| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/01709/И |
| Дугаар | 155/ШШ2018/01709 |
| Огноо | 2018-11-30 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 11 сарын 30 өдөр
Дугаар 155/ШШ2018/01709
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багийн 8-18 тоотод оршин суух Яруу овогт Дулмаагийн А /****************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ах.асд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Д.А, хариуцагч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:. Дулмаа овогтой А миний бие 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж, үйлчилгээний төвд үйлчлэгчээр ажилд ороод 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байсан. Намайг ямар нэгэн сахилгын зөрчил гаргаагүй байхад төвийн дарга Ц.Б нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр амралтын газарт ажлын байран дээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Б/13 дугаартай тушаал гаргасан байсан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б/15 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг мөн гаргасан. Тухайн хоёр тушаалыг би 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авсан. Би 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр даргатай маргалдаж өндөр дуугаар харьцсан юм. Түүнийг маань архи уусан байна гэж бодсон байх. Харин манай байгууллагын дарга Ц.Б нь өөрөө ажлын байран дээр архи ууж дарамталдаг. Би даргыг хоёр удаа согтуу байхад нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан. Түүнээс хойш илүү их дарамтлах болсон. 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдөр надад сахилгын шийтгэл ногдуулах тушаал гарсан талаар би огт мэдээгүй байж байгаад 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал авахдаа мэдсэн. Дээрх тушаалуудыг гаргахдаа ямар нэгэн хурал зөвлөгөөн ч хийгээгүй. Би ийм зөрчил гаргаж байгаагүй. Энэ гаргасан тушаалууд нь үндэслэлгүй тул миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдэж өгнө үү гэв.
Хариуцагч Ах.асийн дарга Ц.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Манай байгууллага Хүүхдийн зуслангийн тэнд амралтын газартаа юм. Д.А нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ээлжийн тогооч Баттуяатай хамт архи уусан байсан. Үүнийг яаж гэрчлэх вэ гэхээр сэтгэл зүйч Саранчимэг, жолооч Бямбадорж, Нямгэрэл, Баттуяа нар нь ажил хүлээлцэх гэж очтол согтуу байсан. Энэ хүмүүс Д.Аийг согтуу байсныг нотолдог юм. Би тухайн болсон явдлыг нотлуулах гэж тухайн асуудлыг мэдэх хүмүүсийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан.Одоо хавтаст хэрэгт тухайн гэрчүүдийн мэдүүлэг байгаа юм. Д.А нь удаа дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн учраас хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн. Би Д.Аийг ажлаас чөлөөлөхөөс өмнө 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр мэдэгдэл хүргүүлсэн. Таныг ийм зөрчлийг давтан гаргасан учраас ажил олгогчийн санаачлагчаар ажлаас чөлөөлөх гэж байгааг мэдэгдсэн. Ахмадын асрамж үйлчилгээний төвийн байранд Д.А нь дараалан буюу 2018 оны 7 дугаар сарын 31, 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдрүүдэд согтуу ирсэн. Үүнийг тус байгууллагын эмч Нямсүрэн, харуул хамгаалалтын ажилтан Мижиддорж нар гэрчлэх болно. Ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүлээн авсан Д.Аийн гарын үсэгтэй баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн.Би энэ хүнийг холбогдох хууль тогтоомж, байгууллагын дүрэм, журмыг үндэслэж ажлаас чөлөөлсөн.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Ах.асд холбогдуулан үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.
Нэхэмжлэгч нь ажлаас халагдсан тушаалыг 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гардан авсан гэж тайлбарласан ба зохигчид энэ талаар хэн аль нь маргаагүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэж заасан ба гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, шүүхэд хуулийн хугацаанд гомдлоо гаргажээ.
Хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, 2010 оны 8 дугаар сарын 06-ны өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ах.асийн даргын 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаартай Ажилд түр томилох тухай, 2018 оны 8 дугаар сарын 30-ний өдрийн Б/15 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалууд болон зохигчийн тайлбар зэргийг үнэлж үзэхэд ажилтан, ажил олгогч хоёрын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн байна.
Ах.асийн даргын 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/15 дугаартай тушаалд сахилгын зөрчил давтан гаргасан гэх үндэслэл зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвийн Дотоод журам-ын 8 дугаар зүйлийн 8.3, Хөдөлмөрийн гэрээний-ний 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтуудыг баримтлан, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгожээ.
Ажилтан Д.Аийг ажлаас халсан 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах Б/15 дугаар тушаал нь эрх зүйн акт болохын хувьд хуулийн шаардлага хангаагүй байна.
Учир нь:Хариуцагч Ах.ас нь дээрх тушаалынхаа үндэслэлийг ажилтан Д.А нь 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа согтууруулах ундаа хэрэглэн асрамжийн байнгын үйлчилгээнд хамрагдаж байгаа үйлчлүүлэгчтэй ёс зүйгүй харьцсан тул Д.Ат үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Б/13 дугаар тушаалаар ногдуулсан. Гэтэл Д.А нь уг зөрчлөө 2018 оны оны 7 дугаар сарын 31-ний өдөр давтан гаргасан тул 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн гэх боловч даргын тушаалд хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй, хуулийн заалтын аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй.
Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах санаачилгыг бие даан гаргах эрхтэй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-40.1.7-д заасан үндэслэлүүдийн аль нэг нь бий болсон тохиолдолд энэ эрхээ эдлэх ба хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо үндэслэлээ тодорхой зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг баримталсан шийдвэр гаргаагүй нь буруу байна.
Иймд Д.Аийг Ах.асийн үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахаар нэхэмжилсэн ба Д.А нь 2018 оны 6 дугаар сард 436012 төгрөг, 2018 оны 7 дугаар сард 436012, 2018 оны 8 дугаар сард 392412 төгрөг авч байсан нь түүний 000146476 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул ажилгүй байсан хугацаа 62 хоногийн цалин 3642220 төгрөгийг Ах.асөөс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах бөгөөд зөвхөн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг ба хариуцагчаас тус гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3642220 төгрөг гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамж 73289 төгрөг, нийт 143489 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Д.Аийг Ах.асийн үйлчилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ах.асөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3642220 / гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга хоёр зуун хорин / төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Аийн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Ах.асд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар хариуцагч Ах.асөөс 143489 / нэг зуун дөчин гурван мянга дөрвөн зуун наян ес/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ