| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 182/2017/00877/И |
| Дугаар | 00208 |
| Огноо | 2019-01-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 00208
| 2019 оны 01 сарын 28 өдөр | Дугаар 210/МА2019/00208 |
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02251 дүгээр шийдвэртэй
Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Ш” ХХК-д холбогдох
Зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохирол 95 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрээнээс татгалзсантай холбогдуулан 55 557 920 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.
Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Ш ХХК-тай №15/13 дугаартай зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, XG955H маркийн CXG00955V001Е0802 шинэ хүнд даацын механизмыг тус компанитай харилцан тохиролцсоны дагуу боломжтой нөхцлөөр 6 сарын хугацаатай төлөхөөр хүлээлгэн өгсөн. Гэтэл Ш ХХК нь удаа дараа төлбөрөө төлөхгүй машин механизмыг нуун далдалсан ба бид 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутгаас техникээ хайж олж авсан. Хариуцагч зээлийн хугацаанд сар бүрийн 15-ны өдөр төлбөр төлөх ёстой байсан боловч хугацааг хэтрүүлж үүрэг гүйцэтгэсэн ба 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 28 450.57 ам.доллар төлсөн. Талуудын хооронд хийсэн гэрээний 3.11-д заасны дагуу худалдан авагч гэрээнд заасан хуваариас 14 хоног хэтэрсэн тохиолдолд худалдагч гэрээгээ цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүссэн. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 сая төгрөг болно. Уг гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу хийгдсэн. Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд уг хүнд механизмыг эзэмшиж ашиглаж элэгдэл хохирол учруулан их хэмжээний алт олборлосон. Манай компани техникийн байгаа газрыг эрж хайн, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумаас хойш алтны орд газраас олж авах үед техник тоногдсон, дугуй 2 ширхэг аккумлятор нь алга болсон, эрс хуучирсан байсан. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1, 222.4, 222.7 дахь хэсэгт заасныг үндэслэн үүссэн хохирлоо 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжилж байна. Хариуцагч үүргээ биелүүлсэн бол манай компани гадаад нийлүүлэгчийн их хэмжээний өрөнд орохгүй, түрээслэгчийн эзэмшилд байх хугацаанд 150 000 000 төгрөгийн орлого олох байсан учраас хариуцагчийн төлсөн 28 450 ам.долларыг орлогод тооцож, 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сар хүртэл буюу дунджаар 6 сар түрээслэн ашигласан төлбөр болох 90 000 000 төгрөг болон даацын дугуй 1 ширхэг, аккумлятор 2 ширхэг, томилолтын зардал 5 000 000 төгрөг нийт 95 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч “Ш” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй. Талууд 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид 57 000 ам.долларын үнэтэй авто ачигчийг шилжүүлж, хариуцагч төлбөрийг графикийн дагуу төлөх үүрэг хүлээсэн. Дээрх зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчийг үнэ төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны турш хэсэгчлэн төлөх үүргийг хүлээдэг. Гэрээний 3.11-т худалдан авагч гэрээний 3.2-д заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч гэрээг цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүссэн. Түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 000 000 төгрөг болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч энэхүү заалтыг үндэслэн хариуцагчаас нийт 150 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ гэрээний хувьд худалдах-худалдан авах болон арилжааны гэрээний нийтлэг үндэслэл болон зээлээр худалдах-худалдан авах гэрэээний тусгай зохицуулалт үйлчилнэ. Гэтэл гэрээнд түрээсийн гэрээний зохицуулалтыг тусгасан бөгөөд ингэхдээ санхүүгийн түрээсийн гэрээ эсхүл түрээсийн гэрээний алинд хамаарах нь тодорхой бус байна. Өөрөөр хэлбэл худалдан авагч нь түрээсийн төлбөр төлснөөр авто ачигчийг өөрийн өмчлөлд шилжүүлж авах эрх үүсэх эсэхийг гэрээнд тусгаагүй. Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн төлбөр шаардахын тулд талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байх шаардлагатай боловч түрээсийн гэрээ байгуулагдаагүй. Иймд худалдагч нь түрээсийн төлбөр шаардах эрхгүй. Мөн худалдан авагч нь гэрээний урьдчилгаа төлбөрийг хугацаанд нь төлсөн тул худалдагч нь гэрээний 3.11-т заасан эрхээ хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй. Нэхэмжлэгч нь авто ачигчийг хураан авахтай холбоотой гарсан зардал гэж 5 000 000 төгрөгийг нэхсэн ба үүнд 1 ширхэг дугуй, 2 ширхэг аккумлятор, томилолтын зардал багтсан. Гэтэл хохирол зардлыг нотлохоор гаргаж өгсөн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Үүнд:
- Нэхэмжлэгч нь М ХХК боловч зардлын баримтууд нь Монтрак групп ХХК-ийн нэр дээр гарсан.
- Авто ачигчийг хурааж авсан өдөр нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гэх боловч томилолтын зардлын баримтууд нь тухайн өдрөөс хойш огноотой
- Зарим баримтууд маш бүдэг, хуучирсан учир огноо, дүнг нь тодорхойлох боломжгүй
- Зарим тооцооны хуудас огноогүй, мөн Хэнтий аймгаас төхөөрөмж худалдаж авсан хэрнээ Говьсүмбэр аймгийн цайны газарт хоол идсэн баримт хавсаргасан.
- Шакман моторс ХХК-аас дугуй аккумлятор худалдаж авсан зарлагын баримтыг хавсаргасан хэдий ч тухайн баримт нь авто ачигчийг хурааж авсан өдрийн огноотой, мөн яг бодитоор худалдаж авсан эсэх нь зөвхөн тухайн зарлагын баримтаар нотлогдохгүй. Мөн авто ачигчийг хураан авах үед нэг дугуй болон 2 аккумлятор байхгүй байсан гэх боловч эдгээр эд ангиуд байхгүй байсан нь эргэлзээтэй. Учир нь хурааж авахдаа Ш ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчдийг байлцуулаагүй. Тус баримт бичгүүдэд манаач н.Жаргалсайхан гэх хүн гарын үсэг зурсан боловч тэрээр Ш ХХК-ийг төлөөлөх бүрэн эрхгүй.
Иймд хариуцагчийн хувьд бодит бус буюу шаардлага хангасан баримтаар нотлогдохгүй зардал, хохирлыг хариуцах боломжгүй гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын байгуулсан 15/013 тоот гэрээний дагуу Ш ХХК нь нийт 28 450.57 ам.доллар буюу 55 557 920 төгрөгийг М ХХК-д шилжүүлсэн. 2015 оны 9 дүгээр сард олборлолтын техникүүд эвдэрсэн, геологийн үр дүн батлагдаагүй, цаг агаар хүйтэрсэн зэрэг хүндрэлтэй байдлын улмаас олборлолтын ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болж, авто ачигчийн төлбөрийг төлөх бололцоогүй болсон. Энэ тухайгаа М ХХК-д амаар болон бичгээр удаа дараа мэдэгдэж, гэрээний төлбөрийг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр М ХХК-ийн ажилтнууд ямар нэг урьдчилсан мэдэгдэл өгөлгүйгээр манай компанийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байрлах уурхай дээр очиж авто ачигчийг хүчээр авч явсан. Гэрээ цуцлах тухай мэдэгдлийг бидэнд авто ачигчийг хурааж авсанаас хойш буюу 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн. Хэдий гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн ч авто ачигчийг буцаан авсан үйлдэл нь гэрээнээс татгалзах хүсэл зоригтой, гэрээнээс татгалзсан нь харагдана. Иймд Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь гэрээнээс татгалзсанаар талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх нөхцөл байдал үүссэн тул М ХХК-д төлсөн нийт 55 557 920 төгрөгийг буцаан нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч “М” ХХК нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч тал техникээ буцаан авсан үйлдлийг Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан, харилцан өгсөн авсан зүйлээ буцаан өгөх үүрэгтэй гэх үндэслэлээр манайд төлсөн 55 557 920 төгрөгийг нэхэмжилсэн байна. Бидний байгуулагдсан гэрээний зүйлийн онцлог шинж болох хүнд даацын техник, худалдах үнэ өртөг өндөр, зээлээр худалдаж байгаа зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан сайн дурын үндсэн дээр байгуулагдсан гэрээний 3.11-д түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ гэж заасан. Хариуцагч тал төлбөрөө төлөхгүй байсан тул бид цуцалснаас учирсан хохирлоо түрээсийн төлбөрөөр жишин шаардаж байгаа тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагч Ш ХХК-аас 95 000 000 гаргуулах тухай М ХХК-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасны дагуу нэхэмжлэгч М ХХК-аас 55 557 920 төгрөг гаргуулах тухай Ш ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 655 220 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 435 740 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга, журмын дагуу шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрч шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалж чадаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчмуудыг зөрчсөн.
"М" ХХК нь "Ш" ХХК-тай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож гэрээ байгуулж "Ш" ХХК-д биет байдлын доголдолгүй шинэ техникийг 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд байгуулсан гэрээ нь агуулгаараа Иргэний хуулийи 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцэж байна. Гэтэл шүүх хуулийг буруу хэрэглэж Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн. Учир нь худалдан авагч 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй учраас гэрээний 3.11, 5.2.2-т зааснаар худалдагч гэрээг цуцлаж гэрээний зүйлийг 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр буцаан авсан. Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулах шаардах эрх үүссэн. Хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр гэрээгээр тохирсон төлбөрөө бүрэн төлсөн бол авто ачигчийг өөрийнхөө өмчлөлд шилжүүлэн авах эрх нээлттэй байсан боловч 2015 оны 8 дугаар сарын 18-наас хойш төлбөр төлөөгүй уг авто ачигчийг 2016 оны 3 дугаар сарын 12-ныг хүртэл 6 сар гаруй хугацаанд өөрийнхөө эзэмшил, ашиглалтад байлгасан учраас гэрээний 3.11, 4.17-д зааснаас үзвэл худалдан авагч хугацаа хэтрүүлбэл худалдагч гэрээг цуцлаж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүссэн талаар гэрээний талууд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг хангасан учраас 2015 оны 8 дугаар сарын 18-наас хойш 6 сар гаруй хугацаанд гэрээний зүйлийг ашигласан учир худалдагч талд 90 000 000 төгрөг, техникийг буцаан авахад гарсан зардал 5 000 000 төгрөгийг нэхэмжилсэн. Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд гэрээний 3.1.1-д заасан нөхцлийн агуулгаас үзэхэд худалдагч нь худалдан авагчийг төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс бий болох эрсдлийг тооцох буюу гэрээний зүйлийг ашигласан үеийн хохирлын хэмжээг хэрхэн тооцох тухай талууд урьдчилан тохиролцсон учраас хохирол тооцож нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.
Талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан ба талууд үүн дээр маргадаггүй. Маргаан гарах болсон үндэслэл нь худалдан авагч гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй буюу харилцан тохиролцсон үнийг хугацаанд нь төлөөгүйгээс худалдагч талд хохирол учирсан. Худалдан авагч нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь хэргийн баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогдсон. 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр төлөх ёстой байсан 11 319.5 ам.доллар хүү 834 39 ам.долларын хамт 12 153.89 долларыг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 4500 ам.доллар, 7 дугаар сарын 28-ны өдөр 5037.63 ам.доллар, 8 дугаар сарын 18-ны өдөр 2616.26 доллар төлсөн гэдгийг зохигчид хүлээн зөвшөөрсөн. 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс төлбөр төлөгдөөгүй, үүрэг зөрчигдсөн гэдэгт зохигчид маргаагүй, нотлох баримтаар нотлогдсон байхад шүүх буруу тайлбарлаж, дүгнэсэн. Мөн худалдан авагч үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн гэсэн атлаа нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт "гэрээний 3.1 1-д "худалдан авагч нь гэрээний 3.2-т заасан хуваариас 14 хоног хэтрүүлсэн тохиолдолд худалдагч цуцалж түрээсийн төлбөрөөр тооцох эрх үүснэ, түрээсийн сарын төлбөр нэг бүрийн гэрээ хийх үеийн зах зээлийн ханшаар сарын 15 000 000 төгрөг болно" гэж заажээ. Энэ нь утга найруулга, хууль зүйн агуулгын хувьд харьцангуй ойлгомж муутай заалт байх бөгөөд зохигчдын хэн аль нь уг заалтаар зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүргээр солих харилцааг зохицуулаагүй гэж тайлбарлаж байна" гэж заажээ. Гэтэл энэ заалтын агуулга нь худалдагч нь худалдан авагчийг төлбөр төлөх үүргээ хугацаанд гүйцэтгээгүйгээс бий болох эрсдлийг тооцох буюу гэрээний зүйлийг ашигласан үеийн хохирлын хэмжээг хэрхэн тооцох тухай талууд урьдчилан тохиролцож, гэрээнд тусгасан ба энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлон хийсэн хэлцэл хийх чөлөөт байдлын зарчмыг баримталсан зохицуулалт байхад анхан шатны шүүх үүнийг харгалзан үзэлгүй ерөнхий дүгнэлт хийсэн буруу. Шүүхээс "хэдийгээр гэрээний 3.11-д гэрээ цуцлах тохиолдолд гэрээний хөлсийг түрээсийн жишиг хөлсөөр тооцох, уг жишиг хөлс нь 15 000 000 төгрөг байх агуулга туссан байх боловч маргаан бүхий тохиолдолд уг заалтыг шууд баримтлах боломжгүй" гэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан талуудын хоорондын тохиролцоо байхад шүүх үүнийг шууд баримтлах боломжгүй гэж дүгнэсэн.
"М" ХХК нь худалдан авагч 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд гэрээний эд зүйлийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаснаа хүлээн зөвшөөрдөг тул 10 сарын хугацаанд түрээсэлж олох ёстой байсан орлого 150 000 000 төгрөг, гэрээний эд зүйлийг авах зардал 5 000 000 гээд нийт учирсан хохирол 160 000 000 төгрөгөөс худалдан авагчийн төлсөн 55 557 920 төгрөгийг хасч 94 442 080 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх "... хэргийн 25, 106 дугаар талд нэг аккумляторыг 500 000 төгрөгөөр, 1 дугуй 2 500 000 төгрөгөөр худалдаж авсан тухай зарлагын баримт, кассын орлогын ордер авагдсан. Эдгээр алдагдлыг гэрээний зүйлийг ердийн элэгдэл хорогдлоос гадуур муутгасны улмаас учирсан хохирол гэх үндэстэй" гэж дүгнэсэн атлаа энэ хохирлыг худалдагч "М" ХХК-д олгохоор шийдвэрлээгүй нь өөрийн дүгнэлтээ үгүйсгэсэн, зөрчилдөөнтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч “М” ХХК нь “Ш” ХХК-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс учирсан хохиролд 95 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээнээс татгалзсаны үр дагаварт гэрээгээр шилжүүлсэн 55 557 920 төгрөгийг буцаан гаргуулж сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.
Талууд 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 15/013 тоот гэрээгээр Икс Жи 955 Эйч /XG955H/ маркийн, шар өнгийн авто ачигчийг 57 000 ам.доллараар худалдан авах, төлбөрийн нөхцлийн хувьд худалдан авагч нь гэрээ байгуулснаас хойш хуанлийн 5 хоногийн дотор урьдчилгаа төлбөрт 7 680.5 ам.доллар төлж, үлдэх төлбөрт сарын 2 хувийн хүү тооцон, үндсэн төлбөрийн хамт сар бүрийн 15-ны өдөр, 6 сарын хугацаанд төлөхөөр тохиролцсон байна. Гэрээний дагуу худалдан авагч “Ш” ХХК нь урьдчилгаа төлж, худалдагч “М” ХХК авто ачигчийг шилжүүлэн өгчээ. /хх-6-10 дахь тал/
Дээрх гэрээний хэлбэр нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх тул талуудын хооронд хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Учир нь Иргэний хуульд худалдах-худалдан авах гэрээнд хэлбэрийн шаардлага тавьдаггүйн гадна худалдан авсан зүйлийн үнэ дээр нэмж хүү төлөх тохиролцоо байдаггүй. Анхан шатны шүүх маргалдагч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон.
Зохигчид гэрээ байгуулсан, хариуцагч гэрээний үүргээс 28 540.87 ам.доллар буюу 55 557 920 төгрөг төлсөн үйл баримтад маргаагүй, харин гэрээний 3.11-д заасан шаардах эрхийн үндэслэл, мөн гэрээнээс татгалзсаны үр дагавар болон учирсан хохирол, зардлаа шаардаж буй нотлох баримт хуулийн шаардлага хангасан эсэх нь маргааны зүйл болжээ.
Нэхэмжлэгч тал гэрээ цуцлагдсан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.1, 222.4, 222.7, гэрээний 3.11 дэх заалтын дагуу гэрээнээс учирсан хохирлоо 150 000 000 төгрөгт тооцон үүнээс хариуцагчийн төлсөн 55 557 920 төгрөгийг хасч, 90 000 000 төгрөг нэхэмжилсэн.
Хариуцагч “Ш” ХХК нь гэрээний 3.9-д заасан хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг учир түүнийг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан худалдан авсан эд хөрөнгийн үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчид хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 264.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах, учирсан хохирол, зардлаа хариуцагчаас шаардах, талуудын хувьд мөн гэрээнээс татгалзсаны үр дагаврыг харилцан буцаах үүрэг, эрх тус тус үүссэн байна.
Талууд гэрээний 3.11 дэх заалтаар гэрээ цуцлагдах тохиолдлыг тохиролцжээ. Хэргийн баримтаар нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-аас 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдөр авто ачигчийг хураан авсан болох нь зохигчдын тайлбар, авто машин механизм хүлээлцүүлэх акт, машин хурааж авсан тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдсон тул нэхэмжлэгчийг гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан авсан гэж үзнэ. /хх-11-13 дахь тал/
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэж, талуудын гэрээнээс татгалзснаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхдээ хоёр талын шаардах эрхийг харилцан тооцож, хариуцагчийн урьдчилгаа төлбөрт төлсөн 55 557 920 төгрөгийг нэхэмжлэгчийн эд хөрөнгөө ашиглан олох орлогод тооцон үлдээснийг буруутгах боломжгүй.
Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Ш” ХХК-аас учирсан хохирол, зардалд 5 000 000 төгрөг нэхэмжлэн, шүүхэд бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгчээ. Уг шаардлага нь Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасанд нийцэх хэдий ч нотолгооны үндэслэл болж буй бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Тодруулбал хэргийн 26-31 дүгээр хуудсанд авагдсан тооцооны баримтуудын огноо, үнийн дүн нь гаргацгүй, уншигдах боломжгүйн гадна “Шакман мотор” ХХК-ийн зарлагын баримтад хүлээн авагчийн гарын үсэг зурагдаагүй байна. Шүүх дээрх баримтуудыг үнэлэн нэхэмжлэгч “М” ХХК-д 3 000 000 төгрөгийн бодит хохирол учирсан, 2 000 000 төгрөгийн зардал гарсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Иймээс нэхэмжлэгчийг 5 000 000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзнэ.
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан үүргийн дагуу хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн, Иргэний хуулийг холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2018/02251 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 632 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ
ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ
Ч.ЦЭНД