Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 235

 

 

 

 

 

 

 

 

 

ЦАУ-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01820 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч ЦАУын нэхэмжлэлтэй

Хариуцагч Мд холбогдох

 

Дамдины Пагмадуламын нэр төрийг сэргээн хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

                          

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч ЦАУ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дамдины Пагмадулам нь 1906 онд төрсөн. 1925 оны бүртгэлээр Улаанбаатар хотын 10 дугаар хорооны 22 дугаар хашаанд амьдарч байсан. 1923 онд МАХН-д элсэж, Улаанбаатар хотын намын 171 дүгээр үүрийн гишүүн, 1925 онд Бүсгүйчүүдийн тасаг байгуулагдахад эрхлэгч, нарийн бичгийн даргаар ажиллаж, 1925-1926 онд Ленинград хотод, 1926-1929 онд Герман Улсын Лейпциг хотын Эмэгтэйчүүдийн дээд сургуульд суралцсан. Судлаач архивын баримтуудад тулгуурлан Д.Пагмадуламыг 1931 оны 9 дүгээр сарын 09-нд Намын төв хорооны 45 дугаар хурлын тогтоолоор доорд хүмүүсийг дарласан, зан авир догшин, садар самуунд их автагдсан, сургуулийн боловсролын хэрэгт хичээлгүй, ямагт хуурсан, язгуурын тайж хүний эхнэр болох тул намын гишүүнээс хөөх тухайд хэлэлцэж, 1932 онд намын 3 дугаар цэвэрлэгээгээр түүнийг намын гишүүнээс хөөсөн тухай баримтыг үндэслэл болгож, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх зааснаар нэр төрийг сэргээн цагаатгуулах санал, хүсэлтийг Монгол Улсын ЦАУт хандсан. Тухайн үед Д.Пагмадуламын ажиллаж байсан Бүсгүйчүүдийн тасгийг анх 1924 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Төв хорооны Тэргүүлэгчдийн гуравдугаар хурлын 3-р зүйлд харьяат төв хорооны суртлын хэлтсээс, Суртлын хэлтэст бүсгүйчүүдийн тасаг байгуулсан. Бүсгүйчүүдийн тасаг нь бүсгүйчүүдийг бичиг үсэгт сургаж, улс төрийн ба олны нам, эвлэлийн бодлого сурталд боловсруулах үүргийг гүйцэтгэж байгаад 1925 оны 9 дүгээр сарын 25-нд хуралдсан Ардын хувьсгалт намын 4 дүгээр их хурлын 3-р тогтоолоор, бүсгүйчүүдийн тасгийг тусгай хэлтсүүд болгон өөрчилж үйл ажиллагааг өргөтгөсөн. 1956 оны 4 дүгээр сарын 29-нд МАХН-ын төв хорооны Улс төрийн товчооны 118 дугаар хурлын тогтоолоор, эмэгтэйчүүдийн хэлтэс нь Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн хүчийг манай орны олон талт амьдралд идэвхитэй оролцуулах талаар зохих үүргээ биелүүлсэн гэж үзээд аймгийн намын хороодын эмэгтэйчүүдийн хэлтсүүдийг хэвээр үлдээж, түүнийг тодорхой удирдлагаар хангахыг аймаг, хотын намын хороодод үүрэг болгож, Монголын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн дунд явуулах суртал ухуулга, олон түмний ажлыг удирдахыг Намын төв хорооны суртлын хэлтэст хариуцуулсан. Харин олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны байгууллагатай харилцах үүргийг гүйцэтгүүлэх зорилгоор эмэгтэйчүүдийн төв зөвлөлийг нарийн бичгийн дарга, зааварлагч нэгийн орон тоотойгоор ажиллуулахаар тогтоосон. Энэхүү баримтыг нягтлавал, бүсгүйчүүдийн тасаг нь МАХН-ын суртлын хэлтэст анх байгуулагдаж, цаашид эмэгтэйчүүдийн хэлтэс, эмэгтэйчүүдийн төв зөвлөл гэх нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Иймд, эл эмэгтэйчүүдийн байгууллага нь МАХН-ын эмэгтэй гишүүдийн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиг үүрэгтэй байгуулагдсан намын байгууллага болох нь батлагдана. 1925, 1926-1929 онд Д.Пагмадуламтай хамт Зөвлөлт Орос улс, Герман Улсад хамт суралцсан Ю.Наваан-Юндэн болон түүнийг Оросод сурч байхад нь уулзсан академич Б.Ринчин нарын дурсамж тэмдэглэлд, түүнийг тухайн үеийн залуучуудын дунд түүх, эх бичгээ сайн мэддэг, ааш зан энгийн, боловсролтой нэгэн байсныг бичсэн нь түүний зан авирыг тодорхойлох түүхэн баримт юм. МАХН-ын гишүүнээс хөөгдсөн аливаа иргэн намын сонгуульт болон олон нийтийн, тасаг, хэлтсийн дотоод ажилд сонгогдон томилогдох, гишүүний эрх, үүрэг хүлээх боломжгүй. Д.Пагмадуламын МАХН-ын гишүүн байх үед мөрдөгдөж байсан 1925 онд МАХН-ын төв хорооны 3 дугаар сарын бүгд хурлаар баталсан дүрмийн нэгдүгээр бүлгийн нэгдүгээр зүйлд тус намын мөрийн хөтөлбөрийг зөвшөөрөөд мөн шийтгэн тогтоосон зүйлийг бүрэн ёсоор дагаж, намын харьяат аль нэгэн газар орж намын зорилго явдлыг гүйцэтгэлцэх мөн дөрөвдүгээр зүйлд гишүүнийг намаас хөөн гаргах явдлыг харьяат үүр нийтийн хурал буюу аймгийн хянан байцаах комиссоос тогтоон шийтгэх бөгөөд хөөн гаргахаар шийтгэсэн хүнийг тогтоон батлахын наана аливаа намын ажлаас зайлуулбал зохино гэсэн нь намын гишүүнээс хөөгдвөл давхар үүрэгт ажлаас халагдах зарчим үйлчилж байсныг батлах баримт юм. Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 3.1.2-т заасныг үндэслэвэл, Д.Пагмадулам нь тухайн үеийн МАХН-ын буруу шийдвэрээр хууль бусаар эрх, эрх чөлөөг хязгаарлах, хасах замаар амь нас, эрүүл мэнд, нэр төр, сэтгэл санаа зохиомол хэрэг, гүтгэлэгт өртсөн хэмээн үзэж байна. Д.Пагмадуламыг МАХН-ын гишүүнээс хөөсөн нь, МАХН-ын коллегийн 45 дугаар хурлын тогтоол, богд Хан Уулын аймгийн Баян-Өндөрийн хошуу, одоо намын сургууль буй, намын 171 дүгээр үүргийн гишүүн эмэгтэй Д.Пагмадуламын мэдээ, тусгай баримт зэргийг нийлүүлэн хянаваас, хөрөнгийн хувиар ядуу, сурч судлахыг хичээн яваа эмэгтэй, нөхөр хэмээвч элдэв байдлыг бүрнээ мэдсэн, сургуульд 3 жил болсон хүмүүн атал өөрийн биеэс дорогш хүмүүсийг дарлах мэт авирлан байсан төдийгүй ер байнга зан авир догшин мөн садар самууны явдалд ихэд автагдсан, сургууль боловсролын хэрэгт хичээлгүй, ямагт хойрогшин элдвээр шалтгаалцахын дээр язгууртан тайжийн хүүхэн болох тул тус намын хүрээлэнгээс хөөн зайлуулваас зохилтой хэмээх саналыг гаргаж ирснийг тогтоолгохыг хэлэлцээд байцаагчийн төлөвлөсөн нь зүйтэй болох тул Намын төв хорооноо явуулахаар тогтов. Намын 171 дүгээр үүрийн гишүүн эмэгтэй Д.Пагмадуламыг намын гишүүнээс түүнийг хууль бусаар хөөсөн. Д.Пагмадулам нь намын гишүүнээс хөөгдсөнөөр МАХН-ын суртлын хэлтсийн бүсгүйчүүдийн тасгийн гишүүний үүрэгт ажпаас давхар халагдсан гэх үндэслэлтэй. Түүнийг МАХН-аас хөөх шалтгааныг тодорхойлвол Д.Пагмадулам нь Монголын их зохиолч Д.Нацагдоржийн эхнэр байсан. Д.Нацагдоржийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлж, улмаар эхнэр Д.Пагмадуламыг хувьсгалын эсэргүү, тайж хүний эхнэр хэмээн буруутгаж, сонгох, сонгогдох эрхийг нь 1931 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хуралдсан хотын сонгуулийн комиссын 9 дүгээр хурлын тогтоолоор ноёны хатан бөгөөд хамжлагатай тайж тул тус дүрмийн 8-ын 9 ба 2-ыг баримтлан хасаж, 1932 онд МАХН-ын гишүүнээс хөөсөн. Үүнд тайж хүний хүүхэн гэсэн эл үг түүнийг МАХН-ын коллегийн 45 дугаар хурлын тогтоол, хотын сонгуулийн комиссын хурлын тогтоолд тус тус тодотгон намын гишүүнээс хөөх болон сонгох, сонгогдох эрхийг хасах үндэслэлүүдийн нэг хэсэг болгосон. Энэ нь тухайн нийгмийн алдаатай бодлого байсан төдийгүй олон иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдсөнийг эдүгээ цагаатгах үйл явц хэрэгжсээр байна. Д.Пагмадулам нь сонгох, сонгогдох эрхээ хасуулсан нь МАХН-аас хөөгдөх нэгэн шалтгаан болсон. 1925 оны МАХН-ын төв хорооны 3 дугаар сарын бүгд хурлаар баталсан МАХН-ын дүрмийн 3 дугаар бүлэг намын жинхэнэ гишүүд ба орлогч нарын эрх үүргийн 12-р зүйлд намын гишүүн нь ард олны аливаа байдлыг шинэтгэн сайжруулах явдалд оролцон, ардын засаг ба ардын хувьсгалт намд туслаж эзэрхэг харгис ноёд, лам нар болон хувьсгалын хэрэгт тэрслэгчид хийгээд хөрөнгөтний ангийн зүгээс ард олныг эрхэндээ татах явдалд эсэргүүцэх харьяат бүгд найрамдах улсын хууль цаазыг зөрчих буюу олны хөрөнгөнөө сүйтгэх, хээл хахуул авах ба шударгагүй хуучны хойрго залхуу хүнд зан суртал зэргийг устгахыг хичээнэ гэсэн нь Д.Пагмадулам нь тайж хүний эхнэр байсан, нөхөр Д.Нацагдорж нь хувьсгалын эсэргүү хэргээр буруутгагдан хоригдсон зэрэг нь МАХН-ын дүрэмд заасан эрх, үүрэгтэй зөрчилдсөн түүнийг намаас хөөх шалтаг болсон гэх үндэслэлтэй. 1926-1929 онд Герман, Франц улсад суралцаж байсан монгол залуусыг Германы тагнуулын байгууллагад элсэгдсэн мэтээр хардаж Бат-Очироор удирдуулсан Германы тагнуулын хэрэг гэгч хилс зохиомол хэрэг үүсгэсэн. Бат-Очироор толгойлуулсан группын хэргийн баримтад энэхүү хэрэгт нэр илрэгч этгээдүүдийн талаар хэрэгтнүүдтэй эсэргүү харилцаатай байгаа 10 хүний жагсаалтад Д.Пагмадуламыг оруулсан. Энэ зохиомол хэрэг нь Д.Пагмадуламыг МАХН-аас хөөгдөх давхар шалтаг болсон гэх үндэслэлтэй. 1932 онд Д.Пагмадулам нь МАХН-ын гишүүнээс хөөгдсөнөөс хойш түүнийг тодорхой ажил эрхэлсэн тухай баримтгүй байгаа нь МАХН-ын суртлын хэлтсийн бүсгүйчүүдийн тасаг хэлтсийн үүрэгт ажлаас халсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан үндэслэлээр хуулийн 6.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Монгол Улсын ЦАУоос, нэг удаагийн нөхөх олговорт хамаатуулалгүйгээр уг хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар МАХН-ын гишүүнээс хууль бусаар хөөгдсөний улмаас бүсгүйчүүдийн тасаг, хэлтэст ажиллах эрхээ хасуулсныг ажил, албан тушаалаасаа халагдсанд тооцох үндэслэлтэй.

Иймд Дамдины Пагмадуламыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар дэмжиж байна, энэ асуудал улс төрд огт хамаагүй гэжээ.

 

Хариуцагч М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үеийн МАХН бол төр засгийн үүргийг давхар хэрэгжүүлж байсан. Одоо бол намын статусаар үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтууд дотор Маас хөөгдсөнөөс болж намаас хөөгөөд ажлаас хална гэсэн нотлох баримтгүй. Ажлаас халагдахдаа намаас зайлуулвал зохино гэсэн болохоос хэрэгт авагдсан нотлох баримтад түүнийг нотолсон баримт байхгүй. Нөгөө талаар хотын сонгуулийн комисс сонгох, сонгогдох эрхийг нь хассан, төрийн захиргааны байгууллагынх нь хувьд хуулийн этгээдийнх нь хувьд бус, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулиар зохицуулагдана. Нэхэмжлэгч цагаатгах, нэр төрийг сэргээлгэхээр гомдол гаргах эрхтэй этгээд мөн үү. Хөөн хэлэлцэх хугацааг гаргаж тавьмаар л санагдаж байна. Улс төрийн байдлаар хандаж байна гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт зааснаар Дамдины Пагмадуламыг тайж хүний эхнэр язгууртан тайжийн хүүхэн хэмээн үзэж МАХН-ын Төв хорооны Бүсгүйчүүдийн тасагт алба хааж байхад нь намаас шийтгэл хүлээлгэж, бүсгүйчүүдийн тасгийн ажил албан тушаалаас хууль бусаар халж, намын гишүүнээс хөөсөн байх тул МАХН-ын Төв хорооны Бүсгүйчүүдийн тасгийн ажил, албан тушаалаас Д.Пагмадуламыг хууль бусаар чөлөөлсөн болон намын 171 дүгээр үүрийн гишүүн эмэгтэй Пагмадуламыг намаас хөөсүгэй гэсэн тухайн үеийн МАХН-ын Төв хорооны шийдвэрийг тус тус хэрэгсэхгүй болгож, Д.Пагмадуламыг улс төрийн шалтгаанаар хэлмэгдсэнд тооцож, цагаатгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдан, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг хариуцуулан гаргуулж улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Саруул давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй.

Шүүх хэргийн харъяалал болон хэрэг, маргаан хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон   журам буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т "Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан захиргааны шийдвэрээр..., ажил, албан тушаалаасаа халагдсан хүмүүст холбогдох гомдлыг шүүх иргэний эрхийг хохироосон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу хянан шийдвэрлэнэ” гэж заасан байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дахь хэсэгт "энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг шүүх харъяалан шийдвэрлэнэ" гэж заасаныг үндэслэснээр мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1т заасныг зөрчиж нэхэмжлэлийг хүлээн авч маргааныг хянан хэлэлцсэн. Монгол Улсад хүчин төгөлдөр  мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус үйл ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах журмыг Захиргааны хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тодорхой зохицуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт "шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана", мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт "хуулиар харъяалуулсан ..., эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх" гэснийг тус тус зөрчсөн буюу Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаас улбаалан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.4-т "хуулиар тусгайлан заасан бусад маргаан" гэснийг зөрчсөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.10 дахь хэсэгт заасан иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөөний хүрээнд Монгол Улсын Дээд шүүхэд бүртгүүлэн хууль ёсны үйл ажиллагаа явуулж буй нам нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т заасан "тухайн үеийн буюу цаг хугацаа, орон зайн тодорхой хэмжүүрээс хамаарсан буюу улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч өрнөсөн асуудалд ямар нэг хууль зүйн хариуцлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 3 дугаар зүйлийн 3.1.3-т болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн үеийн онцлогоос хамаарсан бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигч этгээд байх хууль зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр заасан үндсэн эрх, эрх чөлөөний хүрээнд буюу Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль зэрэг хууль тогтоомжоор хамгаалагдсан эрхийг "тухайн үеийн" нөхцөл байдлаас хамааралтайгаар Монгол Улсын шүүх зөрчих, эрхэнд халдах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй бөгөөд хэрэв тийм үндэслэл байна гэж үзэх ахул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал зүй ёсоор үүсч байх тул Улсын дээд шүүхэд асуудлыг тавьж улмаар Үндсэн хуулийн цэцэд хандах хууль зүйн нөхцөл бүрэлдэж байгааг орхигдуулсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасанаар хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч ЦАУ нь Мд холбогдуулан Дамдины Пагмадуламыг улсын төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцон, цагаатгуулах гомдол гаргаж, үндэслэлээ “... Д.Пагмадуламыг МАХН-аас хөөгдсөнөөр намын эмэгтэйчүүдийн байгууллагад ажиллах эрхгүй болсон ...., ... намын гишүүнээс хууль бусаар хөөгдсөний улмаас бүсгүйчүүдийн тасаг, хэлтэст ажиллах эрхээ хасуулсныг ажил албан тушаалаасаа халагдсанд тооцох үндэслэлтэй гэж үзэн .... нэр төрийг сэргээн, цагаатгаж өгнө үү ...” гэж тайлбарлажээ. /хх-91, 93 дахь тал/

Уг тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч тал, Д.Пагмадулам намын шийдвэрээр ажил албан тушаалаасаа хууль бусаар халагдсаныг шүүхийн журмаар тогтоолгож, түүнийг хэлмэгдсэнд тооцон цагаатгуулах эсхүл нэр төр сэргээн хилс хэргээр хэлмэгдсэнд тооцон цагаатгуулах шаардлагын алиныг нь гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулан нотолгооны ажиллагаанд оролцох нь маргааны үйл баримтыг тогтоож хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Гэтэл шүүх дээрх ажиллагааг явуулаагүй атлаа Д.Пагмадуламыг ажлаас халсан тухай тушаал, шийдвэр буюу нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад “... МАХН-ын Төв хорооны Бүсгүйчүүдийн тасагт алба хааж байхад нь намаас шийтгэл хүлээлгэж, бүсгүйчүүдийн тасгийн үүрэгт ажил албан тушаалаас нь хууль бусаар халсан ...” гэж дүгнэн Д.Пагмадуламыг ажил албан тушаалаас нь хууль бусаар чөлөөлсөн МАХН-ын Төв хорооны шийдвэрийг хүчингүй болгохоор шийдвэрлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчжээ. Давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу дээрх алдааг залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Хариуцагч МАН, хэргийн харьяаллын талаар маргадаг ба энэ нь давж заалдах гомдлын үндэслэл болжээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.3-т улс төрийн хэрэгт хилсээр холбогдуулан тухайн үеийн нам, төрийн захиргааны байгууллагын шийдвэр /цаашид " захиргааны шийдвэр " гэх /-ээр нутаг заагдсан, ажил, албан тушаалаасаа хууль бусаар халагдсан, эд хөрөнгөө хураалгасан хүмүүст холбогдох гомдлыг тухайн шийдвэр гаргасан байгууллагын оршин байсан буюу оршин байгаа нутаг дэвсгэрийг харьяалах анхан шатны шүүхэд гаргана гэж заажээ. Уг заалтаар төрийн захиргааны байгууллагын шийдвэрээс гадна намын шийдвэрээр хэлмэгдсэн гэж үзэж байгаа этгээдийг цагаатгуулах тухай гомдол гаргах хэргийн харьяаллыг тогтоож өгсөн тул хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7, 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2018/01820 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.МӨНХЗУЛ

 

                                                     ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                                            Ч.ЦЭНД