| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2024/1385/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/23 |
| Огноо | 2024-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/23
2024 12 25 2025/ШЦТ/23
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ундрам,
улсын яллагч Г.Лхагвасүрэн,
шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19*** оны 12 дугаар сарын 31-ний өдөр *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ганцаараа *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд
- 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 806 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
*** овогт ***ын *** (регистрийн дугаар:***).
Хэргийн товч агуулга:
Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
2. Шүүх хуралдаанд шүүгдэгч *** нь гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.
3. Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ***ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
3.1. Хохирогч ***ын “...2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороо, *** тоот гэрээсээ гарч яваад зүс таних *** ахтай таарсан. Бид хоёр дэлгүүр орж 2 шил архи аваад манай ард талд байдаг зүс таних ахынд очиж, архиа хувааж уусан. *** ах нэг эмэгтэйн хамт гэрээс нь гарч, дахин архи авч хувааж уугаад нэг мэдсэн гэртээ ирсэн байсан. Тэр эмэгтэй салгаж байсан. Юугаар цохисныг нь мэдэхгүй байна. Толгойн ар дагз 3 оёдол, баруун хацар 2 оёдол, зүүн гарын ард 3 оёдол тавиулсан. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 хуудас),
3.2. Гэрч ***ын “...Манай ард байдаг *** гэх хүнд зодуулсан байсан. 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдөр манайд ирж уучлалт гуйгаад явсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дүүгээ зодсон байна. Хохирлыг нь барагдуулна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 хуудас),
3.3. Монгол Улсын шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11042 дугаартай “...***ын биед баруун хацар, баруун зовхи, зулай, дагзны хуйханд олон тооны, зүүн шуу, сарвуунд мэс заслын оёдол бүхий шарх, баруун нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх шарх гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалгад зулгаралт гэмтлүүд нь тус тусдаа 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 хуудас),
3.4. Шүүгдэгч ***ы “...*** бид хоёр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Намайг орон дээр хэвтэж байхад гэнэт босч ирээд миний төмсөгнөөс базаж, хэл амаар доромжлоод байсан. Яагаад тийм зүйл хийснийг нь мэдэхгүй байна. Тухайн үед уур хүрээд цохиж зодсон... хохиролд 2 сая төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
4. Шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.
6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
7. Хохирогч ***аас миний сэтгэл санаанд өөрчлөлт ороогүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын хохирол тогтоолгох шинжилгээ хийлгэх шаардлагагүй гэсэн (хавтаст хэргийн 16 хуудас), мөн хохирогчийн зүгээс гэмтлийн улмаас үүссэн эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй, шүүгдэгч *** өөрийн сайн дураар 2 сая төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн болон хохирогчийн бэлэн мөнгө хүлээн авсан баримт, банкны дансны гүйлгээний баримтууд зэргээр тогтоогдсон тул бусдад төлөх төлбөргүй болно. Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй.
8. Эрүүгийн хариуцлагын талаар:
8.1. Улсын яллагчаас шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулах санал гаргасан.
8.2. Шүүгдэгчээс: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэв.
8.3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
8.4. Шүүгдэгч *** нь хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг санй нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.—т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөлд тооцож мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуурсан үедээ үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүхийн шатанд 06 хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ***д үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар ***ы урьдчилан цагдан хоригдсон 06 хоногийн нэг хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх төгрөгөөр тооцож 90 нэгж буюу 90,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасаж тооцсугай.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 2,000,000 төгрөг төлөгдсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын сангийн зардлыг эрх бүхий этгээд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ***д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангиас нэн даруй суллаж, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ