Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1328

 

 

 

 

2024            12           02                                     2024/ШЦТ/1328

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,

улсын яллагч Б.Ундрах,

хохирогч Б.Э,

шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт С А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408********* дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “****” нэртэй нийтийн караоке үйлчлүүлж байхдаа архи авах асуудлын улмаас иргэн Б.Э маргалдаж шилэн стакан авч шидсэн нь Б.Э толгойн тус газарт онож биед нь зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн караокены үүдэнд энэ эгч болон хамт яваа хүмүүстэй нь таараад дотогш хамт орж нэг ширээнд сууцгаасан. Би ээж шигээ хүнийг цохисондоо гэмшиж байна. Архинаас болж маргалдсан юм шиг байсан. Би 280,000 төгрөг төлсөн, үлдсэнийг нь төлөөгүй байгаа. Үлдэгдэл мөнгийг нь удахгүй төлнө” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хохирогч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт: “...Эмчилгээний зардалд 280,000 төгрөг авсан. Би Хархорин дээр гутал засдаг, олон жил гутал засвар ажиллуулж байна. Би энэ хэргээс болоод сар ажлаа хийж чадаагүй. Өдөрт дунджаар 150,000 төгрөг олдог тул, сараар тооцоход 3 сая төгрөг болж байна. Энэ мөнгөө нэхэмжилж авмаар байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.А нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “***” нэртэй нийтийн караокед орж хохирогч Б.Э, түүний найз нарын хамт нэг ширээнд сууж архи согтууруулах ундааны зүйлийг авч үйлчлүүлж байхдаа дахин архи авах асуудлаас үүдэлтэйгээр иргэн Б.Э маргалдаж,  шилэн стакан шидсэнээр Б.Э толгойн тус газарт нь онож биед нь зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

1.СХДЦГ, ЦХ-3, Шуурхай удирдлагын тасаг дуудлагын лавлагааны хуудас: “...пивоны шилээр хүний толгой хагалчихлаа” гэх мэдээлэл авагдсан. (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

2.Хохирогч Б.Э: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 19-ний орой 17 цаг гээд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоот гэрээсээ гараад Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд гутал засдаг ажлынхаа 2 найз дээрээ очсон, бид гурав нийтийн караоке орж ганц цаг сууя гээд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** нэртэй нийтийн караоке орох гэхэд нэг эмэгтэй таараад ах, эгчийгээ дагаад орно гээд хамт бид гуравтай хамт суусан, би нэг шил архи, 2 ундаа аваад 3 дуу захиалаад дуулаад сууж байхад тэр эмэгтэй өөр ширээн дээр очиж суугаад дахиад манай ширээн дээр ирж суухдаа “чи нэг юм авчих гэхээр нь би баян биш чи нэг юм авчих” гэхэд “чи харахад янхан царайны авгай байна” гээд ширээн дээр байсан шилэн бакалыг над руу шидсэн. Тэгээд толгой дүүрээд явчихсан, зүүн гараараа толгойгоо дарахад цус гарч байсан ба би цусаа хараад ухаан алдсан. Ингээд түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэг явсан. Надтай хамт манай найз Т, түүний нөхөр Б нар байсан. Би эмнэлэгт хэвтэж, эмчилгээ хийлгэсэн асуудал байхгүй. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн гадуур боолт хийлгэж байгаа. Миний өдрийн орлого байхгүй болсон, гэмтлээс болж ажлаа хийж чадахгүй байна. …Би шүүгдэгчээс эмчилгээний зардалд 280,000 төгрөг авсан. Шүүгдэгчид толгойгоо хагалуулснаас болж өөрийн сарын орлогоо алдсан, сарын орлого 3000,000 төгрөг болж байгаа, уг мөнгийг нэхэмжилнэ. Сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгох шаардлага байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11, 69-70 дахь тал, шүүх хуралданы тэмдэглэл)

 

3.Гэрч Ч.Б: “…2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, хар хорингийн ард ** дүгээр байрны өмнө гутал засдаг ажлынхаа байранд эхнэртэйгээ хамт байхад Э 1 шил Болор нэртэй архи авч ирээд бид гурав уусан. Э караоке орье гээд Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** нийтийн караоке орох замд нэг эмэгтэй таараад бид гурав караоке орох гэж байна гэхэд дагаад орсон. Караокены зааланд нэг ширээн дээр дөрвүүлээ суугаад Э нэг шил Хараа 0,5 шилтэй архи нэгийг худалдаж аваад нэг нэгийг татаж байхад Э тэр эмэгтэй хоёр дараагийн архийг “би авна чи авна” гээд маргалдсан. Би тайзан дээр бүжиглэж байхад тэр хооронд Э толгой руу ширээн дээр байсан шилэн стаканыг шидсэн байсан. Э бие эвгүйтээд сандалын хажуу руу шалан дээр унасан, тэгээд түргэн ирсэн. Би тухайн эмэгтэйг танихгүй, караокены үүдэнд таарсан. Би тэр хоёр маргалдаад байхаар нь жаахан зайтай бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Ширээн дээр байсан шилэн стаканыг шидээд толгойг нь хагалсан, өөр зүйл шидээгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39 дэх тал)

 

4.Гэрч Б.Т: “...2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хамт ажилладаг Э нь Болор нэртэй 0,75-ийн 1 шил архи авч ирээд бид гурав уугаад караоке орж жаахан суух гээд караоке ортол нэг махлагдуу эмэгтэй бид гурвыг дагаад орсон. Бид дөрөв ороод 1 шил хараа нэртэй архи, нэг 7000 төгрөгийн ундааг Э картаа уншуулж авсан. Эхний архийг бид дөрөв 0,5 граммын шилтэй архийг хувааж уугаад дууссан. Дахиад нэг 0,5 граммын харааг аваад дээрээс нэг нэг хундага уугаад сууж байхад Э нөгөө эмэгтэйг “чи дараагийн архийг аваарай, би ямар баян хүн юмуу” гэхэд нөгөө эмэгтэй “би яахаараа авдаг юм” гээд муудалцаж байсан. Тэр эмэгтэй ширээн дээр байсан юмыг самардаад байсан, тэгсэн ширээ дээр байсан ундаа ууж байсан шилэн стаканыг аваад шидсэн чинь Э толгойгоо дараад цус алдаад ухаан алдаад шалан дээр унасан, ухаангүй байхад нь тэр эмэгтэй худлаа баашлаад байх юм гээд гэдэс рүү нь ирээд өшиглөсөн. Бид нар болиулсан, тэгээд түргэн тусламж ирээд би Э аваад гэмтлийн эмнэлэг явсан. Тэр эмэгтэй караокед цагдаа иртэл харж байгаарай гээд үлдээсэн. Би тухайн эмэгтэйг танихгүй, караокены үүдэнд таарсан. Шил архи чи ав, би ав гэснээс болсон байх. Нэг удаа шилэн стаканаар цохисон” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

 

5.Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 17 цаг 48 минут 09 секундэд ...цэнхэр өнгийн куртиктэй эмэгтэй суудлаасаа босож хажууд суудал дээр сууж байсан эмэгтэй рүү ширээн дээр байсан юмыг шидэж байгаа нь. Бичлэгийг цааш үргэлжлүүлэхэд  цохиулсан эмэгтэй шалан дээр унасан байдалтай түргэн тусламж ирж үзэж байгаа байдлыг тус тус харуулав” гэж бичигдсэн. (хавтаст хэргийн 20-22 дахь тал),

 

6.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн **** дугаартай “...Б.Э биед зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 13-14 дэх тал),

 

7.Шүүгдэгч С.А: “...2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр *** аймаг явж группээ сунгуулж, Улаанбаатар хотод орж ирээд **** руу явах гээд Хархорин зах дотроос унаа хайсан, унаа байхгүй болохоор ганц хоёр пиво уучихаад явъя гээд хойш зам гараад караоке орох гээд явж байхад караокены үүдэн дээр 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүнтэй тааралдаж Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо *** гэх нэртэй нийтийн караокед орсон. Бид 4 эхний ширээн дээр суугаад 0,5 литрийн Хараа архи, ундаатай аваад сууцгаасан. …Хохирогч гэх эмэгтэй бид нар юм аваад байхад чи яагаад юм авахгүй байгаа юм бэ гээд байсан тул би юм аваад шидсэн. Түүнээс цааш сайн санахгүй байсан. Маргаан болж байхад ширээн дээр ундаа уугаад тавьсан шилэн стакан байсан түүнийг шидсэн, гарт л нэг юм баригдахаар шидсэн чинь толгойгоо дарж байсан. Одоогоор 280.000 төгрөгийн хохирол барагдуулсан, үлдэх хохирлыг нь төлж барагдуулна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-58 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, иргэн Б.Э, Ч.Б, Б.Т нар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** нэртэй нийтийн караоке руу орох гэж явж байгаад шүүгдэгч С.А караокены үүдэнд тааралдаж танилцан хамтдаа орцгоон нэг ширээнд сууж согтууруулах ундааны зүйлийг хэрэглэцгээсэн байна.

Улмаар архи дуусах үед хохирогч Б.Э нь “одоо авах архийг чи ав” гэж шүүгдэгч С.А хэлснээс үүдэн хоорондоо маргалдаж, шүүгдэгч нь ширээн дээр байсан шилэн стаканыг авч хохирогч рүү чиглүүлэн шидсэн нь хохирогч Б.Э толгойд онож цус гаргасан талаар хохирогч нь өөрөө мэдүүлснээс гадна гэрч Ч.Б, Б.Т нар гэрчилсэн, тус караокены бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд тухайн үйл явдал нь тодорхой тусгагдаж бэхжигдсэн, хохирогчийн цохиулсан гэх газарт буюу хохирогчийн зүүн зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг нотлох баримтын эх сурвалжтай байна.

Шүүгдэгч С.А нь хохирогч Б.Э биед халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Иймд шүүхээс шүүгдэгч С.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Хохирогч Б.Э нь эмчилгээ хийлгэсэн зардлыг буюу 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эрүүл мэндийн үйлчилгээний 150.000 төгрөгийн баримт, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Болор Д эмийн сан 4300 төгрөгийн баримт, 27.300 төгрөгийн баримт, 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Эв эрдэнэ эмийн сангаас авсан эм тарианы 118.400 төгрөгийн баримт, 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 6500 төгрөгийн баримт, нийт 306,500 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснээс шүүгдэгч С.Анхтуяа нь хохирогчид 280,000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн харилцан зөрүүгүй мэдүүлгээр тогтоогдсон. (хавтаст хэргийн 84-85 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

Иймээс шүүгдэгч С.А-с 306,500-280,000=үлдэх 26,500 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогч нь хувиараа гутал засдаг, өдөрт 150,000 төгрөгийн орлого олдог, энэ хэргийн улмаас 1 сарын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадаагүй тул  1 сарын орлогоо буюу 3000,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна, миний орлогыг хэрэгт авагдсан 2 дансны хуулга нотолно гэж мэдүүлсэн.

Тус хэргийн 90-92 дахь талд авагдсан хаан банк дахь иргэн Б.Э 5003******** дугаартай дансны хуулга нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацааны гүйлгээг, 93-95 дахь талд авагдсан 500******* дугаартай хуулга нь 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны гүйлгээг харуулах ба эдгээр хуулгаас харахад гутал засвараас олдог орлого нь харилцан адилгүй, зарим өдөрт нь их, зарим өдөрт бага, зарим өдөрт дансаар орлого орсон, зарим өдөр орлого ороогүй байх ажээ.

Тодруулбал, хохирогчийн гаргаж өгсөн дансны хуулгад “орлого”, “гутал”, “засвар” гэсэн утгатайгаар орсон орлогыг тооцоход хохирогчийн мэдүүлсэн “сард 3000.000 төгрөг олдог” гэх хэмжээнд хүрэхгүй, улмаар хохирогч нь зарим орлогыг бэлнээр авдаг байсан гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй, мөн хохирогч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш хэдий хугацаанд хөдөлмөр эрхлээгүйг илтгэх баримтгүй, мөн гэмтэл авснаас хойших хугацааны дансны хуулга хэрэгт авагдаагүй зэргээс үүдэн хэдий хугацаанд орлого олоогүй болохыг тооцоолох боломжгүй байх тул хохирогчийн  олох байсан орлогын хэмжээг гаргаж өгсөн баримтын хүрээнд шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд хохирогч Б.Э нь дутуу авсан цалин хөлс, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.А-с нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтод тусгаснаар энэ  гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э нь 2024 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс  2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл  хугацаанд нийт 449,940 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан нь тогтоогдсон байх тул шүүгдэгчээс гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох тухай прокурорын санал нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч С.А-с 449,940 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв. (хавтаст хэргийн 100 дахь тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч С.А-н өмгөөлөгч А.Буяндэлгэр нь “...Шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэг, хохирогчид учирсан хохирлоос 280,000 төгрөг төлсөн, үлдэгдэл 26,500 төгрөгийг төлөхөө илэрхийлснээс гадна хохирогч нь олох байсан орлогоо баримтаар нэхэмжилбэл төлөхөө илэрхийлсэн, мөн түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид 600.000 төгрөгийн торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч С.А-н үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан “анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж, хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирлоос тодорхой хувийг төлсөн, үлдэгдэл хохирол болон хохирогчийн олох байсан орлогыг баримтаар нотолж нэхэмжилсэн тохиолдолд төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч С.А-н хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй, **** ажил эрхэлдэг/ зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн сард олдог орлогын байдлыг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч С.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт С-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-с 26,500 (хорин зургаан мянга таван зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Э-д олгож, хохирогч нь дутуу авсан цалин хөлс, олох байсан орлогоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч С.А-с нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-с 449.940 (дөрвөн зуун дөчин есөн мянга есөн зуун дөч) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ