| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын.Наранжаргал |
| Хэргийн индекс | 188/2024/1310/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1349 |
| Огноо | 2024-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Бат-Эрдэнэ |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1349
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Б.Бат-Эрдэнэ (томилолтоор),
шүүгдэгч ************* нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** холбогдох эрүүгийн 2408 00000 1439 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, “**********” ХХК-д тоног төхөөрөмжийн механикч ажилтай, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******** дүгээр гудамж ****** тоотод оршин суух, урьд нь Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т зааснаар 1 жил хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, ********.************.**********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 2408 00000 1439 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ****** мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 12 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал), Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11941 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-34 дэх тал), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн (хавтаст хэргийн 35 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 46 дахь тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дахь тал), “...манай 80 настай аавыг хүн зодоод толгойг нь хагалсан байна...” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 04-07 дахь тал), дүрс оношлогооны ОХБ-ийн багцын нэхэмжлэлийг хянах маягт (хавтаст хэргийн 41-44 дэх тал), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 85-87 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
|
|
Шүүгдэгч нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******** нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” хүнсний дэлгүүрийн урд талд хохирогч ****** маргалдаж, машинаас чирч буулган, түүний нүүрэн тус газар нь
гараараа цохиж, газарт түлхэн унагаан зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, нуруунд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь хохирогч ********* “...би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан учир тухайн хүнийг сайн анзаарч хараагүй болсон явдлыг бүрэн гүйцэт санаж байна. Тухайн үед би дэлгүүр орчихоод гарч ирээд үүдэнд нь байсан авто машинд сууж байтал жолооч нь ямар ч шалтгаангүй миний машинаас буу гээд миний нүүр орчим гараараа 2-3 удаа цохиж цамцнаас зуурч хоолойноос боож газар унагааж цээж рүү өшиглөсөн. Тухайн машины жолоочоос өөр миний биед халдаж зодож цохисон хүн байхгүй... тухайн машины жолооч болох үл таних хүнд зодуулснаас болж дух орчим гэмтэж 3 оёдол тавиулж цээж болон бөөр өвдөж хавагнаж маш их өвдөж байна. Тухайн зодуулсан өдөр би Түргэн тусламж болон Гэмтэл согог судлалын эмчид үзүүлж духан дээрээ 3 оёдол тавиулж эход харуулсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө шүүх эмнэлэгт үзүүлсэн. Энэ өдрөөс хойш миний бие өвдөж улсын болон хувийн эмнэлгээр явсан тул гарсан зардлаа нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 12 дахь тал)
гэрч ********* “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 22 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зүс таних ******** тааралдаад гэрт хүргээд өгөх үү гэж асуугаад замаараа дэлгүүр орж талх авах гээд “************” гэх нэртэй дэлгүүрийн гадна очиж зогссон. Би тээврийн хэрэгсэл дотор нь сууж байтал зүс таних ***********.********* хоёртой хамт үл таних өвгөн хамт машинд суугаад ********* архи нэхээд агсраад байсан. Тэгсэн зүс таних хүн ************ толгой руу нь цохиод малгайг нь авч шидээд байсан. Тэгсэн ********* уурлаад **********.***********, тухайн өвгөнийг тээврийн хэрэгслээс буулгаад хоорондоо заамдалцаад байсан. Тэгээд ****.*********** бид 3 салгах гээд дундуур нь орсон чинь ******* түлхэж унагаагаад бид хэдийг яв гээд хөөгөөд байсан. Тэгсэн тухай өвгөн газар унаад босохгүй хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
гэрч ****** “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр 22 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “******” гэх хүнсний дэлгүүрээс 0.75 архи аваад ******* хамт гараад явж байтал гадаа ****** гэх настай хүн, ******** ахтай тааралдаад би ********* ахаас гэр лүү дөхүүлээд өгчих гэж хэлсэн. Тэгсэн намайг болон ******* хамт дөхүүлж өгөхөөр болоод машинд нь суухад дотор нь ******* байсан. Удалгүй **** гэх настай хүн миний авсан архинаас нэхээд ******* ахын машинд орж ирээд архи нэхээд архиа задал гээд агсраад байсан. Тэгсэн урд жолооны ард сууж байсан ********* ахын малгай 1-2 удаа авч шидээд толгой руу нь чи хэн юм гээд агсраад дайраад байсан. Тэгсэн ********ах уурлаад бид хэдийг машинаасаа буулгаад тухайн ***** гэх ахтай муудалцаад заамдалцаад маргалдаж эхэлсэн. Тэгээд ******.******** бид хэд салгах гээд дийлээгүй. Тэгсэн ******** ах тухайн **** гэх ахыг түлхээд унагаачихсан. ******.****** аль хэсэгт цохисныг хараагүй. Түлхэж унагааж байхыг харсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11941 дугаартай “...******* биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, нуруунд цус хуралт, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн
чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 31-34 дэх тал), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 35-38 дахь тал), эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл (хавтаст хэргийн 43 дахь тал), “...манай 80 настай аавыг хүн зодоод толгойг нь хагалсан байна...” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 02 дахь тал),
шүүгдэгч ****** яллагдагчаар өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би ажлаа тараад 22 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*****” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн гадна өөрийн ******* улсын дугаартай авто машинтай зогсоод дэлгүүр орох гэтэл үүдэн дээр нь *****.********* 2 зогсож байсан бөгөөд гэр лүү дөхүүлээд өгөөч гэхээр нь би за тэгье гээд тэр хоёрыг машиндаа суулгаад хөдлөх гэтэл дэлгүүрээс миний зүс таних ******* архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай гарч ирээд шууд миний машинд суучихсан. Тэгэхээр нь би ******.******* хоёртой хамт явж байгаа юм байх гэж бодоод хөдлөх гэтэл ******* нь зогсож бай 1 хүн сууна гээд хүлээлгээд агсраад ямар ч шалтгаангүй миний малгайг авч шидээд байхаар нь би ******** маргалдаад та 3 машинаас буу гээд буулгатал ******** нь миний машинаас буухгүй надтай зууралдаад миний нүд орчим гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би татаж буулгаад хоолойноос нь боогоод баруун шанаа орчим нь гараараа 2 удаа цохитол миний нүүр амнаас маажих гээд байхаар нь түлхээд газар унагаачихсан. Энэ үед ****.******* болиулсан бөгөөд ******** нь газар уначихаад босохгүй орилж чарлаад хэвтээд байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 85 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, газарт түлхэн унагаан зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч, хохирогч нар нь өмнө танилын харилцаатай, хохирогч нь өндөр настай талаар баримтууд хэрэгт авагдсан тул өндөр настай хүн биеэ хамгаалах, зугтаах, холдох боломж хязгаарлагдмал гэдгийг мэдсээр байж эрүүл мэндэд нь халдсан үйлдлийг хүндрүүлэх шинж болгон зүйлчилсэн нь үндэслэлтэй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас ********* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан 290,100 төгрөгийн эрүүл мэндийн зардлын баримт гаргаж шүүхэд ирүүлсэн байх ба шүүгдэгч нь “...бүрэн төлж барагдуулсан...” гэж мэдүүлэх боловч энэ талаар баримтгүй, хохирогч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй тул шүүгдэгч ****** 290,100 төгрөг гаргуулж хохирогч ******** олгохоор шийдвэрлэв.
Хохирогчийн баримтгүйгээр нэхэмжилсэн эм, толгой бариулсан зардал, цаашид гарах эмчилгээний зардал гэх зардлуудыг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Улсын яллагчаас хохирогч ******* гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас авсан тусламж, үйлчилгээний зардал 132,200 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба хэрэгт нэхэмжлэх эрх бүхий этгээдийг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, эрх шилжүүлсэн талаар итгэмжлэлгүй, хууль ёсны төлөөлөгч томилогдоогүй, иргэний нэхэмжлэгч нь уг хохирлыг нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх эсэх талаар мэдүүлэг, тайлбар авагдаагүй байхад иргэний нэхэмжлэлийг дан ганц төрийн үйлчилгээний цахим системийн лавлагаанд үндэслэн бүхэлд нь шүүгдэгчээс гаргуулах боломжгүй тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ******** 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч *********** хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа ухамсарлаж, гэмшиж байгаа болон хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******.*********.*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ************ 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* 290,100 (хоёр зуун ерэн мянга нэг зуу) төгрөг гаргуулж, хохирогч ******* олгосугай.
6. Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ