдарч явах юм бол гэж сэтгэл эмзэглээд байх юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээж, ухамсарлаж ойлгосон байна лээ. Надаас ахин дахин уучлалт гуйсан. Би хүүтэйгээ харилцан ярилцан сайн дураараа эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч М.Энхжаргалын хэрэг бүртгэлтийн шатанд: “...2016 оны 08 сард байх сарыг нь санахгүй байна. Мөнхболд эрүүл ээжийн дэлгүүр дээр авгай хүүхэдтэйгээ ирсэн байсан. Тэгээд ээж Мөнхболдыг архи уугаад гээд загнасан юм шиг байгаа юм. Тэгтэл Мөнхболд дэлгүүрээс нь юм авалгүй гарахаар нь араас нь ээж гарч очсон чинь Мөнхболд уурлаад ээжийг заамдаж, хоолойг нь боосон байна лээ. Авгай нь хажуунаас нь салгасан байна лээ. Би өөрөө нүдээрээ хараагүй. Ээж надад дараа нь ярьж байсан. Цагдаагийн байгууллагад тухайн үед нь хандаагүй байна лээ. Миний мэдэхийн 6 удаа зодсон гэж ээж өөрөө ярьдаг тэрнээс би зодож байхыг нь огт хараагүй. Он гараад ээж 2017 оны 05 дугаар сарын 10-ны орой над руу залгаад Мөнхболд намайг зодоод гээд ярихад нь би гэрт очсон. Тэгтэл ээжийг гаднаас нь цоожилсон байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд зогсож байтал Мөнхболд ирж хаалга онгойлгосон.Тэгээд цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Ер нь Мөнхболд ийм хүүхэд байгаагүй. Том ах бид хоёртой таарамж муутай байдаг. Бид нар эх нэг эцэг өөр хүний хүүхдүүд байгаа юм. Мөнхболд сүүлийн үед архи их ууж ээжид агсам согтуу тавьдаг болсон. Архи уухаараа муухай ааштай болдог. Би ийм байгаа байдлаас нь айдаг. Ээж байнга Мөнхболдыг өмөөрдөг. Буруу зүйл хийж байна гэж хэлэхээр ээж миний хүү тийм биш гээд Мөнхболдыг л өмөөрдөг. Мөнхболд эгч, ах нар юм хэлж байна гэж боддоггүй. Өөдөөс хэрэлдэж хэл амаар доромжилдог тийм болохоор би Мөнхболдод үг хэлэхээ больсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 150 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. Л.Мөнхтөрийн биед дээд уруулын баруун талаар цус хуралт, уруулын дотор талд язарсан шарх, баруун бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 1-р үений ард, 3-р үений ар хэсгээр цус хуралт, 5-р хурууны 2-р үений хажуу хэсэгт зүсэгдсэн шарх, аюулхай хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүдийн 5-р хурууны 2-р үений хажуу хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн дээд уруулын дотор талд язарсан шарх, 5-р хурууны 2-р үеийн хажуу хэсэгт зүсэгдсэн шарх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулын баруун талаар цус хуралт,  баруун бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, баруун гарын 5 дугаар хурууны 1-р үений ард, 3-р үений ар хэсгээр цус хуралт, аюулхай хэсэгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 24/,

- М.Мөнхболдын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Замын-Үүд сумын 3-р багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33-36/ зэрэг нотлох баримтуудыг судалсан болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас М.Мөнхболдын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг гэж яллагдагчаар татсан тогтоол үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй ба түүний үйлдэл нь дээрхи гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан бүрэлдэхүүний бүх шинжийг хангасан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтад хамааралтай баримтууд байх тул шүүх үнэн зөв гэж үзэж тогтоолдоо үндэслэв. Эдгээр нотлох баримтуудыг шүүх, шүүгдэгч М.Мөнхболдын гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

Иргэн Л.Мөнхтөрийн биедээ авсан гэмтэл нь тэдний таарамжгүй харьцаанаас үүссэн ба шүүгдэгч М.Мөнхболдын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь дээр дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэргийн нөхцөл байдлаар хангалттай бүрэн тогтоогдож байх тул М.Мөнхболдыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгч М.Мөнхболдод ял шийтгэл оногдуулахдаа анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг болон үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг хөнгөрүүлэн үзэх нөхцөлөөр харгалзан  үзэв.  Шүүгдэгч М.Мөнхболд нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.   

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Мөнхтөрийн Мөнхболдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Мөнхтөрийн Мөнхболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. М.Мөнхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба М.Мөнхболдод авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэж, тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ