Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1336

 

 

2024           12            03                                  2024/ШЦТ/1336

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч А.Намдаг,

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408********* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, *** тоотод М.Э маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би ахтайгаа Драгон дээр хоолны газарт хоол идчихээд гэртээ харьсан. Би шөнө 00 цагийн үед гэртээ халамцуу орохдоо 1 сав шар айраг авч Э хувааж уусан. Гэтэл энэ үед миний Э авч өгсөн байсан дугаар луу дугаар сэргээлгэхээр уулзсан эмэгтэй хүн залгасан чинь Э “чи ямар эмэгтэй хүнтэй явалдаад байгаа юм” гээд намайг хардаад маргаан эхэлсэн. Мөн Э архи уудаг, энэ үедээ над руу би цагдаагийн ерөнхий газар ажилладаг гэх мэтээр намайг сүрдүүлдэг байсан. Бид анх танилцах үед нөхөр хүүхэдгүй гэж танилцсан бөгөөд манайд 7 хоног ажлаасаа чөлөө авсан гээд ирсэн боловч хүүхдүүддээ Солонгос улс явсан гэж худал хэлсэн байсан. Би Э 2 удаа алгадаж, 2 цохисон нь үнэн” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод М.Э-г зодож эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “...М.Э-с  хамтран амьдрагч Н.Б-д зодуулсан” гомдлыг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн тухай (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

2. Хохирогч М.Э: “...Би Н.Б-тэй 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хамтран амьдарсан ба Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэр, *** тоотод хаяганд 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ирж амьдарч байгаа. Н.Б нь намайг ажлаасаа оройтож ирэх болгонд харддаг. 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр согтуу байхдаа, орноос чирж буулгаад хоёр гарлуу гараа атгаж байгаад 5-6 удаа цохисон. Би өнөөдөр ажилдаа яваад гэртээ хариагүй, харих юм бол дахин зодуулна гэж айж байна. Би ч энэ тухайгаа хэн нэгэнд хэлж байгаагүй ч манай ажлын газрын хүмүүс намайг анзаарсан юм шиг байсан. Би ажлынхаа газрын сэтгэл зүйч С уулзаж ярилцсан. Тэгээд манай ажлын сэтгэл зүйч “та цагдаагийн байгууллагад хандаж Н.Б-г шалгуул” гэсний дагуу би өргөдлөөр хандсан. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгээгүй, одоо хөхрөлт арилсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22, 24 дэх тал),

 

3. Гэрч М.Т: “...Э нь миний төрсөн дүү. Нөхөр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд амьдардаг байсан. Сүүлд 5-р сард нөхрөөсөө сална, байр түрээсэлж амьдарна гээд яваад байсан чинь Баянзүрх дүүрэгт нийтийн байранд Б гэх хүнтэй танилцаад хамтран амьдарч байсан. Би тухайн үед гэрт нь очоод нэг л бүтэл муутай нөхөр байхаар нь би дүүгээ загнасан. Бүтэхээргүй хүн байна, манайд байж байхаар яадаг юм сал гэж хэлсэн. Тэгсэн Э хэд хоног чимээгүй байж байснаа 2024 оны 6 дугаар сарын 16-17-ны үеэр над руу залгасан "энэ б архи уучихаараа намайг зодоод орой болгон пиво уух юм, та хүрээд ир” гэсэн. Би Б, Э хоёрын хамт амьдарч байсан гэх Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо ** дугаар гудамжны ** тоот гэрт нь 2 хоног хашаанд нь ажил хийж тусалсан. Миний нүдэн дээр бол хоорондоо хэрүүл маргаан хийж зодолдсон зүйл байгаагүй. Намайг байх 2 хоногт Б бол байнга согтуу пиво ууж байсан. Би ажлыг нь хийж дуусгаад Налайх руу гэр лүүгээ явсан. 6 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед Э над руу залгаад "шөнө Б намайг зодсон, би ажил дээрээ ирж хоносон, та Б гэр лүү битгий яваарай" гэсэн тул би дүүгийнхээ ажил дээр очиж уулзахад Э зүүн гарын булчин хэсэг хөхөрсөн байсан тул би дүүгээ наад хүнээ цагдаад өг гэж хэлсэн. Тухайн хаяг дээр 2 хаалгатай нэг байшин байсан, 1 өрөөнд нь Б манай дүү 2 нөгөө өрөөнд нэг танихгүй залуу байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

4. Гэрч Э.О: “...2024 оны 6 дугаар сарын 18-ны үеэр Орхон аймгаас өөрийн түр оршин суух гагнуурын ажил хийдэг Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо *** тоот гэртээ 17 цагийн үед ирсэн. Гэртээ ирэхэд хажуу байшинг шинээр түрээсэлж байгаа Б гэх ах эхнэртэй амьдрахаар ирээд 7 хонож байна гэж надад хэлсэн. Намайг ирсэн шөнө Б ах 22-23 цагийн үед эхнэртэйгээ хэрүүл хийгээд зодоод байсан. Маргааш нь Б ах надтай юм яриад сууж байсан чинь эхнэр нь ярианы голоор орж ирээд үг хэлтэл Б ах баруун гараараа хацар луу нь алгадсан, эхнэр нь гэрээсээ гараад явах шиг болсон. Б эхнэр нь салаад явснаас хойш Б нь өдөр болгон архи уудаг, худлаа ярьдаг, архи уухаараа агсан, их хорчин зантай хүн. Би Б муудалцаад хөөж явуулсан, үл бүтэх хүн байна лээ…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал),

 

5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн **** дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...М.Э биед баруун, зүүн бугалганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал)

 

6. Шүүгдэгч Н.Б: “... би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Э-г 2 удаа цохиж, 2 удаа алгадсан” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд  аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол,  хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Учир нь,

Тус хэргийн хохирогч М.Э нь  Я.И гэх эрэгтэйтэй 1999 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болсныг илтгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа авагдсан /хавтаст хэргийн 71 дэх тал/, эдгээр хүмүүс нь 2 хүүхдүүдтэй болох нь гэрч М.Т мэдүүлэгт дурдагдсан /хавтаст хэргийн 26 дахь тал/, М.Э нь  Я.И нар нь гэрлэлтээ цуцлуулаагүй, дуусгавар болгоогүй байх тул тэдгээрийг гэрлэгчид /гэр бүл/ гэж үзэхээр байна.

 

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “...хамтран амьдарч” 3.2 дахь хэсэгт “...эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан...” гэж заасан байх бөгөөд тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.6 дахь заалт “хамтран амьдрагч” гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг ойлгохоор зохицуулагдсан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ...бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийвэл, хохирогч М.Э, шүүгдэгч Н.Б нар 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд хамт амьдрахдаа хохирогч, шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны хэрэглээний асуудлаас болж муудалцаж маргалддаг,  шүүгдэгч Н.Б нь шаардлага тавьсан хохирогч М.Э-г цохиж  гэмтэл учруулсан нөхцөл байдал нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Б хохирогч М.Э-тэй маргалдаж, цохисон нэг удаагийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн ойлголтод хамруулж хүндрүүлэн үзэх, дүгнэх боломжгүй тул Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг дээрх байдлаар хөнгөрүүлэн зүйлчилсэн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч М.Э биед хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч М.Э нь хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгч Н.Б энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв. (хавтаст хэргийн 23, 43, 44 дэх тал)

Хохирогч М.Э нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Б нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “... Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 90 хоногийн дотор төлүүлэх” тухай дүгнэлтийг,

шүүгдэгч Н.Б нь “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Иймээс шүүгдэгч Н.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, тус үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн зүйлгүй, түүний хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн сард олдог орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдэж, шүүгдэгч Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Н Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х овогт Н-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Хохирогч М.Э нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Б нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ