Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1408

 

 

 

 

 

 

 

 

   2024             12            19                                              2024/ШЦТ/1408

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам,

улсын яллагч Н.Анхбаяр,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19*** оны 8 дугаар сарын 12-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

*** овогт ***ийн *** (регистрийн дугаар:***).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч *** нь 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр байрны гадна насанд хүрээгүй хохирогч ***ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

3. Шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогч ***ийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

3.1. Насанд хүрээгүй хохирогч ***ийн “...2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** дүгээр байрны гадна тоглоомын талбайд тоглож байгаад найз ***ын скүүтэрийг унаж байгаад 400 төгрөг өгсөн. Би унаад жаахан хурдалсан. *** нь намайг унаад зугтах гэж байна гэж ойлгоод араас хөөж ирээд цээж рүү 1-2 удаа цохисон. “Чи ийм архичин болно” гээд намайг шоолоод байхаар нь ***ын нуруу хэсэг рүү 2-3 удаа цохисон. ***ын аав намайг хараад малгайнаас чирж граш байр хоёрын завсар аваачиж, хамар хэсэгт цохиж унагаасан. Тэгснээ намайг “Аавыгаа дуудаад ир” гээд цаашаа түлхээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 хуудас),

3.2. Гэрч ***ийн “...2024 оны 9 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн үед том хүү *** гадаа тоглож байгаад ирнэ гээд надаас зөвшөөрөл аваад гарсан. Удалгүй хүнд зодуулсан гээд нүүр ам нь цус болсон байдалтай орж ирсэн. Би нөхөр ***ыг гаргаж, зодсон гэх хүнтэй уулзаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 хуудас),

3.3. Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 12136 дугаартай “...***ийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 27-28 хуудас),

3.4. Шүүгдэгч ***ын “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

4. Шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

 

5. Насанд хүрээгүй хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

7. Хохирол, хор уршгийн талаар:

7.1. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 566,000 төгрөгийг эмчилгээний зардалд нэхэмжилсэн нь баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч ***ас гаргуулж, харин бусад ахуйн хэрэглээ, унаа үйлчилгээний хөлс зэргийг дан ганц “ebarimt”-д үндэслэж шийдвэрлэх боломжгүй, нотлох баримтын хэрэгт хамааралтай, хүрэлцээтэй байдал хангагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, уг асуудлаарх баримтуудаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич шийдвэрлүүлэхээр тогтоолд нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

7.2. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” /Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ”, 4 дэх хэсэгт “Нөхөн төлбөр тооцох жишиг аргачлал, хүснэгт”-ыг тодорхойлсон байна.

7.3. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр “насанд хүрээгүй хохирогч ***ийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна” гэснээс үзэхэд уг аргачлалын 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад заасан хэргийн зүйлчлэл тохирсон, нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтийн “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан.

7.4. Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээр дурдсан зэрэглэл тогтоосон хүснэгт, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, сөрөг үр дагавар, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон, хийсэн үйлдэлдээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг зэргийг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч ***ас гаргуулан насанд хүрээгүй хохирогч *** /түүний хууль ёсны төлөөлөгч ***/-д олгож шийдвэрлэв.

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

8.1. Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд төлүүлэх санал гаргасан.

 

            8.2. Шүүгдэгчээс: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэв.

           

            8.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            8.4. Шүүгдэгч *** хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, бусдад учруулсан хор уршиг их биш, хохирол хор уршгийг төлж барагдуулахыг зөвшөөрч байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгож, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх улсын яллагчийн саналыг хүлээн авах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.  

 

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. *** овогт ***ийн ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ***д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ***д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн тусгай ангийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан ***ас эмчилгээний зардалд 566,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,300,000 төгрөг, нийт 3,866,000 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч *** /түүний хууль ёсны төлөөлөгч ***/-д олгосугай.

 

6. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, насанд хүрээгүй хохирогч *** /түүний хууль ёсны төлөөлөгч ***/ нь хэлэлцээгүй хохирлын болон цаашид эрүүл мэндтэй холбоотой гарах зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ