Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1370

 

 

                                   

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Д.Агар,

хохирогч *********,

шүүгдэгч ************ нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2403 00348 0490 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** оны **** дугаар сарын ********-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “*****” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, ээж, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо, ******** түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, **********.**********.************

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

хохирогч ********** шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэцэд учирсан хор уршгийн зардлаа нэхэмжилж байна...” гэв.

 

Эрүүгийн 2403 00348 0490 дугаартай хэргээс:

Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31, 83 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7337 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал), иргэний нэхэмжлэгч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 109 дэх тал), Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-10 дахь тал), хохирогч болон жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал), 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1225 дугаартай мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 55-57 дахь тал), “...******** мотоциклтой хүний хуруу тасарсан гэх...” дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 04 дэх тал), шүүгдэгч ********* яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 74-80 дахь тал), сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 

Шүүгдэгч, хохирогч нар нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ********* гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь сэтгэцэд учирсан хор уршгийн зардал гаргуулах, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 07 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “Сод монгол” шатахуун түгээх станцын зүүн талын авто замд Тоуоtа Рrius-30 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн хавсралтын 1.4-т “1.1-1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Үаmаhа WR450F” маркийн ****** улсын дугаартай мотоциклтой мөргөлдөн, мотоциклийн жолооч ********* эрүүл мэндэд баруун гарын ядам хурууны 1 дүгээр үений бүрэн тасрал бүхий хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ үйл баримт нь хохирогч ******* “...2024 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн үед гэрээсээ “Үаmаhа *******” маркийн ********** улсын дугаартай мотоциклыг унаад ажил руугаа явж байгаад Толгойтын Сод монгол шатахуун түгээх станцын зүүн талын авто замаар хойноос урагш чиглэн авто замын зорчих хэсгийн хоёрдугаар эгнээний зүүн гар талын цагаан зураасаар явж байтал миний урд талд зорчих хэсгийн хоёр дугаар эгнээгээр явж байсан “Тоуоtа Рrius-30” маркийн ******* маркийн цагаан өнгийн автомашин дохио өгөхгүйгээр үргэлжилсэн цагаан зураас даваад зүүн гар тийш гэнэт эргэхэд би мотоциклоо зогсоож чадахгүй тэр автомашины зүүн тал руу очоод мөргөсөн. Ингээд ослын улмаас миний баруун гарын ядам хурууны нэгдүгээр үе тасраад газарт унасан. Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашинтай эмч ирээд хуруугаа олохгүй бол болохгүй гээд хайхад зам дээр хэвтэж байсан. Би эмнэлгийн автомашинтай гэмтлийн эмнэлэгт ирэхэд миний хурууг наах боломжгүй болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31, 83 дахь тал),

иргэний нэхэмжлэгч ********* “...Тоуоtа Рrius-30 маркийн ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 03 дугаар сард 14 сая төгрөгөөр бодож хамт ажилладаг ******** гэдэг залууд өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7337 дугаартай “...******* биед баруун гарын ядам хурууны 1-р үений бүрэн тасрал, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун шуу, баруун гарын чигчий, дунд хуруу, хоёр гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Баруун ядам хурууны 1-р үений бүрэн тасрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр, баруун тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн гуянд зулгаралт, цус хуралт, баруун шуу, баруун гарын чигчий, дунд хуруу, хоёр гуянд зулгаралт нь тус журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч ********** 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1225 дугаартай “Тоуоtа Рrius-30 маркийн ******** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******** ****** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд 3 оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 1.4 “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол үйлдэгдэх үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй байна. Үаmаhа WR450F маркийн *********** улсын дугаартай мотоциклтой жолооч ********** нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.2 “Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч тээврийн хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна...” гэсэн мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 55-57 дахь тал),

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-10 дахь тал), хохирогч болон жолооч нарын согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11-12 дахь тал), хохирлын баримтууд (хавтаст хэргийн 74-80 дахь тал), “...******* мотоциклтой хүний хуруу тасарсан гэх...” дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 04 дэх тал)

шүүгдэгч *********** яллагдагчаар өгсөн “...2024 оны 05 дугаар сарын 29-ний өглөө 07 цаг өнгөрч байхад би Toyota приус-30 маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянхошуунаас хоёр найзыгаа аваад ажил руугаа Толгойтын Сод монгол шатахуун түгээх станцын зүүн талын авто замд хойноос урагш чиглэлд явж байгаад гэртээ юм үлдээх байснаа санаад зорчих хэсгийн гуравдугаар эгнээгээр замын голын үргэлжилсэн давхар цагаан шугамыг даваад зүүн тийш буцаж эргэх үед миний машины зүүн талд явж байсан мотоциклтой жолоочтой мөргөлдөхөд жолооч мотоциклтойгоо миний автомашины урд талд унасан бөгөөд ослын улмаас тэр жолоочийн баруун гарын ядам хуруу тасарсан. Би зүүн гар тийш эргэх үедээ зүүн талын толиндоо харалгүй эргэсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судлуулсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Зам тээврийн осол нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн ердийн бүрэлдэхүүнийг хангахаар хуульчилсан.

 

Шүүгдэгч ******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.”, мөн дүрмийн хавсралтын 1.4. “1.1-1.3, 1.15а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно”  гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 1225 дугаартай мөрдөгчийн магадлагаагаар (хавтаст хэргийн 55-57 дахь тал) тогтоогджээ.

 

Дээрх зөрчлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7337 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгч ******** үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэж гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

 

Хохирогч нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан эмчилгээ, үйлчилгээний зардлын баримтууд ирүүлсэн (хавтаст хэргийн 74-80 дахь тал) ба шүүгдэгч нь хохирогчийн эрүүл мэндийн зардалд 900,000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хор уршгийн зардал 1,382,600 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулсан байна.

 

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг ойлгохоор хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн хувьд хэвийн байсан хохирогч шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хохирол учирч, хэвийн амьдрал нь алдагдаж, өвдөлт, зовиур мэдэрч, тухайн гэмтлийг эмчлүүлэхэд шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэргийг харгалзан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоодог.

 

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, түүнд нийцүүлэн гаргасан Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу “гуравдугаар” зэрэглэл тогтоосныг хохирогч ********** зөвшөөрсөн баримтыг (хавтаст хэргийн 184 дэх тал) хэрэгт хавсаргасан байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,580,000 төгрөгийг шүүгдэгч ********** гаргуулж хохирогч ****** олгохоор шийдвэрлэв.

 

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч ******** “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасаж, торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.

 

Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.

 

Шүүгдэгч ********* тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирогчид учирсан эрүүл мэндийн зардлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                        

                                             ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********.********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* оногдуулсан 2,700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 (хоёр сая долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********* тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******** хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зардалд 8,580,000 (найман сая таван зуун наян мянга) төгрөг гаргуулж, хохирогч ********* олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.НАРАНЖАРГАЛ