| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Даваадорж |
| Хэргийн индекс | 188/2024/0916/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/08 |
| Огноо | 2024-12-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/08
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Даваадорж даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул, улсын яллагч Б.Бат-Эрдэнэ, шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***т холбогдох, эрүүгийн 2408000000924 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 10 дугаар гудамжны 05 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч ***ыг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний гадна булан, баруун тохой, шуунд зулгаралт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, салст, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *** нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул түүний өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 2408000000924 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
3. Хохирогч ***ын: “...2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн үед би таньдаг эгч ***тэй хамт 21 дүгээр хороололд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад хамтран амьдрагч ***ийн гэрт *** тоотод очсон. Тэгээд ***ийн гэрт очиход *** болон түүний хамаатны ах *** нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. *** ах надад хандаж “ахдаа ганц архи аваад өг” гэхээр нь би “тэгье” гээд *** ахтай дэлгүүр орсон. *** ахад би 0.75 литрийн “Хараа” нэртэй архи 1 ширхэг, 2.4 литрийн пиво 1 ширхгийг аваад өгсөн. Тэгээд *** ах яваад өгсөн. ***ийн гэрт ороход *** намайг *** ахтайгаа хардаад, миний үснээс зулгаагаад, намайг газар унагаагаад, гэрээсээ гаргаад, миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиод, мөн миний хүзүүг гараараа боогоод дахиж намайг газарт чирсэн. Би газар чирүүлж байхдаа хажуу айлын хүмүүс рүүгээ орилсон. Удалгүй цагдаа нар ирсэн. Тэр үед миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, толгой хавдсан, үс унасан, гар шалбарсан, хүзүү эрүү улайсан. Тэр үед миний биед учирсан гэмтлийг *** учруулсан. ***ийн биед гэмтэл шарх учраагүй. ...*** өмнө нь 2024 оны 04 дүгээр сард Хөвсгөл аймагт байхдаа намайг хардаад миний нүүр рүү гараараа 2-3 удаа алгадаж байсан. Би ***тэй 2023 оны 08 дугаар сард анх танилцаж байсан. Удалгүй 2023 оны 09 дүгээр сараас эхлэн би ***тэй *** тоотод хамт амьдардаг...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,
4. Хохирогч ***ын дахин өгсөн: “... Би тухайн гэмтлийн улмаас ямар нэгэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ аваагүй. Эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн байгууллагад хандаагүй. Надад эмчилгээний зардалтай холбоотой баримт байхгүй. Миний сэтгэл санаанд хохирол, хор уршиг учирсан. Би мөрдөгчийн танилцуулсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон хүснэгтийн маягтыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6792 дугаартай: “...***ын биед баруун нүдний гадна булан, баруун тохой, шуунд зулгаралт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, салст, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
6. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 13, 16 дугаар хуудас/,
7. Хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
8. Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгцээний үнэлгээ бүхий баримт /хавтаст хэргийн 20-29 дүгээр хуудас/,
9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч ***ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас/,
11. Аюулын зэргийн үнэлгээ “Бага” гэж дүгнэгдсэн үнэлгээний хуудас /хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас/,
12. Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...Өчигдөр буюу 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэртээ *** тоотод 18 цагийн үед хамтран амьдрагч *** архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тухайн үед ирэхдээ 1 шил 0.75 граммын “Хараа” нэртэй архи барьчихсан ирсэн. Бид хоёр тухайн архийг хувааж уугаад, юм ярьж сууж байсан. Гэтэл хамтран амьдрагч маань над руу уурлаад байсан. Би юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад хамтран амьдрагч болох ***ын нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохисон. Тухайн үед *** бид хоёр байсан. Өөр хэн нэгэн байгаагүй. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч өөрийн ухаантай байсан. Тухайн үед миний биед ямар нэгэн гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч гаргасан байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ***ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Мөрдөх байгууллагаас ***т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан *** тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч ***ыг бусадтай хардан зодож эрүүл мэндэд нь “баруун нүдний гадна булан, баруун тохой, шуунд зулгаралт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, салст, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогджээ.
Үүнд:
1. Шүүгдэгч ***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
Эрүүгийн 2408000000924 дугаартай хэргээс:
2. Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
3. Хохирогч ***ын мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас/,
4. Хохирогч ***ын дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 6792 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/,
6. “Мед траума” эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хавтаст хэргийн 13, 16 дугаар хуудас/,
7. Хохирогч *** нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг гуравдугаар зэрэглэлээр тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
8. Шүүгдэгч ***ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас ***ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай” дүгнэлтийг гаргахад шүүгдэгчээс “гэм бурууг хүлээн зөвшөөрч” оролцсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хохирогч ***ын биед учирсан “баруун нүдний гадна булан, баруун тохой, шуунд зулгаралт, зулайн хуйх, зүүн нүдний зовхи, салст, баруун хацар, эрүү, хүзүүнд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ийн гараараа удаа дараа цохих, газраар чирэх зэрэг үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогджээ.
Хохирогч ***, шүүгдэгч *** нар нь хамтран амьдрагч нар тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д заасанд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд гэж үзнэ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний бие махбодод халдсан үйлдлийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэлд тооцогдохоор хуульчилсан.
Прокуророос шүүгдэгч ***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд тэрээр уг гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь баримтаар тогтоогджээ.
Иймд, шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцох”-оор хуульчилсан байдаг.
Хохирогч ***ын биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ***ийн үйлдлийн улмаас бий болсон бөгөөд энэ нь гэмт хэргийн хохирол болох тул учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан зардал, мөн бусад зардал нь гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.
Хохирогч ***ын зүгээс эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн холбоотой баримтыг гаргаж ирүүлээгүй ба харин сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн байна.
Мөрдөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох” хүснэгтийг үндэслэн хохирогч ***ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “Гуравдугаар” зэрэглэлээр тогтоож түүнд танилцуулжээ.
Иймд, Улсын Дээд шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д заасныг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч ***өөс гаргуулж хохирогч ***д олгохоор шийдвэрлэв.
Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ***ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” дүгнэлтийг, шүүгдэгчийн зүгээс “торгох ял оногдуулж өгөх” саналыг тус тус гаргасан.
Шүүхээс ***т ял шийтгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Дөрөв. Бусад:
Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *** нь прокуророос хэрэг шүүхэд шилжүүлэн ирснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан тул тус шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2088 дугаартай захирамжаар түүнд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан боловч тэрээр хаана байгаа нь мэдэгдэхгүй, эрэн сурвалжлах ажиллагаагаар олж илрүүлээгүй зэргээс шалтгаалж захирамжийн биелэлт хангагдаагүй нөхцөл байдал үүсжээ.
Харин шүүгдэгч *** нь 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн тул хэргийг хянан хэлэлцэж, улмаар хорихоос өөр төрлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болсон тул түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ***т 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *** нь энэ тогтоолоор оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч ***өөс хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 8,580,000 /найман сая таван зуун наян мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч ***-д олгосугай.
5. Энэ хэрэгт *** нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнд энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАВААДОРЖ