Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2019/00059

 

Б.Аны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/02125 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Аны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Цт холбогдох,

 

Ажилгүй байсан хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэлд үндсэн цалингийн 15 хувийг сар бүр тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ана, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, Э.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Анаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц-ын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Б/51, 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн Б/151тоот хууль бус  тушаалаар тус газрын Тусгай ажиллагааны газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тушаал хууль бус болохыг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 221/МА2017/0869 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар тогтоолоор тус тус тогтоосон.  Цаас 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-нйи өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэр гарсан өдөр хүртэлх цалин олгосон боловч докторын нэмэгдэл тооцоогүй, ажилд буцаан аваагүй тул 2017 оны 10 сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор,2016 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хууль зүйн ухааны докторын нэмэгдэл шаардаж байна.  Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наас шүүхэд болон  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Анатай холбоотой хэргийг захиргааны хэргийн журмаар хянан шийдвэрлэж байхад нэхэмжлэгчээс докторын зэргийн нэмэгдлийг гаргуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй.  Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа.  Хэрэг хэрэгсэхгүй болох ёстой гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасны дагуу хариуцагч Цаас 19,499,112 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анад олгож, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч Цт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Анын Цт холбогдуулан гаргасан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэл олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цаас 255,446 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Анад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч З.Дашдаваа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Б.Анатай холбоотой хэргийг захиргааны хэргийн журмаар хянан шийдвэрлэж байхад нэхэмжлэгчээс докторын зэргийн нэмэгдлийг гаргуулах талаар ямар нэг хүсэлт гаргаж байгаагүй. Захиргааны хэргийн шүүхээс хэрэг маргааны хянан шийдвэрлэсэн шийдвэр, тогтоол, магадлал хүчин төгөлдөр байгаа бөгөөд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой. Иймд  гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудыг бүрэн мэтгэлцүүлсэн, зохигчийн эрхийг хангасан боловч шүүхийн шийдвэрт хуулийг оновчтой хэрэглээгүй байх тул хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ана нь хариуцагч Цт холбогдуулж ажилгүй байсан бүх хугацаа буюу 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, 2016 оны 2 дугаар сарын 09-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэлд үндсэн цалингийн 15 хувийг сар бүр тооцон гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх-ийн 1, 38/

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 736 дугаар шийдвэрээр Б.Аныг Цын  Тусгай ажиллагааны газрын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, ажлаас халсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, үндсэн цалин 821 016 төгрөг дээр онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын зэргийн нэмэгдлүүдийг тооцон олгож, эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 869 дугаар магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 76 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн. Уг шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ. Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй байна.

 

Ажилтныг өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу ажилд нь буцаан аваагүй үйл баримт тогтоогджээ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан бүх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 5-28 /

 

Нэхэмжлэгч нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг үндсэн цалин, нэмэгдлийн хамт тооцон нэхэмжилснийг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзнэ.  Учир нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд нь эгүүлэн томилох хүртэл ажилтны хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсээр байгаа бөгөөд дээрх зөрчилд хариуцагчийг буруугүй гэж үзэх боломжгүй,Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан.

 

Ажилтны олговрын хэмжээг сард 821 016 төгрөг дээр онцгой нөхцлийн, төрийн алба хаасан хугацааны, цолны, докторын зэргийн нэмэгдлүүдийг тооцон олгохоор нэгэнт шүүхийн шийдвэрээр тогтоосон. Ажилгүй байсан бүх хугацаанд 821 016 төгрөгийг холбогдох нэмэгдлүүдийн хамт тооцон үзвэл 19 499 112 төгрөгийн хэмжээтэй байгаа нь Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай 99 дүгээр тогтоолын 1-3 дугаар хавсралтаар болон Захиргааны хэргийн шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2017/0736 дугаар шийдвэрт дүгнэгдсэн байдлаар тогтоогдож байна. Харин дээрх нэхэмжлэлээс нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2 497 265 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т зааснаар хэрэгсэхгүй болгох ёстой байсныг анхан шатны шүүх шийдвэртээ заагаагүй байна. Нэхэмжлэгч нь шүүхэд эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, тодруулахдаа тодорхой үнийн дүнгээр буюу 22 981 593 төгрөгөөр тооцож буйгаа илэрхийлсэн./хх-ийн 1, 36/

 

Ажилгүй байсан хугацааны олговорт докторын зэргийн нэмэгдлийг тооцон олгох үүрэгтэй талаар нэгэнт захиргааны хэргийн шүүхийн дээрх шийдвэрт заасан тул өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ дутуу олгосон гэх докторын зэргийн нэмэгдлийг олгох асуудлыг дахин шийдвэрлэх боломжгүй гэж анхан шатны шүүхийн дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцжээ.

 

Талууд өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж, нэхэмжлэгчийн дансанд 10 900 000 төгрөг олгосонд маргаагүй. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 96 дугаар тогтоолын 3-р хавсралт, нэхэмжлэгчийн хүлээн авсан 10 900 000 төгрөг зэрэгт үндэслэн тооцож үзвэл нэхэмжлэгчийн өмнөх шүүхийн шийдвэрээр авах ёстой докторын зэргийн нэмэгдэл нь 985 216 төгрөг болж байна. Ийнхүү тооцсон шалтгаан нь өмнөх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр нь “ нэмэгдлийн тооцоог тооцон бодож” олгохыг зааснаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.5-д зааснаар нэхэмжлэлийн үнэ буюу хэмжээг шүүхээс тодорхой болгож тодорхойлсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай холбоотой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дах заалтыг, мөн “985 216” төгрөгийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох заалтыг тус тус нэмж оруулж хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн үзлээ. Нэхэмжлэгч шаардаж буй нэхэмжлэлийн үнийг тодорхойлсон байх тул хэрэгсэхгүй болгож байгаа дүнд нь нийцүүлж засах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцнэ.

 

Хариуцагчийн “нэхэмжлэгч бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй тул цалин хөлс авахгүй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийг өнөөдрийг хүртэл ажилд нь аваагүйд нэхэмжлэгч өөрөө буруутай байсан гэх үндэслэл тогтоогдоогүй, “Захиргааны хэргийн шүүхэд докторын зэргийн нэмэгдлийн талаар нэхэмжлэл гаргаагүй гэх гомдол ч захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлт болон тогтоох хэсгийн заалтуудаар няцаагдаж байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2018/02125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “даалгасугай” гэснийг “ даалгаж нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 491 265 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Анын Цт холбогдуулан гаргасан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны докторын зэргийн нэмэгдэл 985 216 төгрөг олгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Цын давж заалдах журмаар гаргасан гомдол нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурьдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                           ШҮҮГЧИД                                                    Ч.ЦЭНД

 

                                                                                                Ш.ОЮУНХАНД