Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2017/00133

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2017/00133

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******/-д холбогдох

16,497,777.15 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл, хүсэлтдээ: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран баг, 27-07 тоот хаягт орших Урианхай овгийн Чойсүрэнгийн Цогт нь тус банктай 2011 оны 06-р сарын 10-ны өдөр №2011/028701/0453 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, №2011/028701/0453 тоот “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан 4,000,000.00 /Дөрвөн сая / төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, 2011 оны 07-р сарын 22-ны өдөр №2011/028701/0616 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, №2011/028701/0616 тоот “Цалингийн зээлийн барьцааны гэрээ", 2011/0287/0453-1 тоот “Зээлийн нэмэт гэрээ"-г байгуулан 5,000,000.00 /Таван сая / төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 37 сарын хугацаатай, 2011 оны 10-р сарын 11- ны өдөр №2011/028701/0862 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, №2011/028701/0862 тоот “Цалингийн зээлийн барьцааны гэрээ", 2011/028701/0453-2 тоот “Зээлийн нэмэт гэрээ"-г байгуулан 3,000,000.00 /Гурван сая / төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай тус тус зээлж авсан.

Зээлдэгч нь “Цалингийн зээлийн гэрээ"-ээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлийн барьцаанд ажил олгогч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу авч буй цалин, түүнтэй адилтгах орлого, мөн Худалдаа, хөгжлийн банкны 407186482 тоот цалингийн картын дансны орлогыг барьцаалсан.

Зээлдэгч Ч.Цогт нь 2012 оны 09 дүгээр сараас эхлэн зээлийг хугацаанд нь төлөөгүй тул зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн хуваарь зөрчигдөж, зээл төлөгдөөгүй байна.

Зээлдэгч Ч.Цогт нь №2011/028701/0453, №2011/028701/0616, №2011/028701/0862 тоот “Цалингийн ээлийн гэрээ”-гээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйгээс 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд:

Үндсэн зээлийн үлдэгдэл 8,492,226.75 /Найман сая дөрвөн зуун ерэн хоёр мянга хоёр зуун хорин зургаан төгрөг далан таван мөнгө/ төгрөг;

Үндсэн зээлийн хүүгийн үлдэгдэл 6,922,170.36 /Зургаан сая есөн зуун хорин хоёр мянга нэг зуун далан төгрөг гучин зургаан мөнгө/ төгрөг;

Нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 1,083,380.04 /Нэг сая наян гурван мянга гурван зуун наян төгрөг дөрвөн мөнгө/ төгрөг;

Нийт 16,497,777.15 /Арван зургаан сая дөрвөн зуун ерэн долоон мянга долоон зуун далан долоон төгрөг арван таван мөнгө/, Зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 16,497,777.15 /Арван зургаан сая дөрвөн зуун ерэн долоон мянга долоон зуун далан долоон төгрөг арван таван мөнгө/ төгрөг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,439.00 /Хоёр зуун дөчин мянга дөрвөн зуун гучин есөн/ төгрөгийг зээлдэгчээс гаргуулж Худалдаа, хөгжлийн банкинд олгохоор шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ч.Цогт шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Наран багийн харъяа. Одоо түр оршин сууж байгаа газар Говил багт амьдардаг. Би өөрөө ухаан санаа, эрүүл мэндийн байдлаар муу. Хоёр ч удаа харвалт өгч хэл яриа юм ярьж чадахгүй, удаан явахаар толгой эргэж уначихаад, хүний асрамжинд байдаг. Би 2011 оны 06 дугаар сарын 10-ны өдөр цалингийн зээл авч, амьдралын хүнд хэцүү байдлаас төлж чадахгүй өдийг хүрсэн. Би сүүлдээ орох оронгүй, гудамжинд архи ууж гадуур хонож байж байгаад хамаатны минь ах Хөвсгөл аймгийн асрамжийн газар аваачиж өгөөд тэнд байж байгаад 2016 оны 07 дугаар сарын 22-нд хүү маань сураг ажиг тавьж Эрдэнэтэд авчирсан. Хүүхдүүд маань тэр үед жаахан насанд хүрээгүй байсан. Би өөрийн авсан үндсэн зээл болох 8,492,226.75 төгрөгийг сар болгон тэтгэвэр дээрээс 30 хувиар төлж барагдуулахаар зөвшөөрч байна. Харин хүүг нь төлөх боломж байхгүй. Хүү маань ажил төрөлгүй, би байнгын эм тариа хэрэглэж байдаг. Байнга хүний асрамж шаарддаг тул хүү нь болох 6,922,170.36 төгрөгийг төлөх боломжгүй. Миний амьдралын үнэн байдлыг харж үзэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбар нь хариуцагч Ч.Цогтод холбогдуулан үндсэн зээл 8,492,226.75 төгрөг, зээлийн хүү 6,922,170.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,083,380.04 төгрөг, нийт 16,497,777.15 төгрөг, эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Худалдаа хөгжлийн банк нь хариуцагч Ч.Цогттой Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу 2011 оны 06-р сарын 10-ны өдөр №2011/028701/0453 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, №2011/028701/0453 тоот “Цалингийн зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулан 4,000,000.00 /Дөрвөн сая/ төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай, 2011 оны 07-р сарын 22-ны өдөр №2011/028701/0616 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, №2011/028701/0616 тоот “Цалингийн зээлийн барьцааны гэрээ", 2011/0287/0453-1 тоот “Зээлийн нэмэлт гэрээ"-г байгуулан 5,000,000.00 /Таван сая/ төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 37 сарын хугацаатай, 2011 оны 10-р сарын 11-ны өдөр №2011/028701/0862 тоот “Цалингийн зээлийн гэрээ”, №2011/028701/0862 тоот “Цалингийн зээлийн барьцааны гэрээ", 2011/028701/0453-2 тоот “Зээлийн нэмэлт гэрээ"-г байгуулан 3,000,000.00 /Гурван сая/ төгрөгийг сарын 1,6 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай зээл олгосон болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүдийн хуулбар зэргээр тогтоогдож байна. Зээлдэгч буюу хариуцагч Ч.Цогт нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилсэн мөнгөн дүнгийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч байна. Ажилгүй, эрүүл мэндийн шалтгааны улмаас хүү төлөх боломжгүй, харин үндсэн төлбөрийг тэтгэвэрээсээ сар бүр 30 хувиараа нь төлж барагдуулна гэж тайлбарладаг. Мөн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 650,000 төгрөгийг төлсөн тухай баримтыг шүүхэд ирүүлсэн байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч нь гэрээнд заасан бол зээл болон түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх, авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул хариуцагч Ч.Цогтоос үндсэн зээлийн төлбөрөөс төлсөн 650,000 төгрөгийг хасаж, 7,842,226.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,922,170.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,083,380.04 төгрөг, нийт 15,847,777.15 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан байх ба нэхэмжлэгч нь барьцааны болон батлан даалтын гэрээгээр хариуцагчийн эд хөрөнгийг барьцаалаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэл болсон баримтын шүүхэд гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй тул хариуцагчийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар улсын орлогод оруулсан 240,439 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 237,189 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Цогтоос үндсэн зээлийн төлбөрт 7,842,226.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6,922,170.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1,083,380.04 төгрөг, нийт 15,847,777.15 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банкны Эрдэнэт салбарт олгож, хариуцагчийн эд хөрөнгөнөөс үүргийн гүйцэтгэлийг албадан хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 240,439 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 237,189 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжил банкны Эрдэнэт салбарт олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БЯМБАСҮРЭН