| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2020/0148/Э |
| Дугаар | 0076 |
| Огноо | 2020-09-16 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 17.7.1., |
| Улсын яллагч | Б.О |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 0076
У.Хт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 171/2020/0148/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Б.О
Шүүгдэгч У.Х
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан хийж
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолтой, У.Хт холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэг илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х овогт У-н Х.
У.Х нь хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овгийн У-н Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 5 /таван/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногоор тооцон нэмж, Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 1 сарын хугацаагаар тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 жил 1 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хын Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолд дурьдсан 528 хоног, уг тогтоолоос хойш цагдан хоригдсон 81 хоног, нийт 609 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол У.Хт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хаас 6.580.900 төгрөг гаргуулж, хохирогч Ж.У-т 181.400 төгрөг, хохирогч Д.А-д 500.000 төгрөг, хохирогч М.Х-т 3.148.000 төгрөг, хохирогч Т.А-т 850.000 төгрөг, хохирогч Ч.Б-д 427.500 төгрөг, хохирогч Г.С-д 809.000 төгрөг, хохирогч Д.О-т 215.000 төгрөг, хохирогч Р.Б-д 450.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.И-д 35.000 төгрөгийг тус тус олгох,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч, шүүгдэгч нарын нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч У.Х давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“ ... 8 үйлдлээр шийтгэгдсэн, үүний 3 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. 5 үйлдэл нь Орхон аймгийн эрүүгийн төлөөлөгч Б-с авсан үйлдэл болно. Энэ үйлдлүүд нь намайг Улаанбаатар хотод “Өнөр” СӨХ-д ажиллаж байх хугацаанд болсон үйлдлүүд ... Б төлөөлөгчид хэлсэн боловч чи зүгээр л өмгөөлөгчдөө би авсан гээд хэлчих, би цаг хугацааг нь өөрөө зохицуулна гэсэн. Мөн цагдаагийн төлөөлөгч Б дээр 2 үйлдэл, шүүхийн цагдаа Б дээр хулгайн 3 үйлдэл, хорооллын цагдаагийн хошууч Г дээр хураагдсан хулгайн их хэмжээний 2 үйлдэл, нийт 7 үйлдэл байгаа. Энэ 7 үйлдлийг мөрдөн байцаалтын шатанд байхад байцаагч хошууч М, прокурор Б.О нарт удаа дараа хэлсэн боловч шалгах үндэслэл байхгүй гэж хэлсэн. Харин энэ 7 үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-ээр эрүү үүсгэгдлээ гээд байна, дээр хүлээн зөвшөөрсөн миний үйлдсэн 3 хэрэг энэ дурьдсан 7 үйлдэлтэй нэгтгэж шийдэх бүрэн бололцоотой байсаар байхад тус тусад нь шийдвэрлэж яллаж байгаад нь гомдолтой байна. Иймд 7 үйлдэл дээр хүлээн зөвшөөрсөн 3 үйлдэл дээр нэгтгэж шийдвэрлэх, эрүүгийн төлөөлөгч Б-н тулгасан 5 үйлдлийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Би хийсэн хэргүүддээ гэмшиж харамсаж байна, хийсэн хэргийнхээ хохирлыг ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Мөн би бусдын адил ээж, дүү хоёртойгоо хамт сайхан амьдрахыг хүсч байна. Иймд хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хүлээн зөвшөөрөхгүй байгаа үйлдлүүдийг дахин шалгуулах талаар гаргасан шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.О дүгнэлтдээ: “ ... Шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос У.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх У.Хыг хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр зөвшөөрөлгүй авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсныг эс зөвшөөрч шүүгдэгч У.Х нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Давж заалдах шатны шүүх У.Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч У.Х нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хугацаанд нийт 7 удаагийн үйлдлээр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг, Даваат, Их залуу, Баянцагаан багт байрлах бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж, нэр бүхий иргэдэд 5.730.900 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-15 дугаар байрны урд талын авто зогсоол дээр байсан иргэн Т.А-н эзэмшлийн 34-33 ОРО улсын дугаартай “Тоёота Платз” маркийн автомашины баруун хойд талын жижиг цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч 700.000 төгрөг хулгайлж, уг автомашиныг завших зорилгогүйгээр авч явсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тухайлбал: 1. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянбулаг багийн 3-109а тоотод оршин суух иргэн Ж.У-н байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хүүхдийн чулуун хөөрөг 1 ширхэг, бэлэн 5.000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 181.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч Ж.У-н “ ... 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 07 цаг 50 минутаас 18 цагийн хооронд байшинд хулгай орж мөнгөн аяга, хүүхдийн чулуун хөөрөг, 5.000 төгрөг алдагдсан байсан. Дунд гарын мөнгөн аяга ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй ... вакум цонхыг хөшиж орсон байсан бөгөөд дээд, доод талын боолт нь суларсан байсан ...” гэсэн мэдүүлэг /хх 24-25, 27/,
шүүгдэгч У.Хын гэрчээр өгсөн “... 2018 оны 06 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ өдрийн цагаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Зээлийн зүүн талын хэсэгт цагаан өнгийн гүйдэг хээтэй төмрөн хаалгатай, хашаандаа цагаан өнгийн шавран байшинтай айлын цонхоор ороод дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хүүхдийн жижиг хөөрөг, бурханд нь байсан 5.000 төгрөг зэргийг хулгайлаад мөнгөн аягыг нь үйлчилгээний төвд байрлах алт мөнгөний дарханд зараад хөөргийг нь үйлчилгээний төвийн гадаа хогийн саванд хаячихсан. Хулгай хийсэн айлаа зааж өгч чадна ... ганцаараа үйлдсэн, бээлий өмсөж үйлдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх 32/, дахин өгсөн “... энэ мэдүүлэг үнэн...хашааны хаалга гүйдэг цагаан хаалга байсан. Энэ айлын цонхоор нь орж мөнгөн аяга, хүүхдийн хөөрөг, бурхных нь урд байсан 5.000 төгрөг зэргийг хулгайлсан...байшинг санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 72/,
яллагдагчаар мэдүүлсэн “... хүлээн зөвшөөрч байна ... энэ айлаас 1 ширхэг мөнгөн аяга, хүүхдийн чулуун хөөрөг зэргийг хулгайлж авсан. Байшингийн цонхоор орсон. Хашааных нь хаалга гүйдэг цагаан хаалга байсан. Энэ айлаа зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг /хх 82/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 17/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 19-22/,
алдагдсан эд зүйлсийг 176.400 төгрөгөөр үнэлсэн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ны 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 18/141 дугаартай үнэлгээ /хх 34/ зэрэг нотлох баримтуудаар,
2. 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрүүдийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 10-13 тоотод оршин суух Д.А-н байшинд хууль бусаар нэвтэрч Монел загварын 40 инчийн ЛСД зурагтыг хулгайлан 400. 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч Д.А-н “ ... зуны байшинд хулгайч орж 40 инчийн зурагт алга болсныг 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр очихдоо мэдэж Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн ... алдагдсан 40 инчийн Монел загварын LCD зурагтыг 1-2 жилийн өмнө худалдаж авч байсан ... хамгаалалт төмрийг салгаад цонхоор орсон байсан. Тэр хамгаалалт төмрийг би 60.000 төгрөгөөр худалдаж аваад 40.000 төгрөгөөр хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 93/,
гэрч С.Б-н “... нөхөр А-н хамт 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Даваат баг Зураа 10-13 тоотод өөрийн хашаа байшинг үзэх гээд иртэл урд талынх нь цонх онгорхой, байшин дотор нь байсан 40 инчийн Монел маркийн зурагт алга болсон байхаар нь манай нөхөр цагдаад дуудлага өгсөн...10 сарын 25-ны өдөр хашаа байшингаа ирж үзэхэд зүгээр байсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 96/,
шүүгдэгч У.Хын гэрчээр өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын эхээр Даваат багийн Зураад байрлах хаягийг сайн мэдэхгүй байна. Нэг шаргал өнгийн байшинтай айлын хашааг нь хойгуур нь давж ороод ... урд зүг рүү харсан цонхных нь хамгаалалтыг бахиар эвдээд вакум цонхыг нь түлхэж онгойлгоод байшин руу орсон ... том өрөөнд нь хар өнгийн зурагт байхаар нь аваад буцаад орсон цонхоороо гараад явсан...зурагтыг Хүлэг зах дээр явж байсан танихгүй хүнд 60.000 төгрөгөөр зарчихсан...” гэсэн мэдүүлэг /хх 99/,
дахин өгсөн “...энэ мэдүүлэг үнэн. Шаргал өнгийн байшингийн урд талын цонхны хамгаалалтын төмрийг эвдэн орж хавтгай дэлгэцтэй зурагт хулгайлж, Хүлэг зах дээр явуулын хүнд 60.000 төгрөгөөр зарсан. Энэ айлаа зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг /хх 100/,
яллагдагчаар мэдүүлсэн “... Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн. Зурагтнаас өөр эд зүйл аваагүй...зарсан мөнгийг идэж уугаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх 125/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 87/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 88-91/,
алдагдсан зурагтыг 400.000 төгрөгөөр, цонхны хамгаалалтын төмрийг худалдан авах болон хийлгэхэд зарцуулах хөлсийг 100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Далайван Аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/02-166 дугаартай үнэлгээ /хх 102/, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02/02-29 дугаартай үнэлгээ /хх 110/ зэрэг нотлох баримтуудаар,
3. 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу багийн 4б-11 тоотод оршин суух иргэн М.Х-н байшинд хууль бусаар нэвтэрч “Хайер” маркийн 32 инчийн зурагт, хөөрөг 2 ширхэг, нөүтбүүк цүнхний хамт, юнивишний хүлээн авагч зэрэг эд зүйлийг хулгайлан 3.148.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч М.Х-н “... 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 16-18 цагийн хооронд намайг Дэнжид байдаг төрсөн ах Б-н гэрт очоод ирэхэд манай байшингийн вакум цонхыг түлхэн хулгайч орж том өрөөнд байсан 32 инчийн “Хайер” загварын зурагт, дунд гарын 1 ширхэг цагаан хөөрөг, хүүхдийн хөөрөг, цүнхтэй нөүтбүүк, юнивишний хар өнгийн станц нэг ширхэг зэрэг эд зүйлүүд алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх 139-140/,
шүүгдэгч У.Хын гэрчээр өгсөн “... 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Их залуу багт цагаан өнгийн блокон хашаатай, ногоон өнгийн төмрөн гүйдэг хаалгатай, хашаандаа шар өнгийн байшинтай айлын цонхоор нь ороод 32 инчийн зурагт, 2 ширхэг чулуун хөөрөг, нөүтбүүк, юнивишний хар станц зэрэг эд зүйлсийг хулгайлаад зурагт, хөөргөө бараан зах дээр явуулын хүнд 100.000 төгрөгөөр, нөүтбүүкийг нь Танил зах дээр лангуун дээр суудаг зүс танихгүй эгчид 80 орчим мянган төгрөгөнд зарчихсан. Хар станц нь Булаг багийн 33-7 тоотод байрлах манай эзэнгүй байшинд байгаа. Хулгай хийсэн айлаа зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг, дахин өгсөн “... энэ мэдүүлэг үнэн...цонхоор нь орсон...” гэсэн мэдүүлэг /хх 146/,
яллагдагчаар өгсөн “... энэ хэргийг үйлдэхдээ би бээлий өмссөн, мөн согтуу байсан ... Их залуу багаас бараан зах хүртэл таксигаар явсан. Таксинаас эд зүйлүүдээ буулгаж нэг амбаарын дэргэд түр тавьж байгаад хүмүүст зарсан...хулгай хийсэн айлаа зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг /хх 183/,
алдагдсан эд зүйлсийг 3.148.000 төгрөгөөр үнэлсэн “Далайван Аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02/02-167 дугаартай үнэлгээ /хх 149/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 132/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 133-136/ зэрэг нотлох баримтуудаар,
4. 2019 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 13-17 тоотод оршин суух иргэн Ч.Б-н байшинд хууль бусаар нэвтэрч “Кен” загварын тасдагч багаж, уртасгагч, түлээний сүх, хүүхдийн өвлийн куртик, гутал зэрэг эд зүйлийг хулгайлан 427.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч Ч.Б-н “ ... би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хашаа байшингаа эргэхээр иртэл манай байшингийн үүдний амбаарын вакум цонхыг түлхэн хулгайч ороод хамаг юм онгичоод хаячихсан байсан ... хүүхдийн өвлийн хувцаснууд, өвлийн гутал алга болсон ... хашаанд байдаг амбаарын хаалганы цоожийг эвдсэн таслагч, уртасгагч, сүх зэрэг эд зүйл алга болсон байсан ... ” гэсэн мэдүүлэг /хх 245-246/,
шүүгдэгч У.Хын гэрчээр өгсөн “ ... би 2019 оны 11 сарын дундуур Даваат баг Ундрагын гудамжинд явж байгаад нэг содон өнгөтэй байшин байсан. Дээврийнх нь тал шар өнгөтэй байсан санагдаж байна. Тэр айлын үүдний тамбурын вакум цонхыг түлхэж онгойлгоод ороод хүүхдийн өвлийн гутал, куртик байхаар нь авсан ... хашаан дотор нь төмөр амбаар байхаар нь хаалганых нь цоожийг нь төмрөөр цохиж эвдээд онгойлгоод ортол таслагч, уртасгагч зэрэг эд зүйлүүд байхаар нь аваад явсан ... байшинг зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг /хх 249-250/,
яллагдагчаар өгсөн “ ... өвлийн куртик, гутал, амбаар дотроос нь тасдагч, уртасгагч зэргийг хулгайлж аваад багаж зардаг “Танил” зах дээр явуулын хүнд 20.000 төгрөгөөр зарсан. Хүүхдийн хувцаснуудыг мөн “Хүлэг” зах дээр танихгүй хүмүүст зарчихсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 15/,
алдагдсан эд зүйлсийг 427.500 төгрөгөөр үнэлсэн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 19430 дугаартай үнэлгээ /2 хх 2/
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 242/ зэрэг нотлох баримтуудаар,
5. 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Ундрагын 14-09 тоотод оршин суух иргэн Г.С-н байшинд хууль бусаар нэвтэрч эрэгтэй, эмэгтэй хүний булган малгай, эмэгтэй хүний савхин хүрэм, “Кен” загварын тасдагч багаж, халтар манан хөөрөг, говийн цагаан шүр хөөрөгний бэлдэц чулуу зэргийг хулгайлан 1.311.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч Г.С-н “ ... 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай дүү Х залгаад танай байшинд хулгай орсон байна гэсэн ... авдар дотор байсан эрэгтэй, эмэгтэй 2 ширхэг булган малгай, эмэгтэй савхин дээл, халтар манан хөөрөг, говийн цагаан шүр нэртэй хөөрөгний бэлдэц чулуу, цахилгаан дрилль зэрэг эд зүйлүүд хулгайд алдагдсан байна ...” гэсэн мэдүүлэг /2 хх 26/,
иргэний нэхэмжлэгч Д.И-н “ ... 2019 оны 11 сард хулгайн эд зүйл гэдгийг мэдэхгүйгээр үл таних хүнээс 70.000 төгрөгөөр 2 ширхэг булган малгай худалдаж авсан ... хар, цагаан саарал өнгийн 2 малгай байсан бөгөөд цагаан өнгийн малгай нь надад байгаа ... М-д би дээрх малгайг зараагүй. Найзын хувьд зүгээр өгсөн. Тэгэхээр би өөртөө үлдээж эргүүлээд хүлээлгэн өгсөн нэг ширхэг эмэгтэй булган малгайн үнэ болох 35.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /2 хх 30/,
гэрч Ж.Х-н “ ... өчигдөр орой 18 цагийн үед С ахын байшингийн цонхыг нь шалгахад жижиг өрөөнийх нь цонх нь онгорхой байсан ... цонхоор харахад доторх эд зүйлийг онгичсон байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 31/,
гэрч Л.М-н “ ... 11 сарын эхээр “Хүлэг” зах дээр ажлаасаа буух гэж байхад нэг залуу хүрч ирээд “булган малгай авах уу” гэж асуусан ... тэр үед танил И мөн дэргэд байсан ... “Ямар учиртай малгай юм бэ, хулгайн эд зүйл биш биз дээ, танай ээжийг чинь У гэдэг биз дээ” гэхэд “ямар ч асуудал байхгүй” ... гэсэн. И өөрөөсөө 70.000 төгрөг гаргаж ирээд дээрх 2 малгайг авсан ... надад хар өнгийн малгайг нь өгсөн. Би согтуу өмсөж явж байгаад хаячихсан ... малгай зарсан залуугийн ээжийг У гэдэг, зах дээр нэг хэсэг мах зардаг байсан ...” гэсэн мэдүүлэг /2 хх 34/,
гэрч Д.И-н “... цаг зардаг М-тай уулзаж байхад нэг өндөр биетэй, туранхай залуу хүрч ирээд “булган малгай авах уу, мөнгөний яаралтай хэрэг боллоо” гэсэн ... би итгээд 2 булган малгайг 70.000 төгрөгөөр авсан ... эрэгтэй хар өнгийн малгайг М-д өгсөн ... миний авсан малгай надад гэрт байгаа ...” гэсэн мэдүүлэг /2 хх 35/,
эмэгтэй хүний цагаан өнгийн булган малгайг хохирогч Г.С-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 хх 38/,
гэрч Б.О-н “...хөөрөгний бэлдэц нь цагаан өнгөтэй нэг хөөрөгний 2 хэсэг бэлдэц буюу их бие, толгойг хийх байгалийн цагаан өнгийн чулуу байсан...хөөрөг хийдэг хүнд үзүүлэхэд эмэгтэй хүн барьдаг жижиг гарын хөөрөг болно гэж ярьж байсан. Хөөрөг, хөөрөгний бэлдэц хоёр хоёулаа нэг уутанд байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 215/,
шүүгдэгч У.Хын гэрчээр өгсөн “... 11 сарын дундуур Даваат багийн У-н Ундрага гэдэг дэлгүүрээс дээшээ 2 гудамжны орчим гудамжинд явж байгаад саарал байшинтай, бор өнгийн гүйдэг хаалгатай айл байхаар нь ар талаар хашааг даваад зүүн тийшээ харсан вакум цонхыг нь түлхэж ороод жижиг өрөөнд байсан авдар дотроос нь 2 ширхэг булган малгай, савхин дээл, цахилгаан дрилль зэргийг авсан. Цаг засдаг М гэдэг хүнд 2 малгайг нь, савхин куртик, дрилль хоёрыг нь явуулын хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 39/, дахин өгсөн “...энэ мэдүүлэг үнэн...” гэсэн мэдүүлэг /2 хх 40/,
яллагдагчаар өгсөн “... хүлээн зөвшөөрч байна...энэ айлын хашаа нь гүйдэг хаалгатай, харин байшин нь саарал блокон байсан... ” гэсэн мэдүүлэг / 2 хх 62/,
алдагдсан эд зүйлсийг 1.014.200 төгрөгөөр үнэлсэн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ны 19439, 296.800 төгрөгөөр үнэлсэн 200088 дугаартай үнэлгээ /2 хх 42, 217/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 21-24, 37/ зэрэг нотлох баримтуудаар,
6. 2019 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат багийн Зураагийн 5 тоотод оршин суух иргэн Д.О-н зуны байшинд хууль бусаар нэвтэрч унадаг дугуй, цахилгаан хөрөө зэрэг эд зүйлийг хулгайлан 215.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч Д.О-н “ ... хулгай орсныг 11 сарын 25-ны өдөр эргэж очихдоо мэдсэн...хаалганы цоожийг эвдэж орсон байсан ... хүүхдийн унадаг дугуй, цахилгаан хөрөө зэргийг авсан байсан ... 10 сарын сүүл хүртэл байж байгаад сарын сүүлээр төвийн байранд хүүхдүүдтэйгээ хамт байсан ...” гэсэн мэдүүлэг / 2 хх 80/,
шүүгдэгч У.Хын гэрчээр өгсөн “ ... 10 сарын сүүлээр Даваат багт цэнхэр өнгийн төмрөн хашаа хаалгатай, хүн амьдардаггүй бололтой модон муу байшинтай айлын хаалганы цоожийг эвдэн орж цахилгаан хөрөө, унадаг дугуй зэрэг эд зүйлийг хулгайлаад цахилгаан хөрөөг нь “Танил” зах дээр танихгүй хүнд зарсан. Унадаг дугуй нь Булаг баг 33-7 тоот хаяганд байрлах эзэнгүй байшингийн амбаарт байгаа ... ” гэсэн мэдүүлэг /2 хх 83/,
дахин өгсөн “ ... энэ мэдүүлэг үнэн ... дугуй нь тэр хашаанд байхгүй. Би худлаа хэлчихсэн юм. Хоёуланг нь танихгүй хүнд зарчихсан ... ” гэсэн мэдүүлэг /2 хх 84/,
яллагдагчаар өгсөн “...хүлээн зөвшөөрч байна...энэ хэргийг би өдрийн цагаар хийсэн...хулгай хийсэн айлаа зааж өгч чадна...” гэсэн мэдүүлэг / 2 хх 117/,
алдагдсан эд зүйлсийг 215.000 төгрөгөөр үнэлсэн “Далайван Аудит” ХХК-ны Орхон аймаг дахь салбарын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/02-189 дугаартай үнэлгээ /2 хх 86/,
хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 69-75/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 хх 68/ зэрэг нотлох баримтуудаар,
7. 2019 оны 11 дүгээр сард Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн Хуучин тосгоны 2-6 тоотод оршин суух иргэн Р.Б-н байшинд хууль бусаар нэвтэрч 42 инчийн “Самсунг” загварын ЛСД зурагтыг хулгайлан 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь
хохирогч Р.Б-н “ ... 11 дүгээр сарын 27-ны өдөр Баянцагаан багт гэртээ яваад очсон чинь манай байшингийн цонхыг түлхэж ороод манай 42 инчийн “Самсунг” зурагтыг аваад явсан байсан ... манай гэр 20 орчим хоног эзэнгүй байсан ...” гэсэн мэдүүлэг /2 хх 129/,
шүүгдэгч У.Хын гэрчээр өгсөн “ ... 11 сарын эхээр Баянцагаан баг тосгонд цэнхэр өнгйн төмрөн хаалга хашаатай, шар өнгийн шавран байшинтай айлын цонхоор нь орж “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг хулгайлаад Говил багт зүс таних эгчид 150.000 төгрөгөнд зарсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 133/,
дахин өгсөн “...тэр эгчийг Говил багт явж байхдаа харж байсан, нэр хаягийг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /2 хх 134/,
яллагдагчаар өгсөн “...зурагтаа том цонхыг нь нээж байгаад гаргасан...миний хулгай хийсэн дээрх айл шар өнгийн байшин байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 164/,
алдагдсан зурагтыг 450.000 төгрөгөөр үнэлсэн “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ны 2019 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн 19442 дугаартай үнэлгээ /2 хх 138/ зэрэг нотлох баримтуудаар,
8. 2019 оны 10 дугаар сарын 25-26-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Бүрэнбүст багийн 5-15 дугаар байрны урд талын авто зогсоол дээр байсан иргэн Т.А-н эзэмшлийн 34-33 ОРО улсын дугаартай “Тоёота Платз” маркийн автомашины баруун хойд талын жижиг цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч 700.000 төгрөг хулгайлж, уг автомашиныг завших зорилгогүйгээр авч явсан болох нь
хохирогч Т.А-н “ ...10 сарын 26-ны өглөө босоод машинаа хартал миний машин байхгүй байсан. Түлхүүр нь надад байсан. Тэр өдөржингөө гадуур хайж байгаад олдохгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Тэгсэн тэр өдрөө гэртээ харьж амраад өглөө босоод ирсэн чинь миний машиныг 5-15 дугаар байрны урд талын зогсоолын зам дээр түлхүүрийг нь зоогоод тавьчихсан байсан. Арын хаалганы жижиг шилийг нь хагалчихсан зүүн талын толийг нь хугалчихсан, хойд талын гупер салчихсан байсан...нэг илүү түлхүүр машин дотор байдаг юм. Машин дотор түрийвчинд байсан 700.000 орчим төгрөг алдагдсан байна...машинд архи ууж, тамхи татсан бололтой байсан...түрийвчинд 700.000 төгрөг байсныг надаас өөр хэн ч мэдэхгүй... ” гэсэн мэдүүлэг /1 хх 195-196, 2 хх 211/,
гэрч Т.Б-н “...5-15 дугаар байрны урд талд байх фитнесс төвийн хажууд зогсоолд байрлуулж тавьсан...” гэсэн мэдүүлэг /1 хх 202/,
гэрч Э.У-н “... үзлэгт оролцсон хохирогч гэх хүн мөнгө байхгүй болчихсон байна гээд мөрдөгчтэй уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /2 хх 213/,
гэрч Ж.А-н “...үзлэг хийж байхад хохирогч А машин дотор байсан бор шаргал өнгийн түрийвчтэй 700 гаран мянган төгрөг алдагдсан гэж хэлж байсан, гэхдээ үзлэгээр тэр түрийвч нь байгаагүй учраас тэмдэглэлд тусгаагүй...” гэсэн мэдүүлэг /2 хх 214/,
шүүгдэгч У.Хын гэрчээр өгсөн “ ... 10 дугаар сарын сүүлээр 5 дугаар микрийн дундуур хороолол руу алхаад явж байсан чинь 5-15 байрны урд талын зогсоол дээр хөх өнгийн дугаар, маркийг нь мэдэхгүй жижиг машин байхаар нь уг машин дээр очоод зүүн талынх нь хойд хаалганы жижиг гурвалжин цонхыг автиркаар хагалаад дотор нь орсон ... үрүүлийн доод талын жижиг хайрцагийг онгойлгосон чинь түлхүүр байхаар нь машиныг нь асаагаад унаж яваад Наран багийн Өндөр Наран дэлгүүрийн дээд талын гудамжны үзүүрт нь аваачиж тавиад гэр лүүгээ явсан. Маргааш нь орой 18 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад машин тавьсан газартаа иртэл уг машин яг хэвээрээ зогсож байсан...дахиад машиныг унаад 5-15 дугаар байрны гадаа зогсоол дээр нь буцааж авчирч тавиад өөрөө буцаад гэр лүүгээ алхаад явсан...тэр машиныг сонирхоод унаад явчихсан юм...” гэсэн мэдүүлэг /1 хх 205/,
дахин өгсөн “...шөнийн 23 цагийн үед шиг санагдаж байна. ...түлхүүрээр машиныг асаасан. Хөдөлгөөд явах гэтэл ард талд машинууд тавьчихсан болохоор нь урд талд байсан замын боршурын доор 2 ширхэг чулуу тавьж байгаад дайруулаад гаргасан...” гэсэн мэдүүлэг /1 хх 206/,
яллагдагчаар өгсөн “... хүлээн зөвшөөрч байна...мөнгө байсныг авч дэлгүүрээс 0.5 литрийн Ерөөл архи, нэг хайрцаг тамхи авсан...Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 235/,
автомашины техникийн эвдрэл, хохирлыг 150.000 төгрөгөөр тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ны 663 дугаартай үнэлгээ /1 хх 208/,
тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 190-193/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх 188/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэдгийг хулгайлах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж, олсон хууль бус орлогоо өөрийн хэрэгцээнд зарцуулах явдлыг ойлгоно.
Шүүгдэгч У.Х нь өөрийн гэртээ тогтвортой оршин суудаггүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, нэр бүхий иргэдийн орон байрнаас хулгайлсан эд зүйлээ бусдад хямд үнээр худалдан зарж борлуулан мөнгө олж түүнийгээ өөрийн хэрэгцээнд зарцуулж байсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад заасан дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Мөн иргэн Т.А-н эзэмшлийн 34-33ОРО улсын дугаартай “Тоёота Платз” маркийн автомашинд хууль бусаар нэвтэрч дотор нь байсан түлхүүрээр нь асаан жолоодож яваад буцаан авчирч орхисон нь тухайн автомашиныг хулгайлах, эсхүл бусдыг дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэв.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх ба шүүгдэгчид Шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Шүүгдэгч У.Х нь “ ... 3 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Бусдыг нь би хүлээн зөвшөөрөхгүй ... надтай хамт оролцсон хүмүүсийг шалгаж өгнө үү...” гэсэн байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн түүний мэдүүлгүүдийг газар дээр нь шалгахад эд зүйл хулгайлсан гэх “Даваат багийн Ундрагын 14-8 тоот, Ундрагын 13-17 тоот, Бүрэнбүст багийн 5-15 дугаар байрны автомашины зогсоол” болон “Их залуу багийн 4б-11 тоотод байрлах айлаас хулгайлсан хар өнгийн төхөөрөмжийг нуусан” гэх Булаг багийн 33-7 тоотод байрлах айлын байшин зэргийг шууд заасан байна.
Мөн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр түүний өмгөөлөгч Р.Б-г байлцуулан У.Хаас дахин мэдүүлэг авахад “бусад 5 хэргийг үйлдсэн нь үнэн” гэснээс гадна эд зүйл хулгайлсан иргэдийн орон байр, эд зүйлийн талаарх содон шинж тэмдгийг тодорхой мэдүүлжээ /2 хх 176/.
Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан боловч шүүгдэгчийн өгсөн мэдүүлгүүд нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хохирогч нарын өгсөн мэдүүлгүүдтэй тохирч байх тул шүүх нотлох баримтаар тооцсон нь үндэслэлтэй байна.
Түүнээс гадна шүүгдэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... энэ талаараа мөрдөгч, прокурорт хэлж байсан ... намайг Улаанбаатар хотод “Өнөр” СӨХ-д ажиллаж байх хугацаанд болсон ...” гэх боловч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорт энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаж байсан нь тогтоогдохгүй, өөрөөр хэлбэл энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй болно.
Хэргийн бүх ажиллагааг хянавал энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байх тул У.Хын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Харин анхан шатны шүүх түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ холбогдох хуулийн зүйлийг буруу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын уг заалтыг зөвтгөж, зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 228 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...3.6 дугаар зүйлийн 4 дэх...” гэснийг “...5.6 дугаар зүйлийн 4 дэх...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч У.Хын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД С.ЦЭЦЭГМАА
С.УРАНЧИМЭГ