Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1125

 

 

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхтамир,  

Улсын яллагч Д.Агар,  

Хохирогч Э.Б , түүний өмгөөлөгч Х.Наранзул, Б.Өлзийбаяр,

Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Л.Ононбаяр,

Иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Б т холбогдох эрүүгийн 2403004990629 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Б  нь 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны замын “Шинэ тэрэг” төвийн хойд замд “Ford” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “Ford” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.3, “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 22.4-д заасан “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм х 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино.” гэх заалт болон 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.Б ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд “...шүүгдэгч А.Б  нь 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны замын “Шинэ тэрэг” төвийн хойд замд “Ford” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “Ford” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.3, “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 22.4-д заасан “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм х 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино.” гэх заалт болон 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.Б ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-13 дугаар тал/,

 

Хохирогч Э.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдрийн 21 цаг өнгөрч байхад гэр лүүгээ харихаар Нарны зам, Шинэ тэрэг төвийн хойд замаар явган хүний зохицуулдаггүй гарцаар замын урдаас хойш чиглэлтэй зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад орсон. Тэгэхэд замын баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан 1 дүгээр эгнээний автомашинууд зогсож зам тавьж өгөхөөр нь би 2 дугаар эгнээ рүү алхаад ороход 1 автомашин зогсолгүй чигээрээ явсан. Би тэр машины араар нь гарахаар хөдөлгөөнөө үргэлжлүүлээд алхахад зогсолгүй машины баруун урд хэсгээрээ миний зүүн талаас мөргөсөн. Би автомашинд мөргүүлээд газарт шидэгдээд унасан. Ослын дараа юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд Гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Намайг мөргөсөн автомашин нь чирэгдэж явсан юм байна лээ. Ямар нэгэн анхааруулах юм юу ч байгаагүй. Аваарын гэрэл нь асаагүй байсан. Ослын улмаас миний зүүн эгэмний яс хугарсан, нүдний ухархай ясанд хугаралтай, хацрын доод хэсгийн яс, хамрын яс олон тооны хугаралтай гэж дүгнэлт гарсан байгаа. ...Миний эрүүл мэндтэй холбоотой одоогоор 2,000,000 орчим төгрөгийн зардал гарсан байна. Жолооч энэ зардлаас төлөөгүй. Би гомдолтой байна. Өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа зардал, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Жолооч талаас огт анхаарал хандуулахгүй байгаа. Миний эрүүл мэндтэй холбоотой ямар ч хохирол төлж барагдуулаагүй. Ээжтэй нэг л удаа утсаар ярьсан. Утсаар ярихдаа ч үл ойшоосон байдалтай ярьсан. Маш их гомдолтой байна. Мөн ослын улмаас миний зүүж явсан харааны шил хагарсан, зүүх боломжгүй болсон ба бугуйн цаг хагарч эвдэрсэн байгааг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр ахынхаа ажил дээр байж байгаад гэр лүүгээ явж байсан. Надад ямар ч дуут дохио өгөөгүй. Замын хөдөлгөөний дүрмээ баримтлаагүй. Би эгэмний ясаа хугалсан болохоор хөдөлмөрийн чадвараа алдсан. Зуны амралтаараа ажил хийж олох орлогоо олж чадаагүй. Ээждээ ажил хийж тус болох байсан. Надаас уучлалт гуйгаагүй, өөдгүй зан гаргасан. Гомдолтой байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

А.Б ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 дүгээр тал/,

-Иргэний хариуцагчаар өгсөн: “...Би ... улсын дугаартай машины эзэмшигч бөгөөд 2012 онд худалдан авч байсан. ... улсын дугаартай машиныг 2023 оны 11 дүгээр сард худалдан авсан бөгөөд нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан. Бусдад учирсан бодит хохирлыг төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

-Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай дүү ажилгүй байсан болохоор зун аялал жуулчлалын зориулалтаар би ашиглахаар машинаа өгөөд явуулсан. Замдаа эвдрээд дахиад нэг машин явуулсан. Бүрэн бус зүйл байхгүй, тэр их хурдтай тэрэг биш, урт тольтой бөгөөд тэр толинд хохирогчийг цохисон байх. Надаас нэг удаа мэдүүлэг авсан. Манай дүү гэр бүлийн байдлаасаа болоод харилцааны тал дээр жаахан асуудалтай байж магадгүй. Иргэний хариуцагчийн хувьд үнэн бодит зардлыг төлнө...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч С.Л ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө Өвөрхангай аймгийн Хархорин хотоос Улаанбаатар хот руу гарсан юм. Тухайн үед танил ах Б  Ford маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод, би мөн Ford маркийн ... улсын дугаартай автомашинд суусан. Миний суусан автомашины мотор нь эвдэрсэн байсан тул Б  ахын жолоодож явсан машинд чирүүлээд Улаанбаатар хот руу хөдөлсөн. Би автомашиндаа ганцаараа, Б  ах мөн машинаа жолоодоод ганцаараа явсан. Ингээд орой 20 цаг өнгөрч байхад Улаанбаатар хот руу орж ирээд Шар хад руу машин засварын газар руу явж байсан. 21 цаг өнгөрч байхад Нарны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр Их наяд төвийн нүхэн гарц өнгөрөөд төв замаараа явж байтал явган хүний зохицуулдаггүй гарц өнгөрсөн. Тэгэхэд чирч явж байсан машины хойгуур гарцаар гэнэт хүн алхаад гараад ирсэн. Би цонхоороо орилоод зүүн тийш дарахад машины баруун талын толь хэсгээр гарцаар гарч явсан хүнийг мөргөж цааш яваад зогссон. Миний жолоодож явсан автомашины аккумлятор нь суусан байсан болохоор дуут дохио ажиллаагүй, мөн аваарын гэрэл нь асаагүй байсан. Ослын дараа би болон урд чирч явж байсан машины жолооч Б  ах машинаасаа бууж ирээд машинд мөргүүлсэн хүн дээр очиход эрэгтэй хүн доошоо хараад хэвтэж байсан. Толгой, нүүр хэсгээс нь цус гарч байсан. Удалгүй түргэний машин ирээд машинд мөргүүлсэн хүнийг үзээд аваад явсан. Хүүхдийн аав нь ослын газарт ирсэн. Мөн цагдаа нар ирээд үзлэг хийгээд 2 автомашиныг ачилтын машинд ачуулаад явсан. Б  ах явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирээд хурдаа хассан хэдий ч зогсох үйлдэл хийгээгүй чигээрээ явсан. Би гарцаар хүн гарч байгааг хараагүй. Тэгээд урд чирч явсан машины араас нь хүүхэд гараад ирсэн. Би тоормос гишгэсэн хэдий ч урд талын автомашинд чирэгдэж явсан болохоор миний сууж явсан автомашин зогсоогүй юм. ...Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй бөгөөд 2021 онд жолоодох эрхтэй болсон. Одоо тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалтай жолооч. ...Би одоо хувиараа автомашин засварын газар ажилладаг юм. Тэр газрын эзнийх нь ах нь Б  ах юм байна лээ. Тэгээд Өвөрхангай аймагт марафон тэмцээн болсон юм байна лээ. Тэр тэмцээнд манай ажлын эзэн Ford маркийн машинаа түрээслүүлж Б  ах нэг машиных нь жолоочоор явсан юм. Тэгээд нэг машин нь эвдрээд жолооч хэрэгтэй болоод би Улаанбаатар хотоос явж эвдэрсэн машиныг нь авч, чирэгдэж ирэхээр болсон. ...Ойролцоогоор 30-35 орчим км цагийн хурдтай явсан байх. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8809 дугаартай: “...Э.Б ын биед зүүн эгэм ясны далд хугарал, баруун хоншоор ясны урд, гадна ханын хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн муруйлт, дээд уруулд шарх, дух, баруун хацар, хамар, баруун сарвуу, зүүн өвдөгт зулгаралт, баруун хацар, шанаа, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 70-71 дүгээр тал/,

 

"Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техник хяналтын үзлэгийн төвийн мэргэшсэн инженер Г.Батмөнхийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 40670284 дугаартай: “...Уг авто тээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын хол ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, зогсоолын тоормос ажиллахгүй, баруун зүүн гар талын дохионы гэрэл ажиллахгүй, тоормосны гэрэл асахгүй, хойд дохионы гэрэл ажиллахгүй, баруун гар талын гишгүүр байхгүй байгаа нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 84-88 дугаар тал/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн 1363 дугаартай: “...Ford маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 22.4. “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм х 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино”. Мөн дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн нь осол үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзэх үндэслэлтэй байна. Жолооч С.Л  болон явган зорчигч Э.Б  нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 92-93 дугаар тал/,

 

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлээр Э.Б ын сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлийг тогтоов" гэх хүснэгтээр тогтоосон сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн талаарх тэмдэглэл /хх-ийн 17 дугаар тал/,

 

Шүүгдэгч А.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 6 дугаар сарын 29-ний өглөө Өвөрхангай аймгийн Арвайхээр хотоос өөрийн төрсөн ах А.Б ы эзэмшлийн Ford маркийн ... улсын дугаартай автомашиныг жолоодоод, мөн Ford маркийн ... улсын дугаартай автомашиныг чирээд Улаанбаатар хот руу гарсан. Тухайн автомашиныг үл таних хүн гуйгаад жолооны ард суулгасан. Би чирч явсан автомашиныг Улаанбаатар хот руу засварт өгөхөөр авч ирсэн юм. Ингээд Улаанбаатар хот руу 21 цагийн үед орж ирээд Нарны замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан бөгөөд би мөн ... дугаартай автомашинаа жолоодон, Ford маркийн ... улсын дугаартай автомашинаа чирээд явж байсан. Ингээд хуучнаар Замын цагдаагийн урд хэсэгт явж байхад явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртож ирсэн. Тэр үед замын урдаас хойш чиглэлтэй гар утсаа барьчихсан, чихэвч зүүсэн эрэгтэй хүүхэд явган хүний зохицуулдаггүй гарцаар алхаж явсан. Би тэр хүүхдэд сигнал өгсөн. Би зогсох үйлдэл хийгээгүй. Учир нь машин чирч явсан болохоор тоормос гишгэхээр араас ирээд мөргөчих гээд байсан юм. Ингээд гарц хэсэг дээр би явган зорчигчид зам тавьж өгөлгүй өнгөрөөд явахад ард чирэгдэж байсан Ford маркийн автомашины баруун толь хэсэгт зам хөндлөн гарч явсан явган зорчигч мөргөгдөөд унасан. Би тэр хүүхдийг унахыг толиндоо хараад тоормосоо гишгээд машинаа зогсоосон. Би машинаас буугаад харахад хүүхэд явган хүний гарц хэсэг дээр хэвтэж байсан бөгөөд дух хэсгээс нь цус гарч байсан. Тэгэхэд хүүхдийн аав нь гээд хүн ирээд миний нүүр хэсэг рүү 1 удаа цохиж, хэл амаар доромжилсон. Тэр үед замын хажууд байсан хүмүүс дуудлага өгсөн. Дараа нь түргэний машин ирээд машинд мөргүүлсэн хүүхдийг үзээд аваад явсан. Хүүхдийн аав нь ослын газарт үлдсэн. Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирээд ослын газарт үзлэг хийгээд миний жолоодож явсан автомашин болон чирч явсан машинуудыг ачилтын машинд ачуулаад явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 108 дугаар тал/,

Мөн түүний шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр болсон хэрэг явдал. Тус өдөр би цагдаагийн байгууллагад байцагдаад сууж байсан. Шинжээчийн дүгнэлтийг намайг байлцуулахгүйгээр гаргасан байсан. Би жаахан эргэлзээд байгаа. Би яаж мөргөснөө, яаж гэмтсэн гэдэг үйл баримтыг мэдээгүй, хараагүй. Би хэрэг болсноос хойш өнөөдөр хүртэл сэтгэл санааны дарамтад байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч А.Б  нь 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны замын “Шинэ тэрэг” төвийн хойд замд “Ford” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “Ford” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, 4 дүгээр хавсралтын 5.3, “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 22.4-д заасан “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм х 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино.” гэх заалт болон 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Э.Б ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Мөн хохирогчийн эмчилгээний зардал 1,288,531 төгрөгийг, нүдний шилний 635,000 төгрөгийг, шатахуун болон бусад зардлын 433,400 төгрөгийг, нийт 2,356,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 3-р зэргээр тогтоогдсон. Хөдөлмөрийн хөрсний доод хэмжээг 14 дахин нэмэгдүүлсэн буюу 9,230,000 төгрөгийг иргэний хариуцагчаас гаргуулах, нийт 11,596,931 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч Э.Б ын өмгөөлөгч Х.Наранзулаас: “...Шүүгдэгч А.Б ийн хэргийн зүйчлэл тохирсон байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэм буруу тогтоогдож байгаа. Гэмт хэргийн улмаас хохирогчид 21,786,931 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3-р зэргээр тооцож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 хувиар буюу 15,173,400 төгрөг, нийт 36,960,331 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй. Эдгээр нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хохирлын байдал тогтоогдож байгаа...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч Э.Б ын өмгөөлөгч Б.Өлзийбаяраас: “...Миний үйлчлүүлэгчид учирсан гэмтэл бүрэн эдгээгүй, шингэн халуун зүйл ууж идэхэд хүндрэлтэй, хамар нь битүүрдэг. Залуу хүний хувьд гоо сайхан чухал учир ирээдүйд гарах зардлыг нэхэмжлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй. А.Б  нь өнөөдөр хохирол төлбөр төлөөгүй, миний үйлчлүүлэгчээс уучлалт гуйгаагүй байгаа...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч А.Б ийн өмгөөлөгч Л.Ононбаяраас: “...Уучлалт гуйх гээд зөндөө үзсэн гэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл баримт тогтоогдсон учир гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогчийн нэхэмжилсэн 21,786,931 төгрөгийн хувьд иргэний нэхэмжлэл учир  иргэний шүүхэд шилжүүлэх нь зүйтэй. Туршилт хийх хүсэлтийн хувьд боломжгүй зүйл байхгүй, хүсэлт гаргасан бол хангах нь зүйтэй байсан. Шүүхийг хүндэлж хохирогч хохирлын баримтыг гаргаж өгөх ёстой. Нэг өдөр ажиллаад ийм хэмжээний мөнгө нэхэмжлэх нь буруу. Холбогдох нэхэмжлээд байгаа хохирлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 8809 дугаартай дүгнэлтээр хохирогч Э.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэж;

Мөн мөрдөгчийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1363 дугаартай магадлагаанд: “...Ford маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.Б  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 4 дүгээр хавсралтын 5.3. “Гэрлийн бүрхүүл бохирдсон, хагарч цөмөрсөн, байхгүй болсон буюу бүрхүүл дээр өнгөт хальс наасан, гэрэл нь асахгүй, бүдэг асдаг болсон”, мөн дүрмийн 22.4. “Зөөлөн холбоогоор чирэх, чирүүлэх тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай 4 м-ээс 6 м байх бөгөөд чирүүлэх тээврийн хэрэгслийн тоормосны систем, жолооны механизм, дуут дохио бүрэн ажиллагаатай байвал зохино. Зөөлөн холбооны нэг метр тутамд 200 мм х 200 мм-ээс багагүй хэмжээний улаан дарцгийг унжуулж бэхэлсэн байх бөгөөд харанхуй үед дарцаг нь гэрэл ойлгох шинж чанартай байвал зохино”. Мөн дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж тус тус дурджээ.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Б ийн замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй, зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Иймд шүүхээс шүүгдэгч А.Б ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол, хор уршиг:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Хохирогч, түүний өмгөөлөгч нар сэтгэцэд учирсан хохиролд 15,173,400 төгрөг, хохиролд 21,786,931 төгрөг тус тус нэхэмжилсэн ба шүүх хэрэгт авагдсан баримтуудтай танилцахад бариа засал хийлгэсэн, шатахууны зардал, таксинд өгсөн зардал, нүдний шил, цагны үнэ, олох байсан цалин хөлс, цаашид гарах эмчилгээний зардлыг тооцон гаргуулах боломжгүй байна гэж үзлээ.

Тухайлбал хэрэгт авагдсан баримтуудаар цалин, орлогыг тогтоох боломжгүй, нүдний шилний үнэлгээ хийгдээгүй, үйлчилгээ авсан гэх ч төлсөн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Харин шүүгдэгчээс хохирогчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтуудаар 1,028,131 төгрөгийн эмчилгээний зардал гарсан байна.

Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “...хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай...” тогтоол гарсан.

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан журмын 2.2 дахь заалтад “...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих ...гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ...энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. ...энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно...” гэж заасан.

Иймд шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт, эмчилгээ хийгдэж байгаа байдал, эдгэрэлт, хохирогчийн зовуурь, биеийн байдлыг харгалзан хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.  

Хохирогч Э.Б ын эрүүл мэндэд “хүндэвтэр” зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд “хүндэвтэр” гэмтэлд сэтгэцийн эмгэгийн зэрэглэлийг 3-д багтаасан байна.

Хавтаст хэргийн 108 дугаар талд Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын зааварт “...Э.Б ын сэтгэцэд учирсан хор уршгийн 3 дугаар зэрэглэлийг тогтоов...” зөвшөөрсөн...” гэх баримт авагдсан байна.

Уг аргачлалд нөхөн төлбөрийн хэмжээг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.

Шүүх хуралдаанд хохирогчийн гаргасан тайлбар, прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг шүүх харгалзан шинжээчийн дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд болон зовуурь шаналал, эдгэрэлт, эмчилгээ хийлгэж байгаа, цаашид хийлгэх шаардлагатай зэрэг бусад хүчин зүйлсийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч А.Б аас сэтгэцэд учирсан хор уршигт 9,900,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б од олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан орлого, эмчилгээ хийлгэсэн гэх хөлс, эд зүйлийн үнэ зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Б аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Талуудын санал, дүгнэлт:  

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс 01 жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч Э.Б ын өмгөөлөгч Х.Наранзулаас: “...Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн байдал болон өнөөдөр хүртэл нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй, хор уршгийг арилгаагүй, дарамт шахалт үзүүлдэг, утсаар ярихдаа хэрүүл хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. Хүний эрүүл мэндийг нөхөж авах боломжгүй, мөнгөнд ач холбогдол өгч болохгүй. Хохирогчийн зүгээс энэ нөхцөл байдлуудад гомдолтой байгаа...” гэсэн дүгнэлтийг;

 

Хохирогч Э.Б ын өмгөөлөгч Б.Өлзийбаяраас: “...Өнөөдөр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн боловч хохирогчид учирсан хор уршиг, хохирлыг барагдуулахаар зүйл хийгээгүй. Хохирогчид учирсан хор уршиг арилаагүй байгаа. Цэргийн сургуульд сурч байгаа хүүхдийн хувьд дасгал хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй байгаа. Гэм буруугаа шүүгдэгч хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэж миний зүгээс харж байна...” гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгч А.Б ийн өмгөөлөгч Л.Ононбаяраас: “...Хохирогчоос уучлалт гуйх нь зүйн хэрэг. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ял шийтгэлийн хувьд 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч А.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч А.Б ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 56 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр тал/, ял шийтгэгдэж байсан таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-67 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 53 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч А.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч А.Б ийг дээрх хугацаанд байнга оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс буюу Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б  нь шүүхээс оногдуулсан Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулав.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б т шүүхээс оногдуулсан байнга оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

            4. Шүүгдэгч А.Б т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

            6. Тус хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Б  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч А.Б аас 10,928,131 төгрөгийг хохирол, сэтгэцэд учирсан хор уршигт тооцон гаргуулж хохирогч Э.Б од олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б  нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан цалин хөлс, эмчилгээ үйлчилгээ авсан зардал эд зүйлийн үнэ зэргийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Б аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.        

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.