Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/01

 

 

 

 

 

 

 2021         01            20                                         2021/ДШМ/01

 

Б.Гт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: А.Ууганбаяр,

Нарийн бичгийн дарга: З.Энэбиш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд  нээлттэй  хийсэн  хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолтой Б.Гт холбогдох 2038004250361 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр, А.Ууганбаяр нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Бөхчүүд овогт Баянмөнхийн Г, 1982 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, эрэгтэй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар РУ................../.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд “Соната-6” маркийн 06-44 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас мотоцикльтой явж байсан Х.Б, Р.Бнарыг мөргөсөн зам тээврийн осол гаргаж, иргэн Х.Баянмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн Р.Болдбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 347 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бөхчүүд овогт Баянмөнхийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Баянмөнхийн Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Б.Гоос 353,000 /гурван зуун тавин гурван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Боржигон овогт Хишигтийн Баянмөнх /РЙ79052211/-д олгож, хохирогч Х.Баянмөнхийн бусад нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч Х.Баянмөнх нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гийн өмчлөлийн “Соната-6” маркийн 06-44 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Ууганбаяр давж заалдах гомдолдоо: ...Б.Г нь гэм буруугийн хувьд огт маргадаггүй бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрдөг юм.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад /тэмдэглэлийн 6-р хуудаст/ хуралдаан даргалагч шүүгдэгчийн гэм буруу болон эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг нэгтгэж явуулах санал гаргаж улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар тусгайлан санал гаргаагүйгээр Б.Гийн хохирогч Баянмөнхөд учруулсан эрүүл мэндийн хохиролд хамаарах төлбөрийг төлөх боломж олдоогүй.

Ийнхүү Б.Гоос хохирогчид хохирол төлбөр төлөх боломж олдолгүй ял оногдуулах асуудлыг нэгтгэн хэлэлцэж, тэрээр 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн байна. Б.Гт холбогдох гэмт хэрэг нь “6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах” санкцтай бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд “ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ” авч болохоор байсан. Одоо Б.Г нь хохирогч Баянмөнхийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг бүрэн барагдуулж төлсөн. Хохирогч нар Б.Гтой эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд Б.Гт хөнгөн ял шийтгэл оногдуулах хүсэлтэй байгаа юм.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Б.Гт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: Б.Г нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тус аймгийн Тариалан сумын Баянхошуу багт оршин суудаг, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа хүн юм. Б.Г нь даруу төлөв, эелдэг зантай, элдэв хорт зуршилгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй, хамт олны дунд нэр хүнд сайтай, олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн бөгөөд Тариалан сумын “Тэргүүний соёлч өрх” шалгаруулах арга хэмжээнд шалгарсан хүн байна.

Дээр дурдсан яллагдагчийн хувийн байдлыг түүний байнга оршин сууж амьдарч байгаа тус аймгийн Тариалан сумын Засаг даргын албан баримт гэрчлэхээс гадна “Тэргүүний соёлч өрх”-ийн гэрчилгээ гэрчилж байна. Түүнд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/347 дугаар шийтгэх тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр тул дараах гомдлыг гаргаж байна.

Прокурор болон мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан аргаар яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох замаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэжээ. Шүүх энэ хүрээнд яллагдагчийг цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэгссэнгүй хорих ял оногдуулсан. Учир нь хохирогч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсоныг, замын хөдөлгөөнд мотоцикль жолоодож шөнийн цагаар оролцохдоо гэрэл дохиогүй оролцсоныг ерөөс авч хэлэлцсэнгүй. Түүнчлэн өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн хувийн байдал буюу цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох баримтаас өөр баримт хэрэгт авагдаагүй, цагаатгах, ял хөнгөрүүлэх байдлыг тогтоогоогүй нь буцаах үндэслэл байтал тэгээгүй шийдсэн нь хэт нэг талыг барьсныг харуулна.

Шүүх архи уусан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчиж хоёрын хоёр хүнд энэ хэрэгтэй адил гэмтэл учруулсан байхад тэнсдэг мөртөө архи уугаагүй амьдралаа авч ядаж байгаа хүнд болохоор хорих ял оногдуулж хатуурхсан ялгаварласан шийдвэр гаргалаа. Шүүхээс эрхгүй үедээ жолоо барьсан нь санаатай, харин ослыг болгоомжгүй үйлдсэн гэж дүгнэсэн нь бүр ч ойлгомжгүй. Ямар ч жолооч санаатай машин бариад осол хийхийг бодохгүй. Шөнийн цагаар урдаас ирэх машины гэрэлд гялбуулахгүй шиг өнгөрөх юмсан гэж яваа үед асах гэрэл дохио юу ч үгүй мотоцикль урд гарч ирнэ гэдэг бол хохирогч нарын зөрчил байхад шүүх хэт нэг талыг барьсныг харуулж байна.

Дээр дурдсан бүхнийг харгалзан иргэний эдлэх ёстой эрхийг нь хүндэтгэн түүнд оногдуулсан хорих ялыг өөрчилж тэнсэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Б.Г нь 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд “Соната-6” маркийн 06-44 ХӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас мотоцикль мөргөж, зам тээврийн осол гарган хохирогч Х.Баянмөнхийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Р.Болдбаатарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийг хянан  шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргажээ.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны  ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгчийн  өмгөөлөгч нарын “...оногдуулсан хорих ялыг өөрчилж, тэнсэх”-ийг хүссэн  агуулга бүхий давж заалдах гомдлуудын тухайд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх/, 7.1 дүгээр зүйл /Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх/-ийг шүүгдэгчид хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд заавал хэрэглэх заалт биш юм.

Түүнчлэн эдгээр заалтыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн тохиолдолд  хэрэглэх боломжтой бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэх үед шүүгдэгч дээрх шаардлагыг хангаагүй, хохирол нөхөн төлөхтэй холбогдуулан санал, хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байх тул  шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Гийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын  17-ны  өдрийн  347  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл  давж заалдах шатны шүүхийн  шийдвэрийг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                                                   Л.ЭРДЭНЭБАТ

                                                                               Б.СОСОРБАРАМ