Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 119/ШШ2022/0036

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн  107 дугаар  танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: иргэн Г.Н

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Ц

            Хариуцагч: ОА-ийн ЗД

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарын хоорондын

            “ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10.000 мкв хэмжээтэй газрын 0033057 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

                         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.       

 ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Г.Н нь ОА-ийн ЗД-д холбогдуулан  2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10.000 мкв хэмжээтэй газрын 00330.. дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” шийдвэр гаргуулахаар маргаж байна.

            2. Нэхэмжлэгч нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Оюут багт байрлах 16000 м2 газрыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр өвлөн авсан ба 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан учраас хугацаа сунгуулахаар АЗД-д ханджээ.

            3. ОА-ийн ЗД нь 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргасан хүсэлтэд хариу өгөөгүй байна.

            2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

            1) Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах  ...” гэж заасны дагуу миний бие 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулах хүсэлт бичгээр гаргасан ба сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндсөн тул эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэж тодорхойлжээ.

2) Нэхэмжлэгч Г.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Анх ОА-ийн ЗД-ын 2005.09.06-ны өдрийн 357 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг, Оюут багт байрлах 1.6 га хэмжээтэй, нэгж талбарын 1301083.. газрыг төмөр гражууд байрлуулах зориулалтаар иргэн Б-ийн П-д 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2007.05.21-ний өдөр 00330.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 10.000 м.кв газар дээр нь, 00330.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг 6.000 м.кв газар дээр нь тус тус олгосон.

Ийнхүү иргэн Б.П нь газраа зориулалтын дагуу ашиглаж, газар дээрээ төмөр гражуудыг байршуулан, газрын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн ба 2016.04.08-ны өдөр өвчний учир нас барсан.

Миний бие нь Б.П-ийн эхнэр тул хуулийн дагуу газар болон бусад хөрөнгийн хувьд хууль ёсны өв залгамжлагч нь болж 2018.02.07-ны өдрийн 10 тоот, “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г авч, дээрх газрыг өвлөх эрхээ баталгаажуулсан.

Үүний дагуу дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа 2022.05.21-ний өдөр дуусахаар байсан тул миний бие газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлт гаргасан боловч одоог хүртэл хариу өгөхгүй, хугацааг сунгаж өгөхгүй намайг хохироож, миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

Хууль зүйн хувьд Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”

37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ;

37.1.2. газрын төлбөрийг төлсөн тухай баримт;

        37.1.3. байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаарх тодорхойлолт .... гэж тус тус заасны дагуу миний бие 2022.04.11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлтээ бичгээр гаргасан боловч мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан 15 хоногийн хугацаанд ч тэр, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд ч тэр огт хариу өгөөгүй, газрын гэрчилгээний хугацааг сунгаагүй болно.

Түүнчлэн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж заасныг хариуцагч Засаг дарга нь ноцтой зөрчиж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байх ба миний хувьд эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг бүрэн хангаж ажилласан гэж үзэж байна.

Гэтэл хариуцагч ОА-ийн ЗД-ын зүгээс миний хүсэлтэд ч хариу өгөхгүй, миний газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг ч сунгаж өгөхгүй хууль бус эс үйлдэхүй гаргаж байна

Иймд нэхэмжпэгч миний өвлөх эрхийн гэрчилгээтэй, ОА-ийн ЗД-ын 2005.09.06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10.0 м.кв хэмжээтэй газрын, 0033057 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү.

Жич: Хэдийгээр миний бие дээрх 16.000 м.кв газрыг бүхэлд нь өвлөх эрхтэй боловч газар маань 10.000 болон 6.000 м.кв-аараа тусдаа гэрчилгээтэй, тусдаа байрлалтай газрууд байсан тул 00330.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй 6.000 м.кв газрын хувьд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа болон газар эзэмших эрхтэй холбоотойгоор маргаан байхгүй бөгөөд гагцхүү 0033.. дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 10.0 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хөндөж байгаа болно.

Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар өргөдөл гаргахдаа гэрчилгээнийхээ эх хувийг газар зохион байгуулалтын албанд хүсэлтийн хамт өгсөн боловч одоо болтол хариу ч өгөхгүй, гэрчилгээг маань ч буцааж өгөхгүй байгаа тул газрын гэрчилгээг нотлох баримтын шаардлага хангуулан өгч чадаагүй ба шүүхийн журмаар нотлох баримтын шаардлага хангасан гэрчилгээний хуулбарыг газар зохион байгуулалтын албанаас гаргуулах хүсэлтэй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Зэст багт 0.6 га, Оюут багт 1 га хоёр тусдаа байрлалтай 1.6 га газрыг иргэн Б.П-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлээд 2007 оны 05 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших гэрчилгээг тус тусад нь олгосон байдаг. Энэ 6000 мкв газрын асуудал яригдаад дуусаад шийдэгдсэн. Энд маргаан байхгүй байгаа. Одоо шүүхээр шийдвэрлүүлэх маргаан бол 10.000 м.кв буюу Оюут багийн нутаг дэвсгэрт байрлах газрын асуудал байгаа. Г.Н нь Б.П-ийн хууль ёсны эхнэр, хуулийн дагуу олгогдсон өвлөх эрхийн гэрчилгээний дагуу энэ газрыг үргэлжлүүлэн эзэмших, эзэмших эрхийг сунгах хүсэлтийг гаргасан боловч хуулийн дагуу шийдээгүй байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Б.П нь нас барах хүртэл 9 жилийн хугацаанд газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшиж ирсэн байгаа. Үүнийг шүүхээс үзлэг хийхэд бүрэн тогтоогдож байгаа. Хариуцагчийн тайлбарт Г.Н-ийн өөрийн бичиж өгсөн хүсэлтийн дагуу сунгахгүй байгаа гэдэг зүйлийг тайлбарладаг. Тэр нь Зэст багийн нутагт байрладаг 6000 м.кв газартай холбоотой асуудалтай андуурсан гэж үзэж байгаа. Учир нь 6000 м.кв газрыг сунгахгүй гэдэг асуудал үүссэн. Үүнтэй холбоотой газрынхаа зарим хэсгийг газрын төлбөрт буцааж өгье гэдэг хүсэлтийг гаргаж явж байгаад 6000 м.кв-аас заримыг нь буцааж өгөөд 2300 м.кв газрыг эзэмшээд явж байгаа. Хууль зүйн хувьд газрын төлбөрт газрыг өгөх гэдэг хууль зүйн ойлголт байхгүй. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.5 дахь хэсэгт газар эзэмшигчийн эрхийг заасан ба газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах эрхтэй гэж заасны дагуу хүсэлт гаргасан боловч Засаг даргын зүгээс үндэслэлгүйгээр сунгахгүй байх эс үйлдэхүй гаргаж байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтийг Засаг даргад гаргахаар заасны дагуу нэхэмжлэгч нь холбогдох баримтыг бүрэн бүрдүүлж, газар дээрээ хийхээр төлөвлөж байгаа 3 давхар машины гаражийн барилгын зураг төслийн дагуу гаргаж өгсөн байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт 15 хоногийн дотор газар эзэмших эрхийн нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянаж түүнийг хангасан тохиолдолд түүний газар эзэмших эрхийн хугацааг сунгах шийдвэрийг гаргана гэж байна. Тэгэхээр нэхэмжлэгч нь анх олгосон газрыг гаражийн дагуу ашиглаж байгаа. Нэхэмжлэгчид газрыг эзэмших нөхцөл шаардлагыг зөрчсөн зүйл байхгүй байгаа. 357 дугаартай захирамж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар харагдаж байгаа учраас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            5.Хариуцагч ОА-ийн ЗД-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлага нь Засаг дарга газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхгүй эс үйлдэл гаргаад байна. Газар эзэмших эрхийн хугацааг сунгаж өгөхийг Засаг даргад даалгаж өгнө үү гэж гаргаж байгаа. Улсын бүртгэлд бүртгүүлснээр эрх үүснэ гэж байгаа. Түүнчлэн Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээдэд эзэмшүүлэхийг хориглоно. Гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгосноор газар эзэмшүүлнэ гэж заасан байгаа. Нэхэмжлэгч 2018 онд өвлөх эрхийн гэрчилгээ аваад түүнээс хойш тухайн газар нь Б.П гэдэг хүний нэр дээр газар эзэмших эрхийн гэрээ болон гэрчилгээ нь явж байгаа. Г.Н нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ өөрийн нэр дээр гаргуулж аваагүй байж өнөөдөр хугацаа сунгуулах асуудал ярьж байгаа нь хууль бус байна. Тийм учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. Г.Н-ийн нэр дээр гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй байхад хугацаа сунгуулах хүсэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэгч Г.Н нь ОА-ийн ЗД-д холбогдуулан  “ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10.000 м.кв хэмжээтэй газрын, 0033057 дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц нэхэмжлэлийн шаардлагыг дэмжин оролцсон.

            2.Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ

            Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө зззмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”,

            37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ;

            37.1.2.газрын төлбөрийг төлсөн тухай баримт;

            37.1.3.байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт .... гэж тус тус заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлтээ бичгээр гаргасан боловч мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан 15 хоногийн хугацаанд, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан 30 хоногийн хугацаанд ч хариу өгөөгүй хууль бус эс үйлдэхүй,

            Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ” гэж зааснаар 00330.. дугаар гэрчилгээний хугацааг сунгахыг Засаг даргад даалгах” гэж тодорхойлсон.

                 3.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн

нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

            4. “ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10.000 м.кв хэмжээтэй газрын, 00330.. дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн тухайд:

            4.1. ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн Б.П-д 1.6 га газрыг төмөр гараж байршуулах зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлж, /10000 м.кв, 6000 м.кв газрууд тус тусдаа гэрчилгээтэй/ 10000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр газар эзэмших эрхийн 000330.. дугаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.  

            4.2. Нэхэмжлэгч Г.Н нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 10 дугаар “Өвлөх эрхийн гэрчилгээ”-гээр нөхөр Г овогт Б-ийн П-оос 16.000 м.кв газар эзэмших эрхийг өвлөж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.  

            4.3. Өвлөх эрхийн 10 дугаар гэрчилгээний хавсралтанд “Засаг даргын 2005 оны 09 дүгээр сарын 357 дугаар шийдвэрээр Оюут багт байрлах 10.000 м.кв газар, гэрчилгээний дугаар 00330.., нэгж талбарын дугаар 1301083.. гэж, Зэст багт байрлах 6000 м.кв газар, гаражийн зориулалттай, гэрчилгээний дугаар 00330.., нэгж талбарын дугаар 1301083.. гэж” өвлөгдөх хөрөнгө, эрхийн төрөл, байршил, гэрчилгээний дугаар, нэгж талбарын дугаарыг тус тус заажээ. 

            4.4. Нэхэмжлэгч Г.Н нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...” гэж заасны дагуу 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар Засаг даргын шийдвэрийг үндэслэн Б-ийн П-д олгосон 00330.. дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтийг АЗД-д 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гаргажээ.

            5. ОА-ийн ЗД хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь:

            5.1. Г.Н-т өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр А/308 дугаар захирамжаар иргэн Г.Н, А.Г нарт Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах Орхон аймгийн Үйлдвэрчний холбооны байрны замын баруун талд байрлах 1200 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай хамтран эзэмшүүлэхээр,

            Г.Н Газрын харилцаа барилга, хот, байгуулалтын газарт 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “ Миний бие Г овогтой Н нь Зэст багт байрлах 6000, Оюут багт байрлах 10.000 м.кв газрыг өв залгамжлалаар авсан бөгөөд газрын өр төлбөрт 10.000 газрыг аймгийн мэдэлд шилжүүлж 6000 га газрыг авснаас 1200 га газрын 600 га газрыг Г.Н миний бие, 600 га газрыг иргэн Г-ийн нэр дээр тус тус бичүүлж авсан.  ...”  тухай, ОА-ийн ЗД С.Б-д 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “миний нөхөр Б.П нь Орхон аймгийн Баян-өндөр сумын Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах 6.000 м.кв, Оюут багт байрлах 10.000 м.кв газрыг эзэмшдэг байсан ба өвчний учир нас барсан тул Г.Н миний бие өвлөх эрхийн гэрчилгээгээр тус газрыг эзэмших эрхийг шилжүүлэн авсан. ... Оюут багт байрлах 10.000 м.кв газрыг орон нутагт хүлээлгэн өгөх ...” тухай  хүсэлтүүдийг тус тус гаргасны дагуу АЗД  2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/602 дугаар “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “...өвлөх эрхийн гэрчилгээгээр эзэмших эрх үүссэн 16000 м.кв газраас Г.Н-ийн гаргасан хүсэлтийн дагуу Зэст багийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Үйлдвэрчний холбооны байрны замын зүүн талд 2300 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.  

            5.2. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авсанаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж зааснаар Г.Н өвлөх эрхийн 10 дугаар гэрчилгээгээр Б.П-ийн газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу АЗД 2018 оны А/308, 2022 оны А/602 дугаар захирамжуудыг тус тус гаргасан байна гэж шүүх үзлээ.

            5.3. ОА-ийн ЗД-ын А/308, А/602 дугаар газар эзэмшүүлэх тухай захирамжуудын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа талаар иргэн Г.Н Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан ба шүүх 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр “ ...А/602 дугаар захирамжийн дагуу иргэн Г.Н-тэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохыг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалган ...” шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

            5.4. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2-д “газар эзэмшигч иргэн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон бөгөөд түүний хууль ёсны өв залгамжлагч байхгүй нь тогтоогдсон ... бол газар эзэмших эрх дуусгавар болохоор” заасан ба иргэн Б.П нас барснаар газар эзэмших эрхийн 0033057 дугаар гэрчилгээний эрх зүйн үйлчлэл нь дуусгавар болсон, хууль ёсны өв залгамжлагчаар Г.Н тогтоогдсоноор Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар Орхон аймгийн Зэст багт 2300 м.кв газар эзэмших эрх Г.Н-т шилжсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдлоо.

            5.5. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах” гэж заасан, газар эзэмших эрхийн 00330... дугаар гэрчилгээний эзэмшигч нь Б.П, Б.П нь 2016 онд нас барсан байхад Г.Н-ийн хүсэлтээр 00330.. дугаар гэрчилгээний хугацааг сунгах асуудлыг шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй болно.              

            5.5. Дээрхи байдлуудаас дүгнэхэд ОА-ийн ЗД Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба бүртгэнэ.” гэснийг захиргааны байгууллага зөрчиж, нэхэмжлэгч Г.Н-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар гаргасан  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эс үйлдэхүй нь тогтоогдсонгүй.

            6. “Газар эзэмших эрхийн 00330.. дугаар гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

            6.1. Нэгэнт захиргааны байгууллагын “газар эзэмших эрхийн 0033057 дугаар гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болох нь тогтоогдож, нотлогдоогүй учраас даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

            Иймээс нэхэмжлэгч Г.Н-ийн ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10.000 м.кв хэмжээтэй газрын, 00330.. дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

            Шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба тэдгээрийг оролцуулахгүйгээр хуралдааныг үргэлжлүүлэхийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Ц зөвшөөрсөн болохыг, хэрэгт нотлох баримтаар авагдсан Г.Н-ийн хүсэлтүүдийг Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт үзлэг хийхэд өнгөн хувь нь хувийн хэрэгт байхгүй болох нь тогтоогдсон боловч, тус хүсэлтүүдээр шийдвэрлэсэн АЗД-ын шийдвэрүүд хүчин төгөлдөр, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа болохыг тус тус дурдлаа.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ийн ОА-ийн ЗД-д холбогдуулан гаргасан “ОА-ийн ЗД-ын 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 357 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 10.000 м.кв хэмжээтэй газрын, 00330.. дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.   

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.БОЛОРМАА