| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2019/0362/Э |
| Дугаар | 0018 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 0018
Г.Аод холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Л.О
Шүүгдэгч Г.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Аод холбогдох, эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.Аын давж заалдах гомдол болон прокурор Л.О-н эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, С овогт Г-н А.
Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” төвийн 1 давхарт байх “Сайн” ломбардны цонхоор нэвтэрч 1.963.700 төгрөгийн монетон эдлэл, бэлэн 876.000 төгрөг хулгайлж нийт 2.839.700 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн хорооллын эцэст байрлах “Хуримт” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Хануй” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн 1.080.000 төгрөг хулгайлсан,
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 35-9-6 тоотод оршин суух иргэн П.Т-н байшингийн цонхоор нэвтэрч их гарын мөнгөн аяга хулгайлан 300.000 төгрөгийн хохирол учруулсан.
2019 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд залуучуудын соёлын төв”-ийн бүжгийн багшийн өрөөний цонхоор нэвтрэн орж АСЕR маркийн Ай-5, Ай-3 загварын 2 ширхэг нөүтбүүк, Шуре загварын микрофон хулгайлан 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч С овогт Г-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аод оногдуулсан 2 жилийн хорих ял дээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 04-ний өдрийн 181 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5 700 000 төгрөгийн торгуулийн ялыг 1 жил 15 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 15 /арван тав/ хоногийн хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аын цагдан хоригдсон 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Аод оногдуулсан 3 жил 15 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Аод авсан хувийн баталгаа гаргах туслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Г.Аоос 4 741 080 /дөрвөн сая долоон зуун дөчин нэгэн мянга наян/ төгрөг гаргуулж, хохирогч Г.Б-д 413 040 төгрөгийг, хохирогч У.Ж-д 239040 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.М -т 250 000 төгрөгийг, “Юнивишн” ХХК-д 3 840 000 төгрөгийг тус тус олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 543 920 төгрөгийг Төрийн банкны 100210006350 дугаартай данс /Орхон аймгийн прокурорын газрын/-аас гаргуулж хохирогч Г.Б-д 726.960 төгрөгийг, хохирогч У.Ж-д 726 960 төгрөгийг тус тус шилжүүлж, дүрс бичлэгийн хуурцаг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж,
Энэ хэрэг битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, “Юнивишн” ХХК нь засвар үйлчилгээ хийсэн, хэрэглэгчдэд хөнгөлөлт үзүүлсэн гэх 2 053 432 төгрөгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.А давж заалдах гомдолдоо:
“... 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 181 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй 5.700.000 торгуулийн ялыг 1 жил 15 хоногт тооцон шийдвэр гарсан. Энэ гарсан шийдвэртэй санал нийцэхгүй байгаа. Миний бие төлсөн баримтыг нягталж үзүүлэх хүсэлтэй байгаа билээ. Мөн “Юнител” ХХК-ийн нэхэмжилж буй 5839432 төгрөгийн хохирлыг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэжээ.
Прокурор Л.О эсэргүүцэлдээ:
“... Шүүх шүүгдэгч Г.Аод оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хэргийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” хуулийн заалтыг баримталсан нь буруу байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдээгүй, харин шүүгдэгч Г.А ял эдэлж байх хугацаандаа буюу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг бус дан ганц Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн заалтыг баримтлан ялыг нэмж нэгтгэх нь хуульд нийцнэ. Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын 3 дахь заалтад өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.О дүгнэлтдээ: “Бичсэн эсэргүүцлээ дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна...Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.А нь 4 удаагийн үйлдлээр буюу 2019 оны 09 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах “Хүүхэд залуучуудын соёлын төв”-ийн бүжгийн багшийн өрөөний цонхоор нэвтрэн орж 1.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий АСЕR маркийн Ай-5, Ай-3 загварын 2 ширхэг нөүтбүүк, Шуре загварын микрофон зэргийг хулгайлсан,
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн 35-9-6 тоотод оршин суух иргэн П.Т-н байшингийн цонхоор нэвтэрч 300.000 төгрөгийн үнэлгээ бүхий их гарын мөнгөн аяга хулгайлсан,
2019 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” төвийн 1 давхарт байх “Сайн” ломбардны цонхоор нэвтэрч 1.963.700 төгрөгийн үнэлгээ бүхий монетон эдлэл, бэлэн мөнгө 876.000 төгрөг зэргийг хулгайлсан,
мөн 2019 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө 02 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн хорооллын эцэст байрлах “Хуримт” худалдааны төвд үйл ажиллагаа явуулдаг “Хануй” хүнсний дэлгүүрийн цонхоор нэвтэрч бэлэн мөнгө 1.080.000 төгрөгийг тус тус хулгайлж, иргэдэд нийт 5.819.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцэж Г.Аыг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Харин шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, энэ ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 5.700.000 төгрөгийн торгуулийн ялыг 1 жил 15 хоногийн хорих ялаар тооцож нэмж нэгтгэн, түүний эдлэх ялыг 3 жил 15 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус баримталжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалт нь хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан боловч хууль тогтоогч энэ хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулж “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж хуульчилжээ.
Иймд Г.Аод оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ энэ заалтыг баримтлах үндэслэлгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг баримтлах нь хуульд нийцэх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан тохиолдолд хэрэглэх зохицуулалт боловч анхан шатны шүүх Г.Аод өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялаас эдлээгүй үлдсэн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, энэ тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэхдээ баримталсан байх ба дээрхи зохицуулалтад зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2.д зааж хуульчилсан байх тул Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй.
Шүүгдэгч Г.Аын гаргасан “... эдлээгүй 5.700.000 торгуулийн ялыг 1 жил 15 хоногт тооцон шийдвэр гарсантай санал нийцэхгүй байгаа ... Мөн “Юнител” ХХК-ийн нэхэмжилж буй 5.839.432 төгрөгийн хохирлыг дахин шалгуулах хүсэлтэй байна” гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... үлдсэн 5.700.000 торгуулийн ялын материалыг тулгаж үзсэн тул энэ тухай гомдлоосоо татгалзаж байна “ гэсэн тайлбарыг гаргасан болно.
Харин түүний гомдолд дурьдсан “...“Юнител” ХХК-ийн нэхэмжилж буй 5.839.432 төгрөгийн хохирлыг дахин шалгуулах хүсэлтэй байна...” гэсэн хэсгийн тухайд Г.А нь 2019 оны 10 дугаар сарын 01-02-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хуримт” төвийн 1 давхарт байх “Сайн” ломбардны цонхоор нэвтэрч эд зүйл хулгайлахдаа “Юнивишн” ХХК-ийн үндсэн сүлжээний төхөөрөмж рүү татсан шилэн кабелийг тасалсны улмаас уг компанид учирсан хохирол 3.840.000 төгрөгийг анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт /хх 50-54/-ийг үндэслэн Г.Аоос гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Мөн дээрх компани нь ажилтан томилолтоор ажиллуулсан зардал, үйлчилгээ тасалдсаны улмаас учирсан хохирол нийт 2.053.432 төгрөгийг нэхэмжилсэн нь нотлох баримт эргэлзээтэй, хангалтгүй гэх үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байх тул Г.Аын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж, Орхон аймгийн Прокурорын газрын Төрийн сангийн 100210006350 дугаартай тусгай дансанд хадгалагдаж байгаа 1.453.920 төгрөгийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ 1.543.920 төгрөг гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолыг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... 6.9 дүгээр зүйлийн 1 ...” гэснийг “... 6.9 дүгээр зүйлийн 2 ...” гэж, тогтоох хэсгийн 8 дахь заалтын ”1.543.920 “ гэснийг “1.453.920” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Г.Аын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ