Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

 

 


                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0121/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд, 
Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Жаргалын Бат-Эрдэнэд холбогдох 201709000166 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Жаргалын Бат-Эрдэнэ, /РД:ТЖ87062510/, 1987 оны 6 дугаар сарын 25-нд Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг 15-22 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй. 

Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төвийн хажуу талын ногооны  тасгаас иргэн У.Булганы Самсунг ON7 маркийн гар утсыг 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 11 цагийн үед лангуун дээрээс нь хулгайлж 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт: 

-Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ээжтэй хамт Үйлчилгээний төвийн ногоо зардаг дэлгүүр рүү ортол дэлгүүрийн худалдагчийн гар утас ил байхаар нь би нүдийг нь хариулж байгаад аваад гарсан. Тэгээд утсыг танил ахдаа 110000 төгрөгөөр зараад архи уусан.  Миний хувьд архи хааяа хэрэглэдэг, 2 өдөр архи уусан.” гэх мэдүүлэг,  

-Хохирогч У.Булганы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн үед ажил дээрээ ирээд дэлгүүрээ онгойлгосон. Миний зүс таних эгч нэг залуутай хамт орж ирээд “монгол сонгино байна уу?”гэж асуучихаад гарсан. Би

D:\2017 Goomaral\Sh.Ts togtool\Shiitgeh togtool-baterdene 145.1.docx
тухайн үед лангуун дээрээ өөрийнхөө самсунг глакси on-7 маркийн гар утсаа тавьсан байсан. Тэр залуу миний утасны ойролцоо зогсож байгаад гарсан. Би заалан дотроо бараа өрөөд зогсож байсан. Тэр 2 хүн гарч яваад 2-3 минутын дараа хүнтэй утсаар ярих гээд утсаа авах гэтэл миний утас алга болсон байсан. Өглөө дэлгүүр онгойгоод тэр 2 хүнээс өөр хүн орж ирээгүй. Би тухайн үед хэсэг эргэлзэж байгаад араас нь гарсан чинь байхгүй байсан. Би хажуу талынхаа хүний утсаар утас руугаа залгасан чинь хоёр удаа дуудаад салсан. Тэгээд цагдаад хандсан. Би 2016 оны 12 дугаар сард Бээжинд явж байгаад Монгол мөнгөөр 1500000 төгрөгөөр худалдаж аваад 1 сар болж байсан. Тухайн хүний ээж нь надтай ирж уулзаад надад i phone-5 маркийн шинэ гар утас авч өгсөн. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/, 

-“…Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны байдлаар 1200000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 9-10/,       

-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 24/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 11 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төвийн хажуу талын ногооны  тасгийн лангуун дээрээс иргэн У.Булганы Самсунг глакси ON7 маркийн гар утсыг хулгайлж, 1200000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр ээжтэй хамт Үйлчилгээний төвийн ногоо зардаг дэлгүүр рүү ортол дэлгүүрийн худалдагчийн гар утас ил байхаар нь би нүдийг нь хариулж байгаад аваад гарсан.” гэх мэдүүлэг, хохирогч У.Булганы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “…2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагийн үед ажил дээрээ ирээд дэлгүүрээ онгойлгосон. ...тэр 2 хүн гарч яваад 2-3 минутын дараа хүнтэй утсаар ярих гээд утсаа авах гэтэл миний утас алга болсон байсан. Өглөө дэлгүүр онгойгоод тэр 2 хүнээс өөр хүн орж ирээгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/, “үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 3 дугаар сарын 7-ны байдлаар 1200000 төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 9-10/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

Иймд шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгө хулгайлж, 1200000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, Цагдаагийн Ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй болохыг тодорхойлсон баримт хэрэгт авагдсан /хэргийн 23/ байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ

Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, хохирогч У.Булган нь “…Бат-Эрдэнэ нь өөрийн биеэр ирж уучлалт гуйж гэм буруугаа хүлээсэн, миний хохирлыг төлсөн учраас надад гомдол санал байхгүй, бид эвлэрэн хэлэлцсэн болно.” гэх хүсэлт ирүүлсэн /хэргийн 40/ байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т заасан үндэслэлээр Ж.Бат-Эрдэнэд холбогдох 201709000166 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар Ж.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.
    
Шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаад

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогт Жаргалын Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хулгайлж, 1200000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Боржигон овогт Жаргалын Бат-Эрдэнэд холбогдох 201709000166 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-т зааснаар шүүгдэгч Ж.Бат-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
 3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1, 298.1.2-т зааснаар шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэ нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай       
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бат-Эрдэнэд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ж.Бат-Эрдэнэд батлан даалтад өгөхөөр авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.