| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Батчимэг |
| Хэргийн индекс | 135/2017/00615/И |
| Дугаар | 135/ШШ2017/00902 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 135/ШШ2017/00902
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2017/00615/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.******* би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *********, *********..тоотод оршин суух *********.. овгийн *******ийн М- /РД:*********../
Хариуцагч: Дархан-Уул аймаг, *********, байранд оршин байх *********.. ХХК-нд холбогдох
Орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-, хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т-, гуравдагч этгээд А.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.*******нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- нь 2013 онд *********.. ХХК-тай 63,934,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг захиалгаар бариулахаар тохиролцож, урьдчилгаа 19,180,200 төгрөгийг ээж, аавынхаа өгсөн мөнгийг өгч захиалсан. Тухайн үед захиалгын гэрээнд хүлдэгдэл 70 хувийг .......... банкны орон сууц зээлээр авах шаардлагыг хангасан учраас .......... банкны зээлд хамрагдсан. Б.М- нь өөрийн гэсэн орлоготой. Оюу толгой ХХК-д инженер ажилтай байсан. Захиалгын гэрээнд мэдээж өөрийнхөө эцэг, эхээс авсан мөнгөөр төлж захиалж өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр гаргуулах гэсэн боловч та орон сууцыг зээлээр авч байгаа учраас А.Э-ын нэрийг бич гэсэн шаардлага тавьсан. Б.М- нь ямар учраас А.Э-ын нэрийг оруулна гэж би 30 хувийг ээж, аавынхаа өгсөн мөнгөөр хийсэн. 70 хувийг өөрийнхөө цалингаас өгнө. Миний сарын орлого орон сууцны зээлийн шаардлага хангасан гэж хэлэхэд нь орон сууцны зээл авч байгаа бол эхнэр нөхөр хоёрын нэрийг заавал бичих ёстой гэсэн шаардлага тавьсан. Ингээд орон сууц захиалгын гэрээг *********.. ХХК-ийн менежер ******* өөрөө аваад явдаг. Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн баримтанд гараар бичсэн мэдүүлэг байна. Үүн дээр Б.М- гарын үсэг зураагүй. *********.. ХХК-ийн менежер ******* нь гэрчилгээ авсан. Ер нь аливаа өмч хөрөнгийг өөрөө авч байгаа, өөрөө өмчилж байгаа хүн Улсын бүртгэлийн хэлтэст мэдүүлгээ бөглөөд холбогдох материалыг бүрдүүлж өгдөг байх ёстой. Барилгын менежер очоод холбогдох материалыг бүрдүүлээд гэрчилгээ авдаг байдал *********.. ХХК-нд тогтлоо. Хүний өмчлөх эрх үндсэн хуулиар хүн шударгаар өмч хөрөнгө олж авах, захиран зарцуулах эрх нь зөрчигдсөн учраас Б.М- нь шүүхэд хандсан. Захиалгын гэрээг ямар учраас хүчингүйд тооцуулах гээд байгаа юм бэ гэхээр Б.М-, А.Э- хоёр хамтын амьдралтай байсан хүмүүс. Албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Эхнэр нөхөр гэсэн ойлголт Иргэний хууль болон Гэр бүлийн тухай хуульд байхгүй байгаа. Тийм учраас дундын эд хөрөнгө шийдвэрлэх маргаан Давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэгдэж байна. Энэ хэлэлцэгдэж байгаа маргааны эх үүсвэр юу вэ гэхээр захиалгын гэрээнд мөнгө төлөөгүй этгээдийн нэр дээр бичигдсэнээс хөрөнгийн маргааны асуудал явж байгаа. Тийм учраас *********.. ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоод Б.М-ийн өмчлөх эрх ноцтой зөрчигдөж байна. Захиалгаар бариулах гэрээ нь тухайн хүн өөрийнхөө мөнгөө өгөөд урьдчилан захиалж байрыг авч байгаа хэлбэр. Түүнээс хэн нэгний өмчлөх эрхийн гэрчилгээтэй эд хөрөнгө аваагүй. Хавтаст хэрэгт авагдсан баримтанд ******* гэдэг хүн хүү Б.М-дээ байр авахад нь зориулж мөнгө бэлэглэсэн тухай гар бичмэл байна. Тухайн үед Б.М-ийн аав нь 12,000,000 төгрөгийн зээл авсан учраас урьдчилгаа мөнгөө төлсөн гэсэн байна. ******* хүүхдээ 12,000,000 төгрөгийг зээлээр өгсөн үү, бэлэглэсэн байна уу хамаагүй. Ямар ч байсан 12,000,000 төгрөгийн урьдчилгаа мөнгийг *******гаас өгсөн гэдгийг гуравдагч этгээдийн тайлбар болон хэрэгт цугларсан банкны нотлох баримтаар нотлогдож байна. Ийм учраас орон сууц захиалгаар бариулах гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэдгийг нотолж байна. Гуравдагч этгээд зээлээр аваад мөнгийг төлсөн гэх утга бүхий тайлбар харагдаж байгаа ч энэ мөнгийг яаж аваад, яаж төлсөн талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөнгүй. Тийм учраас *********.. ХХК-ийн захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. Хариуцагч *********.. ХХК нь хуулийн дагуу гэрээ хийсэн гэж байгаа боловч ямар хуулийн дагуу, яаж хийсэн гэдгээ нотлоогүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т- шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн тул орон сууц захиалгаар барих гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэж хэллээ. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэж заажээ. Хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр байх нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан байна. Жишээ нь *********.. ХХК нь өөрийнхөө барьсан орон сууцыг зарахын тулд боршуур тавих, олон нийтэд мэдээллийн хэрэгслээр зарах талаар саналыг хүргүүлж байсан. Үүнтэй холбоотойгоор өнөөдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа А.Э- нь манай компанийн борлуулалтын менежер *******тэй уулзаж 1 сарын турш ярилцаж, төлбөр тооцоогоо яаж хийх талаар ярилцаж байгаад 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр иргэн А.Э- нь *********.. ХХК-ийн борлуулалт маркетинг хариуцсан мэргэжилтэн *******тэй уулзаад гэрээ байгуулъя, гэрээний эх хувийг бэлдэж өгөөч гэсний дагуу ******* бэлдэж өгсөн. Ингээд гэрээнд гарын үсгээ зурах үедээ хамтран амьдрагч Б.М-ийг дуудаж гарын үсэг зуруулж, А.Э- нь хамтран эзэмшигчээр гарын үсэг зурсан. Үүнээс хойш тодорхой хугацааны дараа .......... банкны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахаар хөөцөлдсөн. Голомт банк нь *********.. ХХК-тай гэрээтэй. Уг гэрээг үндэслээд А.Э-, Б.М- нарын нэр дээр үл хөдлөх гэрчилгээг гаргуулж өгнө үү гэсэн бүртгэлийн мэдээллийг бүртгэсэн. Ингээд *********.. ХХК-ийг төлөөлж *******, нөгөө талаас Б.М-, А.Э- нар улсын бүртгэлийн хэлтэс дээр цуг очиж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлгийг бөглөсөн. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.М- мэдүүлгийг дармалаар бичиж гарын үсэг зурсан болох нь нотлогдож байгаа. Хамтран эзэмшигч А.Э- өөрийн гараар бичиж хамтран эзэмшигч гэж гарын үсэг зурсан байгаа. Энэ байдлаас нэхэмжлэгчийн шаардаад байгаа *********.. ХХК-ийн маркетинг борлуулалтын менежер ******* сайн дураараа очоод ямар нэгэн худалдан авагчийн өмнөөс мэдүүлэг бөглөж гэрчилгээг авсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Ийм ямар ч боломж бололцоо байхгүй. Учир нь гэрээний дагуу болон Бүртгэлийн тухай хуульд зааснаар өөрийнхөө нэр дээрээ эрхийн бүртгэлийн гэрчилгээг гаргуулах гэж байгаа этгээд өөрийн биеэр очиж мэдүүлгээ бөглөдөг. Тийм учраас Б.М- өөрийн биеэр очиж мэдүүлэг бөглөсөн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагдаж байна. Нэхэмжлэлд дурдаж байгаа дараагийн асуудал нь Б.М-ийн аав ******* хүүхдээ 12,000,000 төгрөгийг бэлэглэсэн гэж байна. Гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарт 5,000,000 төгрөгийг малчны зээлийг Б.М-ийн ааваар нь авахуулаад үүнийгээ А.Э- өөрөө буцааж төлсөн. Яаж төлсөн болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан. 2013 онд авсан малчины зээл төлөгдсөн гэдэг нь Хөвсгөл аймгийн ....... банкны салбарын гаргаж өгсөн лавлагаагаар тогтоогдож байна. Ингээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлд бичигдсэн манай аав, ээж төлсөн гэх мэдүүлэг нь зөрүүтэй байна. Хамгийн гол шаардлага нь *********.. ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заажээ. Б.М-, А.Э-той байгуулсан 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээнд Дархан-Уул аймаг, *********, ... дүгээр баг, ... дугаар хороололд байршилтай, тухайн үеийн нэршлээр 102 дугаар байр гэж байсан ******************..... тоот 49,11 мкв талбайтай байрыг захиалан бариулахаар тохиролцсон. Энэ гэрээ үйлчлэх хугацаатай. Гэрээний 9.3-т энэ гэрээг худалдан авагч тал уншиж талууд гарын үсэг зурж, тамга дарсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Гэрээнд заагдсан орон сууц ашиглалтанд орсон. Захиалагч төлбөрөө бүрэн төлж дуустал хүчин төгөлдөр үйлчилнэ гэж тодорхой заасан. Хэрвээ Б.М- гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн юм бол яагаад өмнө гэрээний үйлчлэх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй юм бэ. М-, Э- нарыг хамтран амьдарч байсан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ярьлаа. Үүнээс болоод дундын өмчийн маргаан явж байна. Гэр бүлийн тухай хуульд дундын өмч үүсэх гол нөхцөл нь гэрлэлт, мөн хамтран амьдрах үед үүснэ. Логик талаас нь авч үзэх юм бол А.Э-ын нэр бичигдсэн, бичигдээгүйгээс үл хамаараад хамтран амьдарч бий болгосон эд хөрөнгийг дундаа өмчилнө. Тэгэхээр А.Э-ын нэр бичигдсэн эсэхээс үл хамаарч үл хөдлөх эд хөрөнгө 3 хуваагдаад явах ёстой гэж хуульд заасан байна. Дээрээс нь хэлцлийн хэлбэрийн хувьд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг хийхэд нотариат буюу хуульд заасан бусад этгээдээр гэрчлүүлнэ гэж заасан байх бөгөөд захиалгаар бариулах гэрээг нотариатч баталж өгсөн. Энэ гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэх ямар нэгэн байдал байхгүй учраас нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд А.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М- бид хоёр хууль ёсны гэр бүл байсан. 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гэр бүлээ цуцлуулж бидний эд хөрөнгийн маргааны асуудал тус шүүхээр шийдвэрлүүлсэн боловч давж заалдах гомдол гаргасан. Одоо маргаан Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдэж байгаа. Уг нэхэмжлэл нь Б.М-ийн цэвэр шуналаас үүссэн. 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг хийхдээ Б.М- болон миний бие өөрөө үзэж танилцаж, *********.. ХХК-тай 3 удаагийн уулзалтаар мөнгөн төлбөрийг яаж төлөх талаар асууж ярилцсаны үндсэн дээр 3 удаа хувааж төлөхөөр болсон. Энэ 19,181,000 төгрөгийг яаж төлсөн бэ гэхээр тухайн үед би Олон улс худалдааны төвд хүнсний технологич ажилтай, Б.М- *********...инженер ажилтай байсан. Б.М- бид хоёр нэг гэр бүл учраас дундаа нэг данстай байсан. 10,200,000 төгрөгийг миний данснаас гарсан. 4,000,000 төгрөг нь Б.М-ийн цалин орлогоос бүрдсэн. 5,000,000 төгрөгийг Б.М-ийн аав ******* гэдэг хүн малчины зээлээр авахуулсан. Тэгээд Голомт банк ипотекийн зээлд хамрагдаж байгаа хүн зээлтэй байж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Б.М-ийн аав ******* 5,000,000 төгрөгийг хүүгийнхээ байранд бэлэглэсэн гэх баталгааг миний бие бичсэн. Гэхдээ ******* бичиж байгаа юм шиг бичсэн. Үүн дээр ******* гарын үсэг зурсан. Ингээд ******* гэдэг хүний 5,000,000 төгрөгийг яаж эргэн төлсөн бэ гэхээр дансны хуулга болон малчины зээлийг Дархан-Уул аймгаас хаасан баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг *********.. ХХК-ийг төлөөлж *******, Б.М- бид гурав аймгийн захиргааны нэг цонхны үйлчилгээн дээр цаг тохирч байгаад уулзсан. Гэрчилгээ гаргуулах анкетыг би өөрийн гараар бөглөсөн. Мөн Б.М- өөрийн гараар бичиж гарын үсгээ зурсан. Ингээд гэрчилгээгээ гаргуулж авч байсан. Байртай холбоотой баримт бичгийг нотариатаар батлуулах үйл ажиллагааг Д.Г- гэдэг хүний нотариатын газар хийлгэж байсан. Гэрээ батлуулах болон гарын үсэг зуруулах үед Б.М- бид хоёр үргэлж хамт байсан гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч *********.. ХХК-нд холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.
Шүүхээс энэхүү хэрэгт 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх үүргийг тайлбарлаж, танилцуулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-ын хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй, эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байхад хэргийн материалтай танилцаагүй, шүүхээс 2017 оны 7 сарын 23-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад тэрээр шүүхэд хүрэлцэн ирж хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлээгүй, шүүх хуралдааны өмнө хэргийн материалтай танилцсан боловч баримтад гарын үсгээ зурахаас татгалзсан, түүнчлэн шүүх хуралдааны үед нотлох баримт гаргах, гэрч асуулгах хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэдгээ нотлоогүй тул дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчийн тайлбараас үзэхэд талууд 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр захиалагч Б.М-, А.Э- нар нь Дархан-Уул аймгийн *********ын ************************************.. тоот 49.18 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг 63.934.000 төгрөгөөр захиалан, нийт төлбөрийн 30 хувь буюу 19,180,000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр төлөх, үлдэх 70 хувь буюу 44,753,800 төгрөгийг байрны түлхүүр хүлээн авахад төлөх, гүйцэтгэгч *********.. ХХК нь уг орон сууцыг 2013 оны 4-р улиралд ашиглалтад оруулах үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 7-8 дүгээр тал/
Дээрх гэрээгээр нэг тал нь орон сууцыг захиалгын дагуу гүйцэтгэн, тодорхой хугацаанд үр дүнг хүлээлгэн өгөх, нөгөө тал төлбөрийг үе шаттайгаар төлөхийг харилцан тохиролцсон байх тул зохигчийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. /хх-6-8 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг хүлээдэг.
Орон сууцны захиалгаар барих гэрээг нэг талаас *********.. ХХК, түүнийг төлөөлж маркетингийн менежер У.*******, нөгөө талаас иргэн Б.М- нар харилцан тохиролцож гэрээ байгуулав хэмээн дурьдаж, үүний дагуу гүйцэтгэгчийг төлөөлж У.*******, захиалагчийг төлөөлж иргэн Б.М-, хамтран захиалагчийг төлөөлж иргэн А.Э- нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар талууд нар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээг байгуулсан байна.
Захиалагч гэрээнд заасны дагуу 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 5.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 12.000.000 төгрөг, 2013 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 1.180.200 төгрөг, 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 1.000.000 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 53.800 төгрөг, нийт 19,180,200 төгрөг буюу 30 хувийг төлсөн байх бөгөөд үлдэгдэл 70 хувийн төлбөр 44,753,800 төгрөгийг Б.М-, А.Э- нар нь ........ банкнаас авсан орон сууцны зээлээр төлж, орон сууцны үнэ болох нийт 63.934.000 төгрөгийг төлж барагдуулж, хариуцагч *********.. ХХК нь дээрх орон сууцыг ашиглалтад оруулж, захиалагчид хүлээлгэн өгч талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно. /хх-9-14 дүгээр тал/
Түүнчлэн хариуцагч *********.. ХХК нь захиалагчийг орон сууцны өмчлөх эрхээ баталгаажуулахад гүйцэтгэгчийн зүгээс шаардагдах бичиг баримтыг бүрдүүлж өгөх гэрээний 3.3-т заасан үүргээ биелүүлсэн байх бөгөөд захиалагч Б.М- нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт өөрийгөө болон А.Э-ыг тус орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэн, мэдүүлэг гарган гарын үсэг зурж, улсын бүртгэлийн гэрчилгээ авсан болох нь талуудын тайлбар болон эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... Б.М- нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн, түүнчлэн орон сууцны зээлийн төлбөрийг төлж байгаа өмчлөгч атал *********.. ХХК нь хууль бус шаардлага тавьж, орон сууц захиалгаар бариулах гэрээнд хамтран захиалагчаар А.Э-ыг гарын үсэг зуруулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4/ дэх заалтад заасан ... үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхтэй гэсэн заалтыг зөрчсөн тул уг гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч *********.. ХХК-ийн тавьсан шаардлагын дагуу гэрээнд хамтран захиалагчаар А.Э- гарын үсэг зурсан эсэх нь тогтоогдохгүй байхаас гадна гэрээний төлбөр тооцоог захиалагч нарын хэн төлсөн эсэх нь гэрээний хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хуульд заасан эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлцэлд тавигдах шаардлагыг хангасан, талуудын гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг нь хууль тогтоомжийн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээнд харшлахгүй, талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бүхий хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иймд Иргэний хуульд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул орон сууцны захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.М-ийн гаргасан хариуцагч *********.. ХХК-д холбогдох 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 64 дугаартай Орон сууцны захиалгаар барих гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 477.620 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.*******