Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 155/ШШ2018/01714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл-АЗЗА ТӨХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн *********************** оршин суух, О овогт Н Б /*****************

Хариуцагч: Хөвсгөл аймгийн ******************** оршин суух, И  овогт С-ийн  Ө /*******************/ нарт холбогдох

Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар төлүүлэхээр ногдуулсан 52.212.120 /тавин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг 2018 оны 10 дугаар сарын 01ы өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, иргэдийн төлөөлөгч Б.Батцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А , хариуцагч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл-АЗЗА ТӨХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ2013 оны 8-10 сард Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл АЗ-ЗА ТӨХК-ийн 2011-2012, 2013 оны эхний хагас жилийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн бөгөөд тухайн шалгалтаар удирдах албан тушаалтан Н.Б, нягтлан бодогчоор ажиллаж байсан С.Ө, нярав Чинболд нар нь тухайн байгууллагыг удирдаж ажиллаж байх хугацаандаа хууль, дүрэм журамд заасан үүргээ зохих журмын дагуу хэрэгжүүлээгүйн улмаас байгууллагад их

хэмжээний дутагдал үүсгэж хохироосон болохыг тогтоож, буруутай албан тушаалтнаар хохирлыг төлүүлэх арга хэмжээ авахуулахаар нийт 15 төрлийн актаар төлбөр ногдуулсан. Хариуцагч нарын эдгээр хууль бус үйлдлийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар эрүүгийн хуулийн 150-р зүйлийн 150.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч хариуцагч нар компанид учруулсан хохирлыг сайн дураар бүрэн төлж барагдуулахаа илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учир гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг нь Өршөөл үзүүлэх хуулиар гэм буруутай үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэвч хариуцагч нар сайн дураар улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд

1-рт: Хариуцагч Н.Б, С.Ө нараас:

- Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/429 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 5.000.000 төгрөг

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/430 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 10.923.000 төгрөг

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-20-30-ний өдрийн 23-08-036/431 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 6.391.000 төгрөг

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/433 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 6.000.000 төгрөг, нийт 33.695.000 /гучин гурван сая зургаан зуун ерэн таван мянга/ төгрөгийг тэнцүүлэн гаргуулж өгнө үү

2-рт: Хариуцагч Н.Бэс:

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/435 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 7.043.000 /долоон сая дөчин гурван мянга/ төгрөгийг гаргуулж өгнө үү.

3-рт: Хариуцагч С.Өаас:

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/426 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 39.120 төгрөг

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/428 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 594.000 төгрөг

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/434 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 7.067.000 төгрөг

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/438 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 1.550.000 төгрөг нийт 9.250.120 /есөн сая хоёр зуун тавин мянга нэг зуун хорь/ төгрөгийыг гаргуулж төлүүлж өгнө үү

4-рт: Хариуцагч С.Ө, Чинболд нараас:

-  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/427 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 2.224.000 төгрөг /хоёр сая хоёр зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж өгнө үү.

Дээрхи 3 хариуцагчаас гаргуулбал зохих нийт төлбөр 52.212.120 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Авто зам засварын ХХК-ийн асуудал биш. Авлага үүссэн өр дундаа авлага үүсгэчихээд он гарангуут тус авлагыг танаас би 5.000.000 төгрөгийг авах ёстой байсан боловч он гараад тус мөнгийг аваагүй оронд нь бараа материал ч аваагүй. Ямар ч ажил хийгээгүй байж данснаас хассан байгаа чинь хууль зөрчсөн үйлдэл. Мэргэжлийн хяналтын акт үндэслэлгүй биш. Мэргэжлийн хяналтынхан гэдэг чинь бүгд мэргэшсэн нягтлан бодогч нар байж таарна. Би харин ч шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн 2 актыг хүлээж авч нарийн шалгаж үзэлгүйгээр энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд нэхэмжлэлийн шаардлагаас хасна гэсэн байгаа. Миний зүгээс энэ асуудлыг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд: Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 036/429 тоот актаар шийдвэрлүүлэхээр тогтоосон 5.000.000 төгрөг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 036/430 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 10.923.000 төгрөг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 036/433 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 6.000.000 төгрөг, хариуцагч С.Өаас 426 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 39.120 төгрөг, 428 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 594.000 төгрөг, мэргэжлийн улсын байцаагчийн 434 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 7.067.000 төгрөг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 10 дугаар сарын 30-ны өдөр тогтоосон 438 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 1.550.000 төгрөг нийт С.Өаас 9.250.120 төгрөг, Н.Б, С.Ө нараас 33,695,000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан байснаас өнөөдрийн 2 актад тусгагдсан 6.391.000 төгрөгийг хасаад 21.304.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулах, хариуцагч С.Ө, Чинболд нараас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 427 тоот актаар төлүүлэхээр тогтоосон 2.224.000 төгрөг тус тус буюу нийт 52.212.120 төгрөг нэхэмжилснээс 2 актын төлбөрийг хасаад 32.285.120 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Н.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 420, 430, 431, 433, 435-р актаар тогтоосон гэх 35.357.000 төгрөгний нэхэмжлэлд дараах тайлбарыг өгч байна.

1. МХГ-ын 420-р актанд Гашууны гол компанитай холбоотой 5,0 сая төгрөгийг ашиглаагүй нь үнэн болох талаар 2015.6.29-нд Хөвсгөл аймгийн эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлтийн 10-рт Энэ нь зардал хэтрүүлэхгүйн тулд дараа жилд шилжүүлсэн дансны бичилт байсан учир ашигласан үйлдэл харагдахгүй байна гэсэн. Иймд дээрхи мөнгийг ашиглаагүй.

2. Акт 430-д Шинжээчийн дүгнэлтийн Хариулт №11-д 2012 оны эцэст 10.923.000 төгрөгийг авлага болгож тайланд тусгаад үүссэн авлагаа 2013 оны 1-р улиралд орлого авч дуусаагүй үйлдвэрлэл дансанд хааж бичсэн дансны бичилт байсан учир ашигласан үйлдэл гэж харагдахгүй байна гэсэн дүгнэлт нь дээрх мөнгийг ашиглаагүй нь нотлогдож байна.

3. Актын 431-д 6.391.000 төгрөг ашигласан байж болох талтай гэсэнд Алтандуулга ХХК-д 2011 онд 11,1 сая төгрөгний техник түрээслэх гэрээ хийж 2011.05.23-нд гэрээ дүгнэсэн акт байх бөгөөд Алтандуулга ХХК нь 3.788.176 төгрөгийг шилжүүлж гэрээ дуусгавар болсон. Бид Алтандуулга ХХК-д 6.391.000 төгрөгний ажил хийгээгүй учир санхүүжилт олгогдоогүй.

4. МХГ-ын 433-р Актын тайлбар:Төрийн өмчийн хорооны 2011.11.24-ний өдрийн 531-р тогтоолоор Хөвсгөл-АЗЗАТӨХК-ний УБА98-78 форд экспедишн машиныг 6.0 сая төгрөгөөр зарах шийдвэр гарч иргэн Д.Бат-Аюуш 2012.05.15-н холбогдох дансанд 6.1 сая төгрөгийг шилжүүлсэн гэснийг мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлт №7-д хууль зөрчөөгүй гэж тогтоосон.

5. МХГ-ын 435-р Актын тайлбар: Б.Баттулгад бодогдсон цалинд 7.043.000 төгрөгийн акт тавигдсан боловч Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус мэргэжлийн комиссын шинжилгээний дүгнэлтээр Б.Баттулгад 2011-2013 онд Төлөөлөн удирдах зөвлөлөөс батлагдсан орон тоо гүйцэтгэх захирлын тушаалтайгаар цалингийн тооцооны хүснэгтээр бүгд 5.821.436 төгрөгний цалин авсан байгаа нь хууль завшсан гэх үндэслэл алга гэж Дүгнэлтийн хариулт 16-д бичсэн.

Б.Баттулгын өдөр тутам хийсэн ажлын гүйцэтгэлийн дэвтэр байгаа. Иймд аймгийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Д.Оюундаваагийн тавьсан Акт үндэслэл байхгүй Акт тавигдсан эзэд нь хүлээн зөвшөөрөөгүй зүйлийг шүүхэд шилжүүлсэн асуудалд гомдолтой байна гэжээ.

Хариуцагч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн гаргасан дүгнэлт бол надад огт танилцуулагдаагүй, гарын үсэг зурж баталгаажуулсан зүйлгүй. Цагдаа хууль хяналтын байгууллагад хүргэгдсэн гэдэг. 2 дугаарт: Үүнд энэ актууд зөв үү буруу юу гэдэг дээр Хөвсгөл аймгийн эдийн засгийн шинжээчийн орон тооны бус шинжээчдээр 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шинжилгээ хийлгэсэн. Үүнд миний хариулж чадах зүйл бол 429 дүгээр актад Гашууны гол үүнд: Хэтрүүлсэн үнийн дүнг дараа жилд ашигласан үйлдэл харагдахгүй байна гэсэн байдаг. 2 дугаарт: 430 дугаар актад шинжээчийн дүгнэлтэд 2012 оны эцэст 10.923.000 төгрөгийг авлага болгож тайланд тусгасан үүссэн авлагаа 2013 оны 1 дүгээр улиралд авлага авч, дуусаагүй үлдэгдэл дансанд хааж бичсэн дансны бичилт байсан учир ашигласан гэж харагдахгүй байна гэж шинжээч дүгнэсэн байдаг. Би өөрөө дансны бичилтийг өөрөө тайлбарлаж чадахгүй учир шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож тайлбарлаж байна. Ө өөрөө шүүх хуралдаанд оролцсон бол энэ тал дээр дэлгэрэнгүй тайлбар өгөх байсан байх. Надад өөр мэдэх зүйлгүй. Бусад актуудын хувьд Шавартын давааны тухайд 30 сая төгрөгийн гэрээг аймгийн төрийн сантай гэрээ байгуулаад очсон чинь сонгууль болох гээд байна. Наад ажлыг чинь хийлгэх үгүйг Жигжидсүрэн гэх нутгийн бизнесмен нь мөнгийг нь шалгаж, шатахууныг нь хийж, ажилчдын цалин өгч үйлдвэрлэлийн зардлыг өгөөд гэрээгээ 1.7 км зам засах байсныг 2.2 болгож засуулаад гэрээг дүгнэж хааж энэ талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсарган асуудал байхгүй талаар хянасан байдаг. Үүнээс мөнгийг Галтын төрийн сан руу оронгуут Жигжидсүрэн аваад явсан болохоос биш манайд авсан ашигласан зүйлгүй. Би гэрээг хийгээд дүгнэлтийг нягталж шалгасан. Тухайн ажил үүргийг гүйцэтгэсэн инженерүүдийн ажил сайн хийгдсэн талаар одоог хүртэл ярьдаг. Тэр 30 сая төгрөг манай байгууллагаар огт дамжаагүй юм. Гашууны голд 5.000.000 төгрөгийн түлш шилжүүлж өгөөд бид түүнийг авч хэрэглээд замын ажилд зарцуулагдсан. Хувьдаа шамшигдуулсан зүйлгүй гэв.

Хариуцагч С.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С.Ө нь Хөвсгөл-АЗЗА ТӨХК-д 2006 оноос 2013 оны хооронд нягтлан бодогчоор ажиллаж ирсэн ба 2013 онд Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн санхүүгийн шалгалтаар тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Б, С.Ө нарт 15 актаар 135661,9 сая төгрөгийн төлбөр гээд зөрчлийг арилгахыг даалгасан шийдвэр гаргасан.

Уг 15 ширхэг актыг гүйцэтгэх захирлаар томилогдсон Б.Чимэдцэрэн нь 2013 оны 12 сард аймгийн цагдаагийн байгууллагад 2 жилийн хугацаанд шалгуулж 2015 оны 11 сарын 25-ний өдөр тэдгээрт үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол гаргасан ба ингэхдээ Н.Б, С.Ө нарын хийсэн хэргээ хүлээж байна, хохирлыг барагдуулна гэсэн 2015 ны 11 сарын 24-ний өдрийн мэдүүлгээр нотлогдсон болгож Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулсан юм. Хэрэгт холбогдогчийн үгээр хэргийг нотлогдсон болгож үнэндээ 2 жил залхсан.

135661,9 сая төгрөгийн төлбөрийг байна гэж үзэж аймгийн МХГ-аас акт тогтоосныг цагдаагийн байгууллага нь Эдийн засгийн шинжилгээний орон тооны бус комиссын шинжээчийн багаар дүгнүүлж, дүгнэлтээр дээрх төлбөр нь Н.Б, С.Ө нараар төлүүлэх төлбөр биш харин санхүүгийн зөрчил байна гэж үзэж, татварын өрийг Хөвсгөл АЗЗА ТӨХК төлөх ёстой гэсэн шийдвэрийг гаргасан юм. Үнэнийг хэлэхэд Н.Б, С.Ө нарыг ийм их хэмжээний мөнгө хөрөнгийг хувьдаа ашиглаж шамшигдуулсан гэж үзэх хандлага одоо хүртэл байсаар байгаа ба цагдаагийн байгууллагын болон аймгийн Прокурорын газрын тогтоолоор тэднийг байгууллагыг хохироогоогүй байна, харин татварын өрийг байгууллага төлөх ёстой гэсэн болно.

Байгууллагын ажлын онцлогоос шалтгаалан тухай бүрийд нь санхүү, нягтлан бодох бүртгэлийг бүрдүүлэх боломжгүй байдаг ба учир нь уг байгууллага өнөөдөр зам засаад Хөвсгөлд, маргааш Монголын баруун, зүүн хязгаар, хот тосгон, суурин гээд аль хэрэгтэй газар, тендерийн үр дүнгээр болон төрөөс даалгасан ажлыг хийдэг бөгөөд энэ нь баримт дутуу бүрдэх, хугацаа хоцрох заримыг хөөцөлдөх байж бүрдүүлж авах зэрэг хүндрэл үүсгэдэг, үүнийг санхүүгийн, мэргэжлийн хяналтын байцаагч нар төдийлөн ойлгодоггүй, хүсдэггүй акт тавьдаг болно. Гэсэн хэдий ч дээрх акттай холбоотой ажил бүгд хийгдэж зохих байгууллага хийсэн ажлын үр дүнг хүлээн авч Улсын комисс хүлээн авсан акт гаргасан болно.

Иймд дараах үндэслэлээр Хөвсгөл-АЗЗА ТӨХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

15 актаар тогтоосон гэх 135661,9 сая төгрөгийн 52.212.120 төгрөгийг Н.Б, С.Ө Чинболд нараас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2016 оны 2 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 1-ний өдөр шийдвэрлэсэн. Олон удаагийн шүүх хуралдаан, мэтгэлцээний үр дүнд уг байгууллагын зүгээс нэхэмжлэлийг татан авсан бөгөөд шүүх 2016 оны 12 сарын 1-ний өдрийн 55 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр болно.

Уг акттай холбоотой маргааныг тус аймгийн Цагдаагийн байгууллага шалгаж 15 актаар тогтоосон гэх 135661,9 сая төгрөгийг Н.Б, С.Ө нар хариуцах үндэслэлгүй, санхүүгийн зөрчил гэж үзсэн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2015 оны 11 сарын 25-ны өдрийн 419 тоот тогтоол мөн хуулийн хүчин төгөлдөр байгаа болно. Түүнд татвартай холбоотой төлбөр байгаа ба энэ нь байгууллага төлөх төлбөр болно гэжээ.

Хариуцагч С.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрхэм шүүгч нараа би та бүхэнд байгууллагатай холбоотой хэдэн зүйлийг ойлгуулахыг хичээж байна. Энэ байгууллага маань өөрөө хүнд нөхцлийн ажил хийдэг . Тиймдээ ч маш их мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг. Дээрээ нэг дарга, нэг нягтлан, нэг няравтай. Хүлээж авсан ажил үйлчилгээнээс шалтгаалан хүрч очих зэргээс явдал ихтэй ажил үйлчилгээг тэр бүр баримтжуулаад байх боломж муутай байдаг. Үүнээс болоод хэрэг болоод байгаа талаараа хэлж байнга мөнгө санхүүгийн асуудал яригддаг. Энэ төлөвлөгөөт бусаар хийгдэх явдал цөөнгүй. Үүнээс үүдэлтэйгээр санхүүгийн баримт дутуу үйлдэгдэх орхигдох явдал гарах магадлалтай их эрсдэлтэй. Мөн ажил үйлчилгээний үзүүлэлтээс улбаалан зарим хүмүүсийг ажлаас халах асуудал цөөнгүй. Гэтэл хүмүүс маань халагдсан даруйдаа цагдаа шүүхээр шууд явдаг. Нэхэмжлэгч талын гол баримтлаад байгаа 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 419 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол байгаа. Энэ тогтоолыг яаж гаргасан гэхээр санхүүгийн 15 байцаагчийн актыг үндэслэн үүнээс мөнгө идсэн байх магадлалтай гэж үзээд цагдаад өгсөн байдаг. Тэгээд энэ хэрэг маань эцэслэн шийдвэрлэгдсэн. Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Хөвсгөл аймгийн АЗЗА ТӨХ ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны талаар хяналт явуулан 15 актаар 135 сая төгрөгийн төлбөр барагдуулах эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж явж явж байгаад хэргийг Нэмэгдсэн өртгийн албан тооттой холбоотой 212.207.963 төгрөг байна гэж хаасан байдаг. Гэтэл одоо энэ 15 актад энэ 135 сая төгрөг гэж огт байхгүй. Энэ бол санхүүгийн зөрчил байжээ бүртгэл нь хэзээ хойно бүрддэг янз бүрийн байдлаас болоод акт үйлдэгддэг. Жишээ нь трактор шатсан гээд акт байдаг үүнийг дараа нь баримт нь бүрдээд хаасан байх жишээтэй. Ямар үндэслэлээр трактор шатсан талаар дурддаггүй. Энэ мэтээр зөрчил гарч тэр нь акт болж төлбөрийн асуудлыг бий болгодог. Гэхдээ дан ганц акт нотлох баримт болохгүй. Албан тоот нь эдний байгууллагад гаргасан болохоос биш хариуцагчаар оролцож байгаа 2 хүнд хамааралгүй зүйл. Актууд үүгээр үүсгэгдэж байгаа боловч эргэлзээтэй хэвээр байгаа. Мөн 429 тоот акт буюу Гашууны голын зорилтод төсөв шатахууны зардалд 5.000.000 төгрөг хэтэрсэн тул зардал бий болгож авлага үүсгэсэн байна. Энэ зардлаа хэтрүүлэхгүйн тулд дараа жилд шилжүүлсэн дансны бичилт байсан учир ашигласан үйлдэл харагдахгүй байна гээд аймгийн газрын засаг даргын тамгын газрын эдийн засгийн шинжилгээний орон тооны зөвлөл дүгнэсэн. Дараа нь 10.923.000 төгрөг байгаа. Үүнийг эдийн засгийн шинжилгээний дүгнэлтэнд 2012 оны эцэст тус мөнгөн дүнгийн авлага болгож тайланд тусгаад үүссэн авлагаа 2013 оны 01 дүгээр сарын үед үйлдвэрлэлд дансанд хааж бичсэн дансны бичилт байсан учир ашигласан гэх үйлдэл харагдахгүй байна гэж мөн дүгнэсэн байдаг. Дараа нь Алтандуулга ХХК-тай холбоотой 6 сая төгрөгийн асуудал байгаа. Үүнийг Алтандуулга ХХК байгаа материалаас харахад ашигласан зүйлгүй гэж мөн дүгнэж тус бүр үгүйсгэгдсэн байдаг. Иймд акт тус бүрийг үндэслэх үү? Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэх үү гэдэг дээр эргэлзээ төрөөд байгаа. Иймд гол баримтуудыг үндэслэхгүй байх нь хэргийг тал бүрээс нь шинжлэн судалж хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх үйл явцад сөрөг нөлөөтэй байх болно. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хөвсгөл-АЗЗА ТӨХКомпани нь хариуцагч Н.Б, С.Ө нарт холбогдуулан гэм хорын хохирол буюу мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар тогтоогдсон төлбөр болох 52.212.120 / тавин хоёр сая хоёр зуун арван хоёр мянга нэг зуун хорь/ төгрөгийг хариуцагч Н.Б, С.Ө нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг багасгаж 32.285.120 / гучин хоёр сая хоёр зуун наян таван мянга нэг зуун хорь/ төгрөгийг нэхэмжилжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актууд, мөн Хөвсгөл аймгийн Прокурорын газрын прокурорын тогтоол зэрэг болно гэж тайлбарлаж, нэхэмжлэлийнхээ шаардлагыг хариуцагч Н.Б, С.Ө нараас Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/429 тоот актаар тогтоогдсон 5.000.000 сая төгрөг, 23-08-036/430 тоот актаар тогтоогдсон 10.923.000 төгрөг, 23-08-036/433 тоот актаар тогтоогдсон 6.000.000 төгрөг нийт 21.923.000 төгрөгийн төлбөрийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах,

Хариуцагч С.Өаас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/426 тоот актаар тогтоогдсон 39.120 төгрөг, 23-08-036/428 тоот актаар тогтоогдсон 594.000 төгрөг, 23-08-036/434 тоот актаар тогтоогдсон 7.067.000 төгрөг, 23-08-036/438 тоот актаар тогтоогдсон 1.550.000 төгрөг, 23-08-036/427 тоот актаар тогтоогдсон 2.224.000 төгрөгийн тал хувь буюу 1.112.000 төгрөг, нийт 10.362.120 төгрөгийн төлбөрийг гаргуулахаар тодруулж, нэхэмжлэлд дурьдсан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/431 тоот актаар тогтоогдсон 6.391.000 төгрөгийг хариуцагч Н.Б, С.Ө нараас, 23-08-036/435 тоот актаар тогтоогдсон 7.043.000 төгрөгийг хариуцагч Н.Бэс гаргуулахаас татгалзсан болно.

Хариуцагч Н.Б, хариуцагч С.Өын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Хариуцагч нар Хөвсгөл АЗЗА төрийн өмчит хувьцаат компанид захирал, нягтлан бодогчоор 2006-2013 онд ажиллаж байсан нь хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, 2006 оны 10 дугаар саын 13-ны өдрийн Хөвсгөл-АЗЗА ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 05 дугаартай 1.Хөвсгөл-АЗЗА ХК-ийн Гүйцэтгэх захирлаар Н.Болд-Эрдэнийг томилсугай... гэх Тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, мөн өдрийн Хөвсгөл-АЗЗА ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 02 дугаартай ...нягтлан бодогчоор С.Ө нарыг тус тус түр хугацаагаар томилохыг... гэх Тэмдэглэлээс нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б/43 дугаартай Хөвсгөл аймгийн зам барилга засвар арчлалтын Хөвсгөл АЗЗА ТӨХК-ийн захирлын ...1. С.Ө... гаргасан тул 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсүгэй... гэх Тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаар,

Хариуцагч Н.Б, С.Ө нар нь тус компанид захирал, нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа буюу 2011-2012 он, 2013 оны эхний хагас жилд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4-д заасан Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл үйлчилгээний шат, дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ гэсэн үүргээ, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 3-д заасан Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөнөөс нэхэмжлэгч байгууллага болох Хөвсгөл-АЗЗА ТӨХКомпанид хохирол учруулсан, уг үйлдэлд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газар хариуцагч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол зэргээр тус тус тогтоогдлоо.

Хөвсгөл-АЗЗА ТӨХКомпани нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар байгууллага өөрт учирсан хохирлоо тухайн гэм буруутай этгээдээс шаардан гаргуулах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Учир нь: 2012 онд Гашууны гол ХК-д шатахуун өгч 5000.000 төгрөгийн авлага үүсгэсэн ба энэ авлагыг 2013 он эхний хагас жилд авлага барагдуулсан ямар нэг нотлох санхүүгийн баримтгүйгээр хааж данснаас хасаж бичсэн,

2012 онд бэлэн мөнгөөр асьфальт, бетон хольц авсан гэж зарлага гаргаж, орлого авсан боловч зарцуулалтын баримт байхгүй үүнээс 10.923.000 төгрөгийг Орхон АЗЗА ХК-аас авлага болгож тайлан балансад тусгаад 2013 оны эхний хагас жилийн балансад уг авлагыг ямар нэгэн баримтгүйгээр үндэслэлгүйгээр хааж бичсэн,

2012 онд аймгийн замын сангаас Галт сумын шаврын даваа /дунд даваа/-г хасах эрх нь тус суманд шилжиж 6-р сард 30000.0 мянган төгрөг Галт сумын төрийн санд шилжүүлж тус компани уг ажлыг гүйцэтгэсэн ба ажлын гүйцэтгэлийг Хөвсгөл АЗЗА ТӨХК нь Аймгийн төрийн санд 31388.5 мянган төгрөгөөр хийж өгсөн байна. Уг ажлыг урьдчилан хувь иргэнээс мөнгө зээлж 6-р сард хийсэн гэх ба Галт сумын төрийн сангаас 8-р сард 4000.0 мянган төгрөг байгууллагын дансанд 25000.0 мянган төгрөг иргэн Жигжидсүрэнгийн дансанд шилжүүлсэн, түүгээрээ 1000.0 мянган төгрөгийг зарцуулсан байна. АЗЗА ТӨХК-ийн данс, болон кассад 23200.0 мянган төгрөг шилжин ирж, байгууллагын борлуулалтын орлогын тооцоонд 23200.0 мянган төгрөг шилжин ирж, байгууллагын борлуулалтын орлогын тооцоонд 23200.0 мянган төгрөгөөр тооцогдсон ба 6000.0 мянган төгрөг дутагдсан зэрэгт Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагч хариуцагч Н.Б, С.Ө нараар төлүүлэхээр,

2011,2012 онд няравын тайланд тусгаагүй боловч складад байгаа шатахуун гэж баланс тайланд үлдэгдлээр тооцож ирсэн шатахууны 7067.0 төгрөгийг 2013 оны эхний хагас жилийн балансад зарцуулалтын баримтгүйгээр хассан,

2011 оны 5-р сарын 31-нд Хадгаламж банкны 20000003025 тоот дансаар 594.0 мянган төгрөг Хургатай хайрхан ХХК-аас тээврийн хөлс гэж шилжиж орсон ба 2011 оны 6-р сарын 2-нд нягтлан бодогч С.Ө чехээр бэлнээр данснаас авсан бүртгэл тооцоонд тусгаагүй, холбогдох баримтгүй,

2012 оны 3-р сарын 29-ны Төрийн өмчийн хорооны 110 дугаар тогтоолоор гурван удаагийн дуудлага худалдаагаар худалдан авагч ирээгүй / дуудлага худалдааны баримт байхгүй/ гэж 4000.0 мянган төгрөгийн балансын үнэтэй Виста 24-54 хөв маркын машиныг акталж сэлбэгээр худалдахыг зөвшөөрч, сэлбэгээр худалдах доод үнийг 200.0 мянган төгрөгөөр тогтоож уг машиныг балансаас хассан байтал акталж зарснаас хойш уг машиныг нягтлан бодогч С.Өын хувьд ашиглагдаж байгууллагаас 137.8 мянган төгрөгийн тосол,сэлбэг, 1412.2 төгрөгийн шатахууныг 2013 оны 3 сар дуустал авч хэрэглэсэн зэрэгт Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагч хариуцагч С.Өаар төлүүлэхээр,

2011 оны 5-р сард 949.8 мянган төгрөг, 6-р сард 1074.6 мянган төгрөг, 8-р сард 200.0 мянган төгрөг бүгд 2224.4 мянган төгрөгийн шатахууныг шатахууны тайланд кассд бэлэн мөнгөөр гэж зарлага гаргасан боловч уг шатахууны мөнгө данс болон кассд тушаагдаагүйд Монгол улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагч хариуцагч С.Ө, Т.Чинболд нараар төлүүлэхээр тогтоосон актуудыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлсэн байна.

/ Дээрхи 2.224.400 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ 2.224.000 төгрөг гэж нэхэмжлэн 400 төгрөгөөр зөрүүлсэн байх бөгөөд үүнийг нэхэмжилсэн дүнгээр авч үзсэн болно/

Уг Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актуудад тухайн актыг эс зөвшөөрвөл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргах эрхтэй талаар дурьдсан, нягтлан бодогч С.Ө актуудтай танилцаж гарын үсэг зурсан байх ба хариуцагч С.Ө, Н.Б нар нь тухайн актуудад гомдол гаргасан баримтыг шүүхэд ирүүлээгүй,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ... хариуцагч Болд-Эрдэний гаргаж өгсөн акт нийлсэн баримт шиг юм уу, эсвэл анхан шатны санхүүгийн баримт нь байгаад аваад ирвэл одоо ч актаар тавигдсан төлбөрийг хааж, нэхэмжлэхээс татгалзаж болно... гэж тайлбарласан ба 23-08-036/430, 23-08-036/431, 23-08-036/434 дугаартай актуудад тооцоог дахин шалгуулах эс биелвэл ... нягтлан бодогч С.Ө нарт хариуцуулав гэсэн байна.

Гэвч хариуцагч нар тухайн актанд заагдсан зөрчлийг дахин шалгуулсан талаар баримт ирүүлээгүй дахин шалгуулах гэж заасан нь эс биелсэн тул тухайн актууд хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй,

Харин нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хариуцагч С.Өаас мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013-10-30-ний өдрийн 23-08-036/426 тоот актаар 39.120 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжилсэн боловч тухайн актыг хэрэгт өгөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцох нь зүйтэй,

Мөн хэрэгт нэхэмжлэгч байгууллагаас Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/432 тоот актыг хавсарган ирүүлсэн боловч энэ талаар нэхэмжлэлдээ дурьдаагүй шүүх хуралдаанд нэхэмжилж тайлбарлаагүй тул тухайн актыг хэрэгт хамааралгүй ач холбогдолгүй баримт гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь актанд Н.Б, С.Ө нараар төлүүлэхийг заасан актанд тавигдсан мөнгөн дүнг хариуцагч нараар хувь тэнцүүлэн, дангаараа хариуцахаар заасан мөнгөн дүнг хариуцагч тус бүрээр, хариуцагч С.Ө, нярваар ажиллаж байсан Чинболд нараар төлүүлэхээр тавигдсан мөнгөн дүнг хувь тэнцүүлэн С.Өаар төлүүлэхээр нэхэмжилж байна гэж тайлбарласан ба хариуцагч, болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд актаар тавигдсан төлбөрийг зөвшөөрөхгүй гэж маргаснаас талуудад хэрхэн хуваарилах талаар маргаж мэтгэлцээгүй,

Хариуцагч Н.Б болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ хувьдаа ашигласан зүйлгүй, анхан шатны санхүүгийн баримт дутуу учраас тооцоотой гарсан, анхан шатны баримт бүрдүүлэхэд байгууллагын онцлогоос шалтгаалан нилээд хүндрэлтэй байдаг, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт хууль ёсны биш, сүүлд гарсан орон тооны бус мэргэжлийн комиссын санхүүгийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэж тайлбарлах боловч энэ талаархи нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт нь иргэний хэргийг шийдвэрлэхэд хамааралгүй, эрүүгийн хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлт байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасаншүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, баримтыг цуглуулах гаргаж өгөх гэсэн үүргээ биелүүлээгүй болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нь 15 актаар тогтоосон гэх 135661,9 сая төгрөгийн 52.212.120 төгрөгийг Н.Б, С.Ө, Т.Чинболд нараас гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүх 2016 оны 2 сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 1-ний өдөр шийдвэрлэсэн. Олон удаагийн шүүх хуралдаан, мэтгэлцээний үр дүнд уг байгууллагын зүгээс нэхэмжлэлийг татан авсан бөгөөд шүүх 2016 оны 12 сарын 1-ний өдрийн 55 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр шийдвэр учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц  шүүх хуралдаанд 2016 онд нэхэмжилсэн дүн утга нь огт өөр болсон. Үндэслэлгүй ямар ч зүйл байхгүй. Б, Ө нараас гаргуулах актууд дотроос түүж авсан... гэж тайлбарлаж мэтгэлцэж байх боловч Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн тогтоолыг шүүхэд ирүүлээгүй байна.

Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7.Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна заасан байгаа нь хариуцагч Н.Б, С.Ө нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, дээрхи тогтоосон актаар төлөх төлбөрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас,эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т Гэм хор учруулахдаа хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах ...,

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учрууллахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан байх тул хариуцагч Н.Б, С.Ө нар нь Хөвсгөл-АЗЗА ТӨХКомпанид учруулсан гэм хорын хохирлыг төлөх үүрэгтэй байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Н.Бэс Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/429 тоот актаар тогтоогдсон 5.000.000 сая төгрөг, 23-08-036/430 тоот актаар тогтоогдсон 10.923.000 төгрөг, 23-08-036/433 тоот актаар тогтоогдсон 6.000.000 төгрөг нийт 21.923.000 төгрөгийн төлбөрийн тал хувь буюу 10.961.500 төгрөгийг,

Хариуцагч С.Өаас Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 23-08-036/429 тоот актаар тогтоогдсон 5.000.000 сая төгрөг, 23-08-036/430 тоот актаар тогтоогдсон 10.923.000 төгрөг, 23-08-036/433 тоот актаар тогтоогдсон 6.000.000 төгрөг нийт 21.923.000 төгрөгийн төлбөрийн тал хувь буюу 10.961.500 төгрөг, 23-08-036/428 тоот актаар тогтоогдсон 594.000 төгрөг, 23-08-036/434 тоот актаар тогтоогдсон 7.067.000 төгрөг, 23-08-036/438 тоот актаар тогтоогдсон 1.550.000 төгрөг, 23-08-036/427 тоот актаар тогтоогдсон 2.224.000 төгрөгийн тал хувь буюу 1.112.000 төгрөг нийт 21,284,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэлийн шаардлагаас 23-08-036/426 тоот актаар тогтоогдсон 39.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Бэс 10.961.500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 190.334 төгрөгийг, хариуцагч С.Өаас 21.284.500 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 264.372 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Н.Бэс 10.961.500 /арван сая есөн зуун жаран нэгэн мянга таван зуу/ төгрөгийг, хариуцагч С.Өаас 21.284.500 /хорин нэгэн сая хоёр зуун тавин есөн мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39.120 /гучин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Н.Бэс 190.334 / нэг зуун ерэн мянга гурван зуун гучин дөрөв/ төгрөгийг, хариуцагч С.Өаас 264.372 /хоёр зуун жаран дөрвөн мянга гурван зуун далан хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН