Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 21 өдөр

Дугаар  2024/ШЦТ/1273

 

 

    2024         11           21                                     2024/ШЦТ/1273

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,

улсын яллагч Э.Ууганзаяа,

хохирогч Г.Х, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч С.Тэгшжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж овогт Б Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2408014****** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

1.Шүүгдэгч Б.Б нь согтуурсан болон эрүүл үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо **** гудамжны ** дугаар байрны *** тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Г.Х ахуйн шинжтэй асуудал, хардалтын улмаас маргалдан 2024 оны 01 дүгээр сараас 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд 4 удаагийн үйлдлээр үснээс нь зулгаах, хоолойноос багалзуурдах, алгадах, түлхэж унагаах, хатуу биет зүйсээр цохих, үтрээ рүү нь хуруугаа хийх, хазах, маажих, хувцсыг урах зэргээр зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн,

2. Шүүгдэгч Б.Б 2024 оны 4 дүгээр сарын 06-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Х маргалдаж, сандал болон баримал хөшөөгөөр цохиж, үтрээ лүү нь хуруугаа хийх, хазах зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзны хуйхны шарх, зүүн чихний дэлбэн, хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхи, баруун тохой, 2 бугалга, 2 мөр, дал, бүсэлхий, зүүн өгзөгний, баруун өвдөгний цус хуралт, 2 сарвууны цус хуралт, зулгаралт хамрын нуруу, шанаа, хацар, дал, мөр, цээж, 2 сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, бугуй, шуу, баруун гуя, умдагны зулгаралт, үтрээний язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “... Ерөнхийдөө гэр бүлийн маргаан гарах үед эрүүлдээ юм хэлж чаддаггүй байсан учраас хэрэлдэх болгондоо ч юм уу, эсхүл хажуу талынхаа өрөөнд ороод архи уучихдаг, эсхүл гэрээсээ гараад архи уучихдаг байсан. Бид 2 хоорондоо тухайн хугацаанд салчихаад буцаад нийлсэн. 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр болсон хэрэгт би маш их харамсаж байгаа. Ийм зүйлийг хийсэндээ одоо ч өөртөө итгэхгүй байгаа. Энэ зүйлсэд дээр бол ямар нэг байдлаар өөрийгөө зөвтгөх гэсэн зүйлсийг ярихгүй. Тэгээд хамгийн гол нь сар болгон зоддог зүйл байхгүй. Ер нь бол муудалцаж, маргалддаг асуудлууд байдаг байсан. Төрсөн өдөр болсон тухайд бид хоёр салаад нийлэх явцад бол бид хоёрын дунд хэд хэдэн асуудлууд гарсан буюу Г.Х маань өөр хүнтэй байж байгаад ирэхдээ хамт байсан хүнээсээ өвчин аваад ирсэн. Тэр тухай мэдэгдсэнээс болоод тэр хэрүүлүүд үүссэн. Яг бүх болсон зүйлс А гэдэг залуугаас болсон. Тэгээд 8 дугаар сарын үед угаасаа бүр салъя гээд шийдсэн боловч эхнэр маань, түүний ээж нь ч гэсэн хэлсэн. Тэрнээс гадна би өөрөө ч гэсэн гэр бүлтэйгээ хамт байхыг хүссэн. Ингээд бол ерөнхийдөө бүх зүйлийг мартаад байя аа гэсэн боловч зарим нэг асуудлууд гарсан. Би энэ хүний нөхөр нь учраас эхнэртээ хүрэхийг хүсдэг, хүрч болно. Гэтэл эхнэр маань “...чи надад хүрэхээр миний бөөлжис хүрээд байна, онцгүй санагдаад байна, тэр хүнтэй тэр үед тэгэхэд чинийхээс том байсан, тэглээ ч тэр үед би чамаас явчихсан байсан болохоор миний юу хийх нь хамаагүй...” гэж хэлэх зэрэг ийм асуудлуудаас болоод бидний дунд маргаан болсон. Харин миний хувьд зодож, нүдсэн зүйл байхгүй. Харин болъё гээд хөөсөн асуудал бол бий. 1 дүгээр сар, 2 дугаар сар, 3 дугаар саруудад ч мөн зодож, нүдсэн асуудал байхгүй. Харин хэрэлдсэн асуудал бол зөндөө байгаа. Бид хоёрын хувьд дандаа жижиг зүйлээс болж муудалцдаг. Уг нь би эхнэртэйгээ эргээд гоё дотно болоод гоё зүйлсээ сэргээхийг хүссэн боловч бид хоёрын зүйл болж өгөөгүй. Тэгээд л эхнэртэй хэр нь би гэртээ гар хангалга хийгээд байж байдаг. Намайг харсан хэр нь тоосон зүйлгүй байх зэрэг энэ зүйлс сэтгэл зүйд их нөлөөлсөн. Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хоорондоо бүх зүйлсээ яриад хоёр тийшээ болъё гээд шийдэж ярилцах гэж боловч эцсийн үр дүнд миний тэнэг үйлдлээс болоод ийм муухай харгис үйлдэл болсонд гэмшиж байна. Гэрлэлтээ 2020 онд батлуулсан, хамт амьдраад 4 жил гаруй болсон, 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн гэрлэлтийг цуцалсан. Ер нь бол Г.Х нийлэхээс өмнө найз нөхөдтэйгөө их уудаг байсан. Тэгээд Г.Х нийлснээс хойш маш их багассан. Сүүлд салж явснаас нь хойш эхнэртээ дахиж уухгүй гэж амлалт өгсөн. Ингээд нийлснээсээ хойш би нэг ч өдөр уугаагүй байсан, бараг уухгүйгээр 1 жил болохын даваан дээр 4 дүгээр сарын 06-ны өдөр уучихсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

            Хохирогч Г.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах үйл ажиллагаа явцад бүх мэдүүлгээ өгчихсөн. Тэгээд прокурор бүх мэдээллийг уншсан байгаа учраас тэрийг давтахгүйгээр арай өөр зүйлсийг ярья. Ерөнхийдөө 02 дугаар сарын 09-ний өдөр миний төрсөн өдөр болоод 02 дугаар сарын 10-ны өдөр буюу шинийн нэгний орой нь муудалцаад 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн өглөө нь бид 3 байж байхад Б ирэнгүүт тэр хэрэг болсон. Яах вэ дээ тэр үед зураг авсан байсан бол намайг ээж рүүгээ аль хэдийнээ явуулчих байсан гэдэг зүйлийг ярилаа. Ээж рүүгээ зургаа явуулчихдаг байсан. Гэхдээ явуулсан байдаг хэдий ч Б эргээд “хоёулаа сайхан амьдаръя, муудалцаад яах вэ, надад нэг удаа боломж олгочих” гээд гуйдаг байсан учраас ээж рүү явуулсныгаа буцаагаад устгачихдаг байсан. Тиймээс тэр зургийн зүйл байхгүй болчихсон, гаргаж өгөх боломжгүй болсон. Тэгээд нэг залуугийн тухай яриад байна. Энэ тухайд бид 2 нэг хэсэг салчихсан байх хугацаанд би магистраар суралцах гээд наашаа ирдэг байхад У эгч дээр ирдэг байсан гэж хүмүүсээс сонсдог байсан гэж ярьж байна. Уучлаарай гэхдээ ерөөсөө тийм зүйл байхгүй шүү. Би өмнө нь ч гэсэн хэлсэн байгаа. Би үнэн байхыг хүссэн учраас Б “би өөр хүнтэй ингэсэн” гэдгээ хэлсэн. Энэ нь миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа байсан учраас гэмшээд Б энэ бүх зүйлсийг нь уучилчихдаг байсан. Энэ үйлдэл миний буруу, би өөр хүнтэй ингэсэн гээд л боддог. Тэхдээ би “тэр илүү учраас тийм учраас” гэдэг хэзээ ч хэлэхийг хүсдэггүй. Гэтэл “тэр чинь тийм байсан уу, чи яг тэр үнэнийг хэлчихвэл, чи ямар байсан, хаана орсон энийгээ хэлчихвэл” гээд дандаа л нэг ингэчих юм бол, тэгчих юм бол сайхан амьдаръя, одоо энэ зүйл асуудлыг сөхөхгүй гээд намайг хэлэхээс өөр аргагүй байдалд оруулж, надаас миний өөрийн амаар сонсчихоод дараа нь миний буруу юм шиг болгож, энэ үйлдлүүдийг хийдэг байсан. Би мэдүүлгээ дутуу өгсөн байна гэж бодлоо. Тэр 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр намайг зодоод юмаар цохиод байсныхаа хажуугаар 2 охиныгоо их айлгасан. Тэгээд 2 охиныгоо уйлаад зогсож байхад нь “битгий уйлаад бай, чимээгүй бол” гэхэд нь нөгөө хоёр айсандаа болоод чимээгүй болоод “яг одоо унт” гэхэд нь айчихсан, уйлчихсан байсан байж зүгээр л хөнжлөө нөмрөөд хэвтэхийг нь харсан. Угаасаа архи уухаараа харгис хэрцгий болж, зан нь шал өөр хүн шиг болчихдог байсан. Эргэж нийлээд үнэхээр архиа уугаагүй. Тэгээд 1 дүгээр сард, 2 дугаар сард, 3 дугаар саруудад энэ зүйл болоход ч эрүүл байсан. Гэнэт өвчигнөж өвчигнөж байснаа цохиж, зодож эсхүл багалзуурдаж, түлхэн унагааж, хашхичиж хашхичиж байснаа гэнэт тайвшраад “би юу хийчих вэ, уучлаарай” гээд яг л нэг тийм 2 өөр хүнтэй амьдарч байгаа юм шиг байдаг байсан. Сүүлд зодуулснаас болж толгойдоо хумиж оёулсан, 10 гаруй буюу их оёдол тавиулсан. Одоо толгой байнга янгинаж өвддөг. Одоо би хэзээ ч богино майк, эсхүл плаж өмсөж чадахгүй болсон. Учир нь Б нуруу, гар, хуруу хэсгүүдээр хазсан, цохисон сорви их үлдсэн байгаа. ...Сүүлд зодохдоо эхлээд Чингисийн баримлаар цохиод тэр нь гараас нь мултраад унахад сандлаар зодоход сандал нь бутарсан чинь нэг хөлийг нь авч байгаад хугартал нь толгой руу цохиж байгаад хугарангуут нь өөрийг аваад толгой, хөл , гар луу зодсоор байсан. Гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг: Гэм буруугийн талаар:

            Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч Б.Б хохирогчийн эмчилгээний зардалд 2.867.022 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлын нөхөн төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 11 дахин нэмэгдүүлж 7.260.000 төгрөг, нийт 10.127.022 төгрөгийг  гаргуулж  хохирогчид олгох, мөн хохирогч нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 338.880 төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан байх тул энэ мөнгөн дүнг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай, түүнчлэн хохирогч Г.Х цаашид гарах зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх” гэсэн дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг: “...улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг дэмжиж байна. Эрүүл мэндэд учирсан хохирлын хувьд 2.867.022 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлж 8.573.400 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулах. Цаашид хохирогчийн эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх хүсэлттэй байна” гэсэн дүгнэлт,

            Хохирогч Г.Х нь: “...өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэсэн санал,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг  хүлээн зөвшөөрөхгүй, эдгээр үйлдлүүд нотлогдоогүй гэж үзэж буй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох, мөн дээрх 2 зүйл ангид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн шинжийг давхардуулан хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болсон” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж оролцов.

           

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I.Шүүгдэгч Б.Б нь согтуурсан болон эрүүл үедээ Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр Г.Х ахуйн шинжтэй асуудал болон хардалтын улмаас маргалдан:

-2024 оны 01 дүгээр сард үснээс нь зулгааж, хоолойноос багалзуурдах зэргээр зодож, хувцас тайлж гэрээсээ хөөсөн,

- 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр алгадах, түлхэж унагаах зэргээр зодсон,

- 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр модон сандал болон баримал хөшөөгөөр толгой, нуруу, гарын бугалга тус газарт нь цохих, үтрээ рүү нь хуруугаа хийх, хазах, цохих зэргээр  зодсон,

- 2024 оны 02 дугаар сард Налайх дүүргийн ** дүгээр хороо *** тур амралтын газарт амарч байхдаа эхнэр Г.Х газар унагааж өшиглөх, хоолойг багалзуурдах, хувцсыг урах зэргээр зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн,

II. Шүүгдэгч Б.Б 2024 оны 4 дүгээр сарын 06-ны орой гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Х маргалдаж, сандал болон баримал хөшөөгөөр цохиж, үтрээ лүү нь хуруугаа хийх, хазах зэргээр зодож эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзны хуйхны шарх, зүүн чихний дэлбэн, хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхи, баруун тохой, 2 бугалга, 2 мөр, дал, бүсэлхий, зүүн өгзөг, баруун өвдөгний цус хуралт, 2 сарвууны цус хуралт, зулгаралт хамрын нуруу, шанаа, хацар, дал, мөр, цээж, 2 сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, бугуй, шуу, баруун гуя, умдагны зулгаралт, үтрээний язрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтай үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тодруулбал, дээрх цаг хугацаануудад шүүгдэгчийн зүгээс хохирогчийн эсрэг хийсэн үйлдлүүдийг нотолсон дараах баримтуудтай байна. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан: “... Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Г.Х нөхөртөө зодуулсан” тухай тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “ гэр доторх эд зүйлс цус мэт зүйлээр бохирлогдсон байдалтай байсан нь тэмдэглэгдсэн” (1 дүгээр хавтаст хэргийн 6-10 дахь тал),

 

3. Хохирогч Г.Х  мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт нийт 4 удаа мэдүүлэг өгөхдөө:

-2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 18 цаг өнгөрч байхад сургуулийн бага ангийн тэмцээнээс хасагдан шууд гэр лүүгээ 19 цагийн үед ороход 2 охин утсаар юм үзээд сууж байсан ба “аав өөрийгөө буудлаа” гээд байна гэхээр нь би нөхөртэйгөө 1 цаг гаруй хугацаанд юм ярьж суусан. Гэтэл нөхөр Б.Б “чиний явалддаг залуу, чамд таалагдсан залуу чинь бага олимп дээр байсан юм уу, аль нь гоё байна” гэх зэргээр над руу давшлаад байсан. Тэр үед 2 хүүхдээ аваад явлаа гэтэл ууж байсан архиа дуусгаад 2 хүүхэд рүүгээ орилоод, миний үснээс зулгааж газар унагаад намайг алгадаж, гараараа цохиж унаган дахин үсдэж босгоод зурагтны дээр байх Чингисийн барималаар толгой руу 2 удаа цохисон. Тэгээд би арай хийж эргэж хартал цагаан модон сандал аваад шууд нуруу руу цохисон. Тэр үед сандал бутраад 3 хэсэг болсон ба салсан 2 хөлийг баруун, зүүн гартаа авч миний нуруу, толгой хэсэг рүү олон удаа цохиод байсан. Тэгээд би болиоч гэтэл сандалын хөлний төмөртэй хэсгээр толгой руу нөгөө хөлөөр нь хамар луу цохисон. Тэр үед маш их цус гарсан ба одоо больчих болов уу гэтэл улам нэмж зодсон. Тэгснээ гэнэт ухаан орсон юм шиг “хүүе миний хайр яачихсан юм бэ” гээд намайг том өрөөнд оруулаад орны дэргэд би чамтай сексдмээр байна гээд миний бүх хувцсыг тайлаад бэлэг эрхтэн рүү хуруугаа хийж хөдөлгөөд үснээс зулгааж байгаад “чи өнөөдөр хэнийг энэ нүх рүүгээ оруулсан, чамд аль нь гоё байсан” гээд дахин миний биед нүүрнээс бусад хэсэг рүү цохиж эхэлсэн. Тэгээд би нөхрөө нэг юм авах гээд эргэхээр нь ямар ч хувцасгүй гэрээс гараад зугтчихсан, үүдэнд 1 хүнтэй таараад тусламж гуйхад цагдаа дуудаж өгч тусалсан. Миний биед учирсан бүх гэмтлийг нөхөр Б.Б учруулсан.  …2023 оны 01 сар эхээр Б нь байнгын гэртээ согтуу ирээд намайг дарамтлаад гэрийн эд хогшил эвдэлж согтуурхах болсон энэ байдал нь сүүлдээ хүндрээд миний биед халдаж хоолой боох, хувцас тайлаад гэрээс хөөх зэргээр дарамталдаг болж хувирсан, бас 2 охин руу бас орилж чарладаг байсан. Эрүүл үедээ Б нь дахин ингэхгүй, миний буруу, би юу ч санахгүй байна, архинаас боллоо гэх мэтээр тайлбарлаж хэлдэг байсан. Би сална гэж шийдээд 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр хөдөө гэрлүүгээ хүүхдүүдээ аваад явсан. Ингээд хөдөө байх хугацаанд Б надруу захиа гараар бичиж явуулсан ба уг захианд намайг уучлаарай, дахиж ийм асуудал гаргахгүй, архи уухгүй гэх мэт зүйлүүд бичдэг байсан. Ингээд 2023 оны 7 дугаар сарын эхээр Б буцаж нийлсэн, ингээд хэсэг гайгүй хэрүүл маргаан хийхгүй байж байгаад мөн л өмнөх шигээ архи уух нь ихсээд хэрүүл маргаан хийгээд, миний хувцсыг шалдлаад зураг аваад салах юм бол хүмүүст тараана гэж сүрдүүлдэг байсан. 2024 оны 01 дүгээр сарын дундуур Б эрүүлдээ намайг хардаж маргалдан гэртээ байхад хоолой багалзуурдаж, үс зулгааж хувцас тайлаад гэрээс яв гэх мэтээр дарамталсан. Тухайн үедээ би ээж Л.Н рүү залгаж болсон явдлыг хэлж байсан. 2024 оны 02 дугаар сард цагаан сарын үеэр Т Б т амралтын газарт гэр бүлээрээ амарч байхад эрүүлдээ хий хоосон хүмүүстэй намайг холбон хардаж хэрүүл өдөж улмаар намайг газарт унагааж, намайг өшиглөж, хоолой багалзуурдаж, хувцас урах зэргээр зодож цохисон.  Тухайн үед би амралтад амарч байсан найз У хаус руу очиж У эгчид биеэ харуулж, зодож цохисон гэж хэлж хэсэг сууж ярилцаж байгаад буцаж өөрийн хаус руугаа очсон. Би тухайн үед хоёр хүүхдээ бодоод цагдаад дуудлага өгч чаддаггүй байсан. 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр санагдаж байна намайг гэрт орж ирэхэд Б эрүүл гэртээ сууж байхдаа намайг хэдэн цагт ирж байгаа юм, нэг цаг гадуур юу хийсэн гэх мэтээр шалгааж намайг шал руу түлхэж унагааж, алгадаж биед халдсан. Тэгэхээр нь би гэрээс гараад машинд сууж байгаад ээж рүү залгаад “хэцүү байна одоо болье намайг ирж аваач” гэж ярьсан чинь ээж Н намайг тайвшруулж хоёр хүүхдээ бод, нөхөртэйгөө эвтэй бай жоохон тэсчихвэл удахгүй нөхөр нь засрах байх гэж хэлдэг байсан, би ч мөн тэгж боддог, нөхрөө удаа дараа уучилсан боловч энэ үйлдэл өнөөдрийн энэ хэрэг үүсгэхэд хүргэсэн байна. Тэрнээс хойш бид хоёр нээх юм ярихаа болиод байж байгаад 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр намайг цус нөжтэй нь хольтол зодож эмнэлэгт хүргэсэн, тэр үед би анх удаа цагдаад дуудлага өгсөн. Ер нь бол би Б намайг дарамтлах зодох бүрт нь уучилж хүүхдүүдээ бодож тэсдэг байсан. Б надад гар хүрч зодож цохиж, маргалдах болгонд би найз Ц руу залгаж болсон бүх зүйлийг хэлж ярилцаж сэтгэл санаагаа тайвшруулдаг байсан. Манай найз Б бид хоёрын гэр бүлийн маргаан, Б зан аашийг сайн мэднэ. Нөхөр Б нь намайг гэрт байсан цагаан өнгийн сандал болон Чингис хааны сандал дээр суусан том хүрэн өнгийн баримлаар толгой, биеийг цохиж зодсон. Уг баримал одоо хаана байгааг мэдэхгүй байна, хэрэг болсны дараа гэрт очиж хувцас хунараа авахад тухайн баримал байхгүй байсан. Одоо бол би маш их гомдолтой байна, намайг зодож цохидог байсныг манай найзууд, гэр бүлийнхэн мэднэ. Би гэр бүлийн хүчирхийлэлд байнга өртдөг байсан. Хохирлоо барагдуулмаар байна гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 18-19, 21-22, 24-25 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4. Гэрч Л.Н: “...2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр над руу миний хүү А надруу залгаж “дүүг нөхөр нь зодсон байна, над руу хүний утсаар ярилаа, би цагдаад дуудлага өгсөн” гэж хэлсэн. Ингээд би шууд Хэнтийгээс хот руу ирж охин Х уулзахад миний охины нүд нь хавдсан, биеийн бүх хэсэг нь хөхөрсөн, нуруу бугалга, далыг нь хазсан, толгойдоо 10 гаран оёдол тавиулсан, үснүүд нь унасан, харахын эцэсгүй болгосон байсан. Б нь манай охинтой 4 жил хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд амьдрах хугацаандаа байнгын цохиж зодож биөд нь халддаг, цагдаад хандах гэхээр дахиж тэгэхгүй уучлаарай гэх мэтээр уучлал гуйж бид нарыг хуурдаг байсан. Сүүлдээ бүр болохоо байгаад Б манай охин Х 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 7 дугаар cap хүртэл хэсэг салж тусдаа амьдарсан юм. Энэ хугацаанд Б нь байнгын уучлал гуйж, амьдралаа бодъё, дахин эхэлье, хүүхдүүдээ бодъё гэх мэтээр гуйж гувшсаар байгаад охинтой минь 2023 оны 7 дугаар сараас хамт амьдарсан. Ингээд хамт амьдарснаас хойш 2024 оны 01 дүгээр сард нэг удаа, 2024 оны 02 дугаар сард 1 удаа, 2024 оны 03 дугаар сард 1 удаа надруу охин Х залгаад хүргэн дарамталж, цохиод байна, надад хэцүү байна, намайг аваач гэх мэтээр надруу залгахад нь би тухайн үед охиноо аргадаж сэтгэлийг нь тайвшруулдаг байсан. Хүргэн Б миний охины биед халдаж хүчирхийлэл үйлдэж, өөрийн хараанд байлгаж, бие махбодь, сэтгэл санааны дарамтад оруулж зоддог, мөн охиныг хоол хийж байхад наад угаадсаа өөрөө ид гэж хэлээд халуун буцалж байгаа хоол руу толгойг нь ойртуулж тамласан, биеийг нь зодож цохисон гэж надад уйлаад ярьж хэлж байсан. Б нь харахад даруу төлөв боловсролтой нэгэн ч гэр бүлдээ тийм хүн биш, харагддаг шигээ биш, их хэрцгий миний охиныг хамгийн сүүлд хазаж бэлэг эрхтэн рүү нь гараа хийж шалдаж цохиж дарамталж байсан. Зодсон үйлдэл нь нэг удаагийнх биш, хэд хэдэн удаа ингэж байсан. Би өөрт нь зодсон миний охиныг зодсон талаар удаа дараа сануулж цагдаад өгнө гэж хэлдэг боловч тухайн үед Б уучлалт гуйгаад эвлэрчихдэг байсан, энэ асуудал нь өнөөдрийн энэ байдалд хүргэсэн байна. Би маш их гомдолтой байна. Манай гэрийнхэн Б охиноо салгаж авмаар байна..." гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дахь тал),  

 

5. Гэрч Г.У: “…Би Г.Х болон Б.Б нарыг танина. Б нь миний /декан/ байгаа юм. Б хамт 3 жил Их засаг олон их сургуульд хамт ажилласан, ажлын сайн найзууд. Б Х үерхэж байгаа гээд Б анх танилцуулж, би Х илүү дотно найзалж нөхөрлөх болсон. Миний мэдэхээр Б, Х хоёр 2023 оны 01 дүгээр сараас хойш хоёр талд амьдарч байсан. 2023 оны 5 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Б багшийн шинэ авсан байранд Х, Б бид гурав хамт байж цагийг өнгөрөөж, бид гурав виски, декилла уусан, би нээх архи согтууруулах ундааны зүйл даадаггүй учир амархан согтоод Х намайг жижиг өрөөнд оруулж хэвтүүлсэн. Намайг хэвтэж байхад нөгөө өрөөнд Б Х уурлаж орилж чарлаад юм шидлээд байх шиг байсан. Ингээд өглөө 05 цагийн үед Х хүний утаснаас залгаж гадаа хоносон, та хаалга онгойлгоод өг гэхээр нь гайхаад жижиг өрөөнөөс гараад байрны хаалгыг онгойлгоход Х нь хувцастайгаа байсан ба Б гэрээсээ хөөж гаргаад утсыг нь гэрт нь үлдээсэн арай гэж хүнээс гуйж тань руу залгуулсан юм аа гэж хэлсэн. Ингээд Х гэрт орж ирээд Б-г унтая одоо болио гэхэд Б уурлаад орилоод сандал авч шидээд байсан, би тухайн үед айл гэрийн асуудалд орохгүй гэж хичээгээд нөгөө өрөөнд нь сууж байсан тухайн үед Б багш Х рүү орилж чарлаад юм авч шидлээд байхад Х урдаас нь уурлахгүй орилохгүй хүлээцтэй тайван битгий ингэ, болохгүй гэх мэт үг хэлсэн. …Б нь элдэв муу муухай үгээр Х дуудаж харааж байсан, үнэхээр Б багшийг тийм байхыг харж байгаагүй, эмэгтэй хүнтэй үнэхээр ёс бус балмад танхай харьцаж байсан, хамт байсан надад хүртэл хэцүү байсан учир би явлаа гэж хэлээд тэр хоёрыг орхиод яваад өгсөн. Тухайн үед Б гаргасан үйлдэл нь яав ч эрүүл хүний хийх үйлдэл биш байсан. Мөн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Х, Б нар нь нийлсэн байсан үед амралтын газарт бид нар тус тусдаа байр авч байрлаж амарсан. Тухайн газарт Б нь менежер хийж байсан учир би дүүгийнхээ /Х/ төрсөн өдрийг тэмдэглэж, мөн агаарт гарахаар очсон. Ингээд Би Б болон Х нартай уулзахад урьдын адил Б нь ууртай дуу султай надтай харьцаж байсан, тэгэхээр нь би нээх бодолгүй өөрийнхөө хаусанд очиж хоносон. Ингээд би тухайн газарт 2 хоног болоод 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн орой 22 цагийн үед Х манай хаусанд уйлсан байдалтай орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад Б нь хоёр хүүхдээ агаарт гаргасангүй гэх мэтээр уурлаж сүүлдээ Х авч өгсөн гар утсаа аваад мөн өмсөж байсан унтлагын хувцсыг нь ураад хаячихсан гэж хэлсэн. Мөн цээж рүү нь өшиглөсөн гэж хэлээд цээжээ харуулсан ба цээж нь хөхөрсөн байсан. Тэгээд нилээн уйлж байгаад Х хүүхдүүдээ санаа зовоод хаусруугаа явсан. Миний мэдэхээр энэ байна. Дээрх үйл явдал болох үед Б бол эрүүл, архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг л хэрэглэсэн байсан. Б багш Х-г хүмүүстэй хий хоосон хардаад байдаг санагдсан, Х нь Б 10 дүү. Мөн Б нь өрөө багш байсан учир дандаа л Х зарж байгаа харагддаг хоол муухай байна, чи тэгээгүй байна гэх мэтээр ер нь бол Х ганцаараа хоёр хүүхдээ өсгөж цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Мөн Б нь ажлын бус цагаар маш их архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, үүнээс болж Х, Б хоёр хэсэг хол амьдарч байсан. Б ер нь архины хамааралтай. Х байнгын хүчирхийлэлд дарамтад байлгадаг нь харагддаг мэдрэгддэг…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31-33 дахь тал),

 

6. Гэрч Б.З: “…Би 2024 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн өглөө 07 цагийн үед ****аймаг **** сум ****дугаар баг *** задгай тоотод байхад манай ээж над руу залгаад “дүү Б нь эхнэр Х-г зодож цохисон байна, Х одоо эмнэлэг дээр байна” гэж ээж нь хэллээ гэж хэлэхээр нь би шууд Улаанбаатар хотруу ирж дүү Б уулзахад “миний буруу” би буруу юм хийчихлээ” гэхээс өөр юм хэлээгүй, чимээгүй суугаад байсан. 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө Х эмнэлэг дээр уулзахад нүүр гар нь хөх няц болсон байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37 дахь тал),

 

7. Гэрч Д.А: “…Б нь манай оюутан хариуцдаг ажилтан, Х нь цогцолборын нарийн бичиг ажилтай юм. Би Б багш болон Х энэ сургуульд орсноосоо хойш танилцаж дотно болсон. 2024 оны 03 дугаар сараас хойш Б, Х хоёрын хүүхдүүдийг хичээлийн заваараа хааяа хааяа харж өгсөн ба 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өглөө хүүхдүүдийг нь харахаар гэрт нь очиход Б, Х нар гэрийн хаалгаа онгорхой орхисон байдалтай гэртээ хэрэлдээд байж байхаар нь гайхаад ортол “хүүхэддээ хоол хийж өгсөнгүй, хүүхдээ харсангүй” гэх мэтээр хэрэлдээд байж байсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан, Х эгч хүүхдийнхээ цэцэрлэгийн спортын тэмцээнд явна, хүүхэд хараад өгөөч гэж намайг дуудсан юм. Б багш Х эгчийн гараас чанга базаад уурлаж орилоод нилээн хэрүүл хийсэн. Тэр үед Х эгч “би хүүхдийнхээ спортын өдөрлөгт орохоор явлаа” гээд гараад явахад Б багш араас нь гараад Х эгчийн хүчээр гэрт оруулж ирснээ намайг гэрээсээ яв гээд хөөхөөр нь би 17 цагийн үед тэдний гэрээс явсан. Тухайн үед намайг явахад Б багш, Х эгч, хүүхдийн хамт үлдсэн. Б багш нэлээн ууртай, их бухимдуу, сургууль дээр байдгаасаа шал өөр харагдаж байсан. Тэр өдөр би Х эгчид санаа зовоод орой нь, маргааш өглөө нь залгахад утсаа авахгүй байсан ба мессеж бичихэд “эмнэлэгт байна, Б намайг зодож цохисон” гэж хэлсэн. Тухайн үед Б нь эрүүл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дэх тал),

 

8. Гэрч П.Д: “…2024 оны 4 дүгээр сарын 06-ны орой 21 цагийн үед манай хүү Б над руу залгаад “ээжээ намайг уучлаарай” гэхээр нь би “яасан юм бэ миний хүү” гэхэд Б “ээжээ та Х ярих уу” гээд Х утсаа өгсөн ба Х “ээжээ унтах гэж байна” гэж хэлсэн. Тухайн үед Б нь жоохон согтуу уусан юм шиг ярьж байсан. Миний санаа амраад зүгээр юм байлгүй дээ гэж бодоод унтаад өгсөн. Тэгсэн өглөө нь манай худ Н над руу одоо хот руу гар гэж мессеж бичсэн байхаар нь би гайхаад утас руу нь залгахад танай хүүхэд цагдаа дээр байгаа яаралтай ир гэхээр нь би Улаанбаатар хот руу ирээд Б уулзахад надтай юм яриагүй, “уучлаарай ээжээ” гээд байсан. Х уулзахад нүүр ам нь хөхөрсөн, нуруу нь хөхөрсөн байсан юм. Тухайн үед Х эмнэлэгт хэвтүүлж боломжтой юмаараа тусалсан. Б нь Х-г зодож цохидог талаар би сайн мэдэхгүй байна, би өөрөө хөдөө байдаг” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44 дэх тал),

 

9. Гэрч Б.У: “…Манай үеэл дүү Х нь Б гэх залуутай хамт амьдраад 3-5 жил болж байна, дундаасаа 2 хүүхэдтэй бөгөөд хамтдаа Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороонд байрлах байранд амьдардаг байсан. Манай дүү Х нь надад нөхөр Б зодуулдаг талаараа хэлдэггүй байсан, харин 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Х-н талийгаач ах А надруу залгаж “манай дүүг нөхөр нь зодоод эмнэлэгт хүргэгдсэн байна, чи эмнэлэг рүү яваад очоодхооч” гэж хэлсэн. Тэгээд би ГССҮТ дээр очоод эмнэлгийн машинаас дүү Х тосож авахад манай дүү ухаангүй толгой нь цустай байж байсан. Тэгээд манай дүү ГССҮТ-д эмчлэгдэж байгаад ухаан орсон бөгөөд юу болсон талаар асуухад “намайг манай нөхөр Б согтуудаа сандлаар зодож гэмтэл учруулсан, өмнө нь 2024 оны 02 дугаар сард цагаан сараар зодсон” гэж надад хэлсэн. Тэгээд яагаад хүнд хэлээгүй юм гэхээр “би гэр бүлээ бодоод хэлдэггүй байсан юм” гэж надад хэлсэн. Ер нь бол манай дүүг Б нь ойр ойрхон агсан согтуу тавьж гар хүрдэг байсан юм байна лээ...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 207 дахь тал),

 

10. Гэрч Б.Э: “…Би Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** хотхон *** дугаар байранд үйлчлэгчээр 1 жил ажиллаж байна. 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн орой 21 цагийн үед санагдаж байна, би байрандаа явж байхад цусны мөр байхаар нь гайхаад очтол нэг эмэгтэй аймаар болтлоо зодуулсан, бүх бие нь цус болсон, толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. Манай оршин суугч эмэгтэй байсан ба тэр эмэгтэй цагдаа дуудсан. Тэгээд манай нөхөр намайг ингэж зодсон гэж хэлсэн ба нөхрийг нь тухайн эмэгтэйг олчих болов уу гээд би цусны мөр дээр нь хайрцаг тавьж хамгаалсан, удалгүй цагдаа нар ирсэн. Тэр эмэгтэйг анх хараад би цочсон, хүн аймаар юм сууж байсан бөгөөд бүх бие нь цус болсон, хөхөрсөн, хавдсан, үс нь сэгсийсэн байсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 01-02 дахь тал)

 

11.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн **** дугаартай дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 62-64 дэх тал), 

 

12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн:

“...Г.Х биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзны хуйхны шарх, зүүн чихний дэлбэн, хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхи, баруун тохой, 2 бугалга, 2 мөр, дал, бүсэлхий, зүүн өгзөгний, баруун өвдөгний цус хуралт, 2 сарвууны цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, шанаа, хацар, дал, мөр, цээж, 2 сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, бугуй, шуу, баруун гуя, умдагны зулгаралт, үтрээний язрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

Дээрхи тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дагзны хуйхны шарх, зүүн чихний дэлбэн, хамрын нуруу, зүүн нүдний дээд зовхи, баруун тохой, 2 бугалга, 2 мөр, дал, бүсэлхий, зүүн өгзөгний, баруун өвдөгний цус хуралт, 2 сарвууны цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, шанаа, хацар, дал, мөр, цээж, 2 сарвууны зөөлөн эдийн няцрал, үтрээний язрал, цус хуралт гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт, баруун бугалга, бугуй, шуу, баруун гуя, умдагны зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 78-81 дэх тал), 

 

13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн **** дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн модон сандал шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн цагаан өнгийн модон сандалд үүссэн 100х70мм, 70х30мм, 160х10мм, 110х20мм, 100х20мм, 30х30мм, 40х30мм, 40х20мм хэмжээтэй гэмтлүүд нь хатуу зүйлтэй харилцан үйлчлэх үед үүссэн шинэ цуурч ховхорсон гэмтлүүд байна” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 120-121 дэх тал), 

 

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн **** дугаартай: “...Цагаан өнгийн сандал дээрээс цус илэрсэн. Цагаан өнгийн сандалнаас илэрсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов. Цусны ДНХ-ийн тогтоц нь нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц байна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 125-127 дахь тал), 

 

15. Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 244-245 дахь тал),  

 

16. Аюулын зэргийн үнэлгээний маягт (1 дүгээр хавтаст хэргийн 246-248 дахь тал),  

17.  Шүүгдэгч Б.Б: “...Би Х 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр согтуу байхдаа цохиж зодсон нь үнэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 241 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн  3.1.1 дэх заалтад “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Шүүгдэгч Б.Б, хохирогч Г.Х нар нь 2019 оноос эхлэн хамт амьдарч байгаа, дундаасаа 2 хүүхэдтэй болсон, 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр гэрлэснийг бүртгүүлсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт дурдагдсанаас гадна гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байх тул тэдгээрийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ. (1 дүгээр хавтас хэргийн 158 дахь тал)

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнэвэл, хохирогч Г.Х нь нөхөр Б.Б 2019 оноос эхлэн хамт амьдарч байх хугацаандаа гэр бүлийн хүчирхийлэлд өртөж зодуулдаг байсан талаар удаа дараа өгсөн мэдүүлэгтээ тогтвортой мэдүүлсэн байх ба түүний нөхөртөө зодуулсан гэх үйлдлийн хооронд зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа үйлдлүүд нь 2024 оны 01 сараас 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд үйлдэгдсэн 4 удаагийн үйлдлүүд хамаарч байна.

Хохирогч Г.Х нь өөрийн төрсөн эх Л.Н ойр дотно харилцаатай, амьдралынхаа бүхий л зүйлийг ярилцдаг байсан төдийгүй нөхөртөө зодуулах бүрт эх рүүгээ утсаар холбогдон энэ талаар хэлдэг байсан гэж мэдүүлснийг шүүгдэгч Б.Б нь үгүйсгээгүй байна.

Улмаар тухайн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Л.Н нь охин Г.Х нөхөртөө  зодуулсан 4 үйлдлийн талаар, гэрч Г.У нь 2024 оны 02 дугаар сард зодуулсан үйлдлийг, гэрч Д.А, Б.З, П.Д, Б.У, Б.Э гэсэн нэр бүхий гэрч нар нь Г.Х 2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр зодуулсан үйлдлийг тус тус гэрчилж мэдүүлцгээсэн байх тул  хохирогч Г.Х өгсөн  мэдүүлэг дээрх гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон гэж үзэж, түүний мэдүүлгийг  шүүхээс нотлох баримтаар үнэлсэн болно.

Эндээс үзвэл, шүүгдэгч Б.Б нь Г.Х хамтран амьдарч байх хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдлийг 4 удаа үйлдсэн байх ба тэрбээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хохирогчийн биемахбодид халдаж хүч хэрэглэхээс гадна хүч хэрэглэхээр заналхийлэх, мөн хувцас хунарыг нь урах, өөрийн авч өгсөн гэх эд зүйлийг буцаан нэхэх, нүцгэн хөөж гэрээс гаргах, гадаа хонуулах зэргээр харгис хэрцгий харьцаж, элдэв хараалын буюу ёс бус, бүдүүлэг үгээр дайран давшлах, дээрэнгүй хандах, гутаан доромжлох, басамжлахад чиглэгдсэн үг ба үйлдлийг байнга бодитойгоор хэрэгжүүлж, сэтгэхүйн хувьд ч айдаст автуулдаг, өөрийн аясаар байлгах гэж оролддог нөхцөл байдал тогтоогдсон, хохирогч Г.Х нь үр хүүхэд, гэр бүлээ гэсэн шалтгаанаар холбогдох байгууллагад тэр бүр мэдэгдэлгүй явсан нь энэхүү хүчирхийллийг даамжруулсан төдийгүй хэвийн үзэгдэл мэтээр хандахад хүргэсэн уршигтай байна.

Шүүгдэгч Б.Б дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэхээр байна.

Мөн шүүгдэгч Б.Б нь  2024 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр эхнэр Г.Х баримал хөшөөгөөр болон цагаан өнгийн сандлаар нуруу, толгой, нүүр хэсэг рүү цохихоос гадна гараараа цохих, өшиглөх, хазах  зэргээр зодсоны улмаас хөнгөн хохирол учирсан нь хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан, цохисон гэх цагаан өнгийн сандал дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа нь шинжээчийн 2255 дугаартай дүгнэлтэд дурдагдсан, түүнчлэн хохирогчийн тогтвортой удаа дараа өгсөн мэдүүлэг болон дээрх нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар хохирогч Г.Х учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Б үйлдлээс шалтгаалан учирсан буюу шүүгдэгчийн үйлдэл, хохирогчид учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэхээр байна. 

Үндэслэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд халдсан бие даасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулсан бол давхар зүйлчлэх ба энэ хэргийн тухайд, шүүгдэгч Б.Батжаргалыг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн  хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар  хүндрүүлэн  зүйлчилсэн нь түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэх үндэслэл болохгүй төдийгүй гэмт хэргийн шинжийн давхардал үүссэн гэж үзэхгүй юм.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардахын зэрэгцээ эдгээр үйлдлийн хооронд зургаан сарын хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхыг ойлгоно.

Иймд шүүгдэгч Б.Б өмгөөлөгчөөс гаргасан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар зүйлчилснийг  хүлээн зөвшөөрөхгүй, эдгээр үйлдлүүд нотлогдоогүй гэж үзэж буй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох, мөн дээрх 2 зүйл ангид гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн шинжийг давхардуулан хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай дүгнэлт болсон” гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй, шүүгдэгчд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх боломжгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Б дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн шинжтэй тул шүүхээс шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

                “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Хохирогч Г.Х нь эмчилгээний зардал нэхэмжилж, нийт 2.867.022 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн тус хэрэгт хамааралтай байх тул шүүгдэгч Б.Б гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн хохирогчоос сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь,

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заасан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуульд сэтгэцэд учирсан хохирлыг тооцох, арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг дагалдуулан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.

2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 912 дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “...Хохирогч Г.Х сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэл”-д хамааруулан дүгнэсэн байна. (2 дугаар хавтаст хэргийн 11-13 дахь тал)

Тус “Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдлыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023 оны 10 дугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660.000 төгрөгийг 11 дахин нэмэгдүүлж 7.260.000 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулахаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл, эмчилгээний зардал 2.867.022 төгрөг + сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 7.260.000 төгрөг =нийт 10.127.022 төгрөгийг шүүгдэгч Б.Б-с гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Нөгөөтэйгүүр гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл авагдсан байх ба тус баримтаар хохирогч Г.Х нь 313,880 төгрөгийн эмчилгээ үйлчилгээг авсан байх тул  энэхүү зардлыг гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.Б гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгох нь зүйтэй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 243 дахь тал)

Шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааныг засварлуулсан хугацаанд хохирогч Г.Х 10.127.022 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд 313.880 төгрөгийг тус тус төлж барагдуулсан болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, дансны хуулга зэргээр тогтоогдсон тул шүүгдэгч Б.Б-г  энэ тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Г.Х цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг нэхэмжилнэ гэх тул уг зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-с  нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 11 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн 8 цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцон 30 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 11 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялын хугацааг 11 сар 30 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай” дүгнэлтийг,

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг: “...шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд хохирогчид  эрүүл мэнд болоод сэтгэцэд учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогч нь цаашид гарах зардлаа нэхэмжлээд явна. Хохирогч, шүүгдэгч нарын хооронд хүүхдийн асуудал байгаа тул ял шийтгэлийн хувьд хүндрүүлэх саналгүй байна” гэсэн дүгнэлт,

            Хохирогч Г.Х нь: “...өмгөөлөгчтэйгөө адил байр суурьтай байна” гэсэн санал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал: “...Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Б.Б, Г.Х нарт амьдралын оролцоо байсан ба тэдний хооронд 2 хүүхдийн асуудал үлдэж байна. Б.Б нь эцэг хүний хувьд хүүхдүүдээ харж хандах үүрэгтэй хүн. Иймд Б.Б нийгмээс тусгаарлахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар 6 сарын хугацаагаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх боломжтой” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” бол ...зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл  хугацаагаар  хорих ял шийтгэнэ гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг  энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

 

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (4 удаагийн үйлдлээр гэр бүлийн харилцаатай хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодын болон сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсэн байдал), хохирол, хор уршгийн байдал, шүүгдэгч нь хохирогчид баримтаар нэхэмжилсэн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч Б.Б хувийн байдал (ажил хөдөлмөр эрхэлдэг, өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй), хохирогч талаас гаргасан хүсэлт зэргийг тус тус харгалзан түүнд прокурорын санал болгосон хорих ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 6 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 3 сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 9 сарын хугацаагаар тогтоож эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн эвдэрхий сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж овогт Б-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 6 (зургаа) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх үүргийг 3 (гурав) сарын хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 6 сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 9 (ес) сараар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын  эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Г.Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотолсон баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Б-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн эвдэрхий сандлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах” комисст даалгаж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ