Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 135/ШШ2017/01245

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс 135/2017/01073/и

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, *********тоотод оршин суух, Х овогт ******* /регистрийн дугаар *********....-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг дахь *********** холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...миний бие *********. сургуульд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бохирын үйлчлэгчээр үндсэн ажилтнаар ажилд орсон юм. Ингээд ажлаа хийгээд явж байтал 2017 оны 02 дугаар сарын 14-нд хуучин захирал солигдож, шинэ захирал З.Н ирсэн юм. Ингээд захирал З.Н надтай 2017 оны 05 дугаар сарын 11-нд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Би өөрийн хариуцсан ажлаа үнэнч шударгаар биелүүлж ажлын цаг ашиглалт болон сахилга хариуцлагын хувьд ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй ажиллаж байсан.

Гэтэл сургуулийн захирал З.Н орон тоо цөөрүүлж байгаа гэсэн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ..... тоот тушаал гаргаж намайг ажлаас халсан юм. Ажлаа халсан тушаалаа ч албан ёсоор өгөхгүй би олон дахин нэхэж байгаад хуулбар үнэн даруулж авсан юм.

Манай сургуульд нийт 6 үйлчлэгч ажилладаг бөгөөд миний хариуцсан бохирын үйлчлэгч бол орон тоо цомхотгож болохгүй ажлын байр юм. Энэ ажлыг үйлчлэгч нар хувааж хийж болдоггүй бөгөөд дагнасан нэг үйлчлэгч тухайн хариуцсан бие засах газруудаа цэвэрлэдэг журамтай юм. Гэтэл намайг хамгийн сүүлд ажилд орсон хүн гэж халаад бусад үйлчлэгч нарт бие засах газрыг хувааж өгч цэвэрлүүлнэ гэж ярьж байна. Энэ бол сургуулийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтонд харишилж байгаа шийдвэр гэж үзэж байна.

Иймд дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгож намайг хуучин эрхэлж байсан ажилд минь эргүүлэн тогтоож өгнө үү.. гэжээ.

 

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи бизнесийн сургууль нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...*******г 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-р зүйлд зааснаар ажилтны тоог цөөрүүлсэн тул хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн.

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 147 тоот Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гарсан. Үүнд шинээр орон тоо нэмэгдүүлэхгүй байх, ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх замаар цалингийн зардлыг хэмнэх үүргийг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчид өгсөн байдаг.

Гэтэл ********* захирал 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн*********. тоот тушаалаар захирал Н.Б ажлаас чөлөөлсөн.

Үүнийг Н.Б мэдэж байсан.

Байгууллагын санхүүгийн хүндрэлтэй байдал оюутны тоо жилээс жилд буурсан үзүүлэлттэй байгааг мэдсээр байж үйлчлэгчээр *******г 2017 оны 02 дугаар сарын 10-нд ажилд авсан байсан. З.Н 2 сарын 13-нд захирлын ажлаа авсан.

Манай сургууль нь 2017 оны 11 сарын байдлаар нийт 599 суралцагсадтайгаар 6 үйлчлэгчийн орон тоотойгоор үйл ажиллагааг явуулж байна.

Сүүлийн 4 жилийн хугацаанд оюутны элсэлтийн тоо эрс буурч оюутны төлбөрөөр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг манай сургуульд санхүүгийн хүндрэл үүсч цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байна.

2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хаан банктай зээлийн гэрээ байгуулж багш ажилтай, ажилчдын ээлжийн амралтын мөнгө илүү цагийн хөлсийг олгосон болно.

Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллаж байсан *******тай 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрээ байгуулсан. Гэтэл 2017-2018 оны хичээлийн жилийн оюутны элсэлт өмнөх онуудтынхтай адил маш муу байсан.

Тэнхим, нэгж албадууд худалдан үргүй зардлыг багасгах, ажлын байрыг нягтруулан цалин хөлсний зардлыг бууруулах, ажиллагсдын тоог цөөрүүлэх зэрэг асуудлаар удаа дараа хуралдаж 3 багшид цалингүй чөлөө олгож, 4 багш, 1 жижүүр, 1 үйлчлэгч, 1 гадаад харилцаа, хамтын ажиллагаа инноваци хариуцсан ажилтан, 1 номын санчийг ажлаас чөлөөлсөн. Эдгээр хүмүүсийн 80 хувь нь сургуулийн эдийн засгийн хүндрэлтэй байдлыг ойлгон сургуулийг бодон шийдвэрийг зөвөөр хүлээн авсан.

******* нь тус байгууллагад 2017 оны 02 дугаар сарын 10-нд ажилд орж 06 сарын 12-ны өдөр ээлжийн амралтаа авч, 08 сарын 22-нд сургуулийн ажил эхлэхэд ажилд орсон. Үндсэндээ тус байгууллагад ажлын 90 хоног буюу 4,5 сар ажиллаж байсан. Түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.5-р зүйлд заасны дагуу 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдсэн.

Түүнчлэн хэдхэн хоногийн өмнө Монгол улсын Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01 тоот албан даалгавар гарлаа.

Энэхүү сахилга хариуцлага дэг журмыг чангатгах тухай албан даалгаварт төсвийн үргүй зардлыг багасган хөрөнгийг зоиулалтын дагуу үр ашигтай зарцуулж хэмнэлтийн горимыг чанд сахин ажиллах тухай заасан.

Манай сургууль цаашид оршин тогтнохын тулд санхүүгийн бэрхшээлтэй байдлын улмаас цалингийн зардлыг бууруулах зайлшгүй шаардлагатай байгаа учраас зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа болно гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *********. сургуульд холбогдуулан тус сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар

******************. захирлын 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн *********..дугаартай тушаалаар ...мөн өдрөөс эхлэн С.Ч үйлчлэгчээр томилон ажиллуулж, түүнтэй хөдөлмөрийн гэрээг 2017 оны 05 дугаар сарын 11-нээс 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаагаар байгуулсан байна.

*********.сургуулийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ........дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42.1 дүгээр зүйл, Удирах зөвлөлийн 2017 оны 02 тоот тогтоол, ХААИСургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 2.13 дугаар зүйл, Захирлын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Б/55 тоот тушаал, Захиргааны зөвлөлийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны шийдвэр, *********.... сургуулийн захиргаа, тус байгууллагын ҮЭ-ийн хорооны хооронд байгуулсан хамтын гэрээний 2.5.6-р зүйл, тэнхим нэгжүүдийн саналыг тус тус үндэслэн үйлчлэгч *******г ажилтны тоог цөөрүүлсэн тул 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж... шийдвэрлэжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т ажил олгогч санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлах, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогчийн санаачилснаар хөдөлмөрийн гэрээг цуцлана, 42 дугаар зүйлийн 42.1-т Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно гэж тус тус заасан байна.

 

Шүүх хуралдаан дээр хариуцагч тал нь *******г ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлээ ...Сүүлийн 4 жилийн хугацаанд оюутны элсэлтийн тоо эрс буурч оюутны төлбөрөөр санхүүжин үйл ажиллагаа явуулдаг манай сургуульд санхүүгийн хүндрэл үүсч цалингаа тавьж чадахгүй хэмжээнд хүрээд байна. Тэнхим, нэгж албадууд худалдан үргүй зардлыг багасгах, ажлын байрыг нягтруулан цалин хөлсний зардлыг бууруулах, ажиллагсдын тоог цөөрүүлэх зэрэг асуудлаар удаа дараа хуралдсан. Манай сургууль 7 үйлчлэгчийн орон тоотой ажиллаж байсныг тус сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн ......... дугаартай Байгууллагын орон тоог батлах тухай тушаалаар 6 орон тоо болгож цөөрүүлж баталсан. ...******* нь бусад үйлчлэгчдээс хамгийн сүүлд ажилд орсон, ажилласан хугацаа бага байгаа тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1-т заасан ...ажилтны тоог цөөрүүлсэн гэсэн үндэслэлээр үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн... гэж тайлбарласан болно.

 

Монгол Улсын ....... захирлын 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ........ дугаартай Ажлаас чөлөөлөх, ажиллуулах тухай тушаалаар *********... 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Дархан-Уул аймаг дахь *********.. болгон салгаж зохион байгуулсугай.

3. ...З.Нг Дархан-Уул аймаг дахь ********* захирлаар 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажиллуулсугай... гэжээ /хх/

 

*********. сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай 2017-2025 онд хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, бүтцийн өөрчлөлтийг батлах тухай тогтоолоор *********.... сургуулийн 2017 оны төсөв, хүний нөөцийн орон тоог 4 дүгээр хавсралтаар баталж,

Агроэкологи бизнесийн сургуулийн бүтэц, орон тоог батлагдсан төсвийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг .... сургуулийн захирал /З.Н/-д даалгаж шийдвэрлэсэн бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи бизнесийн сургуулийн Удирдах зөвлөлийн 02 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтад Захиргаа-7, Сургалтын бодлого зохицуулалтын алба-4, Тэнхим нэгж-69, Номын сан-4, Аж ахуйн үйлчилгээний алба-27 нийт 111 орон тоотой байхаар баталсан байна. /хх-18-19/

*********. сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Байгууллагын орон тоо батлах тухай .... дугаартай тушаалаар *********.... сургуулийн бүтцийн нэгжүүдэд ажиллах орон тоог хавсралтаар баталсан бөгөөд хавсралтад Захиргаа-5, Сургалтын бодлого зохицуулалтын алба-4, Номын сан, хэвлэх цех-4, Тэнхим нэгж-64, Аж ахуй, үйлчилгээний алба-21, нийт 98 орон тоотой байхаар заасан ба *********сургуулийн Удирдах зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан орон тооноос багасгаж баталжээ.

 

Дээд боловсролын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т Ашгийн төлөө бус төрийн болон төрийн бус өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын өөрийн удирдлагыг тухайн сургуулийн удирдах зөвлөл хэрэгжүүлнэ, 11.2-т Их сургууль, дээд сургууль, коллежийн удирдах зөвлөл нь Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдан үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ, 11.3Захирал нь энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдаж, томилсон этгээдийн өмнө ажлаа тайлагнана, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2-т сургуулийн удирдах зөвлөл нь сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалингийн нийт хэмжээг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж тус тус заасан байна.

Сургуулийн бүтэц орон тоог тогтоох эрх нь Боловсролын тухай хуулийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.2-т зааснаар тус сургуулийн Удирдах зөвлөлийн чиг үүрэг бөгөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи бизнесийн сургуулийн Удирдах зөвлөлийн 02 дугаартай тогтоолоор батлагдсан Аж ахуй үйлчилгээний алба -27 хүний орон тоотой байсныг тус сургуулийн захирлын ....... дугаартай тушаалаар багасгаж, аж ахуй үйлчилгээний албыг 21 орон тоотой ажиллахаар *********. сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн Байгууллагын орон тоо батлах тухай Б/55 дугаартай тушаалаар тус сургуулийн Удирдах зөвлөлийн баталсан Аж ахуйн үйлчилгээний орон тоог багасгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т заасан ажилтны тоог цөөрүүлсэн гэх үндэслэлээр *******г үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл тус сургуулийн захирал нь Удирдах зөвлөлийн баталсан орон тоог өөрчилж батлах эрх хэмжээ байхгүй байхад батлагдсан орон тоог цөөрүүлж, *******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль бус байна.

Иймд нэхэмжлэгч *******г урьд эрхэлж байсан *********. сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******г Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологи бизнесийн сургуулийн үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *********. сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА