Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 96

 

 

  

 

 

 

 

 

 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0112/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг, 
Насанд хүрээгүй шүүгдэгч нарын өмгөөлөгч Ө.Өлзиймаа, 
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Отгонбаярын хууль ёсны төлөөлөгч П.Болормаа, 
Насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ариунбуянгийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гэрэлмаа,
Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт Бат-Эрдэнийн Отгонбаяр, Шарлуут овогт Гэрэлмаагийн Ариунбуян нарт холбогдох 201709000020 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, Хатагин овогт Бат-Эрдэнийн Отгонбаяр, /РД:МЙ01241811/, 2001 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 15 нас 11 сар 19 хоногтой, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын  15 дугаар баг  ШШГА-ны байрны 46 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

2.Монгол Улсын иргэн, Шарлуут овогт Гэрэлмаагийн Ариунбуян, /РД:УО02222095/, 2002 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 15 нас 1 сар 17 хоногтой, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 6, эх, ах, эгч, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 1-6 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нар нь бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Дархан–Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Микрийн 3 дугаар ёотон байрны 00 тоот өрөөнд оршин суух иргэн П.Лхагвасүрэнгийн гэрээс 2045000 төгрөг, 5000 рубль, нийт 2280150 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:
D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togool-Otgonbayr nar 145.2.doc
-Шүүгдэгч Б.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 29-ний орой Ариунбуянтай цуг Тэмүүжинг гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл Тэмүүжин боодолтой мөнгө аваад гараад ирсэн. Тэгэхээр нь би “наад мөнгөө буцааж оруул, гай болно” гэж хэлтэл Тэмүүжин тэр мөнгөнөөс 60000 төгрөг аваад үлдсэн боодолтой мөнгөө гэртээ оруулж тавьсан. Гэтэл Ариунбуян “энэ мөнгийг гэрт нь ороод авчих уу?” гэхээр нь би “өөрөө мэд” гэж хэлээд Тэмүүжин бид 2 явсан. Араас Ариунбуян мөнгөө авч ирээд надад үзүүлээд бид 2 тэр  мөнгийг хувааж авсан. Тэр өдөр идэж уух юм аваад буудалд хоносон. Маргааш нь дэлгүүр гарч, хувцас авч өмссөн. 
…маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэг хийхгүй, миний ялыг хойшлуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-Шүүгдэгч Г.Ариунбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би тэр мөнгийг Тэмүүжингийн гэрээс авчихаад Тэмүүжин, Б.Отгонбаяртай очиж уулзаад буудалд ороод Б.Отгонбаяртай мөнгөө хувааж аваад буудалдаа хоносон. Маргааш нь 1 хүний 500000 гаруй төгрөгөөр хувцас авч өмссөн.
…хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин ийм байдал гаргахгүй, ял хойшлуулж өгнө үү.” гэх мэдүүлэг, 

-“Мэргэд” зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хэргийн 31/,
-Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хэргийн 32/,
-Эд зүйл хураан авах тогтоол, хураан авсан тэмдэглэл /хэргийн 33-36/, 

-Хохирогч П.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 17 цагийн орчим гэртээ байж байхад манай салсан эхнэр Ариунаагийн 2 найз болох Зулаа, Алтай 2 манай гэрт орж ирээд “Ариунаа эрүүлжүүлэхэд  орсон байна, очоод аваад өгөөч” гэсэн юм. Тэгэхээр нь би гэрээсээ гараад эрүүлжүүлэх рүү очоод Ариунааг аваад гэртээ ирсэн бөгөөд  гэртээ ирээд Ариунаа, Зулаа, Алтай бид дөрөв нэг шил архи хувааж уугаад Алтай, Зулаа 2 яваад Ариунаа манайд үлдээд хоносон юм. Ингээд 2016 оны 12 дугаар сарын 29-ний өглөө миний хүү Тэмүүжин надаас 60000 төгрөг аваад гарсан юм. Тэгэхэд Ариунаа Зулаа гэж найзыгаа дуудаад би 3 шил архи аваад Ариунаа, Зулаа бид 3 архи уусан юм. Архи уугаад сууж байхад өдөр Тэмүүжин орж ирээд надаас “дахиад мөнгө өгөөч” гэхээр нь би Тэмүүжингээс “өглөө авсан мөнгөө яасан юм бэ?” гэж асуухад үрээд дуусгасан гэж надад хэлсэн юм. Тэгэхээр нь 3000 төгрөг өгсөн юм. Ингээд архи уугаад сууж байхад орой 18 цагийн орчим миний дүү Цэцэгмаа миний гар утас руу залгаад “түлээ, нүүрсний мөнгөгүй боллоо, мөнгө байвал өгөөч” гэсэн. Тэгэхээр нь би Цэцэгмааг “манай гэрт хүрч ирээд мөнгө ав” гэж хэлсэн юм. Удалгүй Цэцэгмаа нөхөртэйгөө манай гэрт орж ирэхээр нь би Цэцэгмаад 60000 төгрөг өгөөд нөхөр Эрдэнээд 20000 төгрөг өгөөд нэг шил архинд гаргасан юм. Тэгээд Эрдэнээ архи оруулж өгөөд Цэцэгмаа, Эрдэнээ 2 явсан юм. Би авч ирсэн архинаас ууж байснаа санаж байгаа юм. Тэгээд нэг сэрсэн чинь үүрийн 4 цаг болж байсан бөгөөд гэрт Тэмүүжин байхгүй миний салсан эхнэр Ариунаа бид 2 унтаж байсан. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өглөө босоод пасктай мөнгөө хайгаад олоогүй. Тэгэхээр нь Тэмүүжинг аваад явсан юм байна гэж бодоод Тэмүүжинг хайж явж байгаад хуучин Дарханы Арбатын PC-нээс Тэмүүжинг олоод “мөнгө яасан юм бэ?” гэж асуухад Тэмүүжин “00-н өрөөнд нуусан байгаа” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь Тэмүүжинг дагуулаад гэрт очоод 00-н өрөөнд пасктай мөнгөө хайгаад олоогүй юм. Тэгэхэд Тэмүүжин надад “би Бубаа /Ариунбуян/ ах, Чоноо /Отгонбаяр/ ах хоёртой хээтэй хорооллын “Мэргэд” гэж буудалд хамт хоносон юм. Тэгэхэд өглөө Бубаа ахын халааснаас 5000 рубль унасан. Тэгвэл Буба ах хулгайлсан юм байна” гэж надад хэлсэн юм. Тэгээд цагдаад хандсан юм.  
…Би Оросын холбооны улсын Чита хотод монгол бараа зардаг юм. Би 2016 оны 12 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн орчим би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор 56100 рубль зараад 2300000 төгрөг болсон юм. Надад 2300000 төгрөгнөөс гадна бэлэн 400000 төгрөг байсан бөгөөд 190000 төгрөгөөр нь Дархан руу 1 машинд сууж ирсэн. Буриад иргэнээс 5000 рубль авсан юм. Ингээд би паскандаа 5000 рубль, 2510000 төгрөгтэй ирсэн бөгөөд замын зардалдаа 15000 төгрөг өгсөн. 12000 төгрөгөөр хоолонд орсон. Дарханд ирээд Ариунаад 40000 төгрөг өгсөн, Тэмүүжинд 60000 төгрөг өгсөн, тогны мөнгөнд 20000 төгрөг өгсөн, Ариунааг эрүүлжүүлэхээс авахад 30000 төгрөг  зарцуулсан, архинд нийт 75000 төгрөг үрсэн юм. Ингээд бодохоор миний пасканд 2225000 төгрөг үлдсэн байна. Энэ үлдэгдэл мөнгөнөөс Тэмүүжин надад хэлээгүй 180000 төгрөг авсан байна. Тэгээд хулгайд алдагдсан нь 2045000 төгрөг, 5000 рубль болж байна. 
...тухайн үеийн ханш нь 1 рубль 41 төгрөг байсан. Тэгэхээр 205000 төгрөг болж байна. Би 205000 төгрөгөөр үнэлж байна.
…Би паскаа хайж байгаад “Мэргэд” зочид буудлын хажуугийн граж дээрээс олсон. Паскан дотор миний иргэний үнэмлэх, гадаад поспарт, хаан банкны виза, сим картны үүр байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 67-68/, 

-Насанд хүрээгүй гэрч Л.Тэмүүжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн орчим би ааваасаа 60000 төгрөг аваад гарсан бөгөөд өдөр 60000 төгрөгөө үрчихээд дахиж гэр рүүгээ ороод аавын мөнгөний паскнаас дахиад 60000 төгрөг аваад гарсан. Дахиж авсан 60000 төгрөгөө үрж дуусгаад орой харанхуй болсны дараа  коток дээр гулгаж байгаад Буба /Отгонбаяр/ ах, Чоноо /Бат-Эрдэнэ/ ах хоёртой гэртээ ирээд би гэрээсээ аавын пасктай мөнгийг гаргаж ирээд Буба /Отгонбаяр/ ах, Чоноо /Бат-Эрдэнэ/  ах хоёрт үзүүлсэн чинь тэр 2 намайг “буцаагаад наад мөнгөө гэртээ оруулж тавь” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би аавын мөнгийг 00-н өрөөнд оруулж тавиад дотроос нь 60000 төгрөг авч гарч ирсэн юм. Гарч ирээд Буба /Отгонбаяр/ ах, Чоноо /Бат-Эрдэнэ/ ах бид 3 “Онон” гуанзны хажуугийн  дэлгүүрийн урд ирэхэд Буба /Отгонбаяр/ ах намайг “ахын дүү наанаа зогсож бай, бид 2 юм яриадхая” гэж надад хэлсэн юм. 
...буцаж ирээд Буба /Отгонбаяр/ ах “ах нь эгчийндээ очоод ирье, та 2 эндээ намайг хүлээж байгаарай” гэж надад хэлээд яваад өгсөн юм. Тэр хооронд нь Чоноо /Бат-Эрдэнэ/ ах бид 2 дэлгүүрээс 1 шоколад, 1 ундаа аваад гарч ирсэн бөгөөд удалгүй 5-6 минутын дараа Буба /Отгонбаяр/ ах хүрээд ирсэн юм. Тэгээд Буба /Отгонбаяр/ ах, Чоноо /Бат-Эрдэнэ/ ах бид 3 такси бариад хээтэй хороолол орсон юм. Ингээд өглөө босоод байж байхад Буба /Отгонбаяр/ ахын халааснаас 5000 рубль унаад ирсэн. Тэгэхээр нь би Буба /Отгонбаяр/ ахыг аавын мөнгийг авсан байна гэж бодоод халаасыг нь нэгжих гэхэд “ална шүү” гээд намайг ойртуулаагүй. тэгээд Буба /Отгонбаяр/ ах, Чоноо /Бат-Эрдэнэ/ ах бид 3 буудлаас гараад Буба /Отгонбаяр/ ах, Чоноо /Бат-Эрдэнэ/ ах 2 намайг таксинд суулгаж өгөөд “одоо бид 2 хөдөө явлаа” гэж надад хэлсэн юм. 
…Би өөрийнхөө нэрийг Тэнгис гэж худлаа хэлсэн. Буба /Отгонбаяр/ ах, Чоноо /Бат-Эрдэнэ/ ах 2 нэрээ бас худлаа хэлж байсан, би юу гэж нэрээ худлаа хэлснийг санахгүй байна. Би аавын паскнаас нийт 240000 төгрөг авсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 69/, 

-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 70-71, 81-82/, 

-Үнэлгээний тайлан, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 149-150/, 

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 158-159/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нар нь бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний орой 22 цагийн орчим Дархан–Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг Микрийн 3 дугаар ёотон байрны 00 тоот өрөөнд оршин суух иргэн П.Лхагвасүрэнгийн гэрээс 2045000 төгрөг, 5000 рубль, нийт 2280150 төгрөгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Отгонбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…араас Ариунбуян мөнгөө авч ирээд надад үзүүлээд бид 2 тэр  мөнгийг хувааж авсан. Тэр өдөр идэж уух юм аваад буудалд хоносон. Маргааш нь дэлгүүр гарч хувцас авч өмссөн.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Г.Ариунбуянгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…би тэр мөнгийг Тэмүүжингийн гэрээс авчихаад Тэмүүжин, Б.Отгонбаяртай очиж уулзаад буудалд ороод Б.Отгонбаяртай мөнгөө хувааж аваад буудалдаа хоночихоод маргааш нь 1 хүний 500000 гаран төгрөгөөр хувцас авсан.” гэх мэдүүлэг, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 70-71, 81-82/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас газраас тэдний үйлдлийг  зүйлчилсэн  хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нарыг бүлэглэн, бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 2280150 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч П.Лхагвасүрэнд  нийт 2280150 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд шүүгдэгч Б.Отгонбаярын хууль ёсны төлөөлөгч Б.Болормаа нь 1140075 төгрөг нөхөн төлсөн байх тул үлдэх 1140075 төгрөгийг насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ариунбуян болон түүний иргэний хариуцагч Ө.Гэрэлмаа нараас гаргуулж, хохирогч П.Лхагвасүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нар нь урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 158-159/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нар нь хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг зарим хэсгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлд зааснаар хойшлуулах боломжтой гэж дүгнэлээ.

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн саравчтай малгай, I phone-5 маркийн гар утас, саравчтай малгай зэрэг нь гэмт хэрэг үйлдэж олсон мөнгөөр худалдан авсан эд зүйл байх тул хурааж, улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ. 

    Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299, 377 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Хатагин овогт Бат-Эрдэнийн Отгонбаяр, Шарлуут овогт Гэрэлмаагийн Ариунбуян нарыг бүлэглэн,  бусдын эд хөрөнгө хулгайлж,  2280150 /хоёр сая хоёр зуун наян мянга нэг зуун тавин төгрөг/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Хатагин овогт Бат-Эрдэнийн Отгонбаяр, Шарлуут овогт Гэрэлмаагийн Ариунбуян нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын /хоёр жил зургаан сар/ хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8-д зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нарт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, Б.Отгонбаяр нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 503 дугаар зүйлийн 503.5-т зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Г.Ариунбуян, иргэний хариуцагч Ө.Гэрэлмаа нараас 1140075 /нэг сая нэг зуун дөчин мянга далан таван төгрөг/ төгрөгийг гаргуулж, хохирогч Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг 3 дугаар ёотонгийн 00 тоотод оршин суух Боржигон овогт Паламын Лхагвасүрэнд /РД:ТЖ70122213/ олгосугай. 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн I phone-5 маркийн гар утас, хар өнгийн саравчтай малгай зэргийг хурааж, улсын орлого болгосугай. 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.1-т зааснаар шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нарт тус бүр эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хичээл сургуульдаа явахыг шүүгдэгч Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нарт, тэдгээрийг хараа хяналтандаа байлгаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг шүүгдэгч Б.Отгонбаярын хууль ёсны төлөөлөгч П.Болормаа, шүүгдэгч Г.Ариунбуянгийн хууль ёсны төлөөлөгч Ө.Гэрэлмаа нарт үүрэг болгосугай.  

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 62 дугаар зүйлийн 62.3-т зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд даалгасан үүрэг биелүүлээгүй буюу захиргааны  шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч нарт анхааруулсугай. 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Отгонбаяр, Г.Ариунбуян нарт батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.