| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2025/0001/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/12 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/12
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,
улсын яллагч Ж.Цээрүүгүндүү /томилолтоор/,
шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ***д холбогдох, эрүүгийн 2408039811857 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 цагийн үед хохирогч ***тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт, зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408039811857 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас/,
3. Хохирогч *** мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудас/,
4. Хохирогч *** дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
5. Гэрч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
6. Гэрч ***ийн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дугаар хуудас/,
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 13251 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч *** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаа /хавтаст хэргийн 49-58 дугаар хуудас/,
9. Шүүгдэгч *** мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас/,
10. Хохирогч ***ээс гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 76 дугаар хуудас/,
11. Шүүгдэгч *** хувийн байдлыг тодорхойлсон бусад баримтууд /хавтаст хэргийн 35-41, 45-48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Хоёр: Шинжлэн судалсан нотлох баримтын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Түүнчлэн шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүний гаргасан хүсэлтийг прокуророос хангаж шийдвэрлэн, улмаар хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоодугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *** гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лорд” нэртэй бааранд 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 цагийн үед хохирогч ***тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт, зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.
Хохирогч *** эрүүл мэндэд учирсан “хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт зулгаралт, цус хуралт, зовхи, хамар, хацарт зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч *** гэмт үйлдлийн улмаас үүссэн ба уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокуророос шүүгдэгч *** дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүхээс дүгнэлээ.
Түүнчлэн шүүгдэгч *** нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч М.Ханбилэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “...Эмчилгээний зардал болох 500,000 төгрөгийг ***эс гаргуулахаар болсон, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргаж илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгосон эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг шүүгдэгч *** нь ухамсарлан ойлгосноо илэрхийлж хүлээн зөвшөөрсөн бөгөөд улсын яллагчаас гаргасан торгох ялын санал нь хуульд нийцсэн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх тул шүүхээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд түүнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.
Шүүгдэгч *** нь урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 379 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болсон болох нь ял шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогддог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч *** урьд гэмт хэрэг үйлдэж, улмаар шүүхээр ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, уг гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *** 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ***д торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацааг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол, саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
6. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ