| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жалцаны Цэнгэл |
| Хэргийн индекс | 182/2021/00448/И |
| Дугаар | 182/ШШ2021/01321 |
| Огноо | 2021-06-16 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2021/01321
| 2021 06 16 | 182/ШШ2021/01321 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: П.Б/-гийн нэхэмжлэлтэй ,
Хариуцагч: Монголын цахилгаан холбоо ХК /РД:2073943/-д холбогдох
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болох 34.050.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр, хариуцагчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Бнэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь П.Баяраагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. П. Баяраа нь Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ажлаас хууль бусаар халагдсан.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182\ШШ2017\01223 дугаар шийдвэрээр П.БДархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх , Улсын дээд шүүх хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн. .
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182\ШШ2017\01223дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон.
Монголын Цахилгаан Холбоо ХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ШШГЕГ-ын шийдвэр гүйцэтгэх албаны Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 18 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон тогтоол хүчингүйд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгох, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцуулах шаардлагуудыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 181\ШШ2019\00449 шийдвэрээр Монголын цахилгаан холбоо ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх хянаад ,шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.
Улмаар Монголын Цахилгаан Холбоо ХК нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэр,давж заалдах шатны шүүхийн магадлал, хяналтын шатны тогтоолыг хянуулах тухай хүсэлт гаргасныг Улсын дээд шүүх2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 001\ШТ2020\00189 тогтоолоор хангахаас татгалзсан.
Өнөөдрийг хүртэл Монголын цахилгаан холбоо ХК нь хуулийн хүчин төгөлдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1537 дугаар тогтоолыг биелүүлэхгүй, Дархан-Уул аймгийн Холбооны газрын даргын ажлыг эгүүлэн авахгүй байна.
Иймд 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 681 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговорт / нэг өдрийн цалин хөлс 50.000 төгрөгөөр тооцож/ 34.050.000 төгрөгийг Монголын Цахилгаан холбоо ХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Азбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр зөвшөөрөхгүй байна.
Нэгдүгээрт, нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс эцэслэн шийвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол байгаа. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн.
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч П.Баярааг Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дархан уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 2.946.231 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг Монголын цахилгаан холбоо ХК нь дараах байдлаар биелүүлсэн.
Ажил олгогчийн зүгээс П.Баярааг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Х/81 тоот тушаалаар Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажилд эгүүлэн томилсон.
Шүүхийн шийдвэрийн дагуу П.Баяраад ажилгүй байсан хугацааны цалин, олговорт 2.781.607 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд шилжүүлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт уг олговороос тооцон нөхөн бичилтүүдийг хийсэн.
Шүүхийн шийдвэр биелэгдсэн, үүнийг П.Бч өөрөө хүлээн зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал н.Алтан-Очиртой хөдөлмөрийн гэрээ байгуулж, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурснаар Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсон.
Дээрх үйл явдал болон нотлох баримтуудыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дугаартай тогтоолоор Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосонд тооцсон.
Шүүхийн шийдвэрийг биелүүлэн, П.Баярааг ажилд нь эгүүлэн авсаны дараа ажил олгогч, түүнийг хөдөлмөрийн чадвараа 75 хувь алдсан болохыг мэдсэн . Эрүүл мэндийн шалтгаан нь тухайн ажил үүргийг гүйцэтгэх боломжийг хязгаарлана гэж ажил олгогч үзсэн учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасны дагуу 30 хоногийн хугацаатай мэдэгдлийг өгсөн.
Ажил олгогчийн хувьд дээрх мэдэгдэлд заасан хугацааг дуусгавар болоход, 2018 оны 7дугаар сарын 20-ны өдөр Х/146 тоот тушаал гаргаж П.Баярааг эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй гэх үндэслэлээр 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн.
Эдгээр үйл баримт цаг хугацааны хувьд ойрхон, ажилд нь 2018 оны 5 сарын 14-нд эгүүлэн авч, 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдэгдэл өгч, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлсөн.
Ингээд эдгээр бүх процесс болоод өнгөрсний дараа, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосны дараа буюу 3 сарын дараа П.Бгомдол гаргаж ... явсаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, шүүх мэтээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 5/491 дугаар тогтоолыг хүчингүй болгож, 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 18 дугаар тогтоолыг гаргасан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж заасан.
Үүний дагуу Монголын цахилгаан холбоо ХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2017/01223 дугаар шийдвэрийг биелүүлэн, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон.
Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчиж ,ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгосон асуудал одоо хүртэл эцэслэн шийдэгдээгүй ,шүүхийн маргаантай асуудал явж байна.
Нэхэмжлэгч П.Бнь энэхүү шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад гомдол санал гаргах явцдаа буюу 2018 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан буюу 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин гаргуулах, Монголын цахилгаан холбоо ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Х/146 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг гаргасан байдаг. ...Ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг Улсын дээд шүүхээс эцэслэн шийдвэрлэхдээ Ажил олгогч Монголын цахилгаан холбоо ХК нь П.Баярааг 2018 оны 05 дугаар сарын 14-ний Х/81 тоот тушаалаар урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь тогтоосон, харин ажилд томилсон тушаал гарснаас хойш ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүйд ажил олгогчийг бурууттах үндэслэлгүй тул ажил олгогч шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, тушаал хэрэгжсэн гэж үзнэ гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагаас 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олговорыг гаргуулж, шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон буюу 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.
Эдгээр хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг, нэхэмжлэгч нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг гаргасан боловч, Улсын дээд шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 001/ШТ2020/00177 тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзсан.
. П.Бнь ажилд одоо ч томилогдоогүй гэж маргаж 34.050.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй үндэслэлээр чөлөөлөгдсөн Монголын цахилгаан холбоо ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2018 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн А/146 тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага бүхий иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч П.Бэс зөвшөөрч хяналтын гомдол гаргасан боловч тухайн гомдлоосоо татгалзсанаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2019/00640 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж П.Баярааг ажлаас чөлөөлсөн Х/146 дугаартай тушаал хүчинтэй гэж үзэж байна.
Нэхэмжлэгч П. Баяраа нь нэхэмжлэлээ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00449 дүгээр шийдвэрийг үндэслэн, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийг Улсын дээд шүүх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эцэслэн шийдвэрлэсэн. П. Баяраагийн нэхэмжлэлд хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана. Шаардах эрх хэзээнээс үүсэх вэ, ямар хугацаанд нэхэмжлэлээ гаргах вэ гэдэг асуудал яригдана. П. Баяраа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П. Баяраа нь Монголын цахилгаан холбоо ХК-д холбогдуулан 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 34.050.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1 дүгээр хавтас хэргийн 1-3 тал, 2 дугаар хавтас хэргийн 1-2 тал/
Шүүх хэрэгт байгаа баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ
Нэхэмжлэгч П.Бнь өөрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх, багасгах, хүсэлт гаргах, бүх шатны шүүхэд төлөөлөх, шүүх хуралдаанд оролцох зэрэг бүрэн эрхийг С.Чинбатад 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр итгэмжлэлээр олгосон ба итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан хуулийн шаардлагыг хангажээ. /1 дүгээр хавтас хэргийн 4 тал /
Хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинбат нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр буюу төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй бөгөөд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Дотоод аудит, шинжилгээ, үнэлгээний албаны дарга Ж. Азбаярыг томилж 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 1а/89 тоот итгэмжлэл олгосон байх ба итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /1 дүгээр хавтас хэргийн 42,43 тал/
Зохигчид дээрх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрсдийгөө бүрэн төлөөлж шүүхэд холбогдох тайлбар, хүсэлт гаргах, хэргийн материалтай танилцах, бүх шатны шүүхэд шүүх хуралдаанд төлөөлөн оролцох, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх, үүргийг эдлэх-ээр итгэмжлэл олгосноор С.Чинбат, Ж.Азбаяр нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 32 дугаар зүйлийн 32.2, 35 дугаар зүйлийн 35.1, 35.2, 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т зааснаар нэхэмжлэгч П.Баяраа, хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хэргийн оролцогч болсон гэж үзнэ.
Нэхэмжлэгч П.Бнь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 28-ны хүртэл хугацаагаар тооцон нэхэмжилснийг хариуцагч ...шүүхийн шийдвэрийг биелүүлсэн, гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж марган мэтгэлцэж байна. /х.х-ийн 64-67 тал/
Шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын өгсөн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, П.БМонголын цахилгаан холбоо ХК-ийн Дархан уул аймгийн холбооны газрын даргын ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны олговорт 2.946.231 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1537 дугаар тогтоол хүчин төгөлдөр болсон гэж үзнэ. /1 дүгээр хавтас хэргийн 5-15 тал/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэдэг.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрт бичигдсэн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулжээ.
П.Баярааг Монголын цахилгаан холбоо ХК-ийн Дархан-Уул аймгийн холбооны газрын ажилд эгүүлэн томилсон эсэх, шийдвэр бүрэн биелэгдсэн эсэх, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон нь үндэслэлтэй эсэх талаар маргаан үүсч, улмаар тухайн хэрэг маргаан шүүх шийдвэрлэж байсан нь хэргийн оролцогч нарын тайлбар,
Чингэлтэй дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 2362 дугаар шийдвэр, 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 00640 дугаар шийдвэр,
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 00449 дүгээр шийдвэр ,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 185 дугаар магадлал, 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1402 дугаар магадлал, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал,
Улсын дээд шүүх хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 791 дүгээр тогтоол, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 440 дүгээр тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаар тогтоол, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 189 дүгээр тогтоол зэрэг бусад баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн нэгдүгээр хавтас хэргийн 16-37, 68-109, 138-199 тал, 2 дугаар хавтас хэргийн 12-13 тал/
Иймд дээрх шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дүгнэхэд, хариуцагч тал буюу ажил олгогч Монголын цахилгаан холбоо ХК нь нэхэмжлэгч П.Баярааг Дархан-Уул аймгийн холбооны газрын даргын ажил, албан тушаалд нь эгүүлэн аваагүй, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь тогтоогдсон гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажил олгогч нь ажилтныг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажилд нь эгүүлэн авах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хуулийн дээрх заалтуудыг биелүүлээгүй бол түүнээс гарах үр дагаврыг хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК хариуцах учиртай бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан ажилгүй байсан бүх хугацаа ... гэдэгт ажилтныг үндэслэлгүйгээр халснаас хойш түүнийг ажилд эгүүлэн авах хүртэлх хугацааг ойлгоно.
Хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК нь нэхэмжлэгч П.Баярааг ажилд нь эгүүлэн аваагүйн улмаас түүний эрх зөрчигдсөн гэж үзэх ба тэрээр 2020 оны 09 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 3699 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан байсан ба 2021 оны 2 дугаар 01-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасантай нийцэж байх тул хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-ийн тайлбар, татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20 өдрийн 00449 дүгээр шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 08/05 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 766 дугаар магадлал, хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүхийн 2020 оны 07дугаар сарын 28-ны өдрийн 00440 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр П.Бажилд эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлийг шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01537 дугаар тогтоол зэргийг биелүүлэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Иймд шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцнэ.
Нэхэмжлэгч П. Баяраа ажилгүй байсан хугацааг 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл /681 хоног/ гэж тодорхойлж, энэ хугацааны олговрыг нэхэмжилж байгаа болно.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дүгээр сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэрт ... П.Баяраагийн нэг сарын дундаж цалин хөлсийг 900.000 төгрөг /нэг өдрийн дундаж цалин хөлс 42.453 төгрөг / байхаар тогтоожээ. /1 дүгээр хавтас хэргийн 5-7 тал /
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.
Ажилтны нэг сарын дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг 900.000 төгрөгөөр тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1223 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1725 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01537 дугаар тогтоол хүчин төгөлдөр тул одоо нэхэмжилж буй шаардлагад хамаарах хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шийдвэрлэхдээ энэ үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй гэж үзсэн болно.
Нэхэмжлэгч П.Баяраагийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсийг нэг сард 900.000 төгрөгөөр тооцож, нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 28.910.493 төгрөгийг хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-иас гаргуулж, нэхэмжлэгч П.Баяраад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.139.507 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нь дээрх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцох, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь заалтаар тус тус заажээ.
Нэхэмжлэгчийн дээрх гомдлын шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128 дугаар зүйлд зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргааны төрөлд хамаарч байгаа, гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-иас 28.910.493 / хорин найман сая есөн зуун арван мянга дөрвөн зуун ерэн гурван /төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Баяраад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.139.507 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар Монголын цахилгаан холбоо ХК нь П.Баяраад дээрх олговроос зохих суутгалыг хийж, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар нэхэмжлэгч П.Баяраагийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Төрийн сангийн 100200700941 тоот данснаас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 387.700 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Баяраад буцаан олгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Монголын цахилгаан холбоо ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 302.502 төгрөг гаргуулж, улсын төсвийн дансанд оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцогч талууд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч , өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж. ЦЭНГЭЛ