Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00215

 

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 142/ШШ2017/00215

Орхон аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М.О

            Хариуцагч: Э ХХК. /

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.О , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие М.О Э ХХК-д 2007 оноос эдийн засагч, 2014 оноос орлогч захирлаар ажиллаж байна. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-р заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халлаа. Уг тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд намайг хуульзүйн үндэслэлгүй ажлаас халлаа гэж үзэж байна. Миний орон тоо хасагдсан гэх боловч эрхэлж байсан ажил үүрэг, чиг үүрэг өөрчлөгдөж байгаа талаар надад баримт үзүүлдэггүй орон тоо хасагдаж батлагдсан талаар нэг ч баримт байхгүй билээ. Гэтэл намайг орон тоо хасагдсан гэх үндэслэлээр халсан. Манай байгууллага 65 ажилтантай бөгөөд уг ажлын байрны цомхотгол хийгдээгүй харин ч шинээр олон орон тоо нэмэгдсэн гэсэн. Иймд намайг ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байгаа тул Э ХХК-д орлогч захирлын ажилд маань эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин хөлс 1 550 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э ХХК-ний гүйцэтгэх захирал Д.Э шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус компанийн гүйцэтгэх захирлын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж Э ХХК-ийн орлогч захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн олговор гаргуулах тухай Мангын О ын нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад энэ тайлбарыг гаргаж байна. Тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс компанийн үйл ажиллагаатай танилцаж, аж ахуй санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, мөн компанийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авсан. Эдгээр арга хэмжээний үр дүнгээр компанийн захиргааны зардал өндөр, үр ашиггүй байна гэж үзээд ТУЗ-ийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тогтоолоор Э ХХК-ийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлсэн болно. Энэ бүтэц орон тоогоор 65 ажилтантай, санхүүгийн хувьд алдагдалтай ажилласан компанид орлогч захирлын орон тоо шаардлагагүй гэж үзэж энэ орон тоог хасаж баталсан. Үүнийг М.О өөрөө сайн мэдэж байгаа. Ийм учраас Хөдөлмөрийн хуулийн 40.5-д заасны дагуу М.О д 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэл өгсөн. М.О ын насны байдлыг харгалзан түүнд аль болох өөр ажил олж өгөх зорилгоор компанийн шүүхийн шийдвэртэй авлага барагдуулах ажлыг хөлсөөр ажиллах гэрээгээр гүйцэтгүүлэх санал тавьж, гэрээний төслийг санал болгосон боловч М.О зөвшөөрөөгүй. Иймд түүнд компанийн дээрх саналыг зөвшөөрөөгүй тул Хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлөх болсныг 2016 оны 11 дүгээр сарын 30-нд дахин мэдэгдэж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. М.О д 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртлэх хугацаанд цалин хөлсийг олгож, хуульд заасан ажлаас халагдсаны тэтгэмжийг олгосон байгаа. Орон тоо хасагдаж батлагдсан талаар баримт байхгүй гэх нь үндэслэлгүй бөгөөд ийм шийдвэр гарсныг түүнд 2016 оны 10 дугаар сарын 11-нд мэдэгдэлд зааж мэдэгдсэн богөөд М.О энэ мэдэгдлийн талаар ямар нэгэн гомдол саналыг ТУЗ-д гаргаагүй болно. Гүйцэтгэх удирдлагын хувьд ТУЗ-өөс гаргасан шийдвэрийг биелүүлж, биелэлтийг зохион байгуулах үүрэгтэй тул М.О ын үндэслэлгүй халж, хөдөлмөрийн гэрээ цуцалсан явдалгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч М.О нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан Э ХХК-д орлогч захирлын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны үндсэн цалин хөлс 1 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

            Нэхэмжлэгч М.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Э ХХК-д 2007 оноос хойш эдийн засагч, 2014 оноос хойш орлогч захиралаар ажиллаж байсан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Миний орон тоо хасагдсан гэсэн боловч ажил үүргийн чиг үүрэг хэвээр байгаа, бүтцийн хувьд 65 ажилтантай байгаа бөгөөд ажлын байрны цомхотгол хийгдээгүй харин ч шинээр ажилтан нэмж авсан. Иймд урьд эрхэлж байсан орлогч даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 1 550 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.

            Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Э ХХК-н төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 тоот тогтоолоор бүтэц, орон тоог шинэчлэн баталж мөрдүүлсэн. Уг бүтцээр орлогч захиралын орон тоо шаардлагагүй гэж хасч баталсан. Нэхэмжлэгч сайн мэдэж байгаа, ийнхүү орон тоо хасагдсан тухай мэдэгдэл 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр өгсөн. М.О д ажлын санал тавьсан боловч өөрөө хүлээж аваагүй, иймд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № дугаартай тушаалаар  хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гүйцэтгэх удирдлагын хувьд ТУЗ-ын гаргасан шийдвэрийг биелүүлж, биелэлтийг зохион байгуулах үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

М.О нь тус шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр  нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг  зөрчөөгүй, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

            Эрд сүлж ХХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор тус компаний орон тоог шинэчлэн баталж, орлогч дарга гэсэн орон тоо хасагдсан тул гүйцэтгэх захиралын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн № тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1-д заасныг баримтлан М.О тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь зохигчдын тайлбар, шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн Э ХХК-н ТУЗ-н 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 06 дугаартай тогтоол, түүний нэгдүгээр хавсралт, тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор хуульчилсан байна.

            Э ХХК-н Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар компаний удирдлага, зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, тогтоолыг 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөх, хэрэгжилтэнд нь хяналт тавихыг гүйцэтгэх захиралд даалгаж, шаардлагатай тохиолдолд хөлсөөр ажиллах гэрээгээр ажилтан авч ажиллуулахыг зөвшөөрсөн тогтоол гарсан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын дүрэмд тодорхойлсон үйл ажиллагааны зорилгоо хэрэгжүүлэхэд онц шаардлагагүй гэж үзсэн ажил үүргийн орон тоог бүтцийн үндсэн нэгжээс гаргаж байгаа нь орон тоо хасах гэсэн ойлголт юм.

            Дээрх тогтоолын хүрээнд М.О д мэдэгдэл хүргүүлж, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулах санал гаргасан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн болон 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Э ХХК-н мэдэгдэл, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 10/02 дугаартай хөлсөөр ажиллах гэрээгээр тогтоогдож байна.

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-д заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан тэтгэмж олгох  бөгөөд уг үүргээ ажил олгогч гүйцэтгэсэн гэж үзнэ.

            Төлөөлөн удирдах зөвлөл компаний удирдлага зохион байгуулалтын зардлыг багасгах, цаашид үр ашигтай ажиллах үүднээс хэтрэлттэй байгаа зардлыг бууруулах зорилгоор бүтцэд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж дүгнэсэн атлаа шинээр 2 орон тоо бий болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгч мэтгэлцэж байх боловч ТУЗ-ийн гаргасан шийдвэрт гомдол гаргаагүй, энэ талаар холбогдох байгууллагад хандаагүй байна.

            Э ХХК-н гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээр тогтоосон хязгаарын дотор орон тоо, бүтцийг тодорхойлсон байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа мөн зүйлийн 40.5-д заасан журмыг зөрчөөгүй, орон тоо нь хасагдсан ажилтантай ажлын байр, ажиллах нөхцөлөөр хангах талаар тодорхой арга хэмжээ авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзсэн  болно.  Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлагдсан бүтэц, орон тоог өөрчлөх эрх компаний гүйцэтгэх удирдлагад байхгүй учир Э ХХК-н орлогч даргын албан тушаалд эгүүлэн томилох хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.       

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар М.О нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О ын Э ХХК-н орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 1 550 000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар М.О  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,

119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                               Л.АРИУНЦЭЦЭГ