Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 0079

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                  М.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                          С.Б

Шүүгдэгч                                           М.М

Нарийн бичгийн дарга                 Э.Булгантамир нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолтой, М.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгч М.Мгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Х овогт М-н М.

 

Шүүгдэгч М.М нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг Пирамид төвийн Скайтел салбарт үйл ажиллагаа явуулж байсан А.Г-н I рhonе х маркын хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1.400.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овогт М-н М-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мг 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар Орхон аймгийн Нийтлэг үйлчилгээний албанд эдлүүлэхээр тогтоож, ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч М.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.М давж заалдах гомдолдоо:

...Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг Пирамид төвийн скайтел салбарт үйл ажиллагаа явуулдаг А.Г-д миний хүү П.Ж гар утсаа 20.000 төгрөгийн барьцаанд тавьсан байсан. Би хүүхдээ гар утсыг нь 220.000 төгрөгөөр худалдан авч өгсөн юм. А.Г насанд хүрээгүй хүүхдээс гар утсыг барьцаанд авахдаа бичиг баримтыг нь шалгалгүй шууд авсан байсан.

Би үүнд дургүйцэн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А.Га-тай очиж уулзахад хүү бид хоёрыг үл тоогоод байсан юм.

Тэгэхээр нь би гар утасны оронд гар утас өг гэж хэлсэн юм. Тоохгүй байгаад байхаар нь ширээн дээр байсан гар утсыг нь аваад хуулийн байгууллагад хандана гэж хэлээд гарч явсан. Би урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Хуулийн мэдлэггүйгээс болж ийм хэрэгт холбогдсондоо харамсаж байна.

А.Г хууль бус зүйл хийчихээд гэмшсэн шинжгүй байгаад байсан болохоор гар утас авч өөртөө тусалсан юм.

А.Г хүүхдийн минь утасны оронд утас өгөхөөр нь буцааж өгнө гэж бодож гар утас авсан болохоор хулгай хийж авсан зүйл биш. Үүнийг олон удаа тайлбарлахад ойлгохгүй юм. Утсыг нь буцаагаад өгсөн. Би гурван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй. Тогтсон ажил төрөл байхгүй. Хүүхдийн мөнгө ойр зуурын ажил хийж хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг. Ядарсан эмэгтэйг нэг удаа өршөөж уучилж болдоггүй юм уу. Хүний хууль бус үйлдлийг хэлж өөртөө тусалсны төлөө гэмт хэрэгтэн болчихсондоо маш их гомдолтой байна.

Иймд надад холбогдуулаад байгаа хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Б дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх М.Мд холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр М.М нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг Пирамид төвийн “Скайтел” ХХК-ийн Орхон аймгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан А.Г-ны “Ай-фоне Х” маркийн хар өнгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэл бүхий болжээ.

 

М.Мгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч М.Мгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан бөгөөд гэмт хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, түүнд уг зүйл хэсэгт заасан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

М.М нь хулгай хийх санаа бодол байгаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч А.Г-ыг  өөр өрөөнд байх үед шүүгдэгч М.М нь түүний ажлын өрөөний ширээн дээр байсан “Ай-фоне Х” маркийн гар утсыг нууцаар, хууль бусаар авсан болох нь

хохирогч А.Г-ны ... би хүүгийнхээ гар утсыг авмаар байна тэр ломбардны бичиг нь хаана байна гэхээр нь за би танд үзүүлье гээд дахиад скайтелын ажлын өрөөнөөс ломбард руу ороод бичгийг нь хайж байгаад эргээд хартал нөгөө эгч, хүүхэд хоёр байхгүй гараад явчихсан байсан... ... ажлын өрөөнд ороход ширээн дээр байсан Ай фоне-Х маркийн гар утас байхгүй байсан ... гэх мэдүүлэг /хх-06-07-р талд/,

Насанд хүрээгүй гэрч П.Ж-н ... ээж гарч явахдаа би гар утсыг нь авчихсан энэ хүмүүс хүний эд хөрөнгөд болгоомжгүй хайхрамжгүй хандаж байхад бид нар зүгээр хохирч үлдэхгүй гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-11-р тал/,

“Ашид билгүүн ХХК”-ийн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 20/06 дугаартай гар утасны үнэлгээг тогтоосон дүгнэлт /хх-13-16-р тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12-р тал/

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-25-р тал/

Шүүгдэгч М.М-н яллагдагчаар өгсөн ... ломбардны хажууд байсан өрөө рүү ороод ширээн дээр байсан хар өнгийн гар утсыг аваад гарчихсан юм. ... гар утсыг нь унтраачихсан юм. ... А.Г гэх залуугийн гар утсыг авахдаа нууцаар хэлэхгүйгээр авсан нь үнэн ... гэх мэдүүлэг /хх-76-77-р тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Бусдын эд хөрөнгө болох гар утсыг нууц далд аргаар өөртөө авч улмаар утсыг унтрааж өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэр нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч М.Мгийн гаргасан ... хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА