Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/1348

 

 

 

 

 

    2024       12           05                                    2024/ШЦТ/1348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Батаа, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хонгорзул,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

иргэдийн төлөөлөгч Л.А,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О, түүний өмгөөлөгч Л.Батаа,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Б.Одонпүрэв нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408*********** дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо*** тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн М.Х үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь гадсан төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч М.Х нь 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч Т.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би талийгаачтай ажлаасаа тарж байх үедээ муудалцсан. Маргалдах шалтгаан нь амь хохирогчийг эхнэр нь хайж ирэхэд нь түүнийг хаана байгааг хэлээд өгчихсөн юм, айлд байгаа гээд. Тэрнээс болоод маргалдах шалтгаан болсон. Амь хохирогч орж ирээд би чамаас болоод эхнэртээ баригдчихлаа гэсэн. ...Би тэр үед айлаасаа гараад явчихсан, жоохон согтуу байгаа юм чинь хэрэлдээд яах вэ гээд. Тэгээд би Т үдээс хойш ирээд унтаж байтал амь хохирогч буцаад орж ирээд хэрүүл хийж байгаад гараад явсан. Д гэдэг эгчтэй уулзаад би амь хохирогчийг хальт цохичихсон гэсэн  чинь чи яаж байгаа юм, хоёулаа буцаад явъя гэсэн. Тэр өдөр ийм л зүйл болсон. Маргааш өдөр нь өнжөөд нөгөөдөр нь амь хохирогч надтай ирж уулзаад чи намайг ингээд цохисон гээд харуулсан. Тэгтэл түүний нүдний доод хэсэгт хавдсан няцралтай байсан. Надад эм тарианы мөнгө өгөөрэй гэхээр нь “би надад тийм их мөнгө байхгүй, 200.000-300.000 төгрөг олж өгье 3,4 хоногийн ажилд явах гэж байгаа юм тэрнээсээ ирээд өгье” гэсэн. Би талийгаачийг өнгөрсөн гэж мэдээгүй байсан, ажлаа хийж байхад цагдаа ирээд намайг барьж авч явсан” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр анх над руу “Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас ярьж байна, Х бие их муу байна, ирж авна уу” гэсэн. Тэгээд очиход тэр өдөр нилээд хүнд байдалтай байсан. Сэтгэцэд нь өөрчлөлт орсон байдалтай байсан. Яг хэзээ ийм болсон юм бэ гэхэд надад хугацааг нь их буруу хэлсэн байсан. Өчигдөр Н маргаад ийм асуудал болсон, тэгээд нөгөө хүн нь зугтаагаад алга болсон гэж Д гэдэг хүн надад хэлсэн. Хугацаа алдсан тул тэр өдөр бичиг баримт нь асуудалтай байсан учраас эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх гээд яваад чадаагүй. Гэхдээ манай амь хохирогч хүнтэй маргаад байх хүн биш, тийм араншинтай байгаагүй, айлын ганц хүү, олон эмэгтэй дунд өссөн учраас эхнэртээ хүртэл үг хэлж чаддаггүй эхнэрийнхээ үгээр байдаг байсан. Эхнэр нь “надтай амьдрах гэж байгаа бол миний үгэнд ор” гэдэг байсан. Архины эмчилгээнд явуулах гэхээр эхнэр нь ахыг маань Төв аймаг дахь газраасаа байнга дуудаад дагуулж зугтаадаг байсан. Эхнэр нь бас зүгээр хүн байгаагүй, түүнийг харддаг асуудал байсан. Гомдолтой байна. Сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардал болох 7,975,709 төгрөгийг нэхэмжилж байна” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь:  “шүүгдэгч  Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар буюу  “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг,

            Иргэдийн төлөөлөгч нь “...шүүгдэгч нь гэм буруутай байна” гэсэн дүгнэлтийг,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь “гомдолтой байна, оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хохирлоо шүүгдэгчээс нэхэмжилж байна” гэсэн саналыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Л.Батаа: “...оршуулгын зардалд 7.975.709 төгрөг, сэтгэл санааны хохирлыг мөн нэхэмжилж байна. Учир нь, Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн гишүүн гэдэгт төрөл садангийн хүн  хамаарч байгаа тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох амь хохирогчийн төрсөн дүү О.О нь сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй хүн байна. Иймд оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж О.О олгоно уу” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одонпүрэв: “...гэм буруу дээр маргахгүй байгаа тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцож байна. Хохирол, хор уршгийн тухай баримтын хүрээнд тогтоогдсон хэмжээгээр төлнө” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** тоотод оршин суух Д.Т гэрт, иргэн Д.Т, М.Х, Ч.Э нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Х үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь үзүүртэй төмрөөр хатгаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч М.Х нь 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нас барсан үйл баримт нь:

 

1. 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хэргийн газарт байрлах байшингийн  баруун урд  булангийн  хажууд  цагаан бор зүйл дээр нийт урт 22 см урттай, нэг үзүүр нь  нарийн үзүүрлэгдсэн,  нөгөө тал нь тав бүхий  бүдүүн хэсэгтэй төмөр гадас шиг зүйл байх ба бүдүүн хэсгийг  хэмжиж үзэхэд 2,5х2см хэмжээтэй  байв. Уг бүдүүн хэсгийн орчимд цус  мэт  улаан хүрэн  өнгийн  зүйлээр  бохирлогдсон байв” гэж тэмдэглэсэн.  (хавтаст хэргийн 3-7 дахь тал),

 

2. Хохирогч М.Х: “...Би өчигдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байж байгаад зүс таних Т гэж дууддаг айлын гэрт очсон, би гэрийн хаягийг сайн мэдэхгүй байна. Тэгээд Т ахын гэрт Т ах, Т ахын эхнэр Т, зүс таних Н нар байсан бөгөөд тухайн үед нэг шил архи байсныг бид нар юм ярьж сууж байгаад хувааж уухаар болоод би тухайн архийг нь тойруулахаар болсон юм. Тэгээд би тухайн архийг задлаад эхлээд гэрийн эзэн болох Т гэж дууддаг хүнд өгөөд дараа нь нар зөв тойруулаад өгч байсан чинь зүс таних Н гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай байхдаа “чи надад эхэлж хийж өгсөнгүй” гээд уурлаад гэрээс гарч яваад удалгүй гартаа нэг төмөр барьчихсан орж ирээд миний зүүн тал нүд хэсэг рүү нэг удаа төмрөөр хатгасан. Би доошоо нүдээ дараад тонгойсон чинь миний дээрээс цохиод байсан, тухайн үед хаашаа хэдэн удаа цохисон талаар сайн санахгүй байна. …Би шүүх эмнэлэгт үзүүлнэ, гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал),

 

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О: “...2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 11 цагийн үед би ажил дээрээ байж байтал над руу “Сонгинохайрхан дүүргийн цагдаагаас ярьж байна” гээд нэг дугаараас яриад наашаа ирж байна уу гэхээр нь би ажлаасаа гарч байна, хаана очих билээ гээд тухайн цагдаагаас хаягийг нь заалгаж байгаад Хилчин хотхоны ард байдаг айлд буюу Д гэдэг хүний гэрээс Х ахыг очиж авсан. Тэр гэрт Д гэдэг эгч байсан ба өөр танихгүй хэдэн хүмүүс байсан. Тухайн үед Х ахын бие нь сонин болчихсон босож чадахгүй, өтгөн шингэнтэйгээ холилдчихсон байдалтай, мөн зүүн нүднийх нь доод хэсэгт нэлээн гүн шархтай /тус шарх нь 2-3 хоночихсон шарх байсан/ байхаар нь ГССҮТ нь Х ахыг үзэх болов уу шарх нь 2-3 хоночихсон, мөн хөдөө орон нутгийн хаягтай, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй гэж бодоод би ГССҮТ-ийн гар утас руу залгаж холбогдоход ГССҮТ-ийн эмч надад хандаж "шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол хүн үзэхгүй, яаралтай дээр яаралтай бол үзээд өгч болно" гэж хэлсэн. Тухайн үед Х ах сонин болчихсон, асуусан асуултанд нь хариулж чадахгүй байхаар нь би яачихсан юм бол гээд гайхаад сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд таньдаг эмчтэй болохоор тэр эмчдээ үзүүлье гэж бодоод би Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн яаралтай тусламжийн төвд очиход эмч нь "бичиг баримтгүй, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол үзэхгүй, Э гэдэг хувийн эмнэлэгт үзүүлж болно" гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед мөн Э эмнэлэг рүү гар утсаар холбогдоход Э эмнэлэгийн эмч нь надад хандаж манайх ар гэр нь тодорхойгүй, бичиг баримтгүй хүнийг үзэхгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн өдрийн 19 цаг хүртэл эмнэлэгээр яваад эмнэлэгүүд үзэхгүй гээд байхаар нь би манай ээжийн дүү О гэрт буюу Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо *** тоотод Х ахтай хамт очоод 103 түргэнийг дуудахад удалгүй хүрч ирсэн. Тэгээд 103-ийн эмч Х ахыг үзээд “яаралтай эмнэлэгийн түргэн тусламж авахгүй бол болохгүй байна” гэж хэлээд тухайн түргэний эмч Э эмнэлэг рүү ярьж өгөхөд мөн авахгүй гэж хэлсэн. Тэгээд тухайн үед Х ахын даралт нь өндөр байна, мөн халуунтай байна гээд тухайн түргэний эмч анилгин, демодрал булчингаар хийчхээд түргэний эмч яваад өгсөн. Тэгсэн тухайн өдрийн 20-21 цагийн үед Х ахын бие царай нь хөхрөөд амьсгаагүй болчихоор нь дахиад түргэн дуудаж үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. Тэр үед Х ахын бие нь муу, юм ярихдаа муу байсан ба Х ах зүүн нүднийхээ доод хэсгийг гараараа бариад өвдөөд байгаа бололтой ёолоод яваад байсан. 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 7 хоногийн өмнө Х ахтай гар утсаар холбогдоход Х ах надад “би хилчин хотхоны энд байна, ажил хийж байгаа, цалингаа буухаар эхнэр хүүхэд дээрээ очино” гэж ярьсан. Талийгаач Х нь 2019 оноос 2021 он хүртэл *** хотхоны ард хашаанд амьдардаг байж байгаад эхнэр, хүүхдүүдээ аваад Дархан-Уул аймаг руу нүүгээд явчихсан, энд тэнд ажил хийдэг байсан болохоор найз нөхөд таньдаг хүмүүсийнхээ гэрт хонож өнждөг байсан. Талийгаач Х нь 2017 онд Улаанбаатар хотод орж ирээд архи согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэж, архины хамааралтай болчихсон байсан. Манай ах Х нь сэтгэцийн хувьд цоо эрүүл хүн байсан, ямар нэгэн эмнэлгийн хяналтад байдаггүй.  Би гомдолтой байна, ажил явдлын зардалд 7.975.709 төгрөг болсон байгаа тус мөнгөө нэхэмжилмээр байна. Мөн сэтгэцэд учирсан гэм хорын зардлаа нэхэмжилнэ…” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 16-17, 168-169 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл),

 

4. Гэрч Ч.Э: “...2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед би нөхөр Т хамт гэртээ байж байтал гаднаас Н, Х нар архи согтууруулах ундааны зүйл нилээн хэрэглэсэн байдалтай хоорондоо маргалдаад бие биенийгээ п…. гэх мэтээр хараагаад орж ирсэн. Тэгэхээр нь би Н, Х нарыг “та 2 манай гэрээс гарч хэрэлд” гэсэн чинь миний үгэнд орохгүй тэр 2 хоорондоо хэрэлдэж байснаа Н гэнэт гэрээс гараад явчихсан. Улмаар Н буцаж орж ирэхдээ төмөр гадас шиг юм барьж орж ирээд Х нүүр рүү нь тэр төмөр гадас шиг юмаар нэг удаа цохисон. Тэгсэн Х “энэ Н миний нүд рүү цохьчихлоо” гээд орилохоор нь би Н-г “яаж байгаа юм бэ” гэсэн чинь Н тухайн төмөр гадас шиг юмаа бариад гараад гүйчихсэн, би Н араас нь гарахад Н хашаанаас гараад тухайн төмөр гадас шиг юм аа газар шидчихээд цаашаа гүйгээд явчихсан. Би тухайн төмрийг нь аваад байшингийн гадаа тавьчихсан байсан юм. Тэгээд би гэр рүү ороод Х хартал Х зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, мөн зүүн талынх нь нудний доод хэсэгт язраад цус гарч байхаар нь тэр цус гарсан хэсгийг нь цэвэрлэж өгсөн. Тэгээд удалгүй Х манай гэрээс гараад явсан. Тэгээд тэр өдрөөс хойш 1-2 хоногийн дараа Х манай гэрт ирчихсэн байхаар нь манай нөхөр Т “Х яв” гээд явуулсан. Харин Н бас тэр өдрөөс хойш 1-2 хоногийн дараа барилгын ажил хийнэ гээд явсан. Н биед гэмтэл шарх учраагүй. Х биед учирсан гэмтлийг Н тэр төмөр гадас шиг юмаар цохиж учруулсан. Манай гэрт анх Н ирэх үед Х биед ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Хүмүүс намайг Т гэж дууддаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

5. Гэрч Д.Т: “...Би Туяагийн Н, Х гэдэг хүмүүсийг танина. Т.Н нь гэр оронгүй манайд хэсэг хугацаанд амьдарч байсан ба хааяадаа манайд хоночихоод яваад өгдөг байсан юм. Харин М.Х нь хааяадаа манайд ирж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг юм. 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 10-11 цагийн үед би эхнэр Э хамт гэртээ байхад гаднаас Н, Х нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд манай гэрт хэрэлдээд байхаар нь би тэр 2-т хандаж “гэрт битгий хэрэлдээд бай” гэж хэлсэн чинь Н, Х нар бие биенийгээ харааж байснаа Н гэрээс гарч яваад удалгүй буцаж орж ирэхдээ гартаа төмөр барьж орж ирээд Н нь Х нүүр рүү нь 1 удаа цохисон чинь Х нүүрнээс нь цус гараад байсан. Тэгээд Х орилоод нүүрээ гараараа дараад байсан, Н гэрээс гараад гүйчихсэн ба манай эхнэр Э “хүүш Н” гээд араас нь дагаад гүйсэн. Тэгээд манай эхнэр буцаж орж ирээд Н гараад зугтчихлаа гэж хэлсэн, тэгээд Э нь Х цусыг нь цэвэрлэж өгсөн. Тэр үед Х зүүн нүднийх нь доод хэсэг язраад зүүн нүд нь хавдсан байсан. Тэгээд Х цусаа цэвэрлүүлчихээд хэсэг байж байгаад манайхаас явсан. Тийм л зүйл болсон. Х биед учирсан гэмтлийг Н костейл буюу /том хадаас/-аар цохиж учруулсан. Тэр үеэс хойш буюу 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1-2 хоногийн дараа Х манай гэрт ирэхээр нь би яв гээд явуулсан. Манай гэрт Э бид 2 байсан, гаднаас Н, Х нар орж ирсэн. Тэгээд бид 4 л гэрт байсан. Э хүмүүс Т гэж дууддаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

6. Гэрч С.Д: “...2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 06-07 цагийн үед би ажил дээрээ буюу Хилчин хотхоны жижүүрийн байран дээрээ ганцаараа байж байтал Н орж ирээд "би Х нүднийх нь доод хэсэгт юмаар цохьчихсон, би зугтаж явна" гэж хэлэхээр нь би Н хандаж "чи юу яриад байгаа юм бэ, одоо Х хаана байгаа юм бэ" гэсэн чинь Н надад хандаж “бид нар Т ахынд байсан юм” гэхээр нь би Н дагуулаад Т гэрт очиход Т нь "Х цагдаа руу явчихсан, байхгүй байна" гэж хэлсэн. Тэгээд би тухайн үед Х цагдаа руу явчихсан гэхээр нь гайгүй юм байх гэж бодоод ажил руугаа явсан. Тэгсэн тухайн өдрийн 19-20 цагийн үед би ажил дээрээ байж байтал Х жижүүрийн байранд орж ирээд “Н харсан уу, би цагдаа дээр очиж гомдол гаргаад мэдүүлэг өгчихөөд ирлээ" гэж хэлэхээр нь би Х “Н одоо хаана байгааг нь мэдэхгүй, Т байж магадгүй” гэж хэлсэн. Тухайн үед Х зүүн талынх нь нүдний доод хэсэгт нилээн гүн шархтай байхаар нь би Х “чи эмнэлэгт үзүүлсэн юм уу” гэсэн чинь Х дугарахгүй гараад яваад өгсөн. Тэгээд 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 10 цагийн үед ажлаасаа тараад гэр рүүгээ харьж явтал Н нь жалган дотор хэдэн архи уудаг хүмүүстэй хамт архи уучихсан сууж байхаар нь би Н хандаж “чи Х уулзсан юм уу, Х чамайг асуугаад байсан, чи Х очиж уулзаад учраа олооч” гэж хэлтэл Н надад “зүгээр зүгээр” гэж хэлсэн. Тэгээд би тухайн өдрийн 21 цагийн үед гэртээ байж байтал гаднаас Х бие нь нилээн муудчихсан байдалтай орж ирээд шууд манай гэрийн орон дээр хэвтээд унтаад өгөхөөр нь би хөнжилөөр хучаад унтуулчихаад ажилдаа явсан. Тэгсэн маргааш өглөө нь буюу 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 07-08 цагийн үед би ажлаасаа тараад гэртээ ирэхэд Х манай гэрийн гадаа сонин болчихсон байдалтай, өөрийнхөө үсийг зулгаагаад гэрийн гадаа байсан мод зэрэг эд зүйлсийг гараараа шидээд байхаар нь би Х “чи яаж байнаа” гэсэн чинь Х царай бүр сонин болчихсон, хүний үг сонсохгүй болохоор нь би Х бие нь болохоо байчихлаа гэж бодоод түргэн дуудах гэтэл түргэний эмч надад хандаж юу болсон талаар асуухад нь би Х гэх залуугийн бие нь нэг л хачин болчихлоо эд зүйл гараараа авч шидээд үсээ зулгаагаад сонин байгаад байна гэсэн чинь түргэний эмч надад хандаж та цагдаад ханд гэж хэлсэн. Тэгээд би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн жижүүрийн 94-тэй дугаар руу залгаад дуудлага өгч, мөн Шархадны эмнэлэгээс зөвлөгөө авах гэтэл цагдаадаа хэл, мөн ар гэрт нь хэл гэж хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа ирээд би цагдаад Х ах дүү нарынх нь гар утасны дугаарыг өгсөн ба тухайн өдрийн 14-15 цагийн үед Х дүү нь гээд эмэгтэй ирээд аваад явсан. Тухайн үед Х өмдөндөө шээж, баачихсан байсан. Тийм л зүйл болсон. Х нь манай гэрийн тэр хавиар хонож өнжөөд явдаг ба манай гэрийн хажуу талын амбаарт хааяадаа хоночихдог. 2022 онд Х нь эхнэр хүүхдүүдтэйгээ манай гэрийн хажууд амьдардаг байсан юм. Тухайн үед эхнэр нь архи уугаад тэгээд эхнэрийг нь аав ээж нь салгаад аваад явсан. Тэгээд Х нь манай тэр хавиар л байх болсон. Х надад Н миний зүүн нүдний доод хэсэг рүү төмрөөр цохисон гэж байсан. Тэр үед Х нь Н өөр ямар нэгэн хүнд цохиж зодуулсан талаар хэлээгүй. Өмнө нь Х огт үсээ зулгаах, эд зүйл авч шидэж байгаагүй, тэр өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр л Х тийм үйлдэл гаргахаар нь би гайхсан, бие нь өвдөөд тийм үйлдэл гаргасан байх гэж бодож байна. Х тэр үед зүүн талынхаа нүдний доод хэсгээ гараараа бариад ёолоод байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 29-30, 170-171 дэх тал),

           

7. 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 01 цаг 30 минутын үед цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд:  “...зүүн хацарт 3х0.5см хар хүрэн өнгийн арьсны түвшнээс  доош байрлалтай  шархтай, нас бараад 4-6 цаг болсон байна” гэж бичигдсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 130 дахь тал)

 

8.  Нийслэлийн түргэн тусламжийн төвийн хүлээлцэх хуудаст: “...2024 оны 05 дугаар сарын 04-ний 21 цаг 48 минутад үзэхэд ...М.Х нь нас барсан байна” гэж тэмдэглэгдсэн. (1 дүгээр хавтаст хэргийн 140, 156 дахь тал)

 

9.Түргэн тусламжийн дуудлагын хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 185-190 дэх тал), 

 

10. Гэрч А.Д: “…2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 20 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо **** хотхоны хажуу талд байрлах ногоон нийтийн байранд колонк дээр тосно, нүднээс цус гараад, төмрөөр цохиулсан” гэх дуудлага мэдээлэл хүлээн аваад очиж тухайн Х гэдэг хүнийг үзэхэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орон дээр хэвтэж байсан ба түүний зүүн нүдний доод хэсэгт язарсан шархтай байсан. Тэгээд тухайн хүнд шархыг нь цэвэрлэж өгөөд боолт хийгээд “эмнэлэг авч явж толгойн зураг авхуулья” гэж хэлэхэд тухайн Х гэдэг хүн өөрөө эмнэлэг явахгүй  гээд эмнэлэг явахаас татгалзсан тул би тухайн Х гэдэг хүнд эмнэлэг явахгүй бол толгойд чинь ямар гэмтэл байгааг мэдэхгүй байна заавал толгойн зураг авахуулах шаардлагатай байна, та явж алхаж явж чадахгүй байвал би таныг нацилкан дээр аваад гарья гэж хэлэхэд Х гэдэг хүн би явахгүй гээд байхаар нь би ахлах эмчдээ мэдэгдэхэд ахлах эмч надад хандаж цагдаа дуудаад үлдээгээрэй гэсний дагуу би цагдаагийн байгууллагын 102 дугаар руу дуудлага өгөөд тухайн хүнийг үлдээсэн. Тухайн Х гэдэг хүн ганцаараа байгаагүй ба нэг эрэгтэй найзтайгаа хамт байсан. Тухайн хүнээс юу болсон талаар тодруулахад өдөр нэг найзтайгаа архи ууж байгаад нөгөө найз нь төмрөөр нүүр рүү цохисон гэж хэлсэн. Түргэн тусламжийн журамд илт ноцтой гэмтэлтэй, цус ихээр алдсан, амин үзүүлэлтэд өөрчлөлт орсон, амь насны заалттай хүмүүсийг зайлшгүй эмнэлэгийн байгууллагад хүргэдэг. Харин Х гэдэг хүнийг үзэхэд тухайн үед бол амин үзүүлэлт хэвийн, өөрөө ярьж байсан учраас зайлшгүй авч явах шаардлагагүй байсан. Тэгээд би тухайн хүнийг уг нь бол авч яваад толгойг үзүүлье гэж зөндөө зөвлөж гуйхад тухайн хүн би явахгүй гэж надад уурлаад дургүйцсэн тул би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, тэгээд би дараа дараагийн дуудлага мэдээлэл рүүгээ явсан. Хэрвээ тухайн Х гэдэг хүнийг авч явсан бол Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү тээвэрлэж хүлээлгэж өгөх байсан. Тухайн Х гэдэг хүний зүүн нүднийх нь доод хэсэгт язарсан шархтай байсан, өөрөөр гэмтэл шарх харагдаагүй, тухайн гэмтлээс нь бага зэргийн цус гарч хавдсан байдалтай байсан…” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 70-71 дэх тал),

 

11.Гэрч Ц.Б: “…2024 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо ** тоотод халуураад татаад байна гэсэн дуудлага мэдээлэл авч тухайн хаягаар очиж өвчтөн Х гэдэг эрэгтэйг үзэхэд газар хэвтсэн байдалтай, асуусан асуултад хариулахгүй байсан. Хажууд нь хамт байсан эмэгтэйгээс юу болсон талаар асуухад “4 хоногийн өмнө хүнд зодуулсан, 2 сар архи ууж байгаа юм, өнөөдрөөс халуураад татаад байна, өнөөдөр сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд үзүүлсэн чинь архины хордлоготой байна, архины хордлоготой хүнийг авахгүй, хордлогоо тайлуулаад ир” гэж хэлсэн, мөн *** эмнэлэг рүү бид нар холбогдож асуухад харьяалалгүй боловч асран хамгаалах хүн байгаа учраас манай эмнэлэг авахгүй гээд байна тэгээд бид нар гэртээ ирсэн гэж хэлсэн. Тэгээд би тухайн Х гэдэг хүнийг үзэхэд өндөр халуунтай, даралт хэвийн, зүрхний цохилтын тоо ихэссэн байхаар нь би эмнэлэг авч явья гэж тухайн хамт байсан эмэгтэйд хэлэхэд Х харьяалалгүй гээд аль ч эмнэлэг авахгүй байгаа гэж хэлэхээр нь би *** эмнэлэг болон сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү гар утсаар залгаж холбогдоод *** эмнэлэгтэй ярихад наад Х гэдэг хүн чинь асран хамгаалах хүнтэй тул манайх авахгүй, та нар хувийн эмнэлэгтээ ханд гэж хэлээд манайх буцаасан тул авахгүй гэж хэлсэн. Тэгээд би сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв рүү мөн залгаж холбогдоход манайх архины хордлоготой хүн авахгүй гэж хэлсэн. Тэгээд би тухайн Х гэдэг хүнтэй хамт байсан эмэгтэйд хандаж тэгвэл одоо хамгийн ойрын эмнэлэг орж үзүүлье гэж хэлэхэд бид нар тэгээд буцаад яаж ирэх юм, эмнэлэгүүд нь бид нарыг авахгүй юм чинь дэмий байх гэж хэлээд татгалзаад эмнэлэгт явахгүй гээд байхаар нь би Х гэдэг хүнд халуун бууруулах болон өвчин намдаах Анелгин, диндрол өгзөгөн дээр нь тариагаар хийгээд тэгээд би явсан. Х гэдэг хүнийг харьяалалгүй ч гэсэн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэхээр эмнэлэг рүү авч явах боломжтой байсан. Тухайн хамт байсан эмэгтэй нь бид нар эмнэлэг явчихаад буцаад яаж ирдэг юм гээд эмнэлэг явахаас татгалзаад байсан юм. Тухайн Х гэдэг хүнийг үзэхэд амин үзүүлэлт нь гайгүй хэвийн байсан тул эмнэлэг авч яваагүй юм, харин Х гэдэг хүний амин үзүүлэлт өөрчлөлттэй маш хүнд бол зайлшгүй авч яваад харьяалалгүй ч гэсэн хамгийн ойрын эмнэлэгт хүргэж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх ёстой юм. Биеийн ерөнхий байдал хүнд гэсэн заалтад шууд эмнэлэг рүү тээвэрлэж яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх заалтад хамаарахгүй. Хүндээс дээшээ маш хүнд, агональ үе буюу нас барахын өмнөх үе гэсэн заалтууд байдаг. Эмнэлэгийн яаралтай тусламжийн эрэмбэлэлтийг 5 хуваадаг юм. 5 дахь буюу хүлээгдэх боломжтой /цагаан/, 4 дэх буюу яаралтай бус /ногоон/, 3 дахь буюу яаралтай /шар/, 2 дахь буюу нэн яаралтай /улаан/, 1 дэх буюу амь тэнцсан /цэнхэр/ гэсэн эрэмбэтэй байдаг ба Х нь 3 дахь буюу гар эрэмбэтэй байсан, яаралтай эмнэлэг авч явлаа гэхэд эмнэлгүүд цэнхэр, улаан буюу 1,2 дахь эрэмбэний хүмүүсийг л хүлээж авдаг. Би тухайн Х амин үзүүлэлтийг үзэхэд 3 дахь эрэмбэлэлт байсан. Тухайн Х гэдэг хүний зүүн нүднийх нь доор хуучин шалбарсан шархтай байсан. Би тухайн үед хуудсан дээрээ андуурч бичсэн байна. Тухайн Х гэдэг хүний зүүн нүднийх нь доод зовхи шалбарч хөхөрсөн байсан…” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал),

12.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: Дотор эрхтний шинжилгээнд:

“... толгой хуйхны дотор гадаргуу цайвар ягаан, баруун, зүүн чамархайн булчинд өөрчлөлтгүй, гавлын орой яс бүтэн, тархины хатуу хальс бүтэн, чинэрсэн, ... орой хэсгийн судаснууд цус дүүрэлттэй,  аалзан хальсан доор шар ногоон өнгийн идээт шингэнтэй, духны баруун  дэлбэнгийн суурийн  тархины эдэд 15гр улаан хүрэн ягаан өнгийн цусан хураатай, тархины эд улбайж зөөлөрсөн, бор цагаан эд рүү нэвчсэн, хил хязгаар тод бус эдийн няцралттай, духны зүүн дэлбэнгийн аалзан хальсан доор 4х3см улаан хүрэн  өнгийн  цус харвалттай, тархины суурь, духны дэлбэн, тархины завсар аалзан хальс тод шар ногоон өнгөтэй болсон. Нүүрний зөөлөн эдийг чөлөөлөхөд зүүн нүдний ухархайн дотор, дээд хана, залаа ясны нийлмэл хугаралтай, ухархайн дотор ханын хугарал гавлын хөндийтэй харьцаж байв, хугарлын доорх эд хар хүрэн өнгөтэй цус хуралттай” гэж тэмдэглэсэн.

Дүгнэлт хэсэгт “...Амь хохирогч-н цогцсын шинжилгээгээр зүүн нүдний доод зовхины шарх, зүүн нүдний ухархайн дотор, дээд хана, залаа ясны хугарал, духны баруун дэлбэнгийн тархины эдийн цусан хураа, няцрал, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, их, бага тархины орой, суурийг хамарсан аалзан хальсан доорх тархмал, тархины эдийн идээт үрэвсэл, нуруу, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Нүүр, гавал тархины гэмтэл нь ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нуруу, зүүн шилбэний зулгаралт гэмтэл нь тус бүрдээ мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна.  Уг гэмтлийг аваад гэмтлийн хүндрэл өгөх хүртлээ амьд явах боломжтой. Амь хохирогч-н гавал тархи, нүүрний гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Нуруу, шилбэний зулгаралт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Гавал тархины гэмтэл нь үхэлд хүргэжээ. Амь хохирогч нь үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн нас барсан хугацааг цогцсын анхны үзлэгээр тогтооно. Амь хохирогчийн ходоодонд бүрэн боловсорсон шингэн агууламжтай байна. Амь хохирогчийн биед эсэргүүцэн тэмцэлдсэн гэмтэл тогтоогдсонгүй. Амь хохирогч эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ цаг алдалгүй авсан тохиолдолд эмчлэгдэх амьдрах боломжтой байсныг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цусанд 1,4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогч нь тархины гэмтлийн улмаас аалзан хальсны тархмал, тархины эдийн идээт үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас баржээ…” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 43-47 дахь тал),

 

            13. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн  хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн **** дугаартай: “...ШШЕГ-н ШАУШГ-н шинжээч эмч Т.А гаргасан **** дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан 2024.05.21-ний өдрийн А 225, А/153, A/85 дугаар тушаалын хэрэгжилт 2024.06.12-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн ба 2014.12.05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын журмыг баримтлан гаргасан нь үндэслэлтэй байна. Талийгаачид учирсан гавал тархины ил гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу төмөр зүйлээр хатгах, цохих үед үүсгэгдэнэ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломж бага байжээ. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нар түргэн тусламжийн хуудсанд бичигдсэнээр тусламж зохих журмын дагуу үзүүлсэн байх ба талийгаач эмчилгээ үйлчилгээнээс татгалзсан байна. 2024.05.04-ний 19 цаг 55 мин өдөр Нийслэлийн түргэн тусламжийн эмч Ц.Б метамизол натри 50%-2мл, дефенгидрамин 1%-1 мл, булчинд хийсэн байна” гэсэн шинжээчийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 89-95 дахь тал),

14.Шүүгдэгч Т.Н өгсөн: “...Би Х нэг удаа хаалганы нугас төмрөөр нэг удаа нүүр рүү нь цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Харин Х нас барсан талаар хүлээн зөвшөөрөхгүй байна. 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр …би зүс таних найз Т гэрт очиход Т болон түүний эхнэр Т, хажуу айлын Т нар байсан. Би тэд нартай хамт байж байтал тухайн өдрийн 15-16 цагийн үед гаднаас Х 1 шил архитай орж ирээд Т хандаж ахдаа нэг шил архитай ирлээ гэж хэлсэнээ над руу хараад чамтай бол юм ярихгүй гэж хэлээд Т, Х нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тэгсэн Х дахиад над руу уурлаад чи манай эхнэрийг барьж өгсөн гээд байхаар нь тухайн үед миний уур хүрээд би Т гэрээс гараад байшингийнх нь хажуу талын түлээний орчмоос хаалганы нугас төмөр аваад буцаад Т гэр рүү ороод төмрөөр Х нүүр рүү нь нэг удаа цохисон. Тэгсэн Х шууд нүүрээ дарсан ба Т эгч намайг чи яаж байгаа юм бэ гээд намайг гэрээс гаргасан.  Тийм л зүйл болсон. Х нүүрийнхээ нэг талыг гараараа дарчихсан байсан болохоор би ямар гэмтэл шарх учирсан талаар мэдэхгүй байна. Т, Т нар болсон асуудлыг мэдэж байгаа. Т тухайн үед Х орж ирэх үед зөрөөд гарсан юм” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 207-208 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн үйл баримтаас харвал, хохирогч М.Х, шүүгдэгч Т.Н нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл ихээр хэрэглэдэг хүмүүс байх бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн Д.Т гэх айлд гэрийн эздийн хамтаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа маргалдан шүүгдэгч Т.Н нь хохирогч М.Х зүүн нүдний доод хэсэгт гадас шиг үзүүрлэсэн төмрөөр хатгаж гэмтээсэн болохыг  хохирогч М.Х нь амьд сэрүү үедээ мэдүүлсэн, түүний мэдүүлэг нь хажууд нь байж үйл явдлыг харсан гэрч Д.Т, Ч.Э нарын мэдүүлгээр болон тухайн үед байгаагүй ч сүүлд хохирогч М.Х болон шүүгдэгч Т.Н нараас сонсож мэдсэн зүйлийнхээ хүрээнд мэдүүлсэн гэрч С.Д мэдүүлэг зэргээр давхар нотлогдсон нотлох баримтын эх сурвалжтай байна.

Улмаар шинжээчийн **** дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчид тухайн үед хүнд гэмтэл учирсан,  уг гэмтлийг аваад гэмтлийн хүндрэл өгөх хүртлээ амьд явах боломжтой бөгөөд амь хохирогч нь тархины гэмтлийн улмаас аалзан хальсны тархмал, тархины эдийн идээт үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан гэсэн байна.

Түүнчлэн тус дүгнэлтийн дотор эрхтний шинжилгээ хэсэгт: “... амь хохирогчийн гавлын орой яс бүтэн, тархины хатуу хальс бүтэн, чинэрсэн, ... орой хэсгийн судаснууд цус дүүрэлттэй,  аалзан хальсан доор шар ногоон өнгийн идээт шингэнтэй, духны баруун  дэлбэнгийн суурийн  тархины эдэд 15гр улаан хүрэн ягаан өнгийн цусан хураатай, тархины эд улбайж зөөлөрсөн, бор цагаан эд рүү нэвчсэн, хил хязгаар тод бус эдийн няцралттай, духны зүүн дэлбэнгийн аалзан хальсан доор 4х3см улаан хүрэн  өнгийн  цус харвалттай, тархины суурь, духны дэлбэн, тархины завсар аалзан хальс тод шар ногоон өнгөтэй болсон. Нүүрний зөөлөн эдийг чөлөөлөхөд зүүн нүдний ухархайн дотор, дээд хана, залаа ясны нийлмэл хугаралтай, ухархайн дотор ханын хугарал нь гавлын хөндийтэй харьцаж байв, хугарлын доорх эд хар хүрэн өнгөтэй цус хуралттай” гэж тэмдэглэсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 43-47 дахь тал),

Дээрх шинжилгээнээс харвал, шүүгдэгч Т.Н үйлдлийн улмаас амь хохирогчид тухайн үед зүүн нүдний ухархайн дотор, дээд хана, залаа ясны нийлмэл хугарал бүхий гэмтэл учирч улмаар гавлын хөндийтэй харьцаж байсан нь тэмдэглэгдсэн байх тул шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан үүссэн хохирогчийн зүүн нүдний доод хэсэгт үүссэн ил шарханд бохир орж улмаар хохирогчийн зүүн нүдний ухархайд учирсан хугарал, түүнтэй харьцаж буй  гавлын хөндийгөөр дамжин аалзан хальсны тархмал, тархины эдийн идээт үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан байна гэж дүгнэхээр байна. Учир нь,

Амь хохирогч нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэмтэл авсан үедээ дуудлагаар ирсэн түргэний эмчид үзүүлсэн хэдий боловч холбогдох эмнэлгийн байгууллагад хүргүүлэхээс өөрөө татгалзсан, 2024 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эхэлж ирсэн түргэний эмч нь түүнд анхан шатны тусламж үзүүлсэн ч бичиг баримтын зөрчилтэй амь хохирогчийг хүлээн авах эмнэлэг байгаагүй гэх шалтгаанаар болон ар гэрийнхний эмнэлэг хүргүүлэхээс татгалзсанаар  үлдээсэн, мөн өдрийн орой 21 цаг 48 минутад түргэний эмч ирж  үзэхэд амь хохирогч нь нас барсан байдалтай байсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О мэдүүлэг болон тухайн үед дуудлагаар ирсэн түргэний эмч болох гэрч Ц.Б, А.Д нарын мэдүүлэг зэргээр  тогтоогдсон байна.

Дээрх байдлаас  үзвэл, амь хохирогч нь гэмтэл авсан үеэ амь нас хохирох хүртэл хугацаанд түргэн тусламжийн эмчийн үзлэгээс бусдаар эмнэлгийн байгууллагад очиж КТГ хийлгэх, оношоо тогтоолгох, эмчилгээ хийлгэх, шархаа цэвэрлүүлэх зэрэг үйлчилгээг аваагүйн улмаас хүндрэл өгч улмаар тархины эдийн идээт үрэвслээр хүндэрч олон эрхтний дутагдлаар нас барсан байна.

Иймээс шүүгдэгч Т.Н “ би амь хохирогчийн нүүрэн тус газар хатгаснаа зөвшөөрнө, гэхдээ үхлийн шалтгаан нь надад хамааралгүй” гэсэн мэдүүлэг нь үгүйсгэгдсэн гэж үзнэ.

 

Английн  сэтгэгч Дж.Локк “хүнтэй хамт төрдөг, хүнээс салгашгүй, хэн нэг этгээдээс гуйдаггүй, төр улс оршиж байгаа бол заавал хамгаалах ёстой гурван эрх бол амьд явах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрх гэж анх тунхагласан энэхүү эрх чөлөөний философи нь 1948 оны НҮБ-ын “Хүний  эрхийн түгээмэл тунхаглал”-д  “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны “Иргэний  болон улс төрийн  эрхийн тухай олон улсын пактын зургаадугаар зүйлд “хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тусгагдан тунхаглажээ.

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “... амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж, 13 дахь хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус  заасан.

Халдашгүй  байдал нь  хүн эрх, эрх чөлөөгөө айдасгүй,  хөндлөнгийн  зүй бус халдлага, хүчирхийлэлд өртөхгүйгээр хэрэгжүүлэх эрхийг хэлэх бөгөөд энэхүү эрхийг зөрчсөн тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, бусдын эрхийг зөрчсөн этгээдэд гаргасан зөрчил, үйлдэлд нь тохирсон шийтгэлийг хүлээлгэхээр хуульчлагдсан. Тухайлбал,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасан байна.

            Энэ хэргийн тухайд, шүүгдэгч Т.Н нь хүний халдашгүй байх эрхэд халдаж хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан, уг гэмтлээс үүдэлтэйгээр хохирогч нас барсан байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон байна гэж дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Н зүгээс хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хүнд гэмтэл учирч, нас барсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул  шүүгдэгч Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь оршуулгын зардалд 7.975.709 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг тус тус нэхэмжилсэн.

Үүнээс оршуулгын зан үйлтэй холбогдуулан О.О гаргаж өгсөн баримтуудыг нягталбал, “Эх бодьбуян” ХХК-иас үйлчилгээ авч, 3.000.000 төгрөг, мөн ном уншуулахад зориулж  лам хуваргад  1.790.709 төгрөг тус тус зарцуулсан болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 181-182 дахь талд авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.Н 4.790.709 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О олгох нь зүйтэй.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь ХААН банкны *********** тоот дансны дэлгэрэнгүй хуулгыг гарган өгч улмаар оршуулгын зан үйлд дээрх зардлаас гадна хуулгад авагдсан 3.415.661 төгрөгийн зарлага гарсан гэж нэхэмжилсэн хэдий ч энэхүү дансны хуулга дээрх гарсан зардлын гүйлгээний утга тодорхойгүй, юунд зарцуулсан нь мэдэгдэхгүй байх тул амь хохирогчийн оршуулгын зан үйлд зориулж зарцуулагдсан гэж үзэх боломжгүй, иймээс уг зардлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. (1 дүгээр хавтаст хэргийн 176-180 дахь тал)

 

            Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нэхэмжилсэн сэтгэцэд учирсан гэм хорын асуудлын тухайд:

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн **** дугаартай: “...Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт "Хохирогч нь энэ хуулийн 40.1-д заасан гэмт хэргийн хохирогч байх, эсхүл хохирогч нас барсан бол хохирогчийн гэр бүлийн гишүүн байх" гэж хуульчилсан байна. Иймд Шүүх шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.6, 40 дүгээр зүйлийн 40.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзаж байна…” гэсэн албан бичгийг ирүүлсэн. (2 дугаар хавтаст хэргийн 79 дэх тал),

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-т “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж,

энэ хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт  “…Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй”,

энэ хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч, хэрэв хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүн нь гэм хор учруулсан этгээдээс шаардах эрхтэй байна.

Энэ хэргийн тухайд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон О.О нь сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөр гаргуулахаар шүүгдэгчээс шаардсан боловч шүүхээс түүнийг сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрх бүхий этгээд биш гэж үзэн гаргасан нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Учир нь,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “гэр бүлийн гишүүн гэж Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасныг” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2. “гэр бүл” гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг”, 3.1.4-т “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг” ойлгохоор тодорхойлсон байх тул эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдралгүй, тусдаа амьдарч буй төрөл, садны хүмүүсийг гэр бүлийн гишүүнд хамааруулахгүй байна.

Хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О, гэрч С.Д, Д.Т нарын мэдүүлгээр “амь хохирогч М.Х нь өөрийн хамтран амьдрагч, 3 хүүхдийнхээ хамт амьдардаг байсан ч сүүлийн жилүүдэд ажил хийх нэрийдлээр хаа тааралдсан газар болон айлд хоноглох зэргээр амьдарч ирсэн” хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О нь хамгийн сүүлд гэр бүлийн цугларалтын үеэр ах М.Х уулзсан, түүнээс хойш цагдаагийн байгууллагаас энэ асуудлаар дуудах хүртэл холбоо бариагүй, хамт амьдардаггүй” гэсэн нөхцөл байдал тогтоогдсон тул О.О  амь хохирогчийн гэр бүлийн гишүүн гэж үзэхээргүй байна.

Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О “сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Харин эдийн бус гэм хорын нөхөн төлбөр, сэтгэл санааны хохирлыг амь хохирогчийн гэр бүлийн гишүүн гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Н 9 жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О, түүний өмгөөлөгч Л.Батаа:  “...маш их гомдолтой, хохирол, хор уршгийг арилгаагүй тул ялыг нэмж хүндрүүлж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одонпүрэв “...шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй, хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал, эрүүл мэндийн хувьд татаж унадаг өвчтэй зэргийг  харгалзан ялыг багасгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүгдэгч Т.Н хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал аль алин нь тогтоогдоогүй болно.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн үйлдлээс улбаатайгаар хүний эрдэнэт амь нас хохирсон, хор уршгийн шинж чанар, түүнийг арилгах боломжгүй нөхцөл байдал, оршуулгын зардлыг нөхөн төлөөгүй, мөн шүүгдэгч Т.Н хувийн байдал /урьд нь хэд хэдэн удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан/ зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Т.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Хохирол, хор уршиг арилгасан эсэх асуудал нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүчин зүйлсийн нэг боловч түүнийг арилгаагүй байдал нь эрүүгийн хариуцлагыг шууд хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан “ялыг хүндрүүлж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.Н өмнө нь 1998 оноос 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 6 удаа ял шийтгэгдсэн байх бөгөөд тэрээр тухай бүрд ялын хугацаа дууссанаар суллагдаж байсан нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбараар тогтоогдсон тул түүнд 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасан үндэслэл хамаарахгүй болно. (1 дүгээр хавтаст хэргийн 82, 85-110 дахь тал)

            Шүүгдэгч Т.Н нь сүүлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн боловч  уг ялыг эдлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай албан бичгээр тогтоогдсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал)

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 00 цагаас өмнө үйлдэгдсэн, бусдад төлөх хохиролгүй байх тул 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 214 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. ( 1 дүгээр хавтаст хэргийн 35-36, 212-213, 218-219, 226-227, 234-235 дахь тал )

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2,5 см*1,5 см диаметртэй, 22 см урттай 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Т Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Н 8 (найман) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2500 (хоёр мянга таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н цагдан хоригдсон 214 (хоёр зуун арван дөрөв) хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.О гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 3.185.000 (гурван сая нэг зуун наян таван мянга) төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгож, амь хохирогчийн гэр бүлийн гишүүний тухайд сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н 4.790.709 (дөрвөн сая, долоон зуун ерэн мянга долоон зуун есөн) төгрөгийг гаргуулж хохирогчийн  хууль ёсны төлөөлөгч О.О олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2,5 см*1,5 см диаметртэй, 22 см урттай 1 ширхэг төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Н урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

      

            

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ

 

 

                                      ШҮҮГЧИД                                   Б.БАТАА

 

 

М.МӨНХБААТАР