Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 112

 


                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 171/2017/0137/Э/ 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг, 
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанааар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***ад холбогдох 201709000151 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***,  1971 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын ***тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
-1997 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1233, 125 дугаар зүйлийн 125.2, 90 дүгээр зүйлийн 901-д зааснаар 2 жил хорих ял,  
-1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-д зааснаар 8 жил 9 сар 8 хоног хорих ял, 
-2007 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 8 жил 10 хоног хорих ял, 
-2010 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3-т зааснаар 5 жил 1 сар хорих ял,  
-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар  1 жил 3 сар  хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан. 

Шүүгдэгч *** нь ялтай байхдаа 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан *** тоотод оршин суух иргэн ***гийн гэрийн хашаанд уяатай байсан шар хээр зүсний 1 тооны адууг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр найз нартайгаа архи хувааж уугаад гэр рүүгээ харих замдаа ***гийн гэрийн хашаанд уяатай байсан адууг аваад явсан. Багадаа морь унах дуртай байсан, морь унамаар санагдаад авсан байх, миний буруу. Маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг, 

-Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-14/, 

“…Үнэлгээнд хамрагдсан дээрх адууны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 850000 төгрөг байна.” гэх 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт,  эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 17-18/, 

-Хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 30 минутын үед эхнэр Уранчимэгийн хамт дэлгүүр орж мод, түлээ авах гээд явсан. Би цагаан сар дөхөж байсан болохоор хөдөөнөөс 4 тооны адуугаа авч ирж хашаандаа оруулчихаад тэжээгээд орхичихсон байсан юм. Би гарахдаа хашааныхаа хаалгыг түгжээд гарч явсан юм. Тэгээд дэлгүүр ороод мод нүүрсээ аваад гэр рүүгээ явж байтал манай дүү *** өөдөөс ирж таараад надад “танай хашаанаас шар халтар морийг чинь 1 хүн унаад хашаанаас чинь гараад явж байна” гэж хөрш айлын *** хэллээ гэж хэлсэн. Тэгээд хашаандаа яваад очтол шар халтар зүсний 1 тооны адуу байхгүй, хашааны урд хойд хаалга онгорхой байсан. Тэгээд би хөрш айлын ***тэй уулзаад “хашаанаас морь авч явсан хүн хаашаа явсан бэ?” гэж асуухад “Хушаатын гудамж руу ороод явчихсан” гэж хэлсэн. Тэгээд би тэр зааж өгсөн гудамж руу нь орж морины мөр хайгаад Октябрийн 4 дүгээр гудамж руу ороод явж байтал хашаандаа 2 гэртэй хашааны 2 гэрийн голд миний шар хээр зүсмийн морь уяатай байж байсан. Би тэгээд тэр хашааны хаалгыг онгойлгоод орох гэтэл онгойлгохгүй байсан. Тэгээд би хашааны гаднаас нь хүн дуудсан чинь хойд талын гэрээс нь нэг согтуу эмэгтэй гарч ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан байсан чинь удаагүй цагдаа нар ирсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 24/, 

-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байж байхад утсаар цагдаа дээр дуудаж байна гэхээр нь яваад очтол манай хүү *** нь айлын хашаанаас нэг тооны адуу хулгайлсан гэж хэлсэн. Тэгээд хүү ***аас асуухад “…ээжээ би согтуу явж байгаад айлын хашаанаас нэг тооны адуу хулгайлсан байна.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 27/, /
    
-Гэрч ***ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 17 цаг 30 минутын үед нөхөр Батнасангийн хамт дэлгүүр орж нүүрс, түлээ авах гээд явсан хойгуур хашаанд байсан 4 адуунаас нэг адуу хулгайд алдагдсан байсан. Манай нөхөр *** хөдөөнөөс 4 тооны адуугаа сар шинэ болох гэж байна гээд оруулж ирээд хашаандаа тэжээж байсан юм. Нөхөр бид 2 гэрээсээ гарч явахдаа хашаагаа гүйдэг төмөр түгжээгээр түгжээд гараад явсан юм. Тэгээд нөхөр бид 2 дэлгүүр ороод нүүрс түлээгээ аваад ирж явтал нөхрийн дүү *** өөдөөс ирээд “хөрш айлын *** танай морийг ногттой нь нэг танихгүй хүн унаад явж байна. Морио хүнд өгсөн юм уу? гэж асууж байсан. Тэгээд хашаанд ороод хартал шар халтар морь ногттойгоо байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд нөхөр бид 2 хашаан дээрээ гараад хартал хашаан дотор шар хээр морь байхгүй байсан. Хашааны урд хойд хоёр хаалга нь хоёулаа онгорхой байсан. Тэгээд манай нөхөр *** морь унаад хашаанаас гарч явсан морьны мөрийг хөөж араас нь явсан. Тэгээд би араас нь 20-30-д минутын дараа залгаж “юу болж байна” гэж асуухад манай нөхөр *** “арын гудамжинд айлын хашаанд байнаа” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хэргийн 26/,  

Гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын үед би гэртээ хашаандаа үхэртээ өвс тавьж өгөөд байж байтал манай хашааны урдуур Батнасангийн шар халтар зүсний морийг нэг согтуу эрэгтэй хүн унаад явж байсан. Тэгээд би Батнасангийн гар утасруу залгаж асуух гэтэл түүний төрсөн дүү нь болох Бадрахсүрэн утсыг нь авсан. Тэгэхээр нь би Батнасангийн шар халтар морийг нь нэг согтуу хүн унаад явж байна хүнд унуулах гээд өгчихсөн юм уу гэж асуусан. Тэгсэн Бадрахсүрэн үгүй, хүнд өгөөгүй. Хашаандаа байсан. Бариад авчихгүй яасан юм бэ? гэж хэлсэн. Тэгээд хартал тэр ***шар халтар морийг нь унаж явсан хүн гудамжаар дээшээ өгсөөд хаашаа нь мэдэгдэхгүй яваад өгсөн юм. Би тэгээд машинаа асааж тэр морь унасан хүний араас явсан боловч хайгаад олоогүй юм. 
…Тэр ***шар халтар морийг унаад явж байсан эрэгтэй хүн нь 40 орчим насны гадуураа ногоон хантааз өмсчихсөн, саравчтай малгайтай, дотуураа ногоон цамцтай, гадуураа куртиггүй хүн байсан.” гэх мэдүүлэг  /хэргийн 27/,  

-Гэрч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 12-ны орой 17 цагийн үед гэртээ байж байтал миний утас дугараад манай найз *** залгаж, надад “шар хээр морийг ногттой нь хүн унаад явж байна шүү дээ, юу болж байгаа юм бэ?, хүнд өгч унуулж явуулсан юм уу?” гэж асуухад би “тийм байх ёсгүй дээ, наадахаа бариад ав” гэж хэлсэн. Тэгсэн *** “За би араас нь яваадахъя” гэж хэлсэн. Би тэгээд манай хажууд байдаг *** ахын хашаа руу ороход хашааны урд хойд хоёр хаалга нь онгорхой байсан. Хашаанд нь байсан шар халтар морь нь алга байсан. Морийг нь авсан хүн хойд хаалгаар нь ороод урд хаалгаар нь аваад гараад явчихсан юм шиг байсан.
…Манай ах ***шар халтар морийг унаад явж байсан эрэгтэй хүн нь 40 орчим насны хар царайтай эрэгтэй хүн гэж *** зааж хэлж байсан. Би сайн харж чадаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 28/, 


-Гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 12-ны орой намайг гэртээ байж байтал Гантулга орж ирсэн юм. Гантулга орж ирээд “*** ах буудал дээрээс *** ахтай яваад өгсөн. Би араас нь яваад олдоггүй. Гэр нь хаана байдаг юм бэ” гэж хэлсэн. Би тэгээд “би гэрийг нь мэднэ, чамд заагаад өгье” гээд хувцасаа өмсөөд гарч явтал *** ах нилээн согтуу морь хөтөлчихсөн орж ирээд хашаанаас уячихсан. Би тэгээд *** ахаас юун морь барьчихсан явж байгаа юм бэ? гэж асуухад “*** ах манай найз өгсөн” гэж хэлсэн. Тэгээд байж байтал удаагүй манай урд талын гудамжны *** гэдэг залуу орж ирээд учиргүй *** ахыг цохиж аваад “морио авая” гэж хэлээд уяатай байсан морио авсан юм. Тэгээд байж байтал цагдаа нар ирсэн юм. *** ах 1 тооны бараан зүсмийн адуу хөтөлж хашаанд орж ирсэн юм, хээр зүсмийн адуу шиг л байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/

-Гэрч Ш.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баярбат ах гаднаас зээрд зүсний нэг тооны адуу хөтөлчихсөн орж ирсэн. Удаагүй араас нь тэр морины эзэн гэх нэг залуу манай морь байна гээд аваад явсан. *** ах болохоор тэр адууг “манай найз өгсөн юм” гэж надад хэлсэн. *** ах тэр үед нэлээн согтуу байсан юм. *** ах ганцаараа тэр адууг хөтөлчихсөн орж ирсэн юм. Тэр үед гадаа харанхуй болж байсан юм. Тэгээд байж байтал удаагүй цагдаа ирээд Баярбат бид хоёрыг эрүүлжүүлэх рүү аваад явсан.” гэх мэдүүлэг /хэрийн 31/, 

-Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл /хэргийн 32-33/, 
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 57-58/, 
-Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 70-72/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч *** нь ялтай байхдаа 2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Октябрын 3-8 тоотод оршин суух иргэн ***гийн гэрийн хашаанд уяатай байсан шар хээр зүсний 1 тооны адууг хулгайлж, бусдад бага бус хэмжээний буюу 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдөр найз нартайгаа архи хувааж уугаад гэр рүүгээ харих замдаа ***гийн гэрийн хашаанд уяатай байсан адууг аваад явсан. Багадаа морь унах дуртай байсан, морь унамаар санагдаад авсан байх, миний буруу. Маш их харамсаж байна.” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 12-14/, “…Үнэлгээнд хамрагдсан дээрх адууны зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 850000 төгрөг байна.” гэх 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлт,  эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 17-18/, хохирогч ***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тэгээд хашаандаа яваад очтол шар халтар зүсний 1 тооны адуу байхгүй, хашааны урд хойд хаалга онгорхой байсан. …морины мөр хайгаад Октябрийн 4 дүгээр гудамж руу ороод явж байтал хашаандаа 2 гэртэй хашааны 2 гэрийн голд миний шар хээр зүсмийн морь уяатай байж байсан. Би тэгээд тэр хашааны хаалгыг онгойлгоод орох гэтэл онгойлгохгүй байсан. Тэгээд би хашааны гаднаас нь хүн дуудсан чинь хойд талын гэрээс нь нэг согтуу эмэгтэй гарч ирсэн. Тэгээд би цагдаа дуудсан байсан чинь удаагүй цагдаа нар ирсэн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 24/, гэрч Б.***гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 30 минутын үед би гэртээ хашаандаа үхэртээ өвс тавьж өгөөд байж байтал манай хашааны урдуур Батнасангийн шар халтар зүсний морийг нэг согтуу эрэгтэй хүн унаад явж байсан. …Тэр ***шар халтар морийг унаад явж байсан эрэгтэй хүн нь 40 орчим насны гадуураа ногоон хантааз өмсчихсөн, саравчтай малгайтай, дотуураа ногоон цамцтай, гадуураа куртиггүй хүн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 27/,  гэрч *** мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…*** ах нилээн согтуу морь хөтөлчихсөн орж ирээд хашаанаас уячихсан.” гэх мэдүүлэг /хэргийн 29/, гэрч Ш.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Баярбат ах гаднаас зээрд зүсний нэг тооны адуу хөтөлчихсөн орж ирсэн.” гэх мэдүүлэг/хэрийн 31/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байх тул аймгийн прокурорын газраас түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн  зүйл, хэсэг зөв байна.

Шүүгдэгч ***ыг ялтай байхдаа бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь урьд Сум дундын 7 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 232 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлиийн 32.3, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 50000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 1 жил 3 сар хорих ял шийтгүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5-т зааснаар түүний ялтай байдал дуусаагүй байна. 

Хохирогч ***д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “…ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, морио буцаагаад авсан” гэх /хэргийн 93/ тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *** нь гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг  буцааж эзэнд нь өгсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3. 55.1.9-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.  
 Мөн шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулах шаардлагагүй гэж үзсэн тул 
шүүгдэгч ***ын эзэмшлийн нокиа маркийн гар утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283 дугаар зүйлийн 283.1, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 297, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Шүүгдэгч ***ыг бусдын эд хөрөнгө хулгайлж, бага бус хэмжээний буюу 850000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ***ад эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 /гурван сар арав хоног/ хоног баривчлах ял шийтгэсүгэй. 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар шүүгдэгч ***ад оногдуулсан 3 сар 10 хоног баривчлах ялыг эдлүүлэхдээ нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.  

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1-т зааснаар шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т заасныг баримтлан шүүгдэгч ***ын эзэмшлийн нокиа  маркийн гар утсыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ад авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, ялыг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Я.ТУУЛ