Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 131/ШШ2017/00758

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 2 дугаар баг 24 дүгээр гудамж 11 тоотод оршин суух ******* регистрийн дугаартай *******  овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Баянхонгор аймаг Баянхонгор сум 6 дугаар баг 5 дугаар гудамж 7 тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 3080000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, хариуцагч Ж.*******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Мэндээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2016 оны 10 сарын 20-ны өдөр Ж.*******д өөрийн оюутны сургалтын төлбөр болох 1800000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийг зээлийн гэрээ байгуулан 2016 оны 11 сарын 09-ний өдрийг хүртэл буюу 20 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь хугацаандаа зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно гэж гэрээ байгуулан нотариатаар батлуулсан. Ингээд 2016 оны 11 сарын 10-аас эхлэн 0.5 хувийн алданги тооцож 1250000 төгрөгийн алданги буюу зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл зээлсэн мөнгөө төлж барагдуулахгүй байгаа бөгөөд би 2016 оны 06 сард сургуулиа төгсөх байсан боловч төгсөж чадаагүй 1 жилийн чөлөө авсан цаашид сургуульдаа суралцаж сургуулиа төгсөх шаардлагатай байгаа. Гэтэл дахин элсэлт авахгүй, мэргэжлээрээ төгсөж чадахгүй хохирч байна. Тухайн үед Ж.******* нь мөнгөний хэрэг яаралтай гарсан цөөхөн хоногийн хугацаатайгаар гээд, зээлсэн боловч өдийг хүртэл өгөхгүй шалтаг тоочиж, олон удаа хойшлуулж намайг хохироосоор байна. Эвлэрүүлэн зуучлагчид хандаад эвлэрээгүй тул шүүхэд хандах болсон. Иймд сургалтын төлбөр болох 1800000 төгрөг, алданги 1250000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30000 төгрөг нийт 3080000 төгрөгийг Ж.*******гээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: А.******* нь 2016 оны 10 сарын 20-ны өдөр 1800000 төгрөгийг 20 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, түүний алданги 1250000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид төлсөн 30000 төгрөг, нийт 3080000 төгрөгийг нэхэмжилсэн байна. А.******* нь надад 1800000 төгрөг огт зээлээгүй, надад тухайн цаг хугацаанд ийм их хэмжээний мөнгө төгрөг зээлэх ямар ч шаардлага байгаагүй. Энэ үед А.******* сургуульд суралцаагүй байсан бөгөөд сургууль төгссөн диплом мөнгөөр авч болно гэж ярьдаг. 2016 оны 09 сарын 20-ны өдөр А.******* аав, ах хоёр ирэх гэж байгаа сургалтын төлбөрийн мөнгийг үрчихсэн. Зээлийн гэрээ дээр гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би Баянжаргалаар зуруул гэсэн. Тэгэхэд Баянжаргал би ноднин жилийн сургалтын төлбөрийг үрсэн юм. Гэрийнхэн нь энэ талаар мэдчихнэ гээд гарын үсэг зураагүй, би 3 хоног гуйлгаж байгаад зурсан. Бид 3 найзууд байсан. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Би 1800000 төгрөгийг аваагүй гэв.

Нэхэмжлэгч А.*******  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ж.*******д 1800000 төгрөг зээлж гэрээг нотариатаар батлуулсан. Хүү тооцохгүй алданги 0.5 хувиар алданги тооцож 2016 оны 11 сарын 09-ний өдрийн дотор тухайн мөнгийг авахаар гэрээ байгуулсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 09-нөөс хойш Ж.******* нь мөнгөө өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 0.5 хувийн алданги тооцож 3080000 төгрөгийг Ж.*******гээс нэхэмжилж байгаа. Ж.******* нь надаас дээрх мөнгийг хэсэг хэсгээр авч байсан. 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 500000 төгрөг өгсөн, 2016 оны 09 дүгээр сарын 17-нд 90000 төгрөг, мөн 200000 төгрөг 2016 оны 09 дүгээр сарын 18-нд 500000 төгрөг, мөн 250000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 22-нд 170000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-нд 30000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-нд 50000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 28-нд 80000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 90000 төгрөг нийт 1800000 төгрөг зээлсэн. Энэ мөнгө зээлсэн талаараа нөхөж хийсэн гэрээ хуурамч гэрээ биш. Улаанбаатар хотын нотариат хуурамч гэрээг баталдаггүй. Мөн Ж.******* надаас 500000 төгрөг нэхэмжилж байна. Намайг 500000 төгрөг Ж.*******гээс авсан гэсэн ямар ч нотлох баримт байхгүйгээр надаас нэхэмжилж байна. Мөн Ж.******* 1500000 төгрөг тоглож олсон гэх нотлох баримт байхгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Би 1800000 төгрөгийг А.*******гаас зээлж аваагүй. Тухайн үед А.******* өөрөө сургалтынхаа төлбөр болох 1800000 төгрөгийг үрж дуусгасан. Тэгээд аав, ах хоёр нь аймгаас ирэх гээд байна. Надад туслаач гээд намайг А.******* 1800000 төгрөгийг зээлсэн гээд хоёулаа гэрээ хийгээд аав, ах хоёрыг түр аргалчихъя гээд надтай гэрээ байгуулсан. Би А.*******д Дараа нь ямар нэгэн асуудал гарахгүй биз гэхэд А.******* Дараа нь асуудал гарахгүй Д.Баянжаргал бид хоёр өөрсдөө энэ асуудлыг шийднэ гэж хэлэхээр нь би А.*******д туслан гэрээ байгуулсан. Тухайн үед 2016 оны 10 дугаар сарын 20-нд зээлийн гэрээг хийчихээд  манай аав нүдний хагалгаанд орох гээд би аймаг руу явах гэж байсан чинь миний Төрийн банкны хадгаламжийн дэвтэр, иргэний үнэмлэх 2 алга болчихоод хайгаад олдоогүй. Тэгээд би дараа нь А.Ариузаяаг олоод явуулчих байх гэж бодож байсан чинь явуулаагүй. Миний Төрийн банкны хадгаламжийн дэвтэр, иргэний үнэмлэхийг аваад үлдсэн байсан. Иймд тухайн мөнгийг надад өгөөгүй учраас 3080000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би биллъярд тоглож 1500000 төгрөг олж байсан. Тэгээд Д.Баянжаргал, А.******* бид 3 энэ мөнгийг үрсэн учраас А.*******гаас 500000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Мөн тухайн гэрээг А.******* бид 2 ярилцаж хийсэн. А.*******гаас би 1800000 төгрөгийг зээлээгүй зүгээр найздаа туслах зорилгоор хийсэн гэрээ учраас хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ж.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3080000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, мөнгө аваагүй гэж марган зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, биллъярд тоглож хожсон мөнгө болох 500000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь:

Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан талаар гарын үсгээ зурж, нотариатаар батлуулсан Зээлийн гэрээ хэрэгт авагдсан бөгөөд зохигчид нотариат дээр хамт очин тус гэрээнд өөр өөрсдийн гарын үсгийг зурсан талаар маргахгүй байх хэдий ч хариуцагч тухайн гэрээг бодит байдалд хийгээгүй, ямар нэгэн мөнгө шилжүүлж аваагүй, эрх үүрэг үүсээгүй, эрх зүйн үр дагавар байхгүй гэж, нэхэмжлэгч тус гэрээнд заасан 1800000 төгрөгийг зээлүүлсэн тул зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардан тус тус маргаж байна. /хх-ийн 3-р тал/

А.******* гэрээний үүргээ биелүүлэхийг Ж.*******гээс шаардсан ба Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан хэлцлийн үндсэн дээр үүрэг үүссэн үндэслэл түүнчлэн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасан гэрээг байгуулсанд тооцох үндэслэл нотлогдохгүй бөгөөд үүргийн харилцаа ялангуяа гэрээний эрх зүйн үүргийн харилцаа үүссэн талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тогтоогдохгүй байна.

Нэгэнт зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байх тул алданги нэхэмжлэх эрх үүсэхгүй юм.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ...тухайн үед Ж.******* нь мөнгөний хэрэг яаралтай гарсан цөөхөн хоногийн хугацаатайгаар гээд зээлсэн боловч өдийг хүртэл өгөхгүй шалтаг тоочиж, олон удаа хойшлуулж намайг хохироосоор байна...гэж дурдсан, шүүх хуралдаанд ...Ж.*******д 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 500000 төгрөг өгсөн, 2016 оны 09 дүгээр сарын 17-нд 90000 төгрөг, мөн 200000 төгрөг 2016 оны 09 дүгээр сарын 18-нд 500000 төгрөг, мөн 250000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 22-нд 170000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 24-нд 30000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 25-нд 50000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 28-нд 80000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 30-нд 90000 төгрөг нийт 1800000 төгрөг зээлсэн. Зээлэхдээ дандаа банкны картнаасаа авч бэлнээр өгч байсан. Тэгээд энэ талаараа тооцоогоо нэгтгээд зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нөхөн байгуулсан. Аав Д.*******аас сургалтын төлбөрийг 4 удаа буюу 1125000, 1000000, 400000, 600000 төгрөгийн дүнгээр нийт 3125000 төгрөг ирснээс Батлан хамгаалахын сургуульд өгөх төлбөр 1000000 төгрөгийг бүтээгүй учир 2016 оны 10 сарын дундуур буцаан шилжүүлсэн. Батлан хамгаалахын сургуульд элсүүлж өгөх талаар Мөнхцэцэг гэх хүний дансанд 1000000 төгрөгийг шилжүүлээд буцаагаад 400000 төгрөгийг бэлнээр, 500000 төгрөгийг дансаар авсан... гэж тайлбарлаж байгаа боловч 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны нэхэмжлэгчийн Хаан банкин дахь ******* дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгатай тохирохгүй, хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараар няцаагджээ. /хх-ийн 1, 40-45, 55-59-р тал, шүүх хуралдааны тэмдэглэлийн 5-6-р тал/

Тухайлбал, А.*******гийн Хаан банкин дахь ******* дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас түүний Ж.*******д мөнгө өгсөн гэх хугацаанд буюу 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 9 сарын 30-ны өдрийн хугацаанд тайлбарлаж буй мөнгөн дүнгээр зарлагын гүйлгээ хийгдсэн байх боловч уг зарлагын гүйлгээний дүнгээр хариуцагчид зээлийн гэрээгээр бэлнээр мөнгө зээлүүлсэн байдлыг нотлохгүй юм.

Нэхэмжлэгчийн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлага нь Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлийн 2013 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 05 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журам-ын 27-д заасан улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох үндэслэлд хамаарахгүй, нөгөө талаас улсын тэмдэгтийн хураамж 30000 төгрөгийг уригдсан талаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. /хх-ийн 9-р тал/

Нэхэмжлэгч нь эвлэрүүлэн зуучлагчид хандсан, тухайн уулзалтад хариуцагч уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан, энэ талаар гэрч Д.*******, П.Тэрбиш, Р.******* нарын мэдүүлгээр нотлогдоно гэх боловч дээрхи гэрчүүд нь эвлэрүүлэн зуучлалын уулзалтын үеэр болсон үйл баримтыг нотлох боловч үндсэн зээлийн гэрээний маргааны үйл баримтыг нотлохгүй байна. /хх-ийн 66-67, 83-84, 97-98-р тал/

Хариуцагчаас нотлох баримтаар гаргасан Харч-өөл ХХК-ий 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тодорхойлолт, барьцаат зээлийн гэрээ нь хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй байх тул шүүх нотлох баримтыг үнэлэх боломжгүй./хх-ийн 86-88-р тал/

Мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн баримт бичигт үзлэг хийлгэсэн, хариуцагчийн иргэний үнэмлэх, хадгаламжийн дэвтэр нь хэрэгт ач холбогдолтой ямар нэгэн үйл баримтыг нотлохгүй байна./хх-ийн 103-104-р тал/

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч Ж.******* нэхэмжлэгчээс 500000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан хэдий ч зохигчдын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн үндэслэлээр нэхэмжилж байгаа болон тухайн шаардлагыг нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаарлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Харин хариуцагчийн гаргасан нэхэмжлэгчийн аав, ах хоёр нь Улаанбаатар хотод очих болсон, нэхэмжлэгч сургалтын төлбөрөө үрчихсэн учир зээлийн гэрээ байгуулж сургалтын төлбөрөө зээлүүлсэн дүр үзүүлэх гэж тухайн гэрээг байгуулсан учир 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаарлага нь гэрч Д.Баянжаргалын...*******гийн аав, ах хоёр хөдөөнөөс хотод ирэх гэж байгаа, сургалтын төлбөрөө үрчихсэн учраас гэрээ байгуулъя гэж байсан...мөнгө төгрөг өгөлцөж авалцаагүй...энэ зээлийн гэрээг надтай хийе гэж ярьж байгаад би тухайн үед завгүй болж таараад Ж.*******тэй хийсэн гэсэн мэдүүлэг, зохигчдын нотариат дээр Д.Баянжаргал, Ж.*******, А.******* бид 3 хамт очсон гэх тайлбар, нэхэмжлэгчийн тухайн үед аав, ах нь очих гэж байгаад ах ирсэн гэх тайлбараар тус тус нотлогдож нөгөө талаас нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, өөрийн шаардлагыг нотлох үүргээ биелүүлээгүй байх тул тус зээлийн гэрээг иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэстэй./хх-ийн 65-67-р тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг, хууль зүйн ямарваа үр дагавар гаргахыг хүсээгүй байдаг бөгөөд хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байх тул зохигчдын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хэлцлийн үнийн дүн болох 1800000 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжийг тооцоход 43750 төгрөг байх ба хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаарлага гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 26450 төгрөгийг илүү төлжээ./хх-ийн 48-49-р тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64230 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85850 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 43750 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгуулж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 26450 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.*******гээс зээлийн гэрээний үүргийн 3080000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр А.*******, Ж.******* нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас А.*******гаас 500000 төгрөг гаргуулах. тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64230 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85850 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 43750 төгрөгийг гаргуулж хариуцагчид, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 26450 төгрөгийг төвлөрсөн төсвийн данснаас гаргуулж хариуцагчид тус тус олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг, энэ үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА