| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0800/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1371 |
| Огноо | 1371-12-12 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
1371 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1371
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул, улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох, эрүүгийн 2408040251031 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, улмаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны замаар *** улсын дугаартай, “Тоёота кролла” /Тоуоta Corolla/ маркийн тээврийн хэрэгслийг дахин согтуурсан үедээ жолоодон Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д “Жолоочид дараах зүйлийг хориглоно”, а/ “...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэж заасныг зөрчиж, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408040251031 дугаартай хэргээс:
2. Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
3. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
4. Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан “...***ын спиртийн агууламж 1,86 хувь гэх...” тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
5. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний “...***гийн “Toyota aqua” маркийн *** улсын дугаартай авто машинд 2,144,800 төгрөгийн хохирол учирсан...” гэх тайлан, холбогдох гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/,
6. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зөрчил хариуцсан байцаагч Н.Долгорсүрэнгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч ***ын урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материал /хавтаст хэргийн 35-40 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр тогооч нарын баяр болж байсан болохоор ажлаа тараад ажлын газрын тогооч эгч *** болон туслах ажилтан *** нарын хамт 1 литрийн виски уусан. Тэгээд *** хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооллын дэлгүүрээс 2,5 литрийн багтаамжтай “Сэнгүр” нэртэй шар айраг аваад тухайн хорооллын орон сууцны тоглоомын талбайн сүүдрэвчинд хувааж уусан. Улмаар миний эзэмшлийн *** улсын дугаартай, “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг авахаар Баянхошууны хуучин эцсийн Номин дэлгүүрийн зогсоол руу очоод гэртээ харих санаатай өөрийн авто машинаа жолоодоод явж байтал Зүүн салааны 1 дүгээр буудлын орчим замаар явж байгаад гудамж руу эргэх үйлдэл хийх үед өөдөөс ирж байсан авто машинаас урьтаж амжих байх гэж найдсан. Ингээд зүүн дараад эргэх үйлдэл хийх үед өөдөөс “Тоyota Aqua” маркийн тээврийн хэрэгсэл гарч ирээд мөргүүлсэн. Би буугаад тухайн мөргүүлсэн авто машины жолоочтой уулзахад уурлаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Цагдаагийн байгууллагаас ирээд ослын газраас хэмжилт хийж, миний машиныг журамласан. Би Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс дээр очоод драгер үлээхэд 1,86 хувийн согтолттой байсан. Би 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Жолоодох эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар өмнө нь мэдэж байсан ба энэ нь миний буруу юм. Тухайн үед бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Би “Toyota Aqua” маркийн тээврийн хэрэгслийн хохирол болох 2,276,800 төгрөгийг тухайн тээврийн хэрэгслийн жолооч Энхжингийн өөрийнх нь данс руу шилжүүлж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
9. Иргэний нэхэмжлэгч ***гийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны 1 дүгээр буудал өнгөрөөд чигээрээ явж байхад өөдөөс цагаан өнгийн “Toyota Corolla” маркийн авто машин урсгал сөрөн орж ирээд миний машины жолоочийн эсрэг тал руу мөргөсөн. Жолооч болох *** гэх залууг машинаас нь буулгаж ирж уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч ирээд “эгчээ уучлаарай миний буруу” гээд зугтаах гээд байсан. Тэгээд хувцаснаас нь зууралдсаар байгаад Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа нар ирээд жолоочийг үлээлгэж согтолтыг шалгаж, замын хэмжилт, үзлэгээ хийгээд намайг мөргөсөн жолоочийг аваад явсан. Ослын улмаас надад учирсан бэртэл гэмтэл байхгүй. Миний машины хувьд зүүн талын урд хаалга, кирлан, буфер, арын буфер, арын хаалга зурагдсан, дугуй хавагнасан, гар нь муруйсан зэрэг гэмтэл учирсан. Үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхэд 2,144,800 төгрөг болсон. Би *** гэх залуугаас өөрт учирсан хохирлоо бүрэн барагдуулсан. Цаашид нэхэмжлэх, гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,
10. Гэрч ***ын: “...Тэрээр архи уусан үедээ болон эрүүл үедээ элдэв янзын муухай ааш, авир байхгүй, нийтэч яриа, хөөрөө сайтай, бусдад туслах их дурдтай хүн байдаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,
11. Гэрч ***ы: “...*** эхнэртэй болж өөрийн гэсэн тусдаа ажил, амьдралтай, эхнэр, 3 хүүхэдтэй болсон. Айлын том болох миний төрсөн ах маань их л даруу хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,
12. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
13. Шүүгдэгч ***ын хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд /хавтаст хэргийн 14-22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй байх тул шүүх тэдгээр баримтыг энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Мөрдөх байгууллагаас шүүгдэгч ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.
Нэг. Гэм буруугийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлжээ.
Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Дараах тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болно” гээд 18.1.4-т “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг холбогдох хуульд заасны дагуу хассан бол” гэж заасан байдаг.
Шүүгдэгч *** нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400,000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх хугацаандаа буюу 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 18 цаг 40 минутын орчимд 1,86 хувийн согтолттой байхдаа *** улсын дугаартай, “Тоёота королла” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нөхцөл байдал тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж шүүхээс дүгнэв.
Түүний дээрх үйлдэл хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Эрүүгийн 2408040251031 дугаартай хэргээс:
2. Эрх бүхий албан тушаалтны Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
3. Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас/,
4. Жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
5. “Тэргүүн Үнэлгээ” ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлан, холбогдох гэрэл зургийн хамт /хавтаст хэргийн 28-31 дүгээр хуудас/,
6. Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын зөрчил хариуцсан байцаагч Н.Долгорсүрэнгийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн магадалгаа /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
7. Шүүгдэгч ***ын урьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн материалын хуулбар /хавтаст хэргийн 35-40 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
9. Иргэний нэхэмжлэгч ***гийн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргахад шүүгдэгчийн зүгээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болно.
Иймд, шүүхээс ***ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрдөг болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч ***д 2,144,800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд уг хохирлыг төлж барагдуулсан тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөх” саналыг тус тус гаргасан.
Шүүхээс ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, мөн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн ажил хөдөлмөр хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзаж үзсэн болно.
Иймд, шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч ***ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөлд тогтоогддог тул уг нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болохыг дурдав.
Харин түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлсан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *** нь энэ тогтоолоор оногдуулсан 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэрээр бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***т урьд авсан хувийн баталгаа гаргах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ