| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0348/З |
| Дугаар | 128/ШШ2022/0679 |
| Огноо | 2022-09-15 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2022/0679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Т******,
Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,
Маргааны төрөл: Засгийн газрын үйлдэхүйгээс болж гэм хорын хохирол учирсан болохыг тогтоож, уг хохирлын нөхөн олговор 58 000 000 /тавин найман сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, иргэн Б.Т******т олгох шийдвэр гаргуулах нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Т******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, Т.Б******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч иргэн Б.Т******оос Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолыг журам гаргах хугацаа заагаагүй, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорын хохирол 58 000 000 /тавин найман сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Улмаар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа “...Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаа болох Засгийн газрын үйлдэхүйгээс болж гэм хорын хохирол учирсан болохыг тогтоож, уг хохирлын нөхөн олговор 58 000 000 /тавин найман сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, иргэн Б.Т******т олгох шийдвэр гаргуулах” гэжээ.
4.Нэхэмжлэгч Б.Т****** бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:
1/Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугара тогтоолын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” хууль ёсны үйл ажиллагааг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл, зохицуулатыг хангаагүй, түүнтэй холбогдох удирдамж гаргах хугацаа нь тодорхойгүй гэнэт хөл хөдөлгөөн зогсоосон үйлдэхүй, Захиргааны үйл ажиллагааны улмаас бидэнд хохирол учирсан.
2/Засгийн газрын үйлдэхүй ба дээрхи эс үйлдэхүй хийгээд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 178 дугаар тогтоол,уг захиргааны актын 2 дахь заалттай тухайлан маргаж, уг тогтоолын 2-т. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.9-д заасан шаардлагад нийцүүлэн холбогдох удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт үүрэг болгосугай/, гэсэн заалт хэтэрхий ерөнхий бөгөөд түүнд дурдсан удирдамж гаргах хугацаа заагаагүйгээс, үүрэг гүйцэтгэгч цагдаа болон иргэдэд удирдамж очоогүйгээс, удирдамж бидэнд одоогоор ирээгүй байна гэж цаг алдуулсан, хэн түүнийг хаанаас авч хэрхэн ажиллах нь огт тодорхойгүй, хэт дур зоргоор хүч түрсэн айлган сүрдүүлсэн, хариуцлагаас зугатсан байдлаас болж бидэнд учрах ёсгүй шууд арга хэмжээ авах бололцоотой байсан ажил хөл хорьсноос үүдэн энэ их хэмжээний хохирол сүйтгэл учирсан тул Засгийн газрын үйлдэхүй, эс үйлдэхүйгээс болж гарсан гэм хорын хохирол 58 000 000 /тавин найман сая/ төгрөгийг Засгийн газараас гаргуулж иргэн Б.Т******т олгуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсч, нэхэмжлэл гаргаж байна.
3/Засгийн газрын гэнэт хорио тогтоож, урьдчилсан арга хэмжээ болон үүрэг гүйцэтгэгч цагдаагийн албан хаагчдад ажиллах тодорхой удирдамж гаргаж өгөөгүйгээс гэрээс болоод гудамжаар хүн явуулдаггүй, Улсын Онцгой комисс утсаа авдаггүй, хариуцаж шийдэх эзэн олддоггүй энэ үйлдэхүй ба холбогдох эс үйлдэхүйн байдлаас болоод урд өдөр нь шалгалт хийх зорилгоор өөрсдийн 2 барилгынхаа шугам сүлжээнд бүхэлд нь шахалт хийсэн усыг 1 хонгийн дараагаар ус алдалт байгаа эсэхийг сайтар тогтоож, холбогдох байгууллагаар буюу Зүүн хүрээ төвөөр шалгуулсны дараагаар буцааж юүлэх ёстой байтал 3-4 хоног алдаж хоорондоо 2 метр зайтай барилгын гадна шугам бүхэлдээ доторхи сан техникийн дийлэнх хэсэг нь хөлдсөн.
Учир мэдэхгүй цагдаа нар хий хоосон дүрэмдэж, сонсогч хүүхдүүд хүн явуулахгүй байр, гудамж бүрийг манаж, утас авахгүй, хариуцан шийдэх эзэнгүй олон албан тушаалтан хариуцлагаас зугатсан иргэдийг хэт айдаст автуулж хүн явж болохгүй байснаас болсон хэрэг. Шадар сайдууд мөнгө угаах дон шуналд автаж, юу болж өнгөрснийг одоо хэвлэл мэдээлэл 1 хүнд 111 сая төгрөг зарцуулсан төсвүүд гэрчилж байгаа хэрэг нэгэн цаг илэрнэ, иргэд хохирсоор л байна.
Энэ Засгийн газартай холбогдох үйлдэл ба эс үйлдэхүйн улмаас Хэт сүржигнэж иргэдийг айдас хүйтэст автуулж хамт ажиллах, хүрч ирэх хүн хүчийг огт байхгүй болгосон, хэд хэд завдаад цагдаатай үг хэл ололцоогуй хүчинд автаж хөл хоригдсноор шинээр хийсэн дулаан болон халуун хүйтэн усны шугам хөлдөж бидний хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Шугам хагарснаас авто зам мөстсөн түүнийг арилгахад 7 хоног орсон, тараншей усаар дүүрч хөлдсөн.
4/“Ү******” хоршооны дарга Б.Т****** нь өмчийн эцсийн өмчлөгч тул уг 2 барилгын хөлдөлтийн ба гэм хорын хохирлыг дангаар төлөөлөн нэхэмжлэнэ. Энэ хохирол цаашид шатлан өргөжих, гамшигтай холбогдох шийдвэрүүдийн хүрээнд яаралтай арга хэмжээ авахуулахын тулд гачигдалт онц нөхцөл тулгарсан даруйд /2020 оны 11 дүгээр сарын 27-нд дэлгэрэнгүйг 12-р сарын 14-нд хурайнгуйг хавсралтайгаар /хүргэсэн бөгөөд танд дахин 2021.02.25-нд С.А******даргыг Засгийн газрын гишүүн болж ажлаа авсаны дараа Улсын Онцгой Комисст хүсэлт гаргаж, доорхи агуулгаар хандсан боловч ямарч арга хэмжээ аваагүй чирэгдүүлэн хохироож ирсэн тул энэхүү нэхэмжлэлийг өмнөх шүүхийн захирамжинд нийцүүлэн гаргаж байна.
Өргөдөл хүсэлтэнд ...... 3-4 айл амьдрах уг барилгад өнгөрсөн намар дулааны шугамыг 50 гаруй сая төгрөгийн зээл авч хийсэн дараа нь маргаан гарч улмаар газрын гэрчилгээ гардаггүй зунаас – Хууль зүй дотоод хэргийн сайдад хандаж байж, саяхнаас буюу 11 дүгээр сарын 15-нд бид дулаан авахаар болсон .Холболт хийж узел хүртэл ус шахаж системийг бүхэлд нь шалгасан бөгөөд энэ 11 дүгээр сарын 12-13 нд ХҮТ-5 май гэрээ байгуулан шахалт хийлгэхээр болсон, шугамыг зохих хэмжээгээр дулаалсан байтал гэнэт хорио цээр тогтоосноос уг холболтын гадна суваг системийн усыг шавхаж болон нэмэлт дулаан өгч, очиж эргэж тойрч чадалгүй 9-10 хоног алдсан юм. Дэглэмийн “ирж очих" цаг сунгагдангуут 21-нд очиж үзэхэд гадна шугамын худгын дулаалгын хэсгийг хэн нэг нь нээж хаясны улмаас энд тэнд хөлдөж эхэлсэн байсан. Нэгэнт хөл хрио тогтоосон тул гаднах шугамыг эргэж тойрч болдоггүй цагдаа нарт учир байдлыг хэлэхэд Онцгой комисс хэнийг битгий яв гэсэн гээд явуулдаггүй Ийм байдлаас болсон хэрэг. Арай гэж 22-23-нд арга хэмжээ авах ажлыг зохион байгуулахад нэмж хөлдсөн,ажиллах хүн олдоогүй тул орхиж, хүч мөхөсдсний улмаас бүрэн арга хэмжээ авах боломжгүй болсон бөгөөд одоогоор 20 гаруй сая төгрөгийн шууд хохирол гарсан ба өрөөний бүх пар хөлдсний дээр хүйтэнд арга хэмжээ авсан боловч хүч хүрээгүйгээс талаас илүү хувь нь шугамтайгаа хөлдөж хагарсан.
Мөн цаашид 32а байрны түгээх шугамнаас ирдэг орон сууцны подваль дахь 120 метр шугам хөлдөх, албан тушаалтнууд хариуцлагаас зайлж уг асуудал гацаж, хохирол улам нэмэгдэж аюул даамжрах болоод байна. Иймд Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолын “ Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” арга хэмжээний улмаас /ковид-19 холбогдох давагдашгүй хүчин зүйлийн гэнэтийн нөхцөл байдлаас учирсан хохирлыг арилгахад зохих арга хэмжээ авч, боломжит хэлбэрээр иргэд бидэнд цаг алдалгүй яаралтай туслалцаа үзүүлнэ үү. гэсэн бөгөөд утсаар хэд хэдэн удаа лавлахад судлаж байна, даргад танилцуулна гээд өдий хүртэл шийдвэрлээгүй алга болсон.
Дээр дурдсан хохиролтой холбогдох 2 барилга нь шүүхийн шийдвэрийн дагуу
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны дугаар 16 дугаар тогтоол болон Нийслэлийн Засаг дарга С.А******-ын захирамжаар бидэнд ирсэн бөгөөд дэвсгэр газар дээр газрын маргаан гарч Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэн удаж, 1,6 жил үргэлжилж, саяхан буюу 2021 оны 10 дугаар сарын 13-ны шүүх хурлаас нийслэл болон бидний талд шийдвэрлэсэн мөн 2021 оны 12 дугаар сарын 21-нд явагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурлаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан одоо Хяналтын шатны шүүх дээр гацаад бид хараад засвар хийж чадахгүй хүлээж байна.
Өмнөх болон 2021 оны 02 дугаар сарын 25-нд С.А****** даргад гаргасан өргөдөлд ....одоогоор 20 гаруй сая төгрөгийн шууд хохирол гарсан ба өрөөний бүх пар хөлдсний дээр хүйтэнд арга хэмжээ авсан боловч хүч хүрээгүйгээс тал хувь нь шугамтайгаа хагарсаныг тооцоолоогүй цаашид 32а байрны түгээх шугамнаас ирдэг орон сууцны подваль дахь 120 метр шугам хөлдөх, албан тушаалтнууд хариуцлагаас зайлж уг асуудал гацаж, хохирол улам нэмэгдэж аюул даамжрах нь.. гээд холбогдох хуулийн заалтуудыг сануулсаар арга замыг мэдүүлсээр ирсэн.
5/Улсын Онцгой комисс гадна дотны өдий төдий хандив тусламж ирсээр байтал мэдрэмжгүй хойрго хандснааар дээрхи хохирол даамжирч бид давагдашгүй хүчин зүйл удаа дараалсан хорио цээрт автаж, хөлдөлтөөс үүдсэн гэм хорын хохирол 58000000 /тавин найман сая/ төгрөгт хүрээд байна.
Б.Т****** би холбогдох байгууллагуудын удирдамжаар ажилласан ба барилгынхаа шугам сүлжээнд бүхэлд нь шахалт хийж ус алдалт байгаа эсэхийг сайтар тогтоож, холбогдох байгууллагаар буюу Зүүн хүрээ төвөөр шалгуулсны дараагаар ХҮТ-5 аар гэрээ байгуулан ажиллахыг бидэнд даалгасан ОСНААУГазрын 2020.09.16-ны 3\1310 тоот бичигт заасан нь нотлох баримт энэ бичиг гараад 2 байгууллагаар дамжин 40 дэх хоног дээрээ хийгдэж байсан ажил тул энэ бичгийг нотлох баримтаар дараах 2 бичгийн хамт хавсаргасан болно.
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2019.09.06-ны № 0112580 тоотоор ОСНААУГазарт "Ус дулааны шугамын холболтын тухай" бичиг явууулж ....иргэн Б.Т****** өөрийн хөрөнгөөр шугам сүлжээ татахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллана уу. гэсэн байгаа бөгөөд энэ ажилд мөн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн № 01 2683 тоотоор зөвшөөрөл олгож, ...Иргэн Б.Т******ын барилгад 32а байрны гадна дулааны шугамын угсралтын ажлыг гүйцэтгэх зорилгоор авто замын зорчих хэсэг сэтлэх зөвшөөрлийг олгож, Хувийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газарт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт, Тээврийн цагдаагийн албанд хүргүүлсэн. Энэ ажил 1 жил үргэлжлээд доорхи хөрөнгө зарж яг холболт хийж дуусаад зөвхөн шалгалтын магадлагаа хийх 2-3 хонгийн л ус шахалт хийж баталгаажуулах ажил эхэлж байхад цагдаа биднийг явуулаагүй тэгээд л хөлдсөн.
Бид авсан дээрхи зөвшөөрлүүдийг үндэслэн- 2019-2020 оны зун.... намар дулааны шугамыг 50 гаруй сая төгрөгийн 3-н зээл авч хийсэн гэдгийг өргөдөлд тэмдэглэсэн ба түүний зөвхөн тал болох 25 000 0000 төгрөгийн санхүүжилт хийсэн иргэн Ч.Б өдгөө биднээс 38,4 сая төгрөгийг шүүхэд нэхэмжлэсэн.Тал мөнгийг буюу 22 900 000 төгрөгийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэн Г.А*****-аас зээлсэн хөлдөлт сүйрлийн улмаас үндсэн зээлээ төлж чадаагүй, түүнд өнөөдрийн байдлаар 12 сая төгрөгийн хүү төлөхөөр гэрээгээ сунган хохирол
цаашид үргэлжлэн хүү алданги нэмэгдсээр байна. Энэ гэм хорын хохирол шийдэгдээгүйгээс үүдэн бид өөрт оногдох 12-15 сая төгрөгийн ус дулааны хөнгөлөлтийг өнгөрсөн онд эдэлж чадахгүй мөн хохиров. Өнөөдөр болтол уг 2 барилга хөлдүүс байдалтай бид хохирсоор байна.
Үүнээс гадна барилгын гадна шугмын барилга угсралт, дээвэр засах өргөтгөх зэрэгт өөрийн цалингийн 8 сая төгрөг бусад орлогын 30сая төгрөг, иргэн Батөршөөлтөөс 7 сая төгрөгийн зээл авч хүүтэй нь 12,8 сая төгрөг болгож төлөөд, нэмж 13 сая төгрөгийн зээл, “О*****" ХХК-аас 2 сая төргөгийн болон Эхнэр Г.Ононгуйгаар Голомт банкнаас 8 сая төгрөгийн зээл авахуулж тус барилгын бусад засвар, зээлийн зарим хүү төлөх болон урсгалд зардалд бүгд 110 сая төгрөгийн хөрөнгө санхүү оруулсныг одоо шүүхийн шийдвэр гарсан 75 сая төгрөгийн өр зээлтэйг энд зориуд тэмдэглэж, байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хурал 2021 оны 02 дугаар сарын 23-нд болж 25 000 0000 төгрөгийн санхүүжилт хийсэн иргэн Ч. Батсайханг уг 2 барилгын дулааны шугамын засварт хөрөнгө оруулсан болохыг тогтоож, уг мөнгийг Б.Т****** надаар буцаан төлүүлэх шийдвэр гаргалаа.
Шүүхийн шийдвэрт Б.Т****** нар хүү алдангийн хохирлын асуудлыг Гуравдагч этгээдүүдээс нэхэмжлэх хуулийн үндэслэлтэй болохыг тэмдэглэн, зөвлөлөө.
6/Ковидын нөхцөл байдалтай холбогдуулан зорчигдөх эрхүүд, гэм хорын хохирол болон бусад арга хэмжээнд зориулан олон зуун сая тогрөгтэй тэнцэх буцалтгүй тусламжыг олон улсын байгууллагууд Засгийн газарт дэмжлэг болгон өгснөөс бид мэтийн онц ихээр хохирогчдод бус, албан тушаалтнуудад хуурамч эм хэрэгсэлд ихэнх нь явсан.
Иймд хуулинд заасны дагуу захиргааны хууль ёсны үйл ажиллагаа, Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 тогтоолын “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх” арга хэмжээ ба уг акмын 2 дахь заалтын .. удирдамж батлах тодорхой хугацаа заагаагүй зэрэг учир дутагдалтаа байсныг тогтоож, гэнэт хорио цээрийн дэглэм тогтоосон өдрүүдэд бидэнд учирсан гэм хорын хохиролтой холбогдох төлбөрийг Монгол улсын засгийн газраас гаргуулж нэхэмжлэгч иргэн Б.Т******т 58 000 000 /Тавин найман сая/ төгрөгийг гэм хорын хохиролын төлбөрт олгох шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөн олговор олгож, хохирлыг барагдуулна” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжих” тогтоолын арга хэмжээг захиргааны хууль ёсны үйл ажиллагааны улмаас бидэнд хохирол учирсан гэж үзэж байгаа юм. Өмнө нь тухайн актыг хууль ёсны үйл ажиллагаа, харин үүнд заасан удирдамжийг батлаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан, үүнийгээ тодруулж захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаа буюу хөл хорьсон Засгийн газрын үйлдэхүйгээс болж миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Энэрэх эмнэлгийн 2 давхар барилгад урд талын түгээх шугамаас татсан дулааны болох халуун, хүйтэн усны 5 шугам гэмтэж, өрөөний бүх паар хагарч улмаар өрөөнүүдийн бохирын шугам задарч, бохирын гадна шугам 20 метр хөлдөж, гэмтэл даамжирсны улмаас үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл бүрэн зогсож, зээлийн хүү, алданги зэрэг хохирол амссан. Иймд гэр хорын хохирлын учирсан болохыг тогтоож, уг хохирлын нөхөн олговор 58 сая төгрөгийн Засгийн газраас гаргуулж, иргэн Б.Т******т олгох шийдвэр гаргаж өгөхийг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, хуулийн холбогдох заалтад нийцүүлэн хүргэж байна гэсэн нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ байгаа” гэв.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*****, Т.Б***** нар бичгээр гаргасан татгалзал, түүний үндэслэлээ тайлбарлахдаа:
1/Засгийн газар нь шатлан захирах ёс, командлах ёс буюу дээд шатны байгууллагаас доод шатны байгууллагад үүрэг даалгавар өгөх байдлаар ажилладаг. Энэхүү зарчмаар ажиллахдаа үүрэг даалгавар бүхнээ заавал хугацаатай өгнө гэсэн хууль зүйн шаардлага байхгүй. Нэхэмжлэгч ч мөн адил үүнтэй холбогдуулж хуулийн зохицуулалт нэхэмжлэлдээ дурдаагүй болно. Тухайн шийдвэр үүрэг, даалгаврыг доод шатны байгууллага аль болох богино хугацаанд хэрэгжүүлэх ёстой боловч өгөгдсөн үүрэг даалгаврын онцлогоос хамаарч харилцан адилгүй хугацаа зарцуулагддаг.
2/Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шугам сүлжээний ус хөлдсөн шалтгааныг “шугамын худгийн дулаалгын хэсгийг хэн нэг нь нээж хаясны улмаас энэ тэнд хөлдөж эхэлсэн байсан” гэж дурдсан байдаг. Иймд шугам сүлжээний хөлдөлт нь хучлагийг хуулсан этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас шууд шалтгаалсан байна. Хэрэв хучлагийг хэн нэг этгээд аваагүй бол нэхэмжлэлд дурдсан 3-4 хоногт тухайн шугам сүлжээ хөлдөхгүй байх байсан. Дээр дурдсан зүйлээс үзвэл Засгийн газрын тогтоолоос шууд шалтгаалж шугам сүлжээ хөлдөөгүй буюу нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
3/Монгол Улсын Засгийн газар хүн амын эрүүл мэндийг Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг гамшгаас хамгаалах алба, аймаг, нийслэлийн Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад үүрэг болгосон. Түүнчлэн, тус тогтоолын хавсралтаар эрчим хүч, хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагааг бүхий төрийн болон хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй болохыг заасан. Гэтэл нэхэмжлэгч хөл хорионы улмаас шугам хөлдсөн гэж тайлбарлаж байгаа нь Засгийн газрын тогтоолын хүрээнд үндэслэл муутай байна” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнөх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Засгийн газрын тогтоолд удирдамжийг гаргах хугацаа заах ёстой гэсэн үндэслэлээр маргаж байсан. Гэтэл Засгийн газрын тогтоол гарсан даруйд удирдамж гарсан үүнийг шүүхэд гарган өгсөн. Шугам сүлжээ хөлдсөн үйл баримт нь Засгийн газрын шийдвэртэй холбоотой эсэх нь тодорхойгүй. Нэхэмжлэгчээс тухайн шугам сүлжээний дуулаалга буюу хучлагыг тодорхойгүй нэг этгээд нээсэн түүнээс болж шугам хөлдсөн гэж тайлбарладаг. Тэгэхээр тухайн хучлагыг хэн нэгэн авснаас болсон уу эсхүл Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор шугам сүлжээ хөлдсөн үү гэдэг нь тодорхойгүй байгаа. Тухайн шугамыг хөлдөхөд хучлагыг хуулсан этгээдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэж хариуцагч талаас үзэж байна. Хэрвээ тухайн шугам нь хучлагатай байсан бол хөлдөхгүй байсан. Нэхэмжлэгч өөрөө тухайн шугам сүлжээнд өөрөө хучлага тавьсан боловч хэн нэгэн этгээд хучлагыг нь авсны улмаас хөлдсөн. Маргаан бүхий Засгийн газрын тогтоолоор Эрчим хүч, хот суурины ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болох хувийн хэвшлийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоохгүй гэж заасан. Хэрвээ нэхэмжлэгч дуудлага өгсөн бол, мөн тухайн шугам сүлжээг хариуцаж ажиллах аж ахуйн нэгжтэй гэрээтэй бол тухайн этгээд нээлттэй явж болох байсан. Нэхэмжлэгч талаас Засгийн газраас арга хэмжээ авсан нь хууль ёсны үйл ажиллагаа юм, гэхдээ дутуу ажилласан гэж Засгийн газрыг буруутгаж байна. Тэгэхээр Засгийн газрын тогтоол, түүнийг даган гарсан Монгол Улсын Шадар сайдаас гаргасан удирдамжид тухайн салбарын үйл ажиллагааг хязгаарлаагүй байдаг. Нэхэмжлэгч нь “Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төв”-тэй гэрээ байгуулж тухайн шугамыг ашиглах байсан гэж ойлгосон. Тухайн төв нь шугам сүлжээний аюулгүй байдлыг нэхэмжлэгчийн өмнө хариуцаж ажиллах ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь яагаад тухайн байгууллагатай холбогдуулж маргахгүй, Засгийн газартай холбогдуулж маргаж байгааг ойлгохгүй. Эрчим хүчний сайдын тушаалд зааснаар нэхэмжлэгчийн хөлдсөн гэж тайлбарлаж хугацаанд дулааныг авах эрх нь хязгаарлагдсан үе буюу өвлийн горимд шилжсэн үед шинээр дулаан авах эрхгүй гэж тушаалд тодорхой заасан байна. Нэхэмжлэгч тал нь дулаан авах ёсгүй үед дулаан авсан, мөн гэрээ байгуулаагүй, Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төвд шугам сүлжээгээ бүрэн хүлээлгэж өгөөгүй нөхцөл байдлуудаас шалтгаалж шугам сүлжээ хөлдсөн гэсэн дүр зураг харагдаж байна. Түүнчлэн тухайн шугам сүлжээ хэзээ хөлдсөн нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч талаас цагдаагийн албан хаагч явуулаагүй гэж тайлбарладаг. Гэтэл хэн гэдэг, ямар цолтой цагдаагийн албан хаагч явуулаагүй талаар, мөн яагаад тухайн үед нь гомдол санал гаргаж, арга хэмжээ аваагүй юм бэ гэдэг нөхцөл байдлууд харагдаж байна. Тийм учраас хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Засгийн газар нь бүх нийтийн бэлэн байдал зарлаж, ард иргэдээ халдвар тахлаас хамгаалахдаа нийгэмд үйлчлэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах захиргааны үйлчилгээ болох ард иргэдийн хөл хориог бүрэн зогсоогоогүй. Цагдаагийн албан хаагч нартай ойлголцоод явах боломж Улаанбаатар хотын оршин суугчдад байсан” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байдаг. Уг тогтоолын хавсралтад “Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагааг хязгаарлаагүй. Мөн уг 178 дугаар тогтоолын үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/1242 дугаар захирамж гарсан уг захирамжаар цахилгаан, дулаан, усан хангамж, ариутгах татуургатай холбоотой үйл ажиллагааг мөн хязгаарлаагүй. Өөрөөр хэлбэл цахилгаан, дулаан, усан хангамжтай холбоотой мэргэжлийн байгууллагуудад ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 178 дугаар тогтоолын 2 хавсралтад заасан удирдамжийг гаргасан гэдэг нь тодорхой болсон ба тус удирдамжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.11-д халаалтын улирал эхлэх, дуусах хугацааг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоохоор заасан. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтаар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газраас 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3/1310 дугаар албан бичгээр иргэн Б.Т******т хариу өгсөн байдаг. Тус хариунд “...Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төвтэй гэрээ хийнэ үү...” гэсэн байдаг. Анх тухай дулааны шугам сүлжээнд засвар хийх ажил нь 2019 оны 08 дугаар сарын 31-ний өдөр гэрээ байгуулагдаад, 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд буюу 2 сарын хугацаанд хийгдэх ёстой байсан ажил шүүхийн маргаантай асуудлаас шалтгаалан жилийн дараа болсон гэж ойлгосон. Тэгээд Эрчим хүчний сайдын 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 170 дугаар тушаалаар 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд дулаан шугамаас огтолгоо авч шинээр хэрэглэгч холбохгүй байх, аваар болон ослын бус шалтгаанаар дулаан хангамжийн үйлчилгээг зогсоохгүй байхыг холбогдох мэргэжлийн байгууллага болон Засаг дарга нарт үүрэг болгосон. Тэгэхээр өмнө тайлбарлаж байсанчлан худгийн тагийг авсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Тухайн үед хариуцсан мэргэжлийн байгууллагууд нь шугам сүлжээний аюулгүй байдлыг хангах бүрэн боломжтой байсан буюу эдгээр байгууллагуудад дуудлага өгөх боломжтой байсан. Гэтэл эдгээр байгууллагуудад дуудлага өгсөн талаарх нотлох баримт мөн хэрэгт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэгч талаас анх очиход хэсэгчилж хөлдсөн байсан, дараа нь очиход бүрэн хөлдсөн байсан учраас арга хэмжээ авч чадалгүй орхисон гэж тайлбарладаг. Тухайн шугам сүлжээ нь хөл хорио тогтоосон үед хөлдсөн эсэх, үүнээс өмнө эсхүл хойно хөлдсөн эсэх талаар мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн дүгнэлт байхгүй” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т******оос Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолыг журам гаргах хугацаа заагаагүй, эс үйлдэхүйн улмаас учирсан гэм хорын хохирол 58 000 000 /тавин найман сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаа болох Засгийн газрын эс үйлдэхүйгээс болж гэм хорын хохирол учирсан болохыг тогтоож, уг хохирлын нөхөн олговор 58 000 000 /тавин найман сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, иргэн Б.Т******т олгох шийдвэр гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан /өөрчилсөн/ байна.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нэхэмжлэгчээс 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 12 дугаар сарын 14-ний өдөр, мөн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Монгол Улсын шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсын шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.А******нарт дээрх маргаан бүхий асуудлаар хандсан байна.
2.Нэхэмжлэгчээс “хөл хорьсон Засгийн газрын эс үйлдэхүйгээс болж миний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Энэрэх эмнэлгийн 2 давхар барилгад татсан дулааны болох халуун, хүйтэн усны 5 шугам гэмтэж, өрөөний бүх паар хагарч улмаар өрөөнүүдийн бохирын шугам задарч хохирол учирсан” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “хөл хориогоор Хот, суурины ус хангаж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагааг зогсоогоогүй” гэж тус тус маргажээ.
Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “гамшиг гэж аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг”, 4.1.2-т “аюулт үзэгдэл гэж хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, нуранги, хөрсний гулгалт үүсэх, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, цар тахал, хортон шавж, мэрэгч тархах зэргийг” гэж заасан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Коронавируст /КОВИД-19/-ийн халдвар дэлхийн ихэнх улсад тархсан тул цар тахал гэж албан ёсоор зарлажээ.
3.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, уг тогтоолын хавсралтаар хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг баталсан бөгөөд уг жагсаалтын 4 дэх хэсэгт “Хот, суурины ус хангаж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа нь уг хязгаарлалт хамаарахгүй” гэж, 2 дугаар заалтаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд Гамшигаас хамгаалах тухай хуулийн 10.3, 10.4-т заасан арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг гамшигаас хамгаалах алба, аймаг, Нийслэлийн Засаг дарга, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн удирдлагад Гамшигаас хамгаалах тухай хуулийн 10.9-д заасан шаардлагад нийцүүлэн холбогдох удирдамжийг баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад үүрэг болгожээ.
4.Монгол Улс нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орны хувьд дээрх байгууллагаас цар тахал гэж зарласан халдварт өвчний дэгдэлт, өвчлөлтийг хязгаарлах, урьдчилан сэргийлэх, дотоодын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй бөгөөд энэхүү зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй хязаарлалт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
5.Учир нь гамшгаас хамгаалах хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийг иргэн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй.
6. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 3/1310 дугаар албан бичигт...шинээр татсан шугамыг шахаж, шалган Зүүн түгээх төвөөр акт үйлдэн баталгаажуулсны дараа Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төвтэй ус, дулааны гэрээ байгуулна уу...” гэх хариуг иргэн Б.Т******т өгчээ.
7.Нэхэмжлэгчээс өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, Энэрэх эмнэлгийн 2 давхар барилгад татсан дулааны халуун, хүйтэн усны шугамыг шахаж, Хэрэглэгчдэд үйлчлэх 5 дугаар төвтэй ус, дулааны гэрээ байгуулаагүй үйл баримт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д “Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс нөхөх олговор олгож хохирлыг барагдуулна” гэж заасан.
8.“М-О т” ХХК-иар 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №08 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Өрхийн эмнэлгийн зориулалтаар баригдсан, хуучин 2 барилгын гадна, дотор инженерийн шугам сүлжээний хөлдөлтийн улмаас үүссэн хохирлын хэмжээг тогтоолгосон хэдий ч уг хохирол хариуцагчийн альваа үйлдэл, эс үйлдэхгүйгээс учирсан гэх үндэслэл тогтоогдохгүй, шалтгаант холбоо хамааралгүй байна.
Тодруулбал хязгаарлалт тогтоосон хариуцагчийн захиргааны акт, түүнд нийцүүлсэн гаргасан удирдамж нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.
Харин нэхэмжлэгчээс хариуцачийн гаргасан захиргааны актыг альваа иргэн, хуулийн этгээд зохих ёсоор биелүүлээгүй гэж үзвэл хариуцагчаа зөв тодорхойлж, үйл баримтаа нэхэмжлэлдээ тодорхой дурдаж, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй бөгөөд ийнхүү нэхэмжлэл гаргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 104 дугээр зүйлийн 104.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 10 дугаар зүйлийн 10.3, 10.4, 10.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Т******аас Монгол Улсын Засгийн газархолбогдуулан гаргасан Захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаа болох Засгийн газрын үйлдэхүйгээс болж гэм хорын хохирол учирсан болохыг тогтоож, уг хохирлын нөхөн олговор 58 000 000 /тавин найман сая/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, иргэн Б.Т******т олгох шийдвэр гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-Э