Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0703

 

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2022/0703

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э************”ХХК, “Н******” ХХК

            Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц****************-г хоорондын оюуны өмчийн талаарх зөрчлийн маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г**********, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М***********, Г.Г**********а, хариуцагч Б.Ц****************, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаа  Б.Л************нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. “Н******” ХХК нь Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 0020263 дугаар, “Э”  ХХК нь 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 0020265 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.
  2. Гомдол гаргагч  нараас дээрх шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Оюуны өмчийн газрын дарга бөгөөд оюуны өмчийн улсын ерөнхий байцаагчид хандсан байх бөгөөд гомдлыг хүлээн аваагүй байна.
  3. Гомдол гаргагч нар тус шүүхэд хандан 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан.
  4. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл болон шүүхэд гаргасан тайлбартаа: Зураач , барималч Д.Б**********************-ийн "Алунгуа эхийн сургаал" бүтээлийг "Э******" ХХК нь зөвшөөрөлгүй худалдан борлуулж байна гэх гомдлын дагуу Оюуны өмчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаартай Зөрчлийн хэргийн 2002000513 дугаартай Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1453148 дугаартай Шийтгэлийн хуудсаар "Н" ХХК-д оногдуулсан байна. Тус шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасан ба 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 382 дугаартай шийдвэрээр Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц****************-ийн 2020 оны 12 дугаар сарын 02- ны өдрийн 1453148 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц****************-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1453148 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай гэж гарсан. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 447 дугаартай магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 382 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “... гурван сарын ... " гэснийг "... 58 хоногийн..." гэж өөрчилж үлдэх хэсгийг хэвээр үлдээсэн. Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргасан ба 2021 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 281 дугаартай Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарсан юм байна 2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 281 дугаартай тогтоол гарснаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон. 2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрөөс эхлэн 58 хоногийн дотор шинэ акт гаргах ёстой байсан юм. 2021 оны 11 дүгээр сарын 09 өдрөөс эхлэн 58 хоногийг тоолоход 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйл “Зөрчлийн хэргийг нээхгүй тохиолдолд 1.5 зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр бол. Мөн хуулийн 6.11 дүгээр зүйлд “Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох 1.1 энэ хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан” 1.4 “зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацаа дууссан” гэж заасан. Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоол гарснаар  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байхад Оюуны өмчийн газраас хууль бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж улмаар хууль бус зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа тулгуурлан  шийтгэл оногдуулсан нь хууль бус юм. Оюуны өмчийн Улсын байцаагч нь Зөрчлийн хэргийн материалыг итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид танилцуулаагүй ба энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн хэсэгт заасан "Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийг дуусгахаас өмнө оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийг зөрчлийн хэрэгтэй танилцах боломжоор хангана." гэж заасныг зөрчиж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж манай компанийн эрхийг ноцтой зөрчсөн байна. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад буюу анх “Эрдэнэт хивс” ХХК-д холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн. Энэ нь зөрчлийн хэрэг нээх тухай 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаартай эрх бүхий албан тушаалтны буюу хяналтын улсын байцаагч Б.Ц****************-ийн тогтоол гарсан. “Э********” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэргийг зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад “Н******” ХХК-д шийтгэл оногдуулсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхээр хянагдсан ба Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Өөрчлөлт оруулсан хугацааг зөрчиж эрх бүхий албан тушаалтан шийтгэл  оногдуулсан. “Э” ХХК-д холбогдуулж зөрчлийн хэрэг нээсэн боловч “Н******” ХХК-д шийтгэл оногдуулсан буюу өөр аж ахуйн нэгж торгосон нь үндэслэлгүй. Мөн шүүхийн шийдвэрт заасан хугацаанд акт гараагүй учраас хууль ёсны байх боломжгүй.

Мөн зохиогчийн эрхийн тухай хуулиар зохиогчийг бүртгэх ёстой. Бүртгээгүй тохиолдолд түүнийг зохиогч мөн эсэхийг нэг бүрчлэн тогтоох шаардлагатай. Тухайн зохиогчийн зохиосон гэх зургийн цэгүүдийг нэгтгэн шалгах шаардлагатай. Нүдэн баримжаагаар хараад ялгадаг байсан бол зохиогчийн эрхийн бүртгэл хийлгэх шаардлагагүй. Д.Б********************* гэх хүнд зохиогчийн эрхийн гэрчилгээ байхгүй байна. Төрийн байгууллагад ямар нэгэн байдлаар огт бүртгэл хийлгээгүй. Улсын тэмдэгтийн хураамж төлөөд зохиогчийн эрхийн гэрчилгээ авдаг. Хугацааны хувьд хэдэн жилээр ч авч болно. Д.Б**************-ийн зурсан зураг мөн эсэх талаарх ажиллагааг хийгээгүй. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Б**************-ийн уран бүтээл гэдгийг шалгасан зүйл огт байхгүй. Энэ ажиллагааг хийгээгүй, хуулбарласан гэдгийг нотлоогүй учраас зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. Урчуудын эвлэл гэх байгууллага зохиогчийн эрхийн бүртгэлийг хөтөлдөг байгууллага биш учраас нотлогдсон гэх боломжгүй. Венийн конвенцэд Хятад улс нэгдээгүй учраас Венийн конвенцийг мөрддөггүй. Венийн конвенцийг мөрдөх тухай асуудал яригдахгүй. “Э********” ХХК өөрийн барааны тэмдгийг буюу бүтээгдэхүүний загварыг Монголд бүртгүүлэхийн зэрэгцээ Хятад улсад давхар бүртгүүлж мөнгө төлдөг. Д.Б************** гэх хүн энэ шүүх хуралд оролцдоггүй. Эрх нь зөрчигдсөн хүн хуралд ирэхгүй байгаа нь эргэлзээ үүсгэж байна. Тухайн зургийн хувьд тусгай мэдлэг шаардагдаж байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр тухайн бүтээлийг хуулбарласан эсэх, оюуны өмчийн зөрчил гарсан эсэхийг дараа нь ярих ёстой. Оюуны өмчийн анхдагч огноо гэж огноо байдаг. Гэтэл Д.Б************** гэх хүн хамгаалуулахаар хандаагүй. Зөрчлийн шинжийг бүрэн хангасан гэж үзэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч Оюуны өмчийн газрын хяналтын Улсын байцаагч Б.Ц**************** нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа:  "Н****" ХХК-д холбогдуулан  иргэн Д.Б**************-ийн "Алангуа эхийн сургаал" бүтээлийг зөвшөөрөлгүй "Э*********" ХХК худалдан борлуулсан гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд 2002000513 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан . Шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 сарын 03- ны өдрийн 0382 дугаартай шийдвэрээр "...2020 оны 12 дугаар сарын 02- ны өдрийн 1453148 дугаар шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж...". Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24- ний өдрийн 447 дугаартай магадлалаар "... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн 382 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын "... гурван сарын ..." гэснийг “... 58 хоногийн ..." гэж өөрчилж, үлдэх хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгч Г.Г**********-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай ...", 2021 оны 10 сарын 01- ний өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 579 тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24- ний өдрийн 447 дугаар магадлалын ХЯНАВАЛ хэсгийн эхний өгүүлбэрийн "хэвээр үлдээж" гэснийг "өөрчлөлт оруулан" гэж , мөн хэсгийн суулд "Харин анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлд зааснаас илүү хугацаагаар шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлсэн байх тул хугацааг зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт оруулах нь зүйтэй" гэсэн өгүүлбэр нэмж, удирдлага болгосон хуулийн заалтын "... 120.1 ..." гэснийг “... 120.3 ...” гэж. Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын "... шийдвэрийг ..." гэснийг ... шийдвэрийн Тогтоох хэсгийн заалтын "... гурван сарын ..." гэснийг “... 58 хоногийн ..." гэж өөрчилж, үлдэх хэсгийг ..." гэж тус тус залруулсугай, Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 сарын 09- ний өдрийн 281 дугаартай тогтоолоор "... гомдлыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн. Тамгын газрын 2/020 дугаартай албан бичгээр" Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 09- ний өдрийн 281 дугаартай тогтоол"-ыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Монгол шуудан”- аар Оюуны өмчийн газарт ирүүлсэн бөгөөд тус газрын ирсэн бичгийн 11 дугаарт бүртгэн хүлээж авсан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.7-д “Энэ хуулийн 108.6-д заасны дагуу хүргүүлснийг гардан авсанд тооцох бөгөөд шүүхийн шийдвэрийг хүргүүлэхдээ энэ хуулийн 59.7-д заасан журмыг баримтална", 127.6-д “Хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш долоо хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчид хүргүүлнэ" гэж заасан байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 447 дугаартай магадлалын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад "Э” ХХК нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх хэсгийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байсан тул Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 5 000 000 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г**********-т мэдүүлэг, тайлбар гаргаж өгөхийг мэдэгдэхэд өгөхөөс татгалзсан болно. Мөн зөрчлийн хэргийн материалыг танилцуулахаар 91****** утсанд мэдэгдэж, шийтгэлийн хуудсыг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Монгол шуудангаар хүргүүлсэн болно. Нэхэмжлэгч тал Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хугацаа хэтрүүлж шийтгэл оногдуулсан гэж тайлбарлаж байна. Улсын дээд шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гарсан шийдвэр Оюуны өмчийн газарт 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр М ХХК-аар ирснийг Оюуны өмчийн газрын  бичиг хэрэгт бүртгэсэн. Мөн гомдол гаргагч иргэн Д.Б**************-ийн зургийн талаар зөрчлийн шинжтэй эсэх талаар ярьж байна. Зохиогч заавал зохиогчийн эрхийн гэрчилгээ авах ёсгүй. Сайн дурын үндсэн дээр гэрчилгээ авч болно гэж хуульд заасан байдаг. Шинжээчийн дүгнэлтгүйгээр Улсын байцаагч шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Зохиогч бүтээлээ бодитоор туурвисан тохиолдолд зохиогч гэж үзнэ. Нийтэд хүртээл болгосноос үл хамаарна. Зохиогчийн эрхээр хамгаалагдсан учир заавал улсын тэмдэгтийн хураамж төлж зохиогчийн эрхийн гэрчилгээ авах шаардлагагүй, буруу, үндэслэлгүй тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. “Э*****” ХХК, “Н******” ХХК-ийн гомдолтой Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчид холбогдох гомдлоор үүссэн хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. “Н******” ХХК-ийн охин компани нь “Э*******” ХХК байх бөгөөд “А**********” ХХК-тай 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Гэрээгээр “Н******” ХХК-ийн үйлдвэрлэж буй самнасан ноос, ээрмэл утас, топс, хивс, хивсэнцэр, кашмер, ноос ноолуур, эсгий зэрэг бүх нэрийн бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд борлуулахыг “А*********” хариуцаж ажиллахаар тохиролцжээ. /х.х-н 152-160/ Уг гэрээний хүрээнд “А*********” ХХК-иас “Алунгуа эхийн сургааль” гэх зургийг хивсэн дээр бүтээлгэхээр “Н******” ХХК-д захиалга өгч, хийлгэсэн гэж тус компанийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

3.  Иргэн Д.Б**************-өөс Оюуны өмчийн газрын хяналтын хэлтэст хандан “Миний тосон будгийн уран бүтээл болох “Алунгуа эхийн сургааль” бүтээлийг зөвшөөрөлгүй худалдаанд хивс болгон олшруулан худалдаалж буйд миний бие гомдолтой байна. 2:1.5 хэмжээтэй хивсийг “Э**********” ХХК салбар дэлгүүрүүдээрээ худалдаанд тавигдсан нь нотлох баримтаар нотлогдсон болно” гэсэн өргөдлийг гаргажээ. /х.х-н 137/

4. Улмаар 2020 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “Э*******” ХХК-д 2002000513 тоот зөрчлийн хэрэг нээн шалгажээ. /х.х-н 132/

5. Уг зөрчлийн хэргийг шалгаж, “Н******” ХХК-д Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 1453148 дугаар шийтгэлийн хуудсаар шийтгэл ногдуулсныг эс  зөвшөөрч шүүхэд гомдол гаргажээ.

6. Улмаар тус шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 382 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч нь тухайн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахдаа хуульд заасан зохих журмын дагуу явуулалгүй “Э******” ХХК, “Н******” ХХК-ийн аль нь тухайн зөрчлийг үйлдсэн болохыг нягталж тогтоолгүй, тухайн зөрчлийн хэргийн оролцогчоор албан ёсоор татагдаагүй этгээд болох “Н******” ХХК-д шийтгэл оногдуулсан нь тогтоогдсон, эдгээр нөхцөл байдлыг шүүхийн журмаар залруулах боломжгүй, нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж дүгнээд хариуцагчаас дахин шинэ акт гартал 3 сарын хугацаагаар түдгэлзүүлснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар “3 сар” гэснийг “58” хоног гэж өөрчлөн шийдвэрлэсэн.

7. Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч дээрх шийдвэрийг биелүүлж, өмнө нээсэн зөрчлийн хэргийг үргэлжлүүлэн шалгаж, “Н******” ХХК-д 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 0020263 дугаар, “Э********”  ХХК -д 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 0020265 дугаар шийтгэлийн хуудсаар “иргэн Д.Б**************-ийн “Алунгуа эхийн сургааль” бүтээлийг “Н******” ХХК зөвшөөрөлгүй хуулбарласан, “Э*********” ХХК зөвшөөрөлгүй худалдан борлуулсан гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 8.3 дахь хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн тус бүр таван сая төгрөгөөр торгожээ. /х.х-н 73-75/

8.  Зөрчлийн тухай хуулийн 8.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон, хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг таван зуун нэгжтэй хэмжээний төгрөгөөр торгох, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

9. Хариуцагчаас Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтад заасан “бүтээлийг хуулбарлах” гэснийг гомдол гаргагч нар зөрчсөн гэж тайлбарлаж байна.

10. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил” гэнэ гэж заасан болон зөрчлийн материалд авагдсан баримтаар “Э********” ХХК, “Н******” ХХК нь тухайн зөрчлийг үйлдсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байна.

11. Тодруулбал,  “Алунгуа эхийн сургааль” бүтээлийг “Н******” ХХК нь өөрөө шууд хуулбарлаагүй, “А*********” ХХК-иас БНХАУ-ын иргэний бүтээл гэж захиалга өгсний дагуу хивсэн дээр хуулбарласан, Оюуны өмчийн газраас хайлт хийж үзэхэд тухайн бүтээл бүртгэгдээгүй байсан учир Монгол улсад эрхийн зөрчил байхгүй байна гэж үзэн хуулбарласан гэж тухайн компанийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж байна. Уг тайлбараас үзвэл “А*********” ХХК-д холбогдуулан зөрчлийн хэрэг нээж, “Н******” ХХК болон “А*********” ХХК-ийн аль нь зөрчил гаргасан болохыг шалгаж тогтоогоогүй байна

12. Түүнчлэн өргөдөл гаргагч иргэн Д.Б**************-ийн бүтээл мөн гэсэн Монголын урчуудын эвлэлийн тодорхойлолт хуулбар бүтээлийг үндэслэн хуулбарласан бүтээл гэж үзсэн хариуцагчийн дүгнэлт хангалтгүй байна. Учир нь Монголын урчуудын эвлэл нь бүтээлийн талаар тодорхойлолт гаргаж өгөх эрхтэй этгээд биш бөгөөд түүний бүтээл гэдгийг хангалттай баримтаар тогтоогоогүй байна.

13. Энэ нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1.“Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ.”, 2.“Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ.” гэж заасан ажиллагааг хангалттай сайн явуулаагүйгээс холбогдогч нарыг зөрчил гаргасан эсэхийг баримтаар нотолж чадаагүй байна.

14. Түүнчлэн зөрчлийн хэргийг “Э*********” ХХК-д холбогдуулан нээж, холбогдогчоор түүнийг татсан атал “Н******” ХХК-д шийтгэл ногдуулсан зэрэг дээр дурдсан нөхцөл байдлуудаас үзвэл шүүхээс өмнө нь 2021 оны 382 дугаар шийдвэрээр зөрчлийг хэн үйлдсэнийг хангалттай баримтаар шалган тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг дахин явуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж байсан нөхцөл байдал одоо ч хэвээр байна.

15. Иймд гомдол гаргагч хуулийн этгээдүүдийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эх бүтээл мөн эсэхийг шалган тогтоосон ажиллагаа хийгдээгүй, “Н******” ХХК-д зөрчлийн хэрэг нээгээгүй атлаа арга хэмжээ авсан, зөрчил үйлдсэнийг тогтоогоогүй гэсэн тайлбар үндэслэлтэй.

16. Нөгөөтэйгүүр иргэн Д.Б************** нь тус бүтээлийг Оюуны өмчийн газарт бүртгүүлээгүйгээс түүний бүтээл гэдгийг мэдэх боломжгүй байсан, “А******* ХХК-иас гадаадын иргэний бүтээл гэж захиалга өгсөн  байхад “Э*****” ХХК, “Н******” ХХК-иудыг шууд зохиогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

17. Иймд дээр дурдсан үндэслэлээр гомдол гаргагч нарын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 0020263, 0020265 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгов.

18. Монгол улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 281 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байх бөгөөд уг тогтоолыг хүлээн авснаас хойш зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

19. Уг шүүхийн шийдвэрээр зохиогчийн эрхийг хөндөөгүй бөгөөд зохиогч нь зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар бусад байгууллагад хандахад уг шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1, 4.1 дүгээр зүйлийн   1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 0020263, 0020265 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Оюуны өмчийн газраас “Э” ХХК, “Н******” ХХК-д тус бүр 70200 төгрөгийг гаргуулж, олгосугай. 

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 5 /тав/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ