Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2017/0277

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ялалт, Г.Чинбат нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор Ж.Алтанцагийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг 2016 оны 6 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...“Мфикс капитал ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44Б байрны 21 тоот орон сууцыг бүртгэсэн Ү-2206013652 дугаар бүртгэл, 000103647 дугаар гэрчилгээ, тус байрны 170 тоот авто машины зогсоолыг бүртгэсэн Ү-2206014053 дугаар бүртгэл, 000107222 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, уг орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр Ж.Алтанцагийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаар шийдвэрээр:

“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Алтанцагийн “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Хөх тэнгэр цогцолборын 44Б байрны 21 тоот орон сууцыг бүртгэсэн Ү-2206013652 дугаар бүртгэл, 000103647 дугаар гэрчилгээ, тус байрны 170 тоот авто машины зогсоолыг бүртгэсэн Ү-2206014053 дугаар бүртгэл, 000107222 дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг орон сууц болон авто машины зогсоолын өмчлөгчөөр иргэн Ж.Алтанцагийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяа дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Нэхэмжлэгч 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдөр “Мфикс капитал” ХХК-тай 163 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж гэрээний дагуу 145.200 ам.долларыг бүрэн төлж, 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Барилгыг улсын комисст хүлээлгэн өгсөн үеэс эхлэн дээрх орон сууц, авто зогсоолыг өнөөдрийг хүртэл эзэмшиж, ашиглаж байна. Өнгөрсөн хугацаанд “Мфикс капитал” ХХК-иас гэрээний дагуу өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг удаа дараа шаардаж ирсэн ч тэдний зүгээс “...санаа зовох хэрэггүй, удахгүй гэрчилгээг гаргаж өгнө” гэх мэт шалтаг тоочсоор байсан тул гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гарган хууль ёсны өмчлөгч мөн болохоо тогтоолгосон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2673 дугаар захирамжийн дагуу мэдүүлэг гаргаж, өмчлөгчөөр бүртгүүлэхээр хандахад хариуцагчаас татгалзсан, дээд шатны байгууллагад гомдол гаргахад мөн л гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн.

Хариуцагчийн татгалзсан албан бичгээс “...“Мфикс капитал” ХХК болон “Капитрон банк” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан болохыг, мөн шинээр баригдаж буй орон сууцны барилгын обьект тус бүрээр 55 хувийн гүйцэтгэлтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон байсныг олж мэдсэн.

Анхан шатны шүүхээс “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Мфикс капитал” ХХК нь “Капитрон банк” ХХК-тай зээлийн болон зээлийн барьцааны гэрээнүүд байгуулагдсан болох нь тогтоогдсон байна...” гэж үзэж “...нэхэмжлэгчийн өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг үндэслэж бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь буруу юм.

Учир нь хариуцагч Ж.Алтанцагийг дээрх орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан үйлдэл мөн шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр нэхэмжлэгч Ж.Алтанцагийг Орон сууц захиалгаар бариулах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, барилгыг барихад өөрийн хөрөнгөө оруулан орон сууцыг захиалан бариулсан, тухайн орон сууцыг хүлээн авч, одоог хүртэл эзэмшин ашиглаж, амьдарч байгаа үйл баримтыг нотлох баримтаар болон мэтгэлцээнээр үгүйсгэж чадаагүй, өөрсдийн хууль бус бүртгэл, түүнийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрчилгээтэй холбоотой зээлийн барьцааны гэрээнүүдээр барьцаалагдсан гэж мэтгэлцсэн нь үндэслэлгүй байхад эдгээрийг шүүх анхаарч үзээгүй нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

2.Хариуцагч тухайн үед өөрийн үйл ажиллагаандаа мөрдөн ажиллаж байсан 2004 оны “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг дараах байдлаар зөрчиж, бусдын өмчлөлийн эд хөрөнгийг “Мфикс капитал” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн байдаг.

Үүнд: “Мфикс капитал” ХХК-д 2007 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээ анх удаа олгосны дараа 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг дахин олгосон нь тус журмын 4.10-т “Дуусаагүй барилгын өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд анхны удаа бүртгүүлснээс хойш тухайн барилгыг бурэн дуусгаж ашиглалтанд оруулах хүртэл гүйцэтгэлийн явцаар эд хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн гэсэн үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасныг шууд зөрчсөн.

Хариуцагч дээрх журам болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Улсын бүртгэл үнэн зөв байх” зарчмыг зөрчиж бүртгэл хийсэн болох нь тодорхой байхад Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэс Ж.Алтанцагийн нэр дээр өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7-д “Улсын бүртгэлийн хөтлөлт, эх нотлох баримтын үнэн зөвийг нягтлан бүрдлийг хангах, илэрсэн дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах замаар улсын бүртгэлийн үнэн зөв, бодит байдлыг хангах” гэж заасныг зөрчиж, анхнаасаа өмчлөгч бус этгээдийн нэр дээр буруу бүртгэсэн бүртгэлийг зөвтгөхөөс татгалзаж байгаа нь хууль бус үйлдлийг шүүх зөвтгөж, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх бүрэн үндэслэлтэй.

3.Ж.Алтанцагийг авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх хүчин чадалтай юм. Гэтэл хариуцагч уг шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн, нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Зүй нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т “Шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана”, 24 дүгээр зүйлийн 24.8-д “Энэ зүйлд заасан үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, өмнөх гэрчилгээг хүчингүй болгож, шинэ өмчлөгчид эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгоно” гэж заасныг баримтлан хариуцагч Ж.Алтанцагийн нэр дээр бүртгэл хийж, гэрчилгээ олгох үндэслэл хангалттай тогтоогдож байна.

Эцэст нь хэлэхэд хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч Ж.Алтанцагт маргаан бүхий орон сууц, авто зогсоолыг өмчлөх эрх үүссэний дараа “Мфикс капитал” ХХК, “Капитрон банк” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн барьцааны гэрээг Ж.Алтанцагийн оролцоогүйгээр хийж, ашиг сонирхлыг нь авч үзэлгүй бүртгэсэн байж, уг гэрээтэй холбоотой үүсэж буй үр дагаварт нь Ж.Алтанцагийг хамаатуулж байгаа нь буруу, мөн барьцааны гэрээнд хамааралгүй иргэний хөрөнгө оруулалтаар баригдсан орон сууц, авто машины зогсоолыг “Мфикс капитал” ХХК-иас “Капитрон банк” ХХК барьцаанд авч байгаа нь өөрөө хууль бус болохыг дурдахгүй байхын аргагүй, барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тохиолдолд гэрээний үүргээ шударгаар биелүүлсэн нэхэмжлэгч иргэний хуулиар хамгаалагдсан эрх ашиг зөрчигдөхөөр байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүйд харамсч байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өнгө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ж.Алтанцагийн “Мфикс капитал” ХХК-тай байгуулсан 2009 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн гэрээний дагуу худалдаж аван одоог хүртэл эзэмшиж байгаа Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 44Б байрны 2 дугаар орц, 5 давхрын 21 тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 170 тоот авто зогсоолыг тус компани 2010 онд орон сууцыг улсын бүртгэлийн Ү-2206013652 дугаарт, авто зогсоолыг улсын бүртгэлийн Ү-2206014053 дугаарт тус тус бүртгүүлэн өөрийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулан авч, улмаар эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн “Капитрон банк” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд тус тус тавьсан байх бөгөөд эдгээр нь одоог хүртэл эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгэлтэй хэвээр төдийгүй нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Хэдийгээр дээрх орон сууц, авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн Ж.Алтанцагийн нэхэмжлэлийн шаардлагыг “Мфикс капитал” ХХК хүлээн зөвшөөрснийг баталсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 2673 дугаар шүүгчийн захирамж гарсан ч энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр “Мфикс капитал” ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.

Учир нь 2010 онд бүртгэлийн байгууллагаас тус компанийн гаргасан мэдүүлгийг үндэслэн нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх үед Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй, иймд дээрх бүртгэлтэй холбогдуулан хариуцагчийг буруутгах боломжгүй.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” тохиолдолд эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжтой, гэвч энэ тохиолдолд буюу эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд тэрхүү зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагыг уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т тодорхой заасан.

Хуулийн энэхүү зохицуулалтаас дүгнэхэд хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр барьцаалсан нэр бүхий банкны зөвшөөрөлгүйгээр эрхийн улсын бүртгэлд өмчлөгчийг өөрчлөн бүртгэх боломжгүй, шүүхийн зүгээс ч ийнхүү бүртгэхийг даалгах үндэслэлгүй болно.

Иймд Ж.Алтанцагийн өмчлөх эрхээ бүртгүүлэхээр 2016 оны 4 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд гаргасан мэдүүлгийн дагуу бүртгэл хийхээс татгалзсан Хан- Уул дүүргийн бүртгэл, статистикийн газрын /тухайн үеийн нэрээр/ үйл ажиллагаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”-ыг, 18.1.10-т “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх”-ийг тус тус хориглох тухай, мөн Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид “ипотек” гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ” гэсэнтэй тус тус нийцсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 82 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цацралтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Алтанцагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

                        ШҮҮГЧ                                                             Ц.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                             Д.БААТАРХҮҮ

                        ШҮҮГЧ                                                             Э.ЛХАГВАСҮРЭН