Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
Хэргийн индекс | 136/2020/00069/И |
Дугаар | 136/ШШ2020/00039 |
Огноо | 2020-01-21 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 136/ШШ2020/00039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Иргэний хэргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: х, Д аймаг дахь Цагдаагийн газар /РД:9......1/-ын нэхэмжлэлтэй,
Монгол улсын иргэн, Н овогт Огийн Огийн /РД:Е.....4 /-ийг архины албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч О.У, гуравдагч этгээд О.Огийн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч О.У би Сайншанд сумын 2,3 дугаар багийг хариуцсан хэсгийн байцаагчаар ажилладаг ба Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн Эрх чөлөөний 16 дугаар байр 12 тоотод оршин суух Оюунбилэг овогтой Огийн нь /Е...6.6.6.6.6/ Сайншанд сумын 2,3 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр орондоо болон олон нийтийн газарт бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурч, орчин тойрны эрүүл аюулгүй байдлыг алдагдуулж, биеэ зүй бус авч явдаг, согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд байгаа тул дээрх иргэнийг архины албадан эмчилгээнд хамруулж өгнө үү гэв.
Гуравдагч этгээд О.Огийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өмнө нь архины албадан эмчилгээнд явж байсан. Би уухаараа 1 сар архи уудаг, уухгүй байхдаа 2 сар архи уудаггүй. Би албадан эмчилгээнд явах хүсэлгүй байна. Архины албадан эмчилгээний эмч нар их дарамталдаг гэж сонссон гэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Дорноговь аймаг дахь Цагдаагийн Газар нь О.Д архины албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
О.Огийн нь архины албадан эмчилгээнд явахгүй гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан болно.
О.Огийн нь архи согтууруулах ундааг байнга хэрэглэж, архинд донтох өвчний 3 дугаар зэрэгтэй болох нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Согтуурах, мансуурах донтой өвчтэй эсэхийг тогтоосон эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-11/
Мөн тэрээр архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулдаг болох нь Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нийгмийн ажилтан Ж.Нцэрэнгийн тайлбар, тус багийн хэсгийн ахлагч Л.Өнөрмөнхийн тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, Захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэл зэргээр тогтоогдож байх тул түүнийг архины албадан эмчилгээнд явуулах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар Н овогт Огийн Огийн /РД:Е...6.6.6.6.6 /-ийг архины албадан эмчилгээнд хамруулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар О.Д албадан эмчилгээний хугацаа нь түүний эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын зөвлөгөөний дүгнэлтийг үндэслэн гаргасан шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг мэдэгдсүгэй.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д зааснаар О.Д албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7-д зааснаар М.О.Д албадан эмчлэх тухай энэхүү шийдвэрийг түүний гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнд ажлын таван өдрийн дотор мэдэгдэхийг цагдаагийн байгууллагын алба хаагчид үүрэг болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдснийг дурдсугай.
6.Энэхүү шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛГИРМАА