| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2017/00157/И |
| Дугаар | 146/ШШ2017/00186 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2017/00186
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн иргэний танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1957 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо багийн Өлийн 15-15 тоотод оршин суух, РД:ЙР57050675 регистрийн дугаартай, Хар жамъян овогт Дэндэвийн Энхтөрийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтөр нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Энхтөр миний бие Хархорины Сангийн аж ахуйн 2-р фермд 1972 оны 06 дугаар сараас 1975 оны 06 дугаар сар хүртэл туслах малчнаар ажилласан. 1983 оны 07 дугаар сараас 1986 оны 08 сар хүртэл бензин колонк хуучнаар /нефть баазад/, 1986 оны 08 дугаар сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл Сангийн аж ахуйд өндөр настны хоршоололд мужаанаар тус тус ажилласан. Гэтэл хөдөлмөрийн дэвтэр байхгүй улмаас ажилласан хугацаа тогтоогдохгүй байна. Иймд миний 1972 оны 06 дугаар сараас 1975 оны 06 сар хүртэл, 1983 оны 07 дугаар сараас 1986 оны 08 сар хүртэл, 1986 оны 08 сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл Хархорины Сангийн аж ахуйд малчин, ажилчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Энхтөр нь Хархорины Сангийн аж ахуйн 2-р фермд 1972 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сар хүртэл хоньчноор, 1983 оны 07 дугаар сараас 1986 оны 08 сар хүртэл Хархорин сумын нефть баазад түгээгч, галчаар, 1986 оны 08 дугаар сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл Сангийн аж ахуйд өндөр настны хоршоололд мужаанаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Үүнд: Нэхэмжлэгч Д.Энхтөрийг Өвөрхангай аймгийн Хархорины Сангийн аж ахуйн 2-р фермд малчнаар, Хархорин сумын Нефть баазад түгээгч, галчаар ажилласан ажлын хөлсийг түүвэрлэсэн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 298 дугаартай архивын лавлагааны хуулбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 428 дугаартай архивын лавлагаа, Хархорины Сангийн аж ахуйн даргын 1972 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай ажилд томилох тухай тушаал, гэрч Д.Тайвантөмөрийн ...Би Хархорин сумын Сангийн аж ахуйд мал аж ахуйн хэсгийн мэргэжилтнээр 1972 оноос 1977 он хүртэл ажиллаж байсан. Харин Д.Энхтөр 1972 оны 05 дугаар сард 7 дугаар ангиа төгсөөд 06 дугаар сард илгээлтээр Сангийн аж ахуйд малчнаар ажиллах болсон. Ажилд орох үед Д.Энхтөр нь 16 настай байсан. Мал аж ахуйн хэсгийн мэргэжилтэн гэж тухайн үед цалин хөлс, тооцоонуудыг хийдэг байсан болохоор Д.Энхтөрийг малчнаар ажилд орж байсныг сайн мэдэж байна. Хархорин сумын Сангийн аж ахуйн дарга нь С.Гомбосүрэн гэдэг хүн ажилладаг байсан. Хархорин сумын Сангийн аж ахуйн мал аж ахуйн 2 дугаар фермд бид хоёр хамт ажилладаг байсан. Би мэргэжилтнээр ажиллаж харин Д.Энхтөр нь малчнаар ажиллаж байсан. Ихэвчлэн бог мал малладаг байсан. 1977 онд фермийн зохион байгуулалт өөрчлөгдөж би өөр ажилд шилжих болсон. Хэдэн онд Сангийн аж ахуйгаас гарсныг нь сайн мэдэхгүй байна. Д.Энхтөр нь Хархорин сумын Сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна... гэсэн мэдүүлэг, гэрч С.Сэр-Одын ...Би 1982 оноос 1995 он хүртэл Хархорин сумын бензин колонкт түгээгчээр ажиллаж байсан юм. Харин Д.Энхтөр нь тус бензин колонкт түгээгч, галчаар ажиллаж байсан. Ер нь бол галчаар ихэвчлэн ажиллаж байсан. Хархорин сумын бензин колонкт Д.Энхтөрийг хэдэн онд орсон он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Намайг ажилд орсноос хойш л орж байсан. Даргаар нь н.Цоодол, эрхлэгчээр нь н.Чагнаа гэдэг хүн байсан. Д.Энхтөр манайд ажиллаж байхдаа галчаар л ихэвчлэн ажилладаг байсан. Заримдаа хүмүүсийг ээлжийн амралтаа авсан үед түгээгч хүртэл хийж байсан. Тухайн үед Өвөрхангай аймгийн харъяа Хархорин дахь шатахуун түгээх станц буюу бензин колонк гэж нэртэй байдаг байсан. Д.Энхтөр нь Хархорин сумын бензин колонкт түгээгч, галчаар ажиллаж байсан нь үнэн болохоор гэрчилж байна... гэсэн мэдүүлэг, гэрч Ж.Пүлмаагийн ...Би 1986 оноос 1996 он хүртэл Хархорин сумын өндөр настны хоршоололд будагчаар ажиллаж байсан. Харин Д.Энхтөр нь намайг ажилд орох үед мужаанаар ажиллаж байсан. Хэдэн онд ажилд орсныг нь сайн мэдэхгүй байна. Өндөр настны хоршоололд гуанзныхан, будагчин, мужаачин гээд олон хүн ажилладаг байсан. Намайг будагчнаар ажиллах үед 3-4 хүн ажиллаж байсан. Харин мужаанаар Д.Энхтөртэй хамт нилээн хэдэн хүн ажиллаж байсан бөгөөд н.Лонжид дарга хоршоололын бүх зүйлийг нь бэлдэж өгдөг байсан юм. Хархорин сумын өндөр настны хоршоололд ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн дэвтэр нээж өгөөгүй. Д.Энхтөр нь Хархорин сумын өндөр настны хоршоололоос гарсан он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. н.Лонжид даргыг нас барсны дараа хоршоололд ажиллаж байсан хүмүүс бүгд гарсан... гэсэн мэдүүлэг, гэрч нарын нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Хар жамъян овогт Дэндэвийн Энхтөрийг 1972 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сар хүртэл Хархорины Сангийн аж ахуйн 2-р фермд хоньчноор, 1983 оны 07 дугаар сараас 1986 оны 08 сар хүртэл Хархорин сумын нефть баазад түгээгч, галчаар, 1986 оны 08 дугаар сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл Сангийн аж ахуйн өндөр настны хоршоололд мужаанаар тус тус ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээх нь хуульд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Хар жамъян овогт Дэндэвийн Энхтөрийг Хархорины Сангийн аж ахуйн 2-р фермд 1972 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сар хүртэл хоньчноор, Хархорин сумын нефть баазад 1983 оны 07 дугаар сараас 1986 оны 08 сар хүртэл түгээгч, галчаар, Сангийн аж ахуйн өндөр настны хоршоололд 1986 оны 08 дугаар сараас 1989 оны 12 дугаар сар хүртэл мужаанаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Энхтөрийн улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ДУЛМАА