Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 0080

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

                                             

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

Прокурор                                                      Н.Д

Шүүгдэгч                                                       Б.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Д.Ч

Б.Б/онлайнаар/

Хохирогч                                                       Ж.Н

Хохирогчийн өмгөөлөгч                           Д.Э

Нарийн бичгийн дарга                             О.Мөнх-Од нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Ад холбогдох, эрүүгийн хэргийг хохирогч Ж.Нандин-Эрдэнийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Б овогт Б-н А.

 

Б.А нь Ж.Нг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авах гэж байгаа, дансандаа мөнгө байршуулах шаардлагатай гэх нэрийдлээр хуурч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 60.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овогт Б-н А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Аг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 30 сарын хугацаанд сард 333.333 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад 3 сарын хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг хугацаанд нь биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол хорих ялаар сольж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агаас 18.000.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Нд олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж,

 Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарлан өгч, шүүх хуралдааныг хаасныг мэдэгдэж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Ж.Н давж заалдах гомдолдоо:

“... Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2 зүйлд хорих ялаас гадна 10 сая төгрөгийн торгох ялын санкц байгаа хэдий ч шүүгдэгч Б.Агийн хувьд учруулсан хохирол төлбөр болох 60 сая төгрөгөөс 18 сая төгрөгийг төлж чадаагүй орхисон, дээр нь нөхрийн хамт банкинд олон зуун сая төгрөгийн өр зээлтэй, амьдардаг гэр орон сууц нь банкны барьцаанд байгаа, өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон бөгөөд торгуулийн мөнгө төлөх ямар ч боломжгүй нь тодорхой байхад түүнд торгох ял оноож байгаа нь шүүгч түүний талд илтэд үйлчилж байгааг харуулж байна.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулж, цаг хугацаа хожиж байсан ба хэрэг хянан шалгах явцад мөн мэдүүлэг өгөхөөс зайлсхийж дуудсан хугацаанд нь ирэхгүй зугтаж улмаар цагдан хорих санал оруулж байсан. Шүүхийн шатанд мөн прокурор цагдан хорих санал оруулсан боловч шүүгч А илтэд татгалзаж түүний талд үйлчилж, дураар нь авирлуулж байсан. Үйлдсэн хэргээ хүлээхгүй, би залилан хийгээгүй гэх мэтээр ярьж, дээр нь надад маш өндөр хувийн хүү төлж байсан мэтээр худал ярьж ирсэнд маш гомдолтой. Надаас авсан 60 сая төгрөгийг 2020 оны 05 сар хүртэл нэг ч төгрөг төлөөгүй ирсэн ба бөөгийн засал хийж дан томчууд үйлчилдэг, маш их танил талтайгаа хэлж илтэд намайг бөөгөөр сүрдүүлж ирсэнд гомдолтой байна.

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 12 сараас хойш өнөөдрийг хүртэл бүтэн жил 8 сар хохирол төлбөрийг төлөхгүй элдвээр худал ярьж хохироосоор байсан бөгөөд шүүхийн шатанд байхдаа тэгж газар, машин зарах гэж байна байр банк бусад тавиад мөнгийг чинь яг одоо өглөө, намайг дагаад хот яваад хохирлын мөнгөө ав, манай хамаатан тагнуул авилгатай тэмцэх газарт том ажил хашдаг хүн байгаа, тэр хүн хохирогчоо дагуулаад ир, тэр хүнд чинь газраа үзүүлээд газраа нэр дээр нь шилжүүлээд өгнө гэх мэтээр хууран мэхлэх ажиллагаа үргэлжилсээр байсан.

Миний бие энэ хүнээс болж үнэхээр их хохирсон. Гэр бүл салах дээрээ хүрсэн, байнгын стресстэй болж зүрхний титэм судасны өвчтэй болсон, өмгөөлөгчид мөнгө төлж давхар хохирсон. Сэтгэл санааны асар хүнд дарамтан дор өдий хүрсэн. Ядаж миний мөнгийг бүтэн төлчихсөн бол ямар ял авах нь хамаа алга. Гэтэл хохирол төлбөрөө ч төлөөгүй хүний талд хууль үйлчлээд яагаад хохирсон хүнд хууль үйлчлэхгүй байгааг гайхаж байна.

Хэргийг танил талын хүрээнд бусдын нөлөөнд автаж, шударга бус шийддэг асуудлыг холбогдох газруудад хандан шийдвэрлүүлэх болно. Хэвлэл мэдээлэлд ярилцлага өгч, Орхон шүүх асуудалд яаж хандаж байгааг нийтэд мэдээлнэ. Ийм залилан хийдэг хүмүүсийг, тэдгээрийн талд үйлчилдэг шүүгчтэй нь зураг хөрөгтэй нь сайтуудад тавих болно. Үнэхээр гомдолтой байна. Шударга шүүх гэж хаа байна тэр хүртэл явах болно. Энэ хүн миний хохирол төлбөрийг барагдуулсан ч гомдолтой хэвээр байх болно” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Чи тайлбартаа:

“ ... Энэхүү хэргийн улмаас хохирогчид эд хөрөнгийн хохирол учруулсан өөрийн гэм буруугаа шүүгдэгч Б.А нь ойлгож, хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд өмгөөлөгч миний хувьд ч хохирогчийн гомдолтой байгааг ойлгож байна.

Б.А нь шүүхийн шатанд учруулсан хохирлын дийлэнх хэсгийг төлж барагдуулсан бөгөөд үлдэгдэл 18 сая төгрөгийг богино хугацаанд төлж барагдуулахаа илэрхийлсэн. Үүнээс гадна хөнгөрүүлэн үзэх өөр бусад олон нөхцөл байдал байсан учраас шүүр торгох ялыг сонгосон бөгөөд энэ талаараа тодорхой ойлгомжтой дүгнэн бичсэн байгаа.

Хохирогчийн гомдлоос харахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл харагдахгүй байх бөгөөд гагцхүү “ ... шүүх А-н талд үйлчилж, хөнгөн ял оногдуулсан ... ” гэх агуулгатай байна.

Ял шийтгэлийн хувьд бол дээр дурдсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болсон юм.

Харин шүүгч Д.А-г танил тал хардаг, шударга бус шийддэг гэж байгаа нь шүүхийн тэр тусмаа шүүгчийн нэр хүндэд халдсан илт худал гүжирдлэг бөгөөд хохирогчийн энэхүү зохисгүй хандлагад харамсаж байгаагаа илэрхийлж бана. Нөгөөтэйгүүр энэ нь цаашдын шүүхийн шийдвэрт нөлөөлөх гэсэн болхи арга хэмээн үзэхээс өөр арга алга.

Хардах ямар ч үндэслэл байхгүй гэдгийг дахин хэлэхийн сацуу тухайн асуудлаар давж заалдах шатны шүүх хэргийг хянах үндэслэл болохгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.3-т зааснаар хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх ч боломжтой билээ” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Агийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

Шүүгдэгч Б.А нь “Засгийн газрын дэмжлэгийн сангаас зээл авах гэж байгаа, дансандаа мөнгө байршуулах шаардлагатай” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Ж.Нг хуурч 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 60.000.000 төгрөгийг авч, түүнд их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Агийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэсэн, шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчилсэн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Харин түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд тохироогүй, Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн хүнд шүүх түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдлыг харгалзан торгох, эсхүл хорих ялаас сонгон оногдуулах эрхтэй хэдий ч тухайн ял нь дээр дурьдсан Шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч Б.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, асрамжинд нь бага насны хүүхэд байгаа зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог боловч тэрээр хохирогч Ж.Нэс өөр бусад хүмүүст их хэмжээний өр төлбөртэйгээс гадна хэрэг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдэх явцад түүнд 4.000.000 төгрөгийг төлсөн гэх ба хохирогчид учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй, шүүхээс оногдуулах торгох ялыг биелүүлэхүйц тогтмол орлоготой эсэх нь тодорхойгүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх түүний гэм буруугийн талаар “...Б.А нь бусдад их хэмжээний зээлийн төлбөртэй ... мөнгө авсан нь зорилго сэдэлтийн хувьд 60 сая төгрөгийг эргүүлэн төлөх бодолгүй, хэзээ яаж төлөхөө мэдэхгүй, бусдад төлөх өр төлбөртөө өгөх зорилготой...хохирол бүрэн барагдаагүй байгаа...” гэх зэргээр дүгнэсэн атлаа түүнд хуульд заасан торгох ялын хамгийн доод хэмжээг сонгон ял оногдуулсан нь үндэслэл муутай байна.

 

Өөрөөр хэлбэл шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байх тул хохирогч Ж.Н-н гаргасан “...торгуулийн мөнгө төлөх ямар ч боломжгүй нь тодорхой байхад түүнд торгох ял оногдуулсан...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

 

Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хохирогч Ж.Н-н давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    З.ХОСБАЯР

             ШҮҮГЧИД                                                             С.УРАНЧИМЭГ

                                                                                           С.ЦЭЦЭГМАА