Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/10

 

 

 

 

 

 

 

 

    2024         12            25                                       2025/ШЦТ/10

 

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

нарийн бичгийн дарга: С.Ганбаатар, 

улсын яллагч: Н.Ундрах,

хохирогч *********, түүний өмгөөлөгч: А.Буяндэлгэр /ҮД:1141/,

шүүгдэгч *********/өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ********* холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

************ /регистрийн дугаар *********/

Монгол Улсын иргэн, *********-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын засварчин мэргэжилтэй, зорчигч тээвэр 4 баазад жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт ********** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

 

Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч *********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *********г "Хэл амаар доромжилсон" гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь мөргөх, гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын таславчны мурийлт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстад цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:

Шүүгдэгч *********нь 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********караокед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********тай тааралдан, түүнийг ах аа гэж хэлсэнгүй гэхэд нь маргалдаж, үл ялих зүйлээр шалтаглан нүүрэн тус газарт нь мөргөх, гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хамрын таславчны мурийлт, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстад цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

-Хохирогч *********н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт *********караокед 2024 оны 09 сарын 21-ний өдөр орж 2.5 литрийн пиво уусан. Тухайн үед урьд нь хамт ажилладаг байсан ********* гэх залуутай тааралдаад намайг юу байна гээд хөгшөөн гэж хэлэхээр нь чи надаас дүү байж намайг яагаад хөгшөөн гээд байгаа юм гэтэл ********* камергүй газар очъё Гаж намайг дагуулж гараад зодоод байсан. Намайг заамдаж аваад миний нүүр рүү гараараа олон удаа цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,  

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээч эмч ********** Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ********* дугаартай:

“...1. *********н биед хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимын салстад цус хуралт, баруун дээд үүдэн 1-р шүдний булгарал, цус хуралт, зүүн дээд 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

З. Дээрх гэмтлүүд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

4. Цаашид баруун дээд 1-р үүдэн шүдний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дэх тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

-Шүүгдэгч Б.*********н яллагдагчаар өгсөн: “...2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс 21-ний өдрийг шилжих шөнө би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг *********караокед орж 0,5 литрийн шилтэй ****** архи авч уучихаад байж байтал урьд өмнө хамт ажилладаг байсан залуу болох  *********тай мэндэлтэл ********* над руу хараад чи яасан том болчихсон юм бэ ахын дүү гээд миний урдаас томроод байхаар нь би хоёулаа камергүй газар гараад уулзъя гээд гадаа гараад би *********н нүүр хэсэгт мөргөөд 2-3 удаа цохисон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч *********нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгчөөс: “...Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12647 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 20 дахь тал, эмнэлгийн байгууллагад үзүүлсэн баримтууд /хавтаст хэргийн 42 дахь тал/, шүүхэд шинээр гаргаж өгсөн хохирлын баримтуудыг шинжлэн судаллаа.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч *********нь тусгай дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ****** дугаартай дүгнэлтээр хохирогч *********н биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч *********нь хохирогч *********н гараараа нүүр хэсэг рүү нь мөргөж, олон удаа цохиж гэмтэл учруулсан үйлдэлд нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн “санаатай” хэлбэртэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.*********г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч ********* нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон прокурорын хяналтын шатанд хохирол төлбөрийн баримт гаргаж өгөөгүй хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт 5,455,000 төгрөгийн имплант суулгах зардал, 3,488,000 төгрөгийн хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн баримтыг гаргаж, нийт 8,943,000 төгрөгийг  шүүгдэгч Б.*********гаас нэхэмжилж оролцсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 228 дугаар зүйлийн 228.1-д  “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж тус тус зааснаар хамрын хагалгаанд орох шаардлагатай гэсэн эмнэлгийн баримтыг үндэслэн 3,488,000 төгрөгийг шүүгдэгч Б.*********гаас гаргуулан хохирогч *********д олгох нь зүйтэй байна.

Харин шүдний баримт гэмт хэрэгт хамааралгүй эмчилгээ /7 шүдний циркон/ заагдсан байх тул хэлэлцэхгүй орхиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон бол нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй.” гэсний дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсгийн 2.1.5-т гэмт хэргийн улмаас хохирогчийн хувь хүний сэтгэцийн хариу урвалын байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох бөгөөд шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тус зүйл ангийг /Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1/ тусгасан.

Иймд Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаартай тогтоолын 2-р зэрэглэлт заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын дагуу /5-12,99 дахин/ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгийг буюу 3,300,000 төгрөгийг хохирогч *********н /гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хэргийн шинж, нөхцөл байдал зэргийг харгалзсан/ сэтгэцэд учирсан нөхөн төлбөр гэж тооцов.

Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэсний дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд 3,300,000 төгрөгийг шүүгдэгч Б.*********гаас гаргуулан хохирогч *********д олгохоор дээрх хохирлын хамт нийт 6,788,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Шүүгдэгч *********нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөх 5 хоногийн завсарлага авч 4,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн байх тул үлдсэн 2,788,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч *********д олгох нь зүйтэй.

 

шүүгдэгч Б.*********гаас

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...Шүүгдэгч *********нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *********г хэл амаар доромжилсон гэх шалтгаанаар нүүрэн тус газарт нь мөргөх, гараараа цохих зэргээр эрүүл мэндэд нь хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд үүдэн нэгдүгээр шүдэнд булгаралт, цус хуралт, зүүн дээд хоёрдугаар шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учирсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэх үндэслэл байна. Иймд шүүгдэгч *********г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Шүүгдэгч хохирогчоос нэхэмжилсэн 5,455,000 төгрөгийг, мөн хагалгааны зардал болох 3,488,000 төгрөгийг, сэтгэл санааны хохиролд тооцож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7,920,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналыг гаргаж байна. Энэ зардлаар хохирогч эмчилгээ үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой. Мөн цаашид гарах эмчилгээ үйлчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч: “...Улсын яллагчийн дүгнэлтийг сонслоо. Хохирогчийн зүгээс 8,943,000 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирогчид учирсан хохирлын хувьд өөрөө байж байгаад эдгэх боломжгүй. Мөн 2 шүдний хугаралтай үүнийг буцааж хийх ямар ч боломжгүй. Хиймлээр шүд хийлгэнэ гэсэн үг. Нотлох баримтаа гаргаж өгсөн. Өнөөдөр эмчилгээ хийлгээгүй байгаа нь хохирогч эмчилгээ үйлчилгээтэй холбоотой хохирол төлөөгүйтэй холбоотой. Тухайн аж ахуй нэгжийн гаргасан баримтын дагуу хохирол төлбөрийг олгооч гэж хүсэж байна. Мөн сэтгэл санааны хохирлыг тусад нь тооцож өгөөч гэсэн хүсэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч: “...Хохирогчоос уучлалт гуймаар байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа анхааралтай байна...” гэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Б.*********г гэм буруутайд тооцсон зүйл анги болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлтэй.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөөс эрүүл мэндэд учирсан хохирлыг төлсөн байгаа нөхцөл байдлыг харгалзан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгын хүрээнд дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулах нь зүйтэй.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.*********н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулбал зохино.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ********* *********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********г 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

                                                                                                                                              

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар ********* оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

 

          4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*********гаас 2,788,000 төгрөг гаргуулж, хохирогч *********д олгосугай

 

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ********* цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

          6. Эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

 

          7. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.УРАНГУА