| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2024/0174/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/170 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Баттуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/170
2024 12 20 2024/ШЦТ/170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох эрүүгийн 2404000000206 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.*******жаргал
Улсын яллагч Б.Баттуяа
Шүүгдэгч Б.******* нар оролцов.
Монгол Улсын иргэн, 1999 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Багануур дүүрэгт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-нд оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, *******гийн 6 дугаар гудамжны 08 тоотод оршин суух,
урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр 09-ний 2022/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлснийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 426 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 53 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн, ******* овогт ******* ******* (РД:*******)
Шүүгдэгч Б.******* нь согтуугаар хохирогч Э.ын эрүүл мэндэд хамрын ясны шинэ хугарал, дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б.*******гийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр танил эгч гийнд , Азжаргал нарын хамт пиво уугаад сууж байхдаа Азжаргалтай маргалдсан. Э.Азжаргал намайг “гараад ир” гээд гэрээс гарч бид 2 зодолдсон. Гэм буруугаа хүлэээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, (хх-ийн 26, шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Хохирогч Э.ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Тухайн өдөр хотод амьдардаг найзын хамт Нарийн хэсгийн 22 дугаар гудамжид машин дотроо архи ууж сууж байхад манай найз нь *******г дагуулж ирсэн. ******* бид 2 зодолдсон, миний хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16),
Гэрч С.Мөнх-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...Пиво уугаад сууж байснаа Азжаргал, *******той маргалдаад машинаас буусан. Гэнэт Азжаргал орилоод байхаар нь машинаас гараад хартал нүүр хэсгээс нь цус гарчихсан “******* намайг цохьчихлоо” гэхээр нь би араас нь хөөсөн чинь зугтаад явчихсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18),
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын шинжээч Ө.Шаарийбуугийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Э.Азжаргалын биед хамрын ясны шинэ хугарал, баруун нүдний дээд доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх хамрын ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 335 дугаартай дүгнэлт (хх-ийн 21-22)
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлээр “иргэн Э.Азжаргалаас Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 22 дугаар гудамжны 04 тоотод Б.******* гэгчид зодуулчихлаа” гэх мэдээллийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой 19 цаг 30 минутад хүлээн авав” гэжээ. (хх-ийн 01)
Согтуурал шалгасан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтээр “хохирогч Э.Азжаргал 1.55 хувь” гэжээ. (хх-ийн 6-7),
Багануур дүүргийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэсийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 28/142 дугаартай албан бичигт “Иргэн Э.Азжаргал нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш Багануур дүүргийн ЭМТ-ийн яаралтай тусламж 102.165 төгрөгийн тусламж үйлчилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан байна. Иймд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан зардлыг 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү” гэжээ. (хх-ийн 46)
Мөнгөн шилжүүлгийн баримтаар “Б.*******гоос Төрийн банк дахь төрийн сангийн 100900020080 тоот дансанд 102.165 төгрөг төлсөн” гэжээ. (хх-ийн 79)
Мөнгөн шилжүүлгийн баримтаар “ын Азжаргалын “5750475804” тоот дансанд хохирол төлбөр 850.000 төгрөгийг Б.*******гоос төлж барагдуулав” гэжээ. (хх-ийн 73)
Багануур дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолд “Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 109 дугаар шийтгэх тогтоол, 1/233200008 хувийн хэргийн дугаартай Б.*******д 426 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 53 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн тул эрүүгийн гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцсугай” гэжээ. (хх-ийн 51)
Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаарх “Б.******* нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй” гэх лавлагаа болон шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 40, 53-59),
Иргэний үнэмлэхний “******* овгийн ******* *******, РД:*******” гэх лавлагаа болон хувийн байдалтай холбоотой баримтууд (хх-ийн 42-45) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан дүгнэлт, тайлбар, тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.*******г гэм буруутай эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2024 оны 11 дүгээр сарын 14-ний орой 19 цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийн хэсгийн 22 дугаар гудамжны 04 тоот хашааны гадна хохирогч Э.Азжаргалтай таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна хохирогч Э.ын “******* бид хоёр зодолдож миний хамраас цус гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч С.Мөнх-ын “*******, Азжаргал хоёр маргалдаад машинаас буусан, Азжаргал гэнэт орилохоор нь хартал нүүр нь цус болсон байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн №335 дугаартай дүгнэлт, хохирогчийн нүүр хэсгийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Дээрх баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоосон, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн, хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.*******гийн дээрх идэвхтэй үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх ба шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх нь хүнийг зан төлөвийн хувьд хөөрлийн байдалд оруулж, улмаар дээрх нөхцөл байдалд гэмт хэрэг үйлдэх нь гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэх нөхцөл болдог.
Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл шүүгдэгч, хохирогч нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, өөрийн үг үйлдлээ хянах чадвар нь алдагдаж, уур бухимдлаа зохицуулж чадаагүй байдал нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.Азжаргалын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Иймд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэм хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.Азжаргалын биед хамар ясны шинэ хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүгээс “сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд 850.000 төгрөгийг сайн дураараа төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 73 дугаар талд авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар,
Мөн шүүгдэгч Б.******* нь хохирогчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардал болох 102.165 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн Төрийн банк дахь 100900020080 дугаартай дансанд төлсөн болох нь хавтаст хэргийн 79 дугаар талд авагдсан баримтаар тус тус тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж хуульчилсан.
Улсын яллагчаас “Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 төгрөгийн ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасныг шүүгдэгчийн зүгээс маргаагүй.
Иймд шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирол болон иргэний нэхэмжлэлийг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал (ажил хөдөлмөр эрхэлдэг) болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд баримталдаг нийтлэг зарчим, зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас торгох ялыг сонгож оногдуулахаар шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овгийн ******* *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.*******д 1.100 (нэг мянга нэг зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.100.000 (нэг сая нэг зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Б.*******д мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван ******* нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.*******д мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Б.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА