| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 001/2018/0001/Э |
| Дугаар | 305 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 305
Б.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалтай, 1718004400013 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1979 оны 8 дугаар сарын 14-нд төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Б.Б нь 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 2.826.270 төгрөг гаргуулж, хохирогч Р.Дариймаад 506.470 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Алтанзаяад 101.700 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Молорт 2.218.100 төгрөг тус тус олгуулах, Р.Дариймаагийн 1.177.222 төгрөг, Б.Молорын 3.693.900 төгрөг, Б.Алтанзаяагийн 1.177.222 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-т холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэг нь хэргийг 2 янзаар хялбаршуулан шийдвэрлэж болохоор заасан зохицуулалттай юм. Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлд заасан үндэслэлийг хангасан тохиолдолд хэргийг яллагдагчийн хүсэлтээр хялбаршуулан шийдвэрлэнэ. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагчийн хүсэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсгүүдэд заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т прокурор хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид даруй танилцуулах ба хэрэв хохирогч хүсэлт гаргасан тохиолдолд хохирогчид танилцуулж гарын үсэг зуруулах зохицуулалттай билээ. Гэтэл хавтас хэрэгт хохирогчийн хүсэлт байхгүй бөгөөд энэ талаар заавал танилцуулах шаардлагагүй байхад давж заалдах шатны шүүхээс хохирогчид танилцуулж гарын үсэг зуруулаагүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн тул Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Б.Б-ын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, гэм хорын хохирлыг зөв шийдвэрлэсэн. Хэрэгт шалгавал зохих ажиллагаа хийгдсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.
Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг, Монгол Алтны уулзвар дээр “Исузу” загварын 51-41 ДАХ улсын дугаартай ачааны автомашиныг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.11 дэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Молорын жолоодож явсан “Тоёота Приус” загварын 67-00 УНЧ улсын дугаартай автомашины араас мөргөж, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Р.Даариймаагийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Анхан шатны шүүх Б.Б-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, түүний ар гэрийн болон хувийн байдал, улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг сонгож оногдуулж, гэм хорын хохирлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль, Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Нандинцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хөнгөн гэмт хэргүүдийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд яллагдагчийн хүсэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсгүүдэд заасан зохицуулалтыг баримтлах шаардлагагүй” гэсэн нь үндэслэлгүй болно.
Дархан-Уул аймгийн хяналтын прокурор Н.Дуламсүрэн 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр харьяаллын дагуу Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгч Б.Б нь хохирол нөхөн төлөхөө илэрхийлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3, 17.4-т заасан нөхцөл хангагдаагүй байхад прокуророос ийнхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх санал гаргаж, Дархан-Уул аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тов тогтоосон нь буруу байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгайлан заасан хэргийн яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4-т заасан нөхцөлийг хангасан тохиолдолд шүүх мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмын дагуу хэргийг 72 цагийн дотор хянан шийдвэрлэдэг болно.
Гэтэл анхан шатны шүүх 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хохирогч Р.Даариймаагийн хүсэлтээр шүүх хуралдааныг 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хойшлуулсан /хх-164/, мөн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг иргэний нэхэмжлэгч Б.Алтанзаяа, Б.Молор нарын хүсэлтээр 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулж /хх-169/, улмаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын иргэний нэхэмжлэлтэй холбоотой шинээр гаргасан баримтуудыг хүлээн авч /хх-ийн 171-173, 174-180, 181-192/, шүүх хуралдааны бэлтгэлийг хангасны дараа 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж 54 дугаартай шийтгэх тогтоол /хх-216/ гаргасныг шүүгдэгчийн гэм бурууг ердийн журмаар хянан хэлэлцсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан бүх шаардлага хангагдаагүй бөгөөд шүүх ял оногдуулахдаа улсын яллагчийн саналаас гадна шүүгдэгчийн хувиараа бусдын тээврийн хэрэгслийг жолоодож орлого олдог, түүний гэр бүлд ажил хөдөлмөр эрхэлдэг өөр хүнгүй зэрэг байдлыг харгалзан үзсэн тухайгаа шийтгэх тогтоолд дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс харахад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс “… шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар маргаж байхад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй” гэсэн дүгнэлт хийж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул уг магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.
Цаашид анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийг бичихдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульчлагдсан дарааллыг баримтлах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН