| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2019/0328/Э |
| Дугаар | 0079 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.М |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 0079
Н.Б, Л.Б нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч М.Хүрэлбаатар, Ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.М
Шүүгдэгч Н.Б, Л.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолтой, Н.Б, Л.Б нарт холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Б, Н.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Г овгийн Л-н Б.
Монгол улсын иргэн, Х овгийн Н-н Б.
Шүүгдэгч Н.Б, Л.Б нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Н.Г-н эзэмшлийн 1-19-р байрны 61 тоот хүн байнга амьдрах орон сууцад нэвтэрч “Шарп” маркийн 40 инчийн зурагт, Орос хромон гутал хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Г овгийн Л-н Б, Х овгийн Н-н Б нарыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Н.Быг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бгийн цагдан хоригдсон нийт 43 /дөчин гурав/ хоног, шүүгдэгч Н.Бын цагдан хоригдсон 41 /дөчин нэг/ хоногийг тус тус эдлэх ялын хугацаанд оруулан тооцож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 753 дугаар захирамжаар:
Шүүгдэгч Н.Б, Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 341 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч Н.Б, Л.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай... гэх заалтыг нэмж залруулж,
Шийдвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлд заасны дагуу гардуулж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Б давж заалдах гомдолдоо:
... Би өөрийн хийсэн гэмт хэрэг үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа ба тус гэмт хэргийн улмаас хохирсон хүний хохирлыг барагдуулж хохиролгүй болгосон. Би өөрийн хууль бус үйлдэлдээ маш их хамарсаж гэмшиж байна.
Би дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй цаашид өөрийн шударга хөдөлмөрөөр амьдрах болно.
Иймээс анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялаас боломжтой хэмжээгээр хасаж өгөхийг хүсэж байна гэжээ.
Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо:
... Би өөрийн буруутай үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байсан ба уг гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан юм.
Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.
Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй байж амьдрахаа баталж байна.
Иймд миний хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрөө төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан ял хөнгөлөх боломжтой заалтыг хэрэглэж өгнө үү? гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.М дүгнэлтдээ: Анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Н.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Н.Б, Л.Б нар нь бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Н.Г-н эзэмшлийн 1-19-р байрны 61 тоот хүн байнга амьдрах орон сууцад нэвтэрч “Шарп” маркийн 40 инчийн зурагт, Орос хромон гутал хулгайлсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.Г, иргэний нэхэмжлэгч Т.А, гэрч А.Б нарын мэдүүлэг, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг болон тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Л.Б, Н.Б нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Г, иргэний нэхэмжлэгч Т.А нарт нийт 1.100.000 төгрөгийн хохирол учирсан нь “Далайван Аудит” ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 02/02/111 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.
Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд шууд санаатай хэлбэртэй ба гэмт этгээдүүд тухайн гэмт хэргийг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй ч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон тохиолдолд бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд анхан шатны шүүх тэдгээрийг бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б, Н.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.
Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авах тухай зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд тогтоож өгчээ.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэхээс өмнө гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул шүүгдэгч нарт хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Бд оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т зааснаар шүүгдэгч Н.Бт оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Үүнээс гадна шүүгдэгч нар нь гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй зэрэг байдлыг харгалзаж үзсэн болно.
Иймд шүүгдэгч нарын ... хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дугаар зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 341 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын
... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 2 жил 6 сарын хорих ялаар, шүүгдэгч Н.Быг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэснийг
... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 2 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3.т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 1 жилийн хорих ялаар тус тус шийтгэсүгэй гэж өөрчилж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Л.Б, Н.Б нарын давж заалдах гомдлыг тус тус хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР